мэдээ
Уяач Т.Төрбат: Магадгүй Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очир нэгийг бодож, хоёрыг төлөвлөж суугаа биз

Админ
2025 оны 6 сарын 22

72

Аймгийн алдарт уяач, Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Т.Төрбаттай ярилцлаа.
-Энэ жилийн зуншлага өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар байна вэ?
-Өнгөрсөн өвөл өнтэй сайхан болж өнгөрлөө. Харин хавар шөнөдөө их хүйтэн байлаа. Зундаа ч салхи тогтож өгөхгүй байна. Үүнээс болоод ч тэр үү газрын гарц харилцан адилгүй байна. Энэ жил Хэнтий аймгийн Дархан, Галшар, Баянхутаг, Баянмөнх, Жаргалант зэрэг сумдын нутгаар газрын гарц сайтай байгаа учраас уяачид голдуу тийшээ төвлөрч бууцгаагаад морьдоо уяж сойж байна. Одоогоор Улаанбаатар хотын ойр орчимд гандуу байгаа болохоор наадам дөхүүлж байгаад уяачид тийшээ дөхөх байх.
-Та морьдоо хаагуур сойж байгаа вэ. Азарга, их насны хэдэн адуутай вэ?
-Манай “Түмний хурд” гал уяа Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт морьдоо уяж байна. Энэ жил би хоёр азарга, таван их насны морь уяж байна. Нийт есөн насны ангиллын гучаад тооны, тэр дундаа таван хусран даагатай байгаа. Манай уяаныхан Архангай аймгийн гаралтай залуус байдаг. Тэд маань өөрсдийн унаган адуугаараа уралддаг онцлогтой. Мөн Архангай нутгийн уугуул Монгол Улсын манлай уяач Г.Мөнхсайханы хурдан буянгуудаас залж авчирсан. Морьдыг маань Архангай аймгийн Чулуут сумын уугуул Б.Алтансүх, Увс аймгийн Бөхмөрөн сумын Б.Сүрэн нарын залуу уяачдаас бүрдсэн баг бүрэлдэхүүн уяж сойж байна. Энэ завшааныг ашиглан хурдан морь унаач хүүхдүүдийнхээ ар гэрийнхэнд мэнд дэвшүүлмээр байна.
-Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Д.Ганбаатар нарын гал уяа хаагуур байгаа бол?
Д.Даваахүү гуай Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд өөрийн адуун дээрээ, Д.Онон тод манлай уяачийнх Дорнод аймгийн Баянтүмэн сумандаа, түүний хүү О.Батбилэг тод манлай уяач Хэнтий аймгийн Дархан сумын “Бор ухаа”-д, “Макс”-ийн Д.Ганбаатарынх Төв аймгийн Баянжаргалан сумын “Их-Уул” хавиар байгаа болов уу. Ер нь томоохон галууд, ихэнх уяачид Хэнтий аймгийн дээр дурдсан сумдаар хүлэг морьдоо сойцгоож байгаа. Уяачид том цолтой уяач нар дээр төвлөрч морьдоо сунгацгаадаг хуучны уламжлалтай. Энэ нь ч залуу уяач нартаа үлгэрлэх, наадам сунгааны зохион байгуулалт болон түүнд оролцох уламжлалын хэм хэмжээг түгээх оновчтой хэлбэр болдог.
-Та хавар морьдоо уралдуулсан уу. Хаврын сунгаа уралдаануудад хэний морьд өнгөтэй байсан бэ. Мөн аль нутгийн уяачид, морьд энэ жил сайн наадна гэж таамаглаж байна вэ?
-Энэ жил дээр дурдсанчлан говь нутгийн уяачдын морьд тун сайн уралдах болов уу гэж бодож байна. Магадгүй Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очир нэгийг бодож, хоёрыг төлөвлөж суугаа биз ээ. Өмнөговийн Цогтцэцийд “ногоолоод” саяхан Говьсүмбэр аймагт очсон гэж дуулдсан. Тэдний морьд сайн давхина даа гэсэн таамагтай байна. Мөн өнгөрсөн жилийн наадмын их насны ангилалд түрүүлсэн Б.Ерөөлтийн халтар морь амжилтаа давтах болов уу гэж бодож байна. Саяхан тэр морь “Жавхлант шарга” уралдаанд зайтайхан түрүүлж байна лээ.
-Өнгөрсөн жилийн наадмын азарганы түрүү С.Гал-Эрдэнийн “Нандин” халзан хаагуур байгаа бол. Мөн уржнангийн наадмын түрүү адуунууд болох Б.Норовсамбуугийн хээр, Б.Отгонсэлэнгийн саарал зэрэг хурдан ажнайнуудын энэ жилийн өнгө хэр байгаа бол?
-“Нандин” халзан азарга Хэнтий аймгийн Дархан суманд Галшарын Монгол Улсын тод манлай уяач С.Эрдэнэбатын уяан дээр уягдаж байгаа. Тэнд мөн Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг, М.Алтан-Очир, Д.Мөнхбатаа, У.Тамир нарын уяачид нэг дор ойролцоо бий. Галшар сумын “Өлзийтийн энгэр” гэж газар Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтох, Б.Батхүү, Г.Бат-Эрдэнэ нарын уяачид, “Дамжааны энгэр”-т Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаяр мөн морьдоо сойж байна. Баянхутаг сумын “Давсан бадрах” хавиар, Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзий, Монгол Улсын алдарт уяач А.Нямбаатар, Т.Тогтохжаргал нарын уяа, “Их-Уул” хавиар Монгол Улсын тод манлай уяач Н.Хүрлээ болон Монгол Улсын тод манлай уяач Т.Батзоригийн тэргүүлсэн “Дорнын унага” галынхан, “Бага уул”-ын энгэрээр “Идэр хурд” гал, шилдэг залуу уяачид болох Д.Гомбосүрэн, Б.Булгадай нарын уяачид байгаа. Мөн Налайх, Багануурын уяачид Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байгаа дуулдсан, Монгол Улсын тод манлай уяач Д.Лхагвасүрэн, Монгол Улсын алдарт уяач Ч.Отгонбаяр нар Төв аймгийн Эрдэнэсант суманд морьдоо сунгахаар бууцгаасан.
-Тан энэ жилийн наадмын өнгийг хэрхэн төсөөлж байна вэ. Нууц биш бол та морьдоо хаана, хаана уралдуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Мэдээж бид улсын наадамдаа уралдахаар зорьж байгаа. Түүний дараа бүсийн уралдаанууд, Монголын морин спорт уяачдын холбооны 30 жилийн ой “Их хурд” зэрэгт хурд үзэхээр төлөвлөж байна. Жил бүр л өв соёл маань элдэв янзын хүмүүсийн хатгалгаар шалихгүй хэл ам дагуулж байдагт жаахан эмзэглэж явдаг хэдий ч энэ том ахуй маань монголчуудын дархлаа байдаг учраас цаг зуурын явдалд ганхахгүй гэж итгэж явдаг. Тийм явдал гаргахгүйн төлөө уяачид бидний зүрх сэтгэл цохилдог байх учиртай.
Ө.МАНЛАЙ
Б.СОЛОНГО





Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол,...
4 цагийн дараа
“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо
Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрл...
3 цагийн дараа
Дундговь аймагт газар хөдөллөө
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 22-ны 04:52:12 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлт...
3 цагийн дараа
Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга боллоо
Малайз улсын Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэ...
2 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна
Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохио...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд