Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Н.Энхбаяр: Энэ намар эдийн засгийн өсөлт саарсан хэвээр байна

trend

Админ

img

2025 оны 7 сарын 30

img

10

news-img

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяртай эдийн засгийн талаар ярилцлаа.


-Энэ намрын эдийн засгийн төлөв байдлын талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Ерөнхийдөө 2025 оны гурав, дөрөвдүгээр улирлын эдийн засаг гэсэн үг шүү дээ. Нэгдүгээрт, намрын эдийн засгийн тухай ярихын өмнө зайлшгүй дурдах ёстой хэд хэдэн зүйл бий. Юуны өмнө манай улсын эдийн засаг ямар бүтэцтэй вэ гэдгээс яриагаа эхэлье. Манай орны эдийн засаг их онцлогтой. Дэлхий дахинд далайд гарцгүй 40 гаруй улс байдаг. Монгол Улс тэдгээрийн нэг нь. Эдийн засгийн агуулгаараа энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаад худалдаа маш өндөр үнэтэй тусдаг. Тээврийн зардлын өртөг нэмэгддэг гэх мэтчилэн асуудлууд бий. Улаанбаатар хотоос ачсан контейнер ачаа хамгийн ойрхондоо Тяньжин боомтод хүрч байгаа. Дэлхийн банкны судалгаагаар Тяньжин боомт руу хүрэх хугацаа 14-17 долоо хоног байдаг. Хамгийн гол нь нэг контейнер тээврийн өртөг маш өндөр байгаа юм. Дэлхийн бүхий л улс орнуудтай харьцуулахад манайхаас өндөр өртөгтэй орон гэвэл тав, зургаахан улс байна. Бусад улс орнуудын тээвэрлэлтийн өртөг, зардал манайхаас хамаагүй хямд.

Далайд гарцгүй ихэнх улс орон хөрш орнуудаараа дамжуулаад төмөр замтай болсон. Харин манай оронд ийм нөхцөл байхгүй учраас гадаад худалдаа хийхэд үнэхээр асуудалтай. Хоёрдугаарт, манай орон сүүлийн 18 жил уул уурхайн салбараасаа өндөр хамааралтай байсан. Уг нь 2008 оноос өмнө үндсэндээ худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар нийлээд эдийн засгийн 40 хувийг эзэлдэг байлаа. Уул уурхайн салбарын хувьд үүнээс өмнө зэсийн баяжмал, жонш, алт гэх түүхий эд манай экспорт болдог байсан. Нүүрс бол 2003 он хүртэл экспортод огт байгаагүй. 2003-2008 оны хооронд 2 сая хүрэхгүй тонн нүүрс экспортод гарч байсан. Харин 2008, 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа түүхий эдийн үнэ ханш өсөж, Монгол Улсын нүүрсний эрэлт хэрэгцээ бий болсон.

-Саяхан Үндэсний статистик дээр 2019 оныг эдийн засгийн суурь он болгоё гэж ярьсан. Энэ зөв үү?

-Зөв. Яагаад гэвэл 2019 он манай сүүлийн жилүүдийн эдийн засгийн суурь он болоход хамгийн тохиромжтой. Үндсэндээ 2012 он манай эдийн засгийн анхны өсөлтийн оргил үе байсан. Тухайн үед дэлхий дахинд түүхий эдийн эрэлт хэрэгцээ өссөн. Тэгэхээр сүүлийн 20 жил өөрөө уул уурхайн эдийн засаг болж байгаа юм. Үүнийг ойлгож байж л манай эдийн засгийн өсөлт хэд байх ёстой вэ. Цаашдын эдийг засгийн өсөлтийн тухай ярина. Тэгэхгүйгээр шууд мөрөөдөл ярихаар тэнд ч үйлдвэр байгуулна. Энд ч үйлдвэр байгуулна гэдэг. Эцсийн бүтээгдэхүүн бусад улс оронд ашигтай байж болно. Гэхдээ Монгол Улсад ашигтай байж чадах уу гэдгээ маш сайн бодохгүй бол эргэлзээтэй асуудал юм. Эдийн засгийн бүтцээ харвал манайх түүхий эдийн савлагааг дагасан өсөлттэй. Өсөөд, буураад явдаг. Үүнийг уул уурхайн салбараас хамааралтай болсон цагаас нь харахаар манай эдийн засаг 5-6 жилийн циклтэй. Энэ хугацаанд өсөлтийн жил нь гурван жил байна. Харин ямар хямралтай байгаагаасаа хамаараад дахин 2-3 жил буурна. Ингээд бид хоёроос гурван жил өсөж, буураад л явж байна. Улс төрчид үүнийг ярихдаа унаж буй циклийг нь ерөөсөө хардаггүй. Шулуунаараа уналгүй өснө гэж төсөөлдөг. Харин бид хэзээ унадаггүй эдийн засагтай болох вэ гэвэл уул уурхайн салбарын эзлэх жин багасаж, үйлчилгээ, худалдааны салбар давамгайлдаг болсон цагт юм. Экспортод уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний эзлэх хувь одоогийнх шиг тав биш дор хаяж 15 хувь болсон цагт бид тогтвортой, уналт багатай эдийн засгийн тухай ярьж болно.

-Тэгвэл эдийн засаг уналтад орох болсон шалтгаан нь юу вэ?

-Унаж байгаа шалтгаан нь гадаад зах зээл дээр байгаа түүхий эдийн эрэлт хэрэгцээ. Саяхан Хятадын зах зээл дээр нийт нүүрсний хэрэглээ өсөж байна гэх мэдээлэл явсан. Үүнийг бид нүүрсний үнэ өсөж байна гэж харах гээд байгаа юм. Гэтэл бодит байдал дээр тийм биш. Зөвхөн Хятадын эрчим хүчний хэрэглээ өссөн байсан. Эрчим хүчнийх нь нүүрс Хятадад хангалттай байсан учраас өөр улс орноос нийлүүлэлт авалгүйгээр дотоод хэрэгцээгээ хангасан. Тэгэхээр бусад улсад Хятадын эрчим хүчний нүүрсний өсөлт хамаагүй болж таарч байна. Харин жаахан үлдсэн коксжих нүүрсний нийлүүлэлт дээр нь зургаан орон өрсөлдөж байгаа юм. Харамсалтай нь энэ нь буурч байгаа. Сүүлийн 2022 оны гурван сараас хэдэн жил дараалан Хятадын нүүрсний импорт буурсан. Мөн Хятадын гангын үйлдвэрлэл сүүлийн гурван сар дараалан буурсан үзүүлэлттэй явж байгаа. Энэ бүгд нийлээд манай гадаад нөхцөл юм. Тэгэхээр энэ намар буюу 2025 оны гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засгийн өсөлт саарсан хэвээр байна. Өнгөрсөн намар УИХ чуулган дээр Монголбанк, Сангийн яамны ярьсан эдийн засгийн 7,8 хувийн эдийн засгийн өсөлт байхгүй. Монголбанк доод тал нь 6-8 хувь өснө гэж ярьж байгаа. Зургаан хувь ч хүрч чадахгүй. Үндсэндээ 4-5 хувийн өсөлттэй гарах болов уу гэсэн ийм л төсөөлөлтэй байна. Ер нь бол эдийн засгийн мөчлөгөө дагаад явж байгаа.

-Сүүлийн жилүүдэд төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлсэн нь хэр оновчтой шийдвэр байв?

-Саарсан эдийн засгийн мөчлөгийн үед төсвийн тэлэлт хийж болохгүй. Эдийн засгийн саарсан нөхцөлдөө тааруулаад төсвийн хэмнэлттэй байх хэрэгтэй. Яг түүхий эдийн үнэ өсөөд худалдан авагч улс буюу Хятадын хэрэглээ өсөж байгаа нөхцөлд төсвөө 20-30 хувь тэлж болно. Одоо төсвийн тоог харахад 2021 онд төсвийн зарлага 16 их наяд байсан. Сая 2024 онд 30 их наяд гээд гуравхан жилийн дотор төсвийг хоёр дахин тэлсэн байна. Ийм байж яасан ч болохгүй. Энэ нь эргээд эдийн засгийн нөхцөлтэйгөө нийцэхгүй. Үнэндээ бид ийм их хэмжээгээр зарах мөнгө бий болгож чадаагүй шүү дээ. Нүүрсний экспортоо дагаад түүхий эдийн үнэ өссөн чинь төр бүгдийг нь төсвөөрөө дамжуулж аваад зарсан. Гэтэл яг энэ хэмжээний зарсан мөнгөөрөө бодитой ажил үйлчилгээ бий болгож чадсан уу гэхээр үгүй. Өмнө нь иргэдэд хүрдэг байсан боловсрол, соёлын үйлчилгээ л илүү үнэтэй болсон. Харин иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар нэмэгдээгүй хэрнээ өртөг нь өндөр болсон байх жишээтэй.

-Та энэ намар эдийн засгийн өсөлт саармагжилттай байна гэлээ. Тэгвэл шинэ Засгийн газар үүний эсрэг ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Бид үүнийг зохицуулах гэж оролдоод 2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж, найруулж гаргасан. Тухайн үеийн хэсэг эдийн засагч цуглаад энэ хуулийг нарийн судлаад ажиллаж байхад төлөвлөлт буруу байна гэх дүгнэлтэд хүрсэн. Бид урт хугацааны бодлогогүй учраас алдаа гараад байгаа юм. Тухайн үед буюу 2020 онд нэг, нэг жилээр л төсөв, төлөвлөгөөгөө хийдэг байлаа. Харин бусад Зүүн өмнөд азийн орнуудын амжилттай хөгжөөд байгаа шалтгаан нь төсөв, төлөвлөлтөө таван жилээр хийдэгт байсан юм. Сингапур, Япон, Малайз, Тайланд гээд бүгд дунд хугацааны төлөвлөлтөөр яваад амжилтад хүрсэн. Мэдээж, эдгээр улсуудад улс төрийн хөдөлгөөн харьцангуй бага. Манайх бол нэгдүгээрт, төлөвлөгөө байхгүй. Хоёрдугаарт, улс төрийн сонгууль дагаж хөдөлгөөнд ордог циклтэй. Улс орны хөгжлийн бодлого алдаатай байна гэдэг дүгнэлт хийгээд 2020 онд шинэчлэн найруулсан хуулиа чанд мөрдөж байсан бол өнөөдөр бид таван жилийн төлөвлөгөөтэй улс байх байсан. Гэтэл үүнийгээ ёс төдий батлаад мартчих юм.

Энэ таван жилийн төлөвлөгөө ямар онцлогтой вэ?

-Яг энэ таван жилийн төлөвлөгөөндөө юу хийж чадах вэ гэдгээ тусгаад түүндээ тохирсон төсвийн хуваарилалт хийдгээрээ онцлогтой. Гэв гэнэт Хүннү, Майдар хот байгуулна гээд унтаж сэрээд байж болохгүй гэсэн үг. Энэ бол улс орны хөгжлийг баллаж байгаа хамгийн том жишээ шүү дээ. Хот байгуулах асуудлыг хэн нэгэн улс төрч бус УИХ шийдэх ёстой. Үүнийг Ерөнхий сайд, хотын дарга, Ерөнхийлөгч ч шийдэхгүй. Зөвхөн УИХ таван жилийн төлөвлөгөөндөө аль хотыг илүү түлхүү байгуулах вэ гэдгээ бодож байгаад тусгаж өгөх хэрэгтэй. Тиймээс энэ таван жилийн төлөвлөгөө сайн бодож байж төлөвлөхгүй бол одоо бид тун эгзэгтэй байдалд ороод байна. Хархорин хот байгуулна. 2040 он хүртэл Улаанбаатар хотоо хөгжүүлнэ. Дахиад Хүннү хот байгуулна гэхээр асар их хөрөнгө оруулалт шаардагдана. Аль ч улс нэг дор арван жилийн дотор гурван хот байгуулж чадахгүй. Яагаад гэвэл гурван талд мөнгөө урсгаад байвал 10 жилийн дараа хот нь хөгжсөн ч зүйл байхгүй. Төлөлвлөгөө нь биелсэн ч зүйлгүй байна. Тэгэхээр буруу төлөвлөлт өөрөө улс орныг буруу чиглэл рүү явуулж байгаа юм. Тиймээс бид 2020 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт удирдлагын тухай хуулийнхаа дагуу таван жилийн төлөвлөгөөрөө явах ёстой.

А.Даваад улам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...

img

4 цагийн дараа

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...

img

4 цагийн дараа

Уулын хүн

Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...

img

4 цагийн дараа

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...

img

3 цагийн дараа

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд