мэдээ
Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бор цаас дахин боловсруулах үйлдвэр ажиллаж эхэллээ

ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ
2017 оны 3 сарын 04

1
Дотоодынхоо бор цаасны хэрэгцээг 100 хувь хангах үйлдвэр бүтээгдэхүүнээ албан ёсоор гаргаад долоо хоног болж байна. “Сайн цаас” ХХК-ийн уг үйлдвэр нь өдөрт 20 тонн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Эдний гаргаж байгаа бор цаас нь цаасан хайрцагны үйлдвэрийн гол бүтээгдэхүүн. Картон цаасыг зүсч үзэхээр гурван давхаргаас бүрдсэн байдаг. Гадна тал нь гөлгөрдүү, дээр нь хаяг, шошго бичих зориулалттай байдаг бол голд нь цавуутай болон цавуугүй долгиотсон давхарга бий. Эдний гаргаж байгаа бор цаас нь тэр дундах хэсгийн цаас юм байна.
“Сайн цаас” компани 2014 оны есдүгээр сард байгуулагдсан бөгөөд 2015 оны зургадугаар сард бор цаас үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэсэн бор цаасныхаа нягт, чанарыг сайжруулах зорилгоор үйлдвэрлэлээ түр зогсоож тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлж үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Ингээд жилийн дараа буюу 2016 оны зургадугаар сараас үйл ажиллагаагаа дахин эхлүүлж улмаар өнгөрсөн долоо хоногоос сайн чанарын бор цаас үйлдвэрлэж эхэлсэн нь энэ юм. Хаягдал картон цаас, бор цаас боловсруулах үйлдвэр нь 1000 м/кв талбайтай бөгөөд түүхий эдээ хадгалах агуулахтай. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа хайрцагны дөрвөн үйлдвэр байдаг бөгөөд тэдний хэрэгцээг зуун хувь хангах аж.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, шат дамжлагаа нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлж номны цаас, цагаан цаас зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөснөө тус компанийн гүйцэтгэх захирал Б.Билгүүндарь хэллээ. “Сайн цаас” компани Сонгинохайрхан дүүргийн Сонсголонд байрладаг хаягдал бор цаас болон картон цаас дахин боловсруулах үйлдвэрийнхээ өргөтгөлийг ямар нэгэн гадны хөрөнгө оруулагчийн тусламжаар бус цэвэр өөрсдийн хөрөнгөөр босгосноороо онцлогтой юм байна. Үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл 40 хүний ажлын байр бий болох гэнэ.
Хайрцаг үйлдвэрлэдэг манай дотоодын компаниуд маань бор цаасаа Хятадаас оруулж ирдэг байсан бол одоо дотоодоосоо 20 хувийн хямд үнэтэй цаасаар түүхий эдээ бүрдүүлж эхэлж байгаа гэсэн үг. Монгол Улс сард 110 мянган кг цаасан бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирдэг бөгөөд БНХАУ руу хаягдал цаасаа кг-ыг нь 5-50 төгрөгөөр гаргаад буцаагаад нэг тонныг нь 2.3 сая төгрөгөөр худалдаж авдаг гэнэ. Ингэхээр ядаж бор цаасныхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаад байна гэдэг чинь энэ хямралын үед яалт ч үгүй сайн мэдээ болж таарч байна. Үйл ажиллагаа нь жигдрээд улам дэвжээд ирвэл дотооддоо үйлдвэрлэсэн, цаас, дэвтэртэй болно гэсэн өөдрөг зүйл харагдаж байна. Ийм үйлдвэр байгуулагдсаныг дуулаад иргэдийн хувьд “Хаягдал цаас авах уу”, “Ямар цаас авах вэ”, “Кг-ыг нь хэдээр тооцож авах вэ” гэж асууж байгаа гэнэ. Эдний үйлдвэр одоогоор зөвхөн хаягдал картон болон бор цаас хүлээж авч байгаа бөгөөд бөгөөд бохирдлоосоо хамаарч худалдаж авах ханш нь өөр өөр. Нэлээд муудаж, салбарсан хог хаягдалтай картон цаасыг кг-ыг нь 10-20 төгрөгөөр худалдаж авах бол цэвэрхэн картон хайрцгуудыг кг-ыг нь 30-40 төгрөгөөр үнэлж байгаа юм байна. Яваандаа хотод хэд хэдэн газар хаягдал цаас хүлээн авах цэг байгуулах гэнэ.
Манайхан хаягдал картон цаас, бор цаасыг ихэвчлэн шатаадаг. Эсвэл газарт булах маягаар устгалд оруулдаг. Бичгийн цагаан цаас болоод картон цаасыг шатаахад их ялгаатай. Картон цаасыг шатаахад цавуу болон нэмэлт бодистой учир шаталт муутайгаас гадна хурц үнэртэй, утаа тортог их гаргадаг. Газарт булахад ялзрах явцдаа өвчин үүсгэгч нян ялгаруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс хаягдал картон цаасыг устгалд оруулахаас илүүтэй дахин боловсруулах нь байгаль экологид эерэг нөлөөтэй гэдгийг Б.Билгүүндарь захирал яриад “Манай үйлдвэрлэл бол экологид ээлтэй. Хаягдал картон болон бор цаасыг дахин боловсруулахад олон талын хэмнэлт бий болохын зэрэгцээ байгаль орчны доройтлоос сэргийлж, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой” гэлээ. Нэг тонн бор цаас гаргаж авахад 17 ширхэг мод ашигладаг гэнэ. Тэгээд тэр 17 ширхэг модноос цаас гаргаж авахын тулд 26500 литр ус зарцуулдаг юм байна. Ингэхдээ 4100 Квт цахилгаан хэрэглэж агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг аж.
Харин мод тайрч цаас гаргаж авахгүйгээр хаягдал картон цаасаа ингэж дахин боловсруулснаар нэг тонн цаас үйлдвэрлэхдээ дээрх хэмнэлтийг бий болгоно гэсэн үг. Нэг тонн картон цаасыг газарт булахад гурван м/кв талбайг эзэлдэг. Тэгэхээр “Сайн цаас” компанийн үйлдвэр хүлээж авсан хаягдал цаасныхаа тонн тутамдаа гурван м/кв бүхий талбай газрыг цэвэр байлгахад ач тусаа өгч байна гэж дүгнэж болно. Нөгөөтэйгүүр модоо хэмнэж байгаа том буян.
Хаягдал цаасыг боловсруулах шат дамжлагыг ерөнхийд нь дүрсэлж хэлбэл хаягдал цаас хүлээж аваад хог хаягдал, бохирдлоос нь салгаад усанд дэвтээж зутан болгоно. Дараа нь түүнийгээ цэвэршүүлээд хоёроос гурван дамжлагаар шүүнэ. Шүүгээд гарсан зутан нь бантангийн гурил маягийн юм болчихоор дахин усаар цэвэршүүлээд индүүднэ. Үүний дараа хатаагч дамжлагаар явуулаад цавууны хэсэгт хүргэнэ. Цавуугаар шүршсэний дараа дахин хатаана. Ингээд бэлэн болсон цаасаа хуйлж орооно. Хоёр талаас нь хэрчиж өөлөөд ингээд дахин боловсруулсан бор цаас бэлэн болж байгаа юм. Захиалагч болон хэрэглэгчдийнхээ хүсэлтээр 100-200 гр-тай цаас гаргаж байгаа гэдгээ тус үйлдвэрийнхэн хэллээ.





Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон
Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг ул...
8 цагийн дараа
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгу...
7 цагийн дараа
Д.Бямбацогт: Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Чамаар ард түмэн их бахархаж байна. Илүү сайн уран бүтээл хийгээрэй” гэсэн
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээнмандуулсны 114, Ардын хувьсгалын 104 ж...
7 цагийн дараа
Трамп 14 улсын тарифыг наймдугаар сар хүртэл хойшлуулав
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 14 улсын импортод ногдуулахаар болоод байсан өндөр хувьтай тарифыг 8-р сар хүртэл хойшлуулах шийдвэр гарг...
7 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байгаа бол 3 байршилд шугам сүлжээний ажил ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

С.Шагдаржав
Сайн байна уу Танай үйлдвэр одоо ажиллаж байна уу 2025 -онд