мэдээ
Г.Уянгахишиг: Жагсаалт гэхээс илүү тойргийн гишүүдийн хооронд зөрөлдөөн үүсдэг

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 7 сарын 31

124

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу Та. Сайхан наадав уу. Амралт, наадмын цаг хугацаанд болон чуулганы завсарлагааны үед ямар ажил амжуулж байна вэ?
Сайхан наадлаа, сайхан наадав уу. Миний хувьд арын сайхан хангайдаа хэд хоног амраад ирлээ. Зуншлага сайхан байна. Мөн яаж зүгээр байх вэ, нутгийнхантай нэлээд ярилцлаа. Орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудын шийдлийн талаар ахмадууд болон нутгийн залуустай зөвлөлдлөө. Залуу малчдын сургалт, МАА-н болон аялал жуулчлалын салбар дахь ухаалаг хөрөнгө оруулалтын тогтолцоо, стандартчилал, кластер хөгжил, нийлүүлэлтийн сүлжээ гээд орон нутагт хийх ажил маш их байна. Миний хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүний хувьд шинээр байгуулагдсан Бүсчилсэн хөгжлийн дэд хороонд орж ажиллах тул энэ тал дээр нэлээн анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Гишүүдэд тогтсон дүнтэй төсөв тараах асуудлаар шуугиж байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тойрог, жагсаалтын гишүүд гээд нэлээн ялгамжтай өнцгүүд яригдаж байна.
Яг ч төсөв тараах асуудал бол биш, өөрөөр хэлбэл тухайн саналууд төсөвт тусгагдаж, батлагдах эсэх нь Төсвийн тухай хуулиараа зохицуулагдаад явна. Сүүлийн жилүүдэд тогтсон жишиг нь тойргоос сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо ойр ажиллах, улмаар даалгавраа биелүүлсэн гэж сонгуулиар оноо авах боломжийг олгодог тогтолцоо бий болсонтой холбоотой гэж харж байна. Зөв нь төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийнхаа дагуу орон нутгийн иргэдээс саналыг нь авах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөгөө баталж, түүндээ нийцүүлэн төсвөө батлуулах ёстой. Гэвч нэгэнт л тойргоос сонгогдсон бол эргэх холбоо гэдгээр төсөвт хэрхэн лобби хийж чадсан бэ гэдгээр харьцуулагдах гээд байх шиг. Иймд цаашид намын жагсаалтаар сонгох гишүүдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь энэхүү тогтсон “орон нутгийн” гэх нэгдсэн төсвийн нөлөөллийг багасгах болов уу гэж харж байна. Мэдээж, орон нутагт хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт шийдэгдэх ёстой. Үүнийг нэгдсэн байдлаар зангидаж явах нь нэгдсэн төсвийн мөн чанар гэж харж байна.
-Тойрог болон жагсаалтын гишүүд гэх байдлаар ялгаварлал парламентад явагдах дүр зураг харагдаж байна шүү дээ. Парламентын гишүүд ингэж хоёр хуваагдвал асуудал шийдэхэд хүндхэн болох болов уу?
-Айхтар хуваагдахгүй байхаа, улс орны эрх ашиг нэг л байгаа шүү дээ. Яг тойргийн асуудал яригдах үед тойрог, жагсаалт гэхээс илүү тойргийн гишүүд хооронд зөрөлдөөн үүсдэг. Жагсаалтын гишүүдийн зүгээс харин илүү ач холбогдол, хэрэгжих боломж гэх мэт дундыг барих шийдвэр гаргахад нөлөө үзүүлж байна гэж харж байна.
-Шинэ Засгийн газрын хувьд танай нам хамтарсан. Энэ засаг байгуулагдаад удаагүй наадмын амралттай залгасан нь зарим хүмүүст ажил хийгдэж байгаа нь харагдахгүй гэх шүүмжлэлийг гаргаж байна. Таны хувьд Засгийн газрын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа гэж харж байна вэ?
-Сошиал шуугиан намжуу байна уу даа л гэж харж байна. Магадгүй баяр наадам, амралт зугаалга гээд тэр байх. Засгийн газрын хувьд ажил нь зогсоогүй, мэдээллүүдээ өөрсдийн сувгаар хүргэж байгаа харагдах юм. Жишээ нь, Боловсролын яамны зүгээс Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг судлаач эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд болон Боловсролын үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Мэдээж, төсөв боловсруулах, батлах цагалбарын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа долдугаар сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яам ийнхүү ирүүлсэн саналыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, наймдугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Сангийн сайд, Эдийн засгийн сайд олон нийтэд мэдээлэл хийсэн байна.
-Таны хувьд хаврын чуулганы хугацаанд ямар эрх зүйн өөрчлөлт дээр анхаарч ажилласан бэ. Намрын чуулганаар ямар хуулийн төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байна вэ?
-Хаврын чуулганаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан арваад ажлын хэсэг, байнгын хороодоос байгуулагдсан мөн төдий тооны ажлын хэсэгт орж ажиллалаа. Гол анхаарч ажилласан хуулийн төсөл, ажлын хэсгүүд гэвэл Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль хоорондын зөрчил, давхардлыг арилгах ажлын хэсэг, Виртуаль хөрөнгийн эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг, Стандартын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг гээд нэлээд өргөн хүрээнд ажиллалаа. Олон салбар, хуулийн төслүүд рүү орж ажилладаг нь хуульч гишүүний онцлог байх.
Намрын чуулганаар өмнө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах, өргөн барих талд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, ахлагчаар нь миний бие ажиллаж байна.





Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...
5 цагийн өмнө
Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана
Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...
5 цагийн өмнө
Уулын хүн
Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...
5 цагийн өмнө
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...
6 цагийн өмнө
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд