мэдээ
Хуушуурыг нь хүртэл хорьж ядарсан иргэдээ “янаглахаа” болио

Админ
2025 оны 7 сарын 29

85

Монголын төр ард иргэддээ нүдээ харуулахаас илүү шүдээ үзүүлдэг болоод удаж байна. Төр бүх юманд эзэн сууж, иргэдийн эрх чөлөө, хувийн хэвшлийн орон зай хумигдсаар байгаа. Юм л болбол хаана бооно, торгоно, цагдана, хасна танана, хална гэж араа шүдээ хавиран архирч дайрах нь хэрээс хэтрэв. Иргэдээ боомилж дарангуйлж буй жишээ захаасаа авхуулаад үй түмээрээ тоологдоно. Хүн бүрд ойр кэйс бол автомашинтай холбоотой харгис шийдвэрүүд байна. Тэр дундаа үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын дугаар олгохоо зогсоосон. Ингэснээр автомашины улсын дугаарын үнэ дийлдэхээ болив. Өмнө автомашин худалдаж авсан хэн бүхэн улсын дугаарыг хүссэнээрээ авч болдог байлаа. Тэгвэл иргэдэд ямар ч хүнд суртал, дарамтгүй байсан энэ үйлчилгээг өнөөдөр сая саяар үнэлэгдэх хэмжээнд аваачиж, оочер дараалал үүсгэж, ёстой нэг тамын байдалд оруулчихаад байгааг бүгд мэднэ. Эцэст нь номер нь машинаасаа үнэтэй болж, ядарсан иргэд яахаа мэдэхээ байлаа. Улаанбаатарын серитэй улсын дугаарын үнэ ингэж хүчрэгдэхээ болисноос гадна автомашины татвар, замын хураамжийг ч замбараагүй нэмсэн. Ядаж байхад хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүд нийслэлд хөл тавих юм бол шийтгүүлнэ. Өөрөөр хэлбэл, хөдөөний номертой машин хотод 24 цаг дотроо 1000 төгрөг, заасан хугацаанаас хэтэрвэл хоног тутамд 5000 төгрөгийн торгууль төлдөг болсон. Энэ мэтчилэн автомашинтай хэн бүхэнд халгаатай бодлого хэрэгжиж байна. Ерөөсөө л монголчуудыг машин тэрэгтэй байх, өмч хөрөнгөтэй байхын эсрэг бодлого, шийдвэрийг төр засаг сэдэж, гаргадаг болжээ. Тэрийг нь хэрэгжүүлэгч хотын хурган дарга нар нь хүртэл сүрийг үзүүлж, айж ичихээ ч мэдэхээ байсан. Ямар сайндаа л тэд төрийнхөө ёс жаягийг умартаж, Төрийн ордонд парламентын гишүүдийг загнаж, даналзаж байхав. Саяхан даа, хотын хурган дарга нар Байнгын хорооны хурал дээр гишүүдийн өмнө яаж дүүхэлзэж суусныг харцгаасан л биз дээ.
Төрийн дайралтын дараагийн бай нь ТҮЦ эрхлэгчид байв. Хэнд ч хал балгүй үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг гэнэтхэн нэг өглөө хурааж, албадан нүүлгэж, тэр олон хүний амьжиргааг тасалж орхисон. Төр энэ үйлдэлдээ огтхон ч гэмшээгүй. Харин ч гавьяа байгуулсан баатар мэт аашилсан даа. Ардчилсан нийгэмд ард түмнийхээ эсрэг зогсдог төртэй улс манайхаас өөр хаана байна. Дэлхийн улс орнууд аль болох иргэдийнхээ бичил бизнесийг дэмжиж, орон зайг нь хангаж өгдөг. Харин манайд эсрэгээрээ, дандаа хориглох, тасчих тухай байдаг.
Сая наадмаар гэхэд иргэдэд хуушуурын зөвшөөрөл өгөөгүйгээс болж юу болов. Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд энэ зөвшөөрөл олгосон. Ингээд Төв цэнгэлдэх хүрээлэнд тусгай зөвшөөрөлтэй 200-гаадхан цэгээр хуушуур борлуулсан нь наадамчин олны уур бухимдлыг маш их хүргэв. Хоёр хуушуур олж идэхийн тулд 3-4 цаг уйгагүй сахисан талаар иргэд шүүмжилж байлаа.
Наадмын хуушуур тойрсон сэдэв сошиал орчинд баярын өдрүүдийн бараан мэдээ болов. “Нямбаатарын үед хуушуураа олж идэж чадахаа больжээ. Бүх зүйлийг хорьдог энэ муу коммунист одоо бүүр наадмаар иддэг хуушуурыг хүртэл хорьж хаадаг боллоо” гэх ууртай сэтгэгдлүүд хөвөрч байх жишээтэй. Мөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн цахим хуудастаа “Ард түмнээ хайрлаж, хамгаалах гэсэн Х.Нямбаатар даргын сайхан сэтгэлийн үр дүнд үүссэн хуушуурны зөвшөөрөл хомсдол, оочер, үнийн хөөрөгдөл л болж дуусав. Хэтийдсэн халамж хүчээр иргэддээ тулгаж, энгийн байсан харилцааг дарга суурьтай болгов. Иргэд уг нь өөрсдөө хаанаас, ямар хуушуур авахаа шийдээд явчих ухаантай” гэж бичсэн байв. Бас энэ хуушуурын зөвшөөрөл Өвөрхангайд болсон Өндөргэгээний наадмын үеэр ямар үймээн үүсгэснийг харсан биз дээ. Иргэдэд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохгүй гэсэн хүнд суртлаас болж хүмүүс яаж босч, тэмцэлдэж бужигнацгаасан билээ дээ. Төр яагаад ингэж иргэдээ зовоож тамладаг юм бол. Уг нь иргэд нь ажилтай орлоготой байвал төрд хэрэгтэй биш юм уу.
Төрийн ганц хийж чаддаг ажил нь хорьж, цагдахаас гадна татвар нэмэх. Ганц ч татвар нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн МАН төрийн эрхэнд гарсан даруйдаа баруун солгойгүй татвар, хураамж нэмж, иргэдээ мэрж байна. Тог, цахилгааны үнийн өсөлт энэ намраас иргэдийн нуруун дээр жинхэнэ ачаалал болж ирнэ. Зунжин наадамлаж, хөдөө гадаагуур аялсан нийслэлчүүд намар санхүүгийн хүнд байдалд орно гэдгээ санах хэрэгтэй. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “Цахилгааны үнийг аж ахуй нэгж дээр 30 хувиар ахуйн хэрэглэгч дээр хэрэглээнээс нь хамаараад 89 хувь хүртэл нэмсэн” гэж мэдэгдэж байсан шүү дээ. Мөн салбарын сайд Б.Чойжилсүрэн “Дулааны үнийг хэт доогуур бариад байгаа учраас иргэд гэр, байшингаа дулаалахгүй байгаа” гэж ярьж байсан. Ус, дулаан, цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой инфляцын дарамт энэ намраас иргэн бүрд хүчтэй бууна. Ард түмэн МАН-ыг сонгосныхоо горыг жинхэнэ утгаараа амсах цаг ирж байна.
М.ЭНХЦЭЦЭГ





Олон улсын хөл бөмбөгийн фестиваль Хонконгт боллоо
Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын ...
7 цагийн дараа
Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
6 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
5 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
4 цагийн дараа
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд