гадаад
Марко Рубио: АНУ энэ долоо хоногт шийдвэр гаргана

Админ
2025 оны 4 сарын 29

72

Оросын төрөөс санхүүждэг “Нэгдүгээр суваг” телевиз ОХУ-ын Хар тэнгисийн флотын 810 дугаар тэнгисийн явган цэргийн бригадын командлагчийн үүрэг гүйцэтгэгч энэ сарын 27-ны ням гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд “Одоо орос цэргүүд Курск муж дахь Горнал суурингийн баруун болон өмнөд хэсэгт байрлах ойн бүсийг “цэвэрлэх” ажил гүйцэтгэж байна. Ойрын ирээдүйд дайсны бүх тараагдсан бүлэглэл, цэргүүд устгагдах болно” гэж мэдэгдэж байгааг нэвтрүүлэв. Урьд өдөр нь ОХУ-ын Жанжин штабын дарга Валерий Герасимов ерөнхийлөгчид “Курск мужийг чөлөөлөх ажиллагаа дууссан” гэж илтгэж, Путин түүнд Курск мужийн бүсэд дайсныг бүрэн ялсан армийн бүх бие бүрэлдэхүүн, байлдагч, командлагч нарт биечлэн баяр хүргэсэн. Хариуд нь Украины Зэвсэгт хүчний жанжин штаб “Курскийн бүс нутгийн зарим хэсэгт Украины армийн хамгаалалтын ажиллагаа үргэлжилж байна. Үйл ажиллагааны нөхцөл байдал хүнд байгаа ч Украины анги нэгтгэлүүд Оросын энэ мужийн тодорхой газар, нутгийг эзэлсэн хэвээр байгаа бөгөөд идэвхтэй хамгаалалтын тактикийг ашигласаар байна” гэж мэдээлсэн. Үүний зэрэгцээ дайныг дэмжигч Оросын Telegram сувгууд тус бүс нутагт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдээлсээр байна. Тэдний мэдээллээр Украины цэргийн албан хаагчид Отруба, Горнал, Олешня гэсэн гурван сууринд байр сууриа хадгалсаар байгаа аж. Тухайлбал, Оросын “Дайны сурвалжлагч” Юрий Подоляк “Герасимовын чөлөөлсөн гэж Путинд мэдээлж байсан Горнал тосгон бүрэн чөлөөлөгдөөгүй байна” гэсэн бол “Войенко”-гийн Юрий Котенок “Олешня тосгоны нутаг дэвсгэр, Глушковский дүүргийн Отруба фермийн зэргэлдээх нутаг дэвсгэрүүд дайсны хяналтад хэвээр байна” гэж мэдээлэв. Мөн Украины OSINT болон DeepState төсөл “Нөхцөл байдал тааламжгүй байгаа ч Оросын армийн Курскийн ажиллагаа дууссан тухай мэдээлэл хуурамч зүйл” гэжээ. DeepState “Украины цэргүүд москвачууд болон солонгосчуудтай тулалдаж байгаа Курскийн ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Ялангуяа тэд дайсны логистик, тэдгээрийн төвлөрсөн цэгийг устгаж байна” гэж мэдээлжээ.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Оросын Курск, Белгород мужийн зарим бүс нутаг Украины хяналтад хэвээр байна. Орос, Америк болон бусдыг хуурч, энэ дайныг цаашид сунгахыг оролдож байна. Киев болзолгүйгээр гал зогсоох тухай АНУ-ын саналыг хүлээн авсан гуравдугаар сарын 11-нээс хойш Оросууд Украин руу 8500 агаарын бөмбөг, янз бүрийн төрлийн 200 пуужин, 3000 шахам “шахид” дроны цохилт өгсөн бөгөөд тэдгээрийн дийлэнхийг нь жирийн хотууд, энгийн иргэд рүү чиглүүлэн харвасан” гэж мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын удирдагч Владимир Путинд хандан энх тайвны төлөө тууштай байгаагаа харуулж, Украины дайныг зогсоохыг дахин уриалж, сэтгүүлчдэд “Би түүнийг буудахаа зогсоож, гэрээнд гарын үсэг зурахыг хүсч байна. Бидэнд хэлэлцээр хийх нөхцөл байгаа, би түүнийг гэрээнд гарын үсэг зурж, энэ асуудлыг дуусгаж, зүгээр л хэвийн амьдралдаа эргэн орохыг хүсч байна” гэж хэлжээ. Харин Германы Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Борис Писториус ARD агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Америкийн ерөнхийлөгчийн гал зогсоох одоогийн санал Украинд ямар ч ашиг авчрахгүй. Украины газар нутгийн асуудлыг тус улсын ирээдүйд тохирсон аюулгүй байдлын баталгаатай уялдуулан авч үзэх ёстой. Оросын амлалт ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг өнгөрсөн үйл явдал харууллаа. Трампын засаг захиргаа цэргийн тусламжаа зогсоосон нөхцөлд ч Берлин цэргийн тусламжаа Украинд үзүүлсээр байх болно. Учир нь энэ бол зөвхөн нэг улсын аюулгүй байдлын тухай асуудал биш. Хэрэв Украин унавал, Путин Украины газар нутгийг эзэлсэн гэдэг утгаар энэ дайнд ялах юм бол энэ нь НАТО-гийн нутаг дэвсгэр болон Молдав, Гүрж зэрэг Оросын хөрш орнуудад хамгийн том аюул заналхийлэл бий болгоно. Энэ бол зөвхөн Украинтай эв санааны нэгдэлтэй байх тухай биш, Европ дахь бидний аюулгүй байдал, энх тайвны тухай асуудал юм” гэж мэдэгдэв.
Курск муж дахь Украины Зэвсэгт хүчний довтолгооны цэргийн ажиллагаа 2024 оны наймдугаар сарын 6-нд буюу Оросууд Украинд бүрэн хэмжээний халдлага хийж, хотуудыг нь агаараас бөмбөгдөж эхэлснээс хойш 2.5 жилийн дараа эхэлж Оросын шилдэг ангиудыг энд татан устгаж чадсан юм.
Харин энэ удаа Путин олон орос цэргийг “золигт гарган” иргэдийнхээ дунд нэр хүндээ өсгөж, өөрийн суудлыг авч үлдэх гэж оролдож байна. Учир нь тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн шахалтад орж, ямар нэг урьдчилсан болзолгүйгээр Украинтай энхийн гэрээ хийхийг зөвшөөрөөд байгаа юм. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр “Украин, ОХУ-ын хооронд энхийн гэрээ тун ойрын хугацаанд байгуулах ёстой бөгөөд хэрэв бүтэхгүй бол Вашингтон хэлэлцээрийн үйл явцаас гарах болно. АНУ энэ долоо хоногт уг асуудлаар гаргасан өөрийн шийдвэрийг танилцуулна” гэж дахин сүрдүүлсэн. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордонд дахин ажиллаж эхэлсэн эхний 100 хоног энэ сарын 30-нд тохиох бөгөөд Америкийн шинэ засаг захиргааны албан тушаалтнууд үүнээс өмнө Украины дайны асуудлыг шийдэх зорилготой байгаа билээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн...
8 цагийн дараа
“Шинэ Мөрөн” төвийн худалдаачдын 5.2 тэрбум төгрөгийн хохирлыг УОК-оос гаргана
Хөвсгөл аймгийн Шинэ мөрөн худалдааны төвд энэ сарын 15-нд гал гарсан. Тус төвд лангуу түрээслэн ажиллаж байсан иргэд олон сая төгрө...
8 цагийн дараа
Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан...
7 цагийн дараа
Уул уурхайн салбарт “Улсын баатар” цол өгье
Хорин есөн жилийн өмнө буюу 1996 онд Засгийн газрын жилийн төсөв 270 тэрбум төгрөг байж. Гэтэл өнгөрсөн онд төсөв 27 их наяд хүрлээ ...
7 цагийн дараа
НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эх...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд