Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

С.Цэрэндэмбэрэл: Хилийн чанад дахь монголчууд нэгдсэн баяр наадмаа хийнэ

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 6 сарын 20

img

83

news-img

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын тэргүүн Сүхээгийн Цэрэндэмбэрэлтэй ярилцлаа.


-Юуны өмнө хоёулаа ярилцлагаа гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын статистик тоо баримтаас эхлүүлье. Өнөөдөр гадны улсуудад Монгол Улсын хэчнээн иргэн суурьшаад байна вэ?

-Монголчууд 90-ээд оны эхэн үеэс гадагшаа олноороо явж эхлээд, 90-ээд оны сүүлээр нэлээд эрчимжиж, одоо ч тасралтгүй явж байна. Одоо гадаадад байгаа монголчуудын тоо үндсэндээ 300 мянгад хүрчээ.

-“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ынхаа талаар ярихгүй юу?

-2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болдын санаачилгаар хилийн чанадад байгаа төрийн бус байгууллагууд болон иргэдийнхээ үүсгэл оролцоотойгоор байгуулагдсан нийгэмлэг, сайн дурын байгууллагуудыг нэгдсэн байдлаар уулзалт хийе гээд уулзалдсан. Монгол Улстай холбогддог гэдэг утгаар бүгд нэгдсэн зохион байгуулалтад оръё гэсэн. Нийтийн санал санаачилгаар зохион байгуулагдсан гэдгээрээ бас чухал ач холбогдолтой.

Бид эгнээндээ эхэндээ хилийн чанад дахь төрийн байгууллагууд, нийгэмлэгүүдийг нэгтгэсэн бол яваандаа бие даасан гишүүнээр хувь хүнийг авдаг болсон.

-Гадны орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд хийсэн тодорхой судалгаа бий юү?

-Бид судалгаа хийж байна. Бид хилийн чанад дахь монголчуудын төрийн бус байгууллагын нэгдсэн уулзалтыг жил бүр Улаанбаатарт зохион байгуулдаг. Манай үйл ажиллагаа төр засгийн үйл ажиллагаатай нэлээд уялдаж явдаг. Нэгэнт Монгол Улсын иргэн гадагшаа гарсан учраас түүний талаар ямар нэгэн бодлого байх хэрэгтэй. Энэ утгаараа аливаа үйл ажиллагаа эрхлэхэд, бодлого боловсруулахад судалгаа хийх хэрэгтэй гэж удаа дараа хэлж ярьсны дүнд 2023 онд тухайн үеийн УИХ-ын дарга байсан Г.Занданшатарын санаачилгаар, бидний хүсэлтээр Үндэсний статистикийн хорооноос хоёр үндсэн судалгаа хийсэн. Энэ бол Монгол Улсын хувьд анх удаа хилийн чанад дахь иргэдийн дунд хийсэн судалгаа.

-Ямар ямар судалгаа хийсэн бэ?

-Нэгдүгээрт, иргэдийн статус судалгаа. Хоёрдугаарт, иргэдийн эдийн засгийн судалгаа байсан. Энэ судалгаанд ҮСХ голлон, мөн НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага оролцсон. Манай зөвлөл энэ судалгаанд хамтран оролцсон. Судалгаагаар хэд хэдэн үр дүн гарсан. Үүнтэй холбоотойгоор дараагийн нэг хөтөлбөр бол Гадаад харилцааны яам дээр явж байгаа “Дэлхийн монголчууд-1” гээд хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хоёр жил тутам гардаг. Бид 2014, 2016, 2018, 2020 гээд дандаа чуулга уулзалтынхаа дараа Засгийн газар болон яамдтай хамтарсан үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулаад явсан түүхтэй. 2020 онд “Дэлхийн монголчууд-1” хөтөлбөр гарч, 2022 онд дууссан. “Дэлхийн монголчууд-2 гэдэг хөтөлбөр гарч, 2024 онд дууссан. Энэ жил “Дэлхийн монголчууд-3” гэсэн дараагийн хөтөлбөрийг гаргах ёстой. Одоогийн байдлаар Гадаад харилцааны яаман дээр төвлөрч байна.

-Судалгааны үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Товчхон хэлэхэд, 2023 онд хийгдсэн судалгаагаар, хэд хэдэн анхаарал татах зүйлүүд байсан. Түүвэр судалгаанд 5000 гаруй хүн оролцсон. Судалгааны эхний ээлжинд оролцсон хүмүүсээс “Та эх орондоо буцах бодолтой байна уу” гэж асуухад 40 хувь нь тийм бодолгүй байна гэж хариулсан. Бидний хувьд бодох ёстой асуудал байгаа юм. Хоёрдугаарт, “Та хэзээ ч эх орон руугаа буцаж очиж суурьших бодолгүй байна уу?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 20 хувь нь “Хэзээ ч буцаад Монголд суурьшиж амьдрахаар очих бодолгүй байна” гэж хариулсан. Тэгэхээр бид 50, 60 мянган хүн Монгол Улсаасаа бүрмөсөн явчихжээ гэсэн тооцоонд хүрээд байгаа юм.

-Гадаадад буй монголчууд Монгол Улсдаа мөнгөн дүнгээр илэрхийлбэл дунджаар хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол?

-Эдийн засгийн судалгаан дээр хоёр тоо байгаа юм. Монголбанкны тайлангаар, 2023 оны байдлаар гадаадад байгаа монголчууд Монгол руу жилд 500 сая гаруй ам.доллар оруулсан байна. Мөнгөн гуйвуулга, бусад хэлбэрээр дамжаад тэрбум гаруй ам.доллар, хэрвээ ам.долларын ханшийг 3500 гэж тооцвол бид долоон их наяд төгрөгийг Монголын эдийн засагт оруулж ирж байна. Энийгээ байгаа хүмүүсийнхээ тоонд хуваагаад үзэхээр гадаадад байгаа монголчууд жилдээ дунджаар ҮСХ-оос гаргасан албан ёсны дүнгээр гадаадад байгаа нэг иргэн жилдээ 19 сая төгрөг Монгол Улсын эдийн засагт оруулж ирж байна. Сараар тооцохоор, 1.5 сая орчим төгрөгийг гадаадад байгаа нэг монгол иргэн Монгол Улс руу оруулж ирж байгаа юм. Энэ харьцангуй том, эдийн засагт нөлөөлөх тоо учраас энэ утгаар нь бид энэхүү хүмүүст хандсан төрийн бодлого хэрэгтэй байна, орж ирж байгаа мөнгөөр нь төрөөс эргээд эдгээр иргэддээ хандсан бодлого хэрэгтэй байна гэсэн асуудлыг байнга тавьж ирсэн. Бодит тоогоор үзэхэд, Монгол Улсын хүн амын 7-8 хувь нь гадаадад оршин сууж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын жижиг таван аймгийн хүн амын хэмжээтэй тэнцэх хүмүүс гадаад улсад сууж байгаа юм.

-“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” дэлхийн хэдэн оронд байгаа монголчууддаа хүрч ажилладаг вэ?

-Манай зөвлөл одоогоор дэлхийн 50 гаруй орны 170-180 төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна. Яг монгол хүн оршин сууж байгаа дэлхийн 70-аад орон бий. Бид аль болох Монгол Улсынхаа ГХЯ, Ерөнхийлөгчийн тамгын газар, тухайн улсуудад байгаа Элчин сайдын яамд, консулын газрууд, мөн өргөмжит консулууд, тухайн улсуудад байгаа монголчуудын хүсэл, санаачилгаар нэгдсэн идэвхтэй монголчуудынхаа төлөөлөлтэй байнга хамтын ажиллагаатай, харилцан холбоотой ажиллаж ирсэн. Ингэж ч ажиллах болно. Манайх үйл ажиллагааныхаа зорилготой холбоотойгоор зохион байгуулалтын бүтцэд хуваагдсан байдаг. Бид гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн зорилгынхоо хүрээнд хоёр тэргүүнтэй бөгөөд нэг нь гадаадад, нөгөө нь дотоодод байдаг.

-Гадаадад буй монгол иргэдэд нэн тэргүүнд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Хэл, соёлын асуудал. Хэлээ сурахгүй, соёлоо мэдэхгүй болохоор бидний монгол хүн гэдэг дархлаа байхгүй болдог. Үүнтэй холбоотойгоор 20-иод улсад байгаа 40 гаруй монгол сургууль, хэл, соёлын төвүүдийг маш амжилттайгаар нэгтгээд, удирдаад явж байна. Энэ хүрээнд бид хилийн чанадад байгаа хүүхдүүдэд зориулсан жишиг сургалтын төлөвлөгөө, арга зүй боловсруулж, түүнийхээ дагуу Монгол Улсын Боловсролын яамтай хамтраад, сургалтууд явуулж байна. Түүнчлэн бид санал, санаачилга гаргасны үр дүнд Монгол Улсын Боловсролын хуульд 2024 оны эхээр өөрчлөлт орж, хилийн чанадад буй монголчуудын хэл, соёл, сургалтын асуудлыг Насан туршийн сургалтын төв гэдэг статусаар зохион явуулах боломжтой гэсэн шийдвэрийг бид хуульд бас оруулж чадсан. Нийт сургуульд 4000 гаруй суралцагч хамрагдаж байна. АНУ, ХБНГУ, Швед, Япон, Солонгос, Канад, Унгар, Польш зэрэг олон улсад сургуулиуд байна. Багш нар нь манай боловсролын хорооны дор нэлээд том бүтцэд орсон, сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ бол бидний 10 гаруй жилийн хугацаанд хийсэн хамгийн ололттой ажил. Монгол хүүхдүүддээ монгол хэл, соёл, түүх сургадаг сургуулиудад зөвхөн хэл, соёл сураад явдаггүй, бас дуу хөгжим, үндэсний хөгжим, мөн зарим сургуулиуд дээр үндэсний спорт, бөх, шагайн харваа, сурын харваа гэсэн сургалтууд явагддаг. Тодорхой сургуулиуд монгол морин хуурын, монгол хөгжмийн хамтлагуудтай болсон, үйл ажиллагаа нь явагдаж байна.

-Энэ сарын 20-доор Дэлхийн монголчуудын анхдугаар наадам зохион байгуулах юм байна. Энэ хүрээнд гадаадад буй монголчууд ямар ямар арга хэмжээнд хамрагдах боломж нээлттэй байна вэ?

-Монгол наадам бидний хамгийн том бахархал учраас сайхан дээл хувцсаа өмсөөд, наадмаа хийдэг. Бид монголчуудынхаа энэ бахархалт баярыг өндөр түвшинд хийе гэж шийдсэн. Олон монголчууд тодорхой шалтгааны улмаас Монголдоо очиж, наадаж чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор хилийн чанадад байгаа монголчуудынхаа уламжлал, бахархлыг сэргээх, хооронд нь холбох зорилгоор Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг хийе гэсэн санал, санаачилгыг 2021 онд гаргасан. Энэ бол үндсэндээ нэг томоохон төсөл юм. Бид тив тивээр дамжаад, Европ, Америк, Ази, Австрали тивд, дараа нь тав дахь удаагаа нэгдсэн байдлаар Монгол Улсдаа, эсвэл аль нэг тивд зохион байгуулах зорилготойгоор хийж байгаа юм. 2021 онд ийм санаачилга гаргаад, Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжээд, энэ дэмжлэгийн үр дүнд бид гурван жилийн өмнө БНСУ-д хийх гэж байсан. Гэвч тухайн цаг үеийн нөхцөлөөс болоод хийж амжаагүй. Өнгөрсөн жилээс бас санал санаачилга гаргаад, энэ жил анх удаа Европ тивд оршин суугаа монголчуудынхаа дунд зохион байгуулахаар болсон.

-Дэлхийн монголчуудын анхдугаар наадам хэдэн төрлөөр явагдах вэ?

-Бид Бельгийн хаант улсын нийслэл Брюссель хотноо зургадугаар сарын 26, 27-нд хийхээр бэлтгэл ажилдаа орсон, ажил маань ид өрнөөд явж байна. Бидний бодож байгаагаар, Монголдоо очсон мэт баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болоосой гэж бодож байна. Мэдээж хурдан мориноос бусад бүх төрлөөр баяр наадмын үйл ажиллагаа явагдана. Үндэсний бөх, сур харваа, шагайн харваа гэсэн гурван төрлөөр явагдана. Үндэсний бөхийн хувьд бид анх удаа 128 бөх барилдуулахаар төлөвлөж, бөхчүүд маань бүртгүүлсээр байна. Урьдчилсан байдлаар, үндэсний шагайн харваанд нийт 400-гаад харваач оролцох бол 50-иад хүн сур харвахаар байна. Баяр наадмын үеэр явагдах гол арга хэмжээнүүдийн нэг нь, бид нээлт дээр “Дээлтэй монгол” арга хэмжээ хийхээр төлөвлөсөн. Монгол Улсад “Дээлтэй монгол” наадам яаж болдог билээ яг тэр арга хэмжээг зохион байгуулж, энэхүү наадмын үеэр олгодог шагнал, урамшууллыг гардуулахаар ажиллаж байна.

-Яагаад Бельги, тэр дундаа Брюсселийг сонгосон юм бэ?

-Брюссель хотыг сонгосон нь хоёр, гурван ач холбогдолтой юм. Нэгдүгээрт, мэдээж Төв Европын гол улс. Европын холбооны зүрх гэгддэг, Европын холбооны засгийн газар байрладаг. Хоёрдугаарт, хилийн чанад дахь монголчууд их олон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, манай улс хоёр улсын хооронд байдаг. Улс төрийн, гадна дотоод нөхцөл байдал хүнд, төвөгтэй. Хилийн чанадад байгаа монголчууд гадаадад очоод зөвхөн өөрсдийнхөө ажлыг хийгээд байдаггүй. Бид урлаг соёлын үйл ажиллагаа явуулдаг. Олон нийтэд өөрсдийгөө таниулж, сурталчилдаг. Өөрөөр хэлбэл, бид “Ардын дипломатын бодлого” гэж томоохон бодлого явуулдаг, түүний томоохон төлөөллүүд байгаа юм. Хилийн чанадад байгаа монголчууд бол Монгол Улсын тусгаар тогтнолын, энэ улс тусгаар улс байхын бас гол төлөөлөл. Бид үргэлж Монголоороо бахархдаг. Бид Монгол гэдэг том нэрийн хуудастай учраас дор бүрнээ хичээж явдаг. Хилийн чанадад байгаа монголчууд маш олон салбарт, тухайлбал урлаг соёл, шинжлэх ухаан, бизнес, технологи, спортын салбаруудад амжилттай ажиллаж, өндөр амжилт гаргаж байна. Түүнчлэн сошиал медиа, сүүлийн үеийн олон улсын инфлүүсер одод хүртэл болж, монгол хүний нэрийг гаргаж байна. Эдгээр хүмүүсийг бодлогын хувьд байнга дэмжих шаардлагатайг бид төр засгийнханд үргэлж хэлж байгаа юм.

-Мэдээж наадмын үеэр соёл урлагийн тоглолтууд болох байх. Ямар ямар зочид ирж, ая дуугаа өргөх вэ?

-Тийм ээ, баяр наадмын үеэр монгол урлагийн тоглолтууд болно. Мөн Европ тивд үйл ажиллагаа явуулж буй 14, 15 сургуулийн хүүхдүүдийн монгол соёл, урлагийн тоглолт болно. Энд нэмж хэлэхэд, Европт байгаа монгол сургуулиудаас долоон сургууль соёл урлагийн наадам хийдэг. Германы Штатгарден хотод байдаг монгол сургуулиудын хүүхдүүд концертод тоглох юм. Түүнээс гадна Европ тивд үйл ажиллагаа явуулдаг бүх монгол соёл урлагийн төлөөлөл, дуучид, хөгжимчид, бүжигчид ирж, баяр наадмын үеэр өөрсдийнхөө тоглолтыг үзүүлнэ. Мэдээж, монгол үндэстний хоолоор үйлчилнэ. Монголоос тодорхой компаниуд очиж, өөрсдийн худалдааны үйл ажиллагаагаа явуулна. Ийм үндсэн төлөвлөлт байгаа юм. Мөн орой нь цэнгүүний арга хэмжээ явагдаж, “Уухай” хамтлаг ирж ая дуугаа өргөнө. Бас Европт байдаг соёл урлагийн хамтлагууд ирж тоглоно. Баяр наадмын урьд өдөр хилийн чанадад байгаа төрийн бус байгууллагуудынхаа бүсийн уулзалт арга хэмжээг зохион байгуулж, хоорондоо танилцаж, тулгамдсан асуудлуудаа ярилцана.

-Дэлхийн монголчуудын анхдугаар наадамд төр засгийн түвшний төлөөлөгчид оролцох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмыг их дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл НҮТББ гэсэн гурван байгууллага хамтарч энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Мэдээж төр засгийн хэмжээнд ГХЯ-ны удирдлагууд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодорхой албаны төлөөлөгчид ирнэ.

Наадмын үйл ажиллагаан дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд, бид хилийн чанадад байгаа иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах тал дээр тодорхой ажлууд хийж ирсэн. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа зэрэг нэлээн олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Баяр наадмын үеэр бидний дэмжлэгтэйгээр эдгээр байгууллагуудын үйлчилгээнүүд иргэдэд шууд хүрнэ. Жишээлбэл, ГХЯ-ны төлөөлөл консулын үйлчилгээгээ үзүүлнэ. Хажуугаар нь тусгай асар нийгмийн даатгалын үйлчилгээ, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, эргэн суурьших бодлогын хүрээний үйлчилгээнүүд үзүүлэхээр зохион байгуулна.

-Хилийн чанадад байгаа монголчуудыг бодлогын түвшинд хэрхэн дэмжвэл үр дүнтэй гэж та боддог вэ?

-Парламентын түвшинд, УИХ дээр хилийн чанадад байгаа монголчуудыг дэмжих бүлгийг албан ёсоор байгуулсан. Бүлгийн хүрээнд хийх ажлууд бий. Эхний ажлууд хийгдээд явж байна. Бид хилийн чанадад байгаа монголчуудаасаа төрийн, тухайлбал Ерөнхийлөгчийн, парламентын сонгуульд санал өгөх асуудалд оролцох боломжийг нь хангах зорилгоор, өөрөөр хэлбэл Үндсэн хуульд заагдсан иргэний суурь эрх болох сонгох, сонгогдох эрхийг хангуулж, сонгуулийг цахимаар өгөх талаар Цахим бодлогын хороон дээр ажлын хэсэг гарсан, судалгаа хийж байна. Хоёрдугаарт, хилийн чанадад байгаа монголчуудаа дэмжих төрийн урт хугацааны бодлого, хууль эрх зүйн акт байхгүй учраас үүнтэй холбоотойгоор бид ажлын хэсэг байгуулаад, санал санаачилга гаргаад, хууль эрх зүйн өөрчлөлт хийх чиглэлд анхаарч ажиллаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо

Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрл...

img

7 цагийн дараа

Дундговь аймагт газар хөдөллөө

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 22-ны 04:52:12 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлт...

img

7 цагийн дараа

Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга боллоо

Малайз улсын Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэ...

img

6 цагийн дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна

Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохио...

img

6 цагийн дараа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжилнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ -Наранд аль...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд