мэдээ
Ж.Чинбүрэн: Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2024 оны 9 сарын 12
49
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.
-Эмийн чанарын тухай шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Энэ хуулийн гол онцлог зүйл заалт нь юу байх вэ?
-Нэгт, энэ асуудлыг сонирхож асууж байгаа танай сонинд баярлалаа. Тэгэхээр та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн парламент 2020-2024оны сонгуулиар бүрэлдсэн парламентын чухал том дэвшил нь Хянан шалгах тухай хууль батлагдсан. 2023 оноос хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд үүнтэй холбоотой эмийн үнийн өсөлт, учир шалтгааныг судлах хянан шалгах түр хороог байгуулж миний бие ахалж ажилласан. Ингээд 2024 оны тавдугаар сараас зургадугаар сарын хооронд хянан шалгах үйл ажиллагаа буюу тайлангаа сонсгол хийсэн. Сонсгол дээр маш олон зөрчлүүд буюу үнэтэй холбоотой, чанартай холбоотой, тогтолцооны алдааг харуулсан дээрээс нь эмийн чанар, үнэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг ил гаргаж олон нийтэд сонсгосон. Үүний үр дүнд энэ болохгүй байгаа бүх зүйлүүдийг, эрүүл мэндийн хамгийн чухал нэг хэрэгсэл болоод байгаа эмийн асуудалтай холбоотой асуудлыг цэгцлэх зорилгоор хууль амжиж баталсан явдал юм. Хүмүүс надаас их асуудаг. Хянан шалгах хороо гээд зөндөө зүйл хийлээ, цаад үр дүн нь юу юм гээд байгаа. Үр дүн нь бид хууль баталсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл түүний тухай шинэчилсэн найруулгын хуулийг баталж чадсан явдал бол энэ сонсголын чухал том үр дүн. Сонсгол дээр ярьсан зарим зүйлүүдийг тодруулж сануулж хэлье гэж бодож байна. Тухайлбал, хугацаа нь дуусчихсан эмийг яаж нэвтрүүлдэг, хөлдөөсөн дуслыг хэрхэн буцааж зөвшөөрөөд Монгол Улсад хэрэглэдэг, үнэ хэд нугалсан байгааг тоо баримтаар харуулж чадсан.
Нөгөө чанар шалгах газар нь музей мэт болчихсон. Аппаратууд нь эвдэрчихсэн байсан. Хамаарал бүхий этгээдүүд гээд хайхаар хамаарал бус этгээдүүд ерөөсөө гарч ирэхгүй байсан. Нэрс сонсгож байсныг та бүхэн санаж байгаа байх
Нэг ёсондоо ажлаа хийх ёстой тодорхой хэдэн төрийн албан хаагчид нь хувийн хэвшлийн компаниудтай хуйвалдаа эмийн булхай луйвар хийдэг байсныг гэрчилж харуулсан шүү дээ. Үүнтэй холбоотой хамгийн чухал зүйл бол хүний эмийн зөвлөлийн асуудал яригдсан. Хүний эмийн зөвлөл дээр яагаад чухал шаардлагатай эмүүдээ гаргаж батлахгүй удаадаг юм. Эсвэл ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээгүй зүйлийг яагаад баталдаг зэрэг маш олон зөрчлүүд илрүүлсэн. Мөн дээрээс нь хувийн хэвшилд эмийн ханган нийлүүлэх байгууллагаа өгчихөөд үнээ буулга гэдэг нь хэрэгжих боломжгүй. Энэ хүртэл үнийн өсөлтийг иргэдэд өөрсдөд нь хянуулах нь хамгийн сайн механизм юм байна. “Төр түмэн нүдтэй” гэдэг шиг иргэд өөрсдөө хяналтдаа оруулж, хэд нугалж буцаагаад зардгийг үзэж хянах боломжийг хүртэл энэ хуулинд оруулж өгсөн. Тиймээс хууль аравдугаар сарын 1-нд хэрэгжих гэж байгаа явдал бол ирээдүйд Монгол Улсад эм илүү их чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдэж байгаа хууль. Тэр ч утгаараа ээлжит бус чуулганд тогтоолын төсөл санаачлаад энэ ажлыг улам эрчимжүүлж чадсан юм.
-Гадны том улсуудын лабораториор бүрэн баталгаажчихсан эм, эмнэлгийн хэрэгслийг Монголд оруулж ирэх гэхээр дахин шалгаж байгаа нэрээр удаадаг гэдэг асуудар яригдсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Энэ хамгийн гол сэдэв байгаа юм. Яагаад сайн эм Монголын зах зээлд орж ирж чадахгүй, цаг алддаг гэдгийн гол шалтгаан нь нөгөө бүртгэх процесс. Дээрээс нь тэр өндөр хөгжилтэй улсын сайн гэсэн эмийг Монголд баталгаажуулах лаборатори ямар байгаа билээ. Тэгсэн хэрнээ дахиад шалгана гээд байдаг. Тэгээд шалгаж чадахгүй зүйлээ шалгах гээд байдаг. Эмийн компаниудтай уулзахад тэд зовлон, жаргалаа хэлж л байна лээ. Танай Монголд хийдэггүй шинжилгээний дүнг та бүхэн нэхээд байх юм. Тэгэх шаардлага байдаг юм уу гэсэн асуудал яригдаж байсан. Тэгэхдээ яахав тусгаар тогтносон Монгол Улс байна даа.Үнэхээр чанартай эм орж ирж байна уу гэдгийг шалгаж л байх хэрэгтэй. Тиймээс лабораторийн чадавхыг сайжруулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл сонсголоос тухайн үеийн Эрүүл мэндийн сайд нэлээд идэвх санаачлагатай ажиллаад ДЭМБ-аас дэмжлэг үзүүлээд 1,4 сая ам.долларын эмийн чанар шалгадаг лаборатори байгуулах шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Одоо сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийг авсан гэх мэдээлэл ирсэн. Тэгэхээр бид ямар ч гэсэн Монгол Улсдаа зах дээл дээр байгаа эмийг дуртай үедээ авч үзээд чанартай байна уу, үгүй юу гэдгийг шалгах нөхцөл бүрдэж байна. Хоёрт, Итгэлцлийн гэрээ гэх маш чухал зүйлийг хуулиндаа оруулж өгсөн. ДЭМБ-ын зүгээс энэ аргыг та бүхэн хэрэглээч гэдэг зүйлийг сурталчлаад байгаа юм. Тэр нь эмийн чанараа хянаж чаддаг өндөр зохицуулалтай орнуудын эмийг итгэлцлээр энэ эмийг чанартай гэж үзсэн учир Монгол Улс дахин шалгахгүйгээр бүртгээд хэрэглэнэ гэдэг энэ тогтолцоог бид хуулиндаа оруулсан. Сая ээлжит бус чуулганы тогтоолд энийг оруулсан. Хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй орон учир хамаагүй оруулж ирнэ гэж бодоод байгаа юм. Тийм биш шүү. Хоёр улсын Засгийн газар тэр дотроо Эрүүл мэндийн яам нь итгэлцлийн гэрээ байгуулах шаардлагатай. Жишээлбэл, монголчуудын хамгийн их очдог БНСУ-ын ЭМЯ-ны Эмийн агентлагтай гэрээ хэлэлцээр хийх нь байна. Манай Монгол Улс танай улсыг сайн чанарын эм хэрэглэдэг, ард иргэддээ сайн чанартай эм өгдөг учраас танай Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны гэрээ хийнэ. Энэ гэрээ хийсний дараа тухайн улсад бүртгэлтэй эмийн жагсаалтыг үзэх эрхтэй болчихож байгаа юм. Хилээр орж ирэхэд гаалийн ажилтан эмийг бүртгэлд байгаа эсэхийг шалгадаг. Тэгэхээр тэр бүртгэлийг гаалийн ажилтан үзэх эрхтэй болж байгаа юм. Тэр улс зөвшөөрсөн, эх орондоо хэрэглэж байгаа эмийг бид зөвшөөрсөнтэй ижлээр Монголдоо үзээд бүртгэлтэй юм байна. Дараа эдгээр зүйлийг шалгаарай гэдэг нарийн зүйлүүд орж ирэх юм. Хоёр талдаа хариуцлагатай байх. 24 цаг онлайн байх шаардлагатай. Энэ мэтчилэн бүртгэлтэй гэж хялбаршуулаад дахин бүртгэл үүсгэхгүйгээр Монголын зах зээлд оруулж ирэх юм. Ингэхдээ эм ханган нийлүүлэх эрхтэй байгууллагууд л оруулж ирнэ. Ерөнхийдөө бүртгэх, шалгах процессыг нь хялбаршуулж өгч байгаа юм. Тэгэхээр цаг алдахгүй, төлбөр хэмнэх боломж бүрдэнэ.
-Та хавдрын эмч хүн. Гэтэл Монголд хавдрын эм, хэрэгсэл хамгийн муу байдаг гэх юм. Тийм юм уу?
-Ер нь бид өнгөрсөн 30 жилийн алдааг ярихаар эмийн чанар дээр Монгол Улс маш том бодлогын алдаа гаргасан. Тухайн үед 1990-ээд оны төгсгөл үеэр Монголын зах зээл картын бараанд шилжсэн, дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйл байгаагүй. Тэгвэл тэр үед эрүүл мэндийн салбарууд эм ханган нийлүүлэх байгууллагагүй, улс мөнгөгүй, иргэд ганзгаар юм зөөдөг байсан. Чингэлгээр эмийг зардаг байлаа. Тэр үед хэрэгжиж эхэлсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тендерийн хууль хамгийн хямд үнэтэй. Нэг ёсондоо ханган нийлүүлэлтээ алдахгүй байя гэсэн том зорилго тавьчихсан байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байдалд хүрэв. Тэр үед нэг иргэнд 300 ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн оногддог байсан Монгол Улс өнөөдөр 5000 ам.доллар болчихоод байна. Хямд үнэтэй барааг шахдаг тогтолцоог Монголын нийгэм, өнөөгийн хөгжилд нийцэхгүй болж байгаагийн тод илрэл юм. Энд ганцхан хавдрын эм ч биш. Тэр ч утгаараа 2020-2024 оны парламентын гишүүн байсан хүний хувьд хэлэхэд бид энэ тогтолцоог сольсон. Жишээлбэл, Тендерийн хуулинд эмийн худалдан авах үйл ажиллагааг чанар нэгдүгээр үзүүлэлт, үнэ дараа нь гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тогтолцоог нь эрүүл болгох хэрэгтэй. Чанартай эмийг үнээр нь биш чанараар нь шалгаж авах ёстой. Эмийн хуулиар яаж чанартай гэдгийг тогтоох вэ гэдэг зүйл заалтыг оруулж өгөөд энэ эм чанартай гэдэг аргачлал руу буцаад орж байна. Тиймээс дэвшил гарч эхэлсэн. Тухайлбал, хавдрын эмийн тухайд ийм туршлага байсан. Одоо сайжраад өнөөдөр бид хямд үнэтэй гэхээс илүүтэй чанартай, хордлого бага өгдөг эм оруулж ирдэг болсон. Турк, БНСУ, Энэтхэгээс сайн эм орж ирж байна. Манайхаас хөгжил буурай орноос авдаг байснаа больж байгаа гэхэд болно.
-Сая ээлжит бус чуулган хуралдаад төсвийн тодотгол хийлээ. Ирэх оны төсвийн төслөө ч УИХ-д өргөн барьсан. Тэгвэл нөгөө яриад байсан хавдрын шинэ эмнэлгийн асуудал энд туссан уу?
-Нэгдүгээрт, шинэ хавдрын эмнэлэг өртгийн хувьд их том төсөвтэй. Ер нь монголчууд бид дэлхийд байгаа хамгийн сайн эмчилгээг ард иргэддээ өгөх төсөл байгаа юм. Түүнээс биш зүгээр амбаар барьчихаад шинэ эмнэлэг барьсан гэж хэлж болохгүй. Эмнэлгийн барилга өөр болсныг ковид, цар тахлын үе бидэнд харуулсан. Өнгөрсөн 2020-2024 онд хийж амжуулсан зүйл юу вэ гэхээр газрын асуудал. Хавдар судлалын үндэсний төв өөрийн гэсэн газартай байх нь маш чухал зүйл. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гишүүн байхдаа СХД-т газар олгох асуудалд их дэмжлэг үзүүлсэн.Тухайн үед 18 га газрыг геодизийн судалгаа хийж үзэхэд доогуур нь цэвэр усны судал урсаж байгаа учир том бүтээн байгуулалт барьж болохгүй гээд зогсоосон. Тэгээд 2022 оноос хөөцөлдсөөр байгаад Чулуутын ам буюу Богд уулын цаад талд Туул зөрлөг БЗД-т 11 га газрыг Хавдар судлалын төвийн нэр дээр авч өгсөн. Үүнийг авахад тухайн үеийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусалж дэмжижөгсөн юм. Харин энэ жил 11 тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн. Ямар ч байсан энэ ажил явна.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Сураггүй болсон есөн настай охиныг эсэн мэнд олжээ DNN.mn
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт аравдугаар сарын 13-ны 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад су...
4 цагийн дараа
“Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn
“Хоум плаза”-гийн уулзвараас “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 15-ны өдрийн 22:00 цаг...
3 цагийн дараа
Нийслэлийн ИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Х.Нямбаатарыг дэвшүүллээ DNN.mn
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хи...
3 цагийн дараа
Б.Алтансүх цэргийн тулааны спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ DNN.mn
Узбекистан Улсын Бухара хотод цэргийн гардан тулааны спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 10-...
3 цагийн дараа
10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх мега төслүүд DNN.mn
Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ удаагийн төсөвт хамтарсан Засгийн газрын 2024-2028...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд
irgen
Даатгалын хөнгөлттэй олгогддог эмүүд нь байсгээд тасардаг явдлыг зохицуулах шаардлагатай.