мэдээ
Баячуудын гэх залуусын зодоон ямар учраас ингэж их шуугиан дагуулж байна вэ

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 7 сарын 25

143

Шөнийн цэнгээний газрын үүдэнд залуус шөнө болгон л зодоон үүсгэдэг. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн дуудлага, мэдээлэл шөнө болгон хэдэн арваараа ирдэг. Ийм үйл явдлаас болоод эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол ч цөөнгүй. Тэр болгонд цагдаа очиж хэрэг, маргаанд оролцогч талуудыг баривчлан саатуулж, улмаар прокурор асуудалд дүн шинжилгээ хийж холбогдох материалаа шүүх рүү шилжүүлэн, шүүх эцэслэдэг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдийн нийгмийн гарал үүсэл нь ямар ч байж болно.
Эрх мэдэлтэй, улс төрд нөлөө бүхий болон эд хөрөнгөтэй баячуудын хүүхэд хариуцлагаа үүрээд явсан тохиолдол ч байна. Бор амьдралд өссөн, ядуу амьдралтай айлын хүүхдүүд ч мөн бий. Энэ утгаараа нийгэмд шуугиад байгаа баячуудын гэх залуусын зодооныг Монголын шүүх хуулийн хүрээнд нь шийдээд л явна. Үүнд ард түмэн бид шүүхийн гаргасан шийдвэрийг ажиглаад л сууж байх ёстой болохоос биш хэрэг шийдэгдээгүй байхад баячууд мөнгөөр далайлган үр, хүүхдээ ялаас мултруулах гэж байна, Монголын шүүх угаасаа ялзарсан гэж шүлсээ үсчүүлээд байх хэрэггүй. Нийгэм өөрөө шударга шүүхийг л шаарддаг. Тэгсэн атлаа баячуудын хүүхдэд илүү өндөр ял өг, ядуусын хүүхдийг ялаас чөлөөл гэдэг байдлаар асуудалд хандах нь тэнэгрэл. Шүүх, хуулийн байгууллага ч нийгмийн энэхүү тэнэгрэлээс ангид хараат бусаар ажиллах шаардлагатай. Нөгөө талдаа уг хэргийг улс төржүүлэх асуудал мөн ажиглагдаж байна. Сүүлийн хэдхэн сарын дотор иймэрхүү хэргийг улс төржүүлсэн тохиолдол хоёр ч удаа гарлаа. Эхнийх нь мэдээж өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн асуудал. Экс Ерөнхий сайдын хүү найз охиндоо үнэтэй бөгж өгсөнд ард түмэн дургүйцэж, орлогоо нотол, нотолж чадахгүй бол огцор гэдэг шаардлагыг тавьсан. Ард түмний энэ шаардлага зөв байсан ч үүнийг улс төржүүлжсэнээр Монголын төр солигдсон. Өөрөөр хэлбэл, ард түмний шаардсан орлогоо нотол, нотолж чадахгүй бол огцор гэдгийг улс төржүүлж шууд огцруулах шаардлага болгон өөрчилсөнөөр Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа буусан.
Хэдийгээр ард түмний шаардсан шиг орлого нь нотлогдсон ч нэгэнт асуудал шийдэгдээд дууссан. Ард түмэн ийм л гэнэн. Үүнээс үзвэл ард түмэн бол цагаан цаас гэдэг нь үнэний ортой. Ард түмний эрх мэдэл, өндөр албан тушаалтай, баячуудыг үзэн ядах сэтгэлгээнд нь тулгуурлаад л нэг хэсэг нөхдүүд улс төрийн эрх ашгаа ийнхүү хангачихаж байгаа юм. Яг үүнтэй адил өөр нэг хэсэг нөхдүүд нийгэмд шуугиад байгаа баячуудын гэх залуусын зодооныг өөрт ашигтайгаар асуудлыг эргүүлэх гэж байна уу гэсэн хардлага учир мэддэг хүмүүст төрж эхэлжээ. Дээр хэлсэн шиг залуусын зодоон шөнө болгон л болдог асуудал. Үүнийг хэн нэгний хүүхэд эсэхээс үл хамаараад Монголын шүүх шийдээд л явсан.
Гэтэл нийгмийн нөгөө л нэг баячуудыг үзэн ядах сэтгэлгээн дээр дөрөөлж улс төр, бизнесийн эрх ашгаа нээлгэх боломж гэж харж байгаа нөхдүүд хэдийнэ ажилдаа орсон нь ил байна. Тэд энэхүү кейс дээр бий болсон нийгмийн бухимдлыг юунд ашиглах гэж байна вэ гэдэг нь чухал. Цаад талдаа энэ бол том төслүүдийн тендерийг авах гэсэн жинхэнэ “томчуудын” зодоон явагдаж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Энэ том зодоон явагдаж байх үед зарим нэгнийх нь хүүхдүүдийн алдаа бэлэн өгөөш нь болчихож байгаа ч байж мэднэ. УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хувьд бизнестэй, мөнгөтэй хүн. Тэрээр Завханы Тосонцэнгэлд өөрийн хөрөнгөөрөө цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан.
Энэ утгаараа удахгүй тендер нь зарлагдах тавдугаар цахилгаан станц болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг барих ажил эхэлнэ. Үүнд оролцож, тендерт нь ялах боломжтой хүн бол Ц.Цэрэнпунцаг. “Эрэл” компанийн Б.Эрдэнэбатын хувьд ч бизнестэй мөнгөтэй хүн. Олон том төслүүдийг хэрэгжүүлж, олон бүтээн байгуулалтыг хийсэн. Ц.Баатарсайханы хувьд ч ялгаагүй том бизнесмен. Хар зургаар тайлбарлавал эдгээр хүмүүс эрчим хүчний салбарт том төсөл эхлүүлэхээр нэг баг болсон гэж бодъё. Энэ том багтай байгаа боломжоороо өрсөлдөөд ялах баг бизнес, улс төрийн хүрээнд лав Монголд байхгүй байх. Тэгвэл эдгээр хүмүүсийг удахгүй тендер нь зарлагдах том төслүүдээс яаж холдуулах вэ гэдэг асуудал нөгөө талд байгаа бүлэг хүмүүсийн толгойны өвчин болох нь дамжиггүй биз. Яг энэ үеэр дээрх том бизнеменүүдийн хүүхдүүд зодоон үүсгэж, хэрэгт холбогдсон нь нөгөө талынхны толгойны өвчинг намдаах эм болсон гэж ойлгож байна. Ер нь нийгэмд хэт их шуугиж байгаа асуудал болгоны ард аль нэг улс төрч, бизнесменүүдийн эрх ашиг л явдаг гэдгийг бид хэзээ ойлгох вэ.
Хөшигний цаана юу болж байгааг харах нь чухал болохоос нэгнийгээ даган дуурайж, баячуудыг үзэн ядах эсвэл ядуусыг өмөөрч хамгаалъя гээд яваад байж болохгүй. Шуугиад байгаа зодооны асуудал нь тодорхой, шийдвэрлэх гарц гаргалгаа нь нээлттэй, эрх зүйн орчин нь бүрэн байхад асуудал мөдхөн шийдэгдчихнэ. Өөрөөр хэлбэл, бүх зүйл нь тодорхой асуудлаар шуугих угтаа шаардлага огт байхгүй юм. Ард түмэн ч шуугиад байгаа хэрэг ч бас биш болов уу. Шуугиан болгож чадаж байгаа хэсэг хүмүүсийн ажил сайн хийгдэж байна гэсэн үг. Зарим нэг хэвлэл мэдээллээр төлбөртэй мэдээ, мэдээлэл нэлээд олон явж байгаагаас харвал уг зодооныг шалтаг болгож байгаа хүмүүс байна гэсэн үг. Нөгөө талдаа баячуудын хүүхэд зодолддоггүй, архи уудаггүй, тамхи татдаггүй гэсэн зүйл огт байхгүй. Залуусын алдаа баян, ядуугаас үл хамаарч яг адилхан л гардаг. Баячууд бол хүн биш тэд ядуусын боломжийг хулгайлдаг гэх коммунист үзэл сурталд автаж болохгүйг энэхүү шуугиан тодорхой харуулж байна.
Аль нэг урсгалд нь бүрэн автлаа гэхэд таныг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ашиглах бүлэг хүмүүс амдаад байж л байгаа. Тэд нийгэмд коммунист үзлийг илүү ихээр тараахыг л хүсдэг. Монгол Улс бол ардчилсан орон. Ардчилал хэдий удаагүй ч бид ардчиллын үзэл санааг дэлгэрүүлж аль болох либерал байхыг л бодох ёстой юм. Хэт их попиулизм, хэт их коммунист учраас л Монголд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш боломж гэдэг зүйл ард түмэнд итгэл төрүүлэхгүй байгаа ч байж болно.
Энэ итгэлээ бид төр, засгаас эсвэл хууль, шүүхээс нэхэхээсээ өмнө өөрсдөөсөө нэхэх хэрэгтэй. Монголчууд бид асуудалд хэрхэн ханддаг вэ гэдгээс л шалтгааныг нь хайх ёстой. Баян хүн хувийн онгоцтой байж болно. Хувийн онгоцоороо хаашаа нисэж, хаана ч очиж болно биз дээ. Гэтэл тэр гишүүн хувийн онгоцоороо манай суманд ирлээ, тэр суманд очлоо гэж нийгмээрээ атаархаж, шуугисан. Үүнээс болж хэн ч хувийн онгоцтой болъё гэсэн мөрөөдөлгүй болсон байх. Бизнес хийгээд амжилтад хүрч хуримтлуулсан хөрөнгөө зарцуулах болгонд монголчууд бид атаархаж үхдэг. Бусад оронд яаж түүн шиг бизнестэй болох вэ, яаж түүн шиг хувийн онгоцтой, хувийн эдлэнтэй, үнэтэй автомашинтай болох вэ гэж бодож мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зүтгэдэг зорьдог бол манайд эсрэгээрээ хөрөнгөтнүүдээ үзэн ядаж байна. Хувийн онгоцтой болсонд нь атаархаж, хорсож байна. Энэ муу яаж ийм үнэтэй байшинд амьдарч байна вэ, юу юм, хэн юм гэх зэргээр өс санан хорсон, гаслах хүмүүс олон байгаа нь харамсалтай. Бид бусдын үр хүүхдүүдийн алдааг шүүх биш, өөрсдийнхөө амьдрал, үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд л анхаарчих хэрэгтэй юм.
Бусдын эд хөрөнгийг харж атаархан хорсож байхаар өөрөө үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгөтэй болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Ардчилсан оронд энэ бүх боломжийг хэнийг ч ялгаагүй олгочихсон байдаг нь бидний хамгийн том давуу тал. Энэ том давуу талыг л бид өөрсдөдөө ашиглах ёстой болохоос биш баячуудын хүүхдүүд залгаад баян боллоо гэж нийгмээрээ үзэн ядах нь утгагүй.





Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ
“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...
4 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...
3 цагийн дараа
Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...
3 цагийн дараа
Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ
Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...
2 цагийн дараа
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд

сонгогч
Монголын баячуудын ихэнхи нь 35 жилийн турш бидний боломжийг хулгайлсан учраас л иргэд дургуйцэж, үзэн ядаад байгаа юм шүү…хүүхдүүд нь ч буруу сэхсэн байгаа нь үнэн….

Commentator
Uur untsuguus bichsen ch, yamar ch barimt notolgoo, taamagdlal devshuulsen tsuu yarainii eh-iin ishlelgui mash muu niitlel baina. Uneheer uuruu genen bichechdee gemeer shivshigtei niitlel bolj.

Dnn
Chaavaas daa. Umuurux yumaa olj yadsan baina. Orlogo notlogdoogui shuu. Luivarchdiin xyyxdyydiin gaigaar uls chini dampuursan shuu. Ur dagavar ni ayultai.