мэдээ
Д.Дамба: Нүүрсний асуудалтай холбоотой дэлхий ертөнцийн өнөөгийн байдлыг харахад ирээдүй бүрхэг болчихоод байна

Админ
2025 оны 7 сарын 26

134

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.
-Сүүлийн үед уул уурхайн салбарт ямар гол зүйл яригдаж байна вэ. Нүүрсний үнэ ханш буурлаа шүү дээ?
-Нүүрсний үнэ ханш унаад, нүүрсэн дээр тогтож байсан эдийн засаг баларч байна. Гэхдээ энэ жамаараа явж байгаа зүйл. 12 жилийн цикльтэй нэг өсөөд, нэг буудаг юм. Тийм учраас асуудлыг улстөржүүлээд, худлаа үнэн нь мэдэгдэхгүй зүйл яриад хэрэггүй. Удахгүй эргээд сэргэнэ. Гэхдээ нүүрсний асуудалтай холбоотой дэлхий ертөнцийн өнөөгийн байдлыг харахад ирээдүй бүрхэг болчихоод байна. Яагаад гэвэл дэлхийн дулааралтай холбоотой хүлэмжийн хийг багасгах хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед нүүрс их хэмжээгээр олборлоод, борлуулах боломж багассаар байна. Гэхдээ хүн төрөлхтөн тийм ч амархан хүлэмжийн хийнээс ангижирч чадахгүй. Учир нь түүнийг орлох эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Европын өндөр хөгжилтэй орнууд нар, салхины эх үүсвэр, байгалийн эрчим хүч зэргийг ашиглана гэсэн зүйл яриад байгаа. Гэвч цагаа тулахаар тийм биш. Энэ бол нэг төрлийн өөрсдийгөө бусдаас илүү гэж харуулах гэсэн, амьдрал дээр буухгүй, мөрөөдлөө амьдрал болгож байгаа юм шиг зүйл. Гэхдээ ямартай ч 2030, 2040 он хүртэл нүүрсний тухай асуудал байсаар байна. Нүүрснээс эрчим хүч гаргадаг хэвээрээ л байна. Харин энэ хугацаанд нүүрсээ өртөг зардал багатай, ахиухан олборлоод, сайн борлуулах хэрэгтэй. Уг нь арваад жилийн өмнө нүүрсний тээврийн зардлыг бууруулах тухай асуудал яригдаж байсан юм. Дээр үед АНУ-ын нэг эрдэмтэн надад “Та нар их азтай хүмүүс” гэж хэлж байсан юм. Тухайн үед би “Манайх далайд гарцгүй, хоёр том гүрний дунд байдаг” гээд зовлонгоо ярьж байсан юм. Гэтэл “Үгүй ээ. Харин ч та нар азтай хүмүүс. Хятадын хажууд хил залгаа амьдарна гэдэг маш том боломж. Бид тэр том зах зээлд юмаа нийлүүлэхийн тулд маш их далай тэнгис гаталж ирдэг” гэж хэлж байсан юм. Ер нь геополитикийн асуудлыг аль өнцгөөс харах уу гэдгээс л шалтгаална.
-Одоогоор алтны үнэ өсөж байгаа. Алтны нөөцтэй манай орны хувьд энэ баялгаа хангалттай хэмжээнд ашиглаж чадсан уу?
-Дэлхий дээр хамгийн үнэтэй юм алт л байна. Гэхдээ энэ удаан хугацааны сайхан зүйл биш. Алтны үнэ ханш дайн дажинтай л холбоотой байдаг. Дайн дажин их болно, төдий чинээ алтны үнэ сайн байдаг. Энэ бол хэдэн зууны туршид нотлогдсон зүйл. Ойрхи Дорнодын дайн, Орос Украины дайн, Иран Израйлын дайн болж байхад алтны үнэ буухгүй. Алт бол өвөрмөц ашигт малтмал. Гэхдээ бүх оронд байдаг зүйл биш. Европын оронд алттай улс миний мэдэхээр байхгүй. Бүгд дуусгасан. Дэлхий дээр алт бол валютын ханшийгтогтвортой байлгахад нөлөөлдөг. Сүүлийн 100 жилд алт валютын ханшийг тодорхойлсоор л байна. Алтнаас хамаарахгүй гэж ярьдаг. Ийм тал бий л дээ. Гэхдээ эцсийн дүндээ алтнаас хамаарч л байдаг. Одоогоор дэлхий дээр хэний мөнгө хамгийн хүчтэй байна вэ гэвэл америк доллар л хүчтэй байна. Яагаад гэвэл дэлхий дээрх хамгийн их алтны нөөцтэй орон. Манайх алтны нөөцтэй орон. Тэр дундаа алтны үндсэн орд маш чухал. Харин түүнийгээ олигтой ашиглаж чадахгүй өдий хүрсэн. Алтны салбар 2000-гаад оны эхэн үеэр хүчээ авч байсан. Тухайн үед Монгол Улс 20 гаруй тонн алт олборлодог байлаа. Гэвч эх оронч царайлсан улстөрчдөөс болоод алтны салбарыг унагасан. “Урт нэрт”-ийн хууль гаргаж ирсэн. Энэ чинь Монголын эдийн засгийг хорлож байгаа хэрэг шүү дээ. Борлуулалтынх нь орлого дээр 68 хувийн татвар ногдуулж байсан. Ийм эдийн засаг байж болох уу. Ер нь Монголын төр үеийн үед улстөрчдийн тоглоом болж ирсэн. “Урт нэрт”-ийн хуулийг бид ерөөсөө үгүйсгэдэггүй. Тийм хууль байж болно. Гэхдээ урд өмнө нь олгосон лицензэд хамаарахгүй байх ёстой. Ер нь нэг хууль гарч ирдэг, тэр нь эргэж үйлчилдэг, өнгөрсөн үе рүүгээ дайрдаг алдаа бий. Алт олборлох хэдийгээр ашигтай боловч хууль эрх зүй нь болохгүй байна. Хэдий өнөөдөр алт үнэтэй болсон ч үйлдвэрлэл төдий сайн өсөхгүй байгаа нь хууль эрх зүйн орчин болохгүй байгаа гэсэн үг. Тийм учраас ААН-үүдийг боомилдог, шахдаг бодлогоосоо Монголын төр салах ёстой. Үүнээс салахгүй бол мянган сайхан мега төсөл яриад ямар ч нэмэргүй. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна, шинэчилсэн найруулга хийнэ гээд миний мэдэхийн сүүлийн 4-5 жил ярилаа. Одоогоор хэрэгжээгүй л байна.
-Уул уурхайн гэхээр орон нутгийн иргэд эсэргүүцдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Эх оронч царайлсан хүмүүсийн гаргасан бодлого ард түмний толгойг угааснаас болж ийм асуудал үүссэн. Үүний цаана ямар нэгэн санхүүжилт явагддаг гэж би харддаг. Уг нь уул уурхай чинь Монголыг ганц тэжээж байгаа салбар шүү дээ. Ганц тэжээж байгаа юм руугаа нулимаад байвал яаж үйлс бүтэх юм бэ. Энэ нь яваандаа иргэний дайнд хүргэнэ. Хууль захирдаг орон байя гээд яриад байгаа шүү дээ.
-Алт, нүүрснээс өөр ашигт малтмал олборлоход анхаарах хэрэгтэй байна уу?
-Бид өөр юм байхгүй юм шиг алт, зэс, нүүрс гурав л ярьдаг. Гэтэл газрын ховор элемент гэж түүхий эд бий болчихсон, үүний төлөө улс орнууд хошуурч байна. Манайд газрын ховор элемент бий. Олборлох гээд хөрөнгө оруулалт хийх гэтэл эсэргүүцэж болиулаад, орон нутгаараа тэмцсэн. Газрын ховор элементийг үйлдвэрлэхэд уран ямар хамаатай юм. Тэмээ ямаа хоёр шиг л зүйл. Уран олборлоно гэдэг байх ёстой асуудал. Хүлэмжийн хийнээс гадна эрчим хүчний эх үүсвэр бий болох нэг том эх үүсвэр нь атомын эрчим хүч. Дэлхийн маш олон оронд атомын цахилгаан станц ажиллаж байна. Тэгээд сүйдээд байгаа нь хаана байна вэ. Аль дээр үед Оросуудын хариуцлагагүйгээс, социалист нийгмийн бүдүүлэг технологиос болж Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн. Түүнийг өнөөдөр хүртэл ярьж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшил гарсан энэ үед тийм үйлдвэр дахиад байгуулахгүй шүү дээ. Уг нь атомын цахилгаан станц гэдэг чинь манай IV станц шиг ийм юм байдаггүй юм байна лээ. Жижиг авсаархан технологиуд гараад ирсэн, хор хөнөөл багатай, автомат учраас хүний оролцоо бараг байхгүй. Эдгээр нь уул уурхайн салбарын гол ололт амжилт юм шүү дээ. Тийм учраас мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод, нэг хүний үгэнд итгэхээ болимоор байна.
Г.БАЛГАРМАА





Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ
“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас авч, ш...
1 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад хийсэн...
8 минутын өмнө
Баруун гурван аймагт царцааны тархалт ихэсжээ
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс долдугаар сарын 20-ны мэдээллээр царцааны тархалтыг танилцууллаа. Тодруулбал, гурван аймг...
10 минутын өмнө
Намуудын харилцаа хөгжлийн замд үлгэрлэнэ
Ниншя Хотон үндэстний өөртөө засах орны Намын хорооны нарийн бичгийн дарга , АИХ-ын Байнгын хорооны дарга Ли Ифэй төлөөлөгчдийг хүлэ...
24 минутын өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд