Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө. Баяр наадмын амралтын өдрүүдэд Дорнод, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ аймагт нийт 11 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс тавыг нь бүрэн унтраажээ. Онцгой байдлын алба хаагчид одоогоор Сэлэнгэ аймагт гарсан хоёр түймрийг цурманд оруулж, дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Обьектын гал түймрийн осол 45 удаагийн тохиолдол бүртгэгдсэнээс нэг иргэн амиа алджээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын “Агуйт”-д гарсан ой хээрийн хоёр түймрийг цурамд оруулсан, мөн аймгийн Хүдэр сумын “Шоргоолжны хүдэртийн хэц”, “Шоргоолжийн-Өндөр”, “Янгаахай”, Ерөө сумын “Шарлангийн эхийн баруун” гэдэг газар гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Онцгой байдлын байгууллага,орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 93 хүн, 12 автомашинтай албан хаагчид дайчлагдсан. Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нийт 40 алба хаагчийг Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийн голомтод хүргэх ажлыг зохион байгуулж байна.