мэдээ
Өмгөөлөгч М.Хандармаа: Хэрэв тухайн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж байсан бол эвлэрэх хугацаа авахгүй байж болно

Админ
2025 оны 7 сарын 31

50

Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар 17.029 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Дэлгэрүүлбэл, 2020 онд 2726, 2021 онд 2823, 2022 онд 3790, 2023 онд 3707, 2024 онд 3983 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Харин цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 100 орчим гэр бүлийн хүчирхийллийн гомдол, мэдээлэл ирдэг байна. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.
-Гэр бүл цуцлахад шүүхээс заавал эвлэрэх хугацаа өгдөг үү?
-Талууд өөрсдөө эвлэрэх хугацаа авъя гэсэн тохиолдолд л эвлэрэх хугацаа өгдөг. Өөрөөр хэлбэл, аль нэг тал нь эвлэрэх хугацаа авах хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийг нөгөө тал нь дэмжсэн бол эвлэрэх хугацаа өгдөг гэсэн үг. Манай улсын эвлэрүүлэн зуучлах систем гадаад орнуудтай төстэй байдаг. Гэр бүл цуцлуулах хүсэлт гаргавал эхний ээлжинд заавал эвлэрүүлэн зуучлалд өгдөг. Эвлэрүүлэн зуучлалд өгөхгүй байх ганц л тохиолдол бий. Хэрэв тухайн гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэж байсан бол нотолгоогоо хавсаргаад шүүхэд шууд гэрлэлт цуцлуулах өргөдөл өгч болдог. Гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгэл оногдуулсан шийтгэвэр, хүүхдийн дэргэд архи ууж танхайрсан бол торгуулийн хуудас, цагдаад дуудлага өгч байсан баримт, зодуулсан шарх сорви, фото зураг зэргээр нотолно.
Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүй, хуулийн зөвлөгөө авч чадахгүйгээсээ болж эвлэрүүлэн зуучлалын хугацааг хүлээж өөрийнхөө эрх ашгийг хохироохын сацуу хугацаа алдах тохиолдол байдаг. Өргөдөл гаргагч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ өөрөө тодорхойлно. Өөрийнхөө эрх ашгийг өөрөө л хамгаална гэсэн үг. Ингээд нотлох баримтаа бүрдүүлээд шүүхэд өгсөн тохиолдолд шүүх долоо хоногийн дараа иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг дуудна. Харин хариуцагч 14 хоногийн дотор хариу тайлбараа өгнө.
-Гэрлэлт цуцлахад хүүхдийн тэтгэлгийн асуудал ч яригддаг. Гэтэл тэтгэлгийн мөнгө нь хангалтгүй, хүрэлцээгүй байдаг тухай иргэд ярьдаг. Энэ талаар тодруулбал?
-Гэрлэлт цуцлахад гэр бүл цуцлах, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах гэсэн дөрвөн үндсэн асуудал шийдэгддэг. Хүүхдийн асрамжийн тухайд долоогоос доош насны хүүхдүүд ихэвчлэн ээжийнхээ асрамжид үлдэж байна. Тэр тусмаа хөхүүл хүүхэд. Харин долоогоос дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ хэн нь авах асуудлаар маргаж байгаа тохиолдолд шүүх хүүхдээс саналыг нь асуудаг. Харин маргахгүйгээр буюу эцэг эхчүүд хүүхдээ хэн нь асран хамгаалахаа хоорондоо тохирсон бол хүсэлт бичих шаардлагатай.
Хүүхдийн тэтгэлгийн тухайд гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээг маш бага гэж үздэг. Үнэхээр ч тийм. Амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг бүсчилж тогтоодог. Улаанбаатарт гэхэд л амьжиргааны баталгаажих түвшин 495.400 төгрөг байна. 11-ээс дээш насны хүүхдийн тэтгэлэг амьжиргааны баталгаажих түвшинтэй дүйцэхүйц буюу 100 хувь байдаг бол, 11-ээс доош насны хүүхдийн тэтгэлэгийг амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар нь тогтоодог. Гэтэл 247.700 төгрөг цэцэрлэгийн төлбөрийн 50 хувьд ч хүрэхгүй байна.
-Гэр бүл салах үндсэн шалтгаануудын нэг нь хүчирхийлэл шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хариуцлага оногдуулдаг вэ. Анх удаа болон давтан үйлдсэн эсэхээсээ хамаарч хариуцлага нь ялгамжтай байдаг уу?
-Гэр бүлийн хүчирхийллийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл болон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд тухайлан зохицуулж өгсөн байдаг. Зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Харин гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдвэл Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсч, хуульд хаасан хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн хариуцлагын хэмжээ нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Харин энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заажээ.
-Энэхүү хуулийн хариуцлагыг чангатгах шаардлага бий юу?
-Зөрчлийн тухай хуулиар хүлээлгэх 7-30 хоног баривчлах шийтгэлийг чангатгах гэхээсээ илүү уян хатан болгох хэрэгтэй. Одоо мөрдөгдөж буй хууль нь хэтэрхий чанга байна. Эхний ээлжинд сануулах, эвлэрүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээнд хамруулах зэрэг уян хатан зохицуулалт хэрэгтэй. Бүр нарийвчилбал, эхлээд албадан сургалтад хамруулах нь зүйтэй. Тэр сургалт нь сэтгэл зүйн сургалт байх ёстой. Тэгэхгүйгээр шууд баривчилж буй нь гэр бүлийн хүчирхийлэл даамжрах шалтгаан болж байна. Учир нь зарим тохиолдолд гэр бүлийн хүчилхийллээр баривчилгаанд явуулах нь дахин гэр бүлийн хэрүүл маргаан үүсэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, тус гэр бүлд эвлэрэх орон зай үлдээхгүйгээр харилцааг нь улам хүндрүүлчихэж байгаа хэрэг. Нөгөө талдаа өргөдөл өгсөн тал нь хүчирхийлэл үйлддэг талаа байнгын сэтгэл зүйн дарамтад оруулах нь бий. Гэр бүлийн хүчирхийллийн тухайд зөвхөн эмэгтэй хүний эрх л яригддаг юм биш. Эрэгтэй хүмүүс ч гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээнд өртөж байна.
Ямар нэгэн гэмт хэргийн хуулийн санкцийг чангаруулснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэж үздэггүй. Харин ч их үйлдэгдэх магадлалтай гэсэн судалгаа байдаг. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн баривчилгаанд байх хугацаандаа ажилгүй болох эрсдэлтэй. Тиймээс суллагдаад ажил, орлого ч үгүй болно. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг өсч буй. Хууль нь хэт чанга байгаа нь хүчирхийлэл илрэхгүй байх шалтгаан болж байна.
Ө.АНХЗАЯА





Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...
5 цагийн өмнө
Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана
Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...
5 цагийн өмнө
Уулын хүн
Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...
5 цагийн өмнө
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...
6 цагийн өмнө
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд