Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Х.Баатархүү: Ерөнхийлөгчийн айлчлал гадаад бодлогын идэвхжилт эрчимжиж байгаагийн тод илрэл

trend

Админ

img

2025 оны 7 сарын 31

img

91

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Киргизстан улсад, 23-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикстан улсад төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлал манай улсын дипломат харилцаа, эдийн засаг болон соёлын хувьд ямар ач холбогдолтой байсан талаар Олон улс судлалын доктор Х.Баатархүүтэй ярилцлаа.


-Манай улсын Ерөнхийлөгч Төв Азийн орнууд руу анхаарлаа хандуулж, Киргизстан болон Тажикстан улсад төрийн айлчлал хийлээ. Төв Азийн эдгээр улстай манай улс өмнө нь ямар харилцаатай байсан талаар ярина уу?

-Өрнө Дорныг холбосон өнө эртний түүхт Торгоны замын дагуу орших Бүгд найрамдах Киргизстан Улс, Бүгд найрамдах Тажикстан Улстай бид өнө эртнээс харилцаатай байсан. Социализмын цаг үед ч гэсэн бид боловсрол, соёлын чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байсан түүхтэй. Төв Азийн энэ хоёр улс 1991 онд тусгаар тогтнож, 1992 онд манай улстай дипломат харилцаа тогтоосноос хойших энэ жилүүдэд албан ёсны харилцаатай явж ирсэн. Харин Төв Азийн орнууд руу чиглэсэн харилцаа 2021 оноос хойш У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн идэвхтэй гадаад бодлогын үр дүнд сүүлийн хоёр жилийн дотор Төв Азийн дөрвөн орны төр засгийн тэргүүн Монгол Улсад айлчилсан. Мөн манай улсын ерөнхийлөгч Төв Азийн дөрвөн оронд айлчилж, гадаад бодлогын идэвхжилт эрчимтэй явагдлаа. Ер нь геополитикийн нэн чухал байршил болох Төв Азийн таван улс оршиж байгаа бүс нутгийг дэлхийн томоохон улс орнууд маш их сонирхож, ач холбогдол өгч, Төв Азийн таван улс гэсэн формат бүхий түншлэл тогтоож байгаа даян дэлхийн том гүрнүүдийн өрсөлдөөнөөс Монгол Улс хоцроогүй, харин ч идэвхтэй манлайлж буй гэдгээ энэ удаагийн айлчлалаараа илэрхийлж чадлаа.

-Төрийн айлчлалыг хоёр улс хэрхэн ямар түвшинд хүлээж авч, угтсан бэ?

-Энэ удаагийн айлчлалд Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров өөрийн биеэр нисэх онгоцны буудал дээр манай улсын төрийн тэргүүнийг угтан авсан. Анх удаа нисэх буудал дээр нүүдэлчдийн соёлыг илэрхийлсэн үндэсний гэр барьж, мөн морьт цэргээс бүрдсэн хүндэт харуулууд угтан авсан. Киргиз улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгч гурван өдөр хамт байж хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлэн өргөжүүлсэн цаашдаа Киргизстан болон Тажикстан улсаар дамжуулан Төв Азийн зах зээл рүү ороход бидэнд маш том боломжийг нээсэн айлчлал боллоо гэж үзэж байна.

Монгол, Тажикстан улсын хувьд харьцангуй идэвхтэй биш байсан гадаад харилцаагаа энэ удаад улам идэвхжүүлж, Тажикстан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон дараа жил Монгол улсад хариу айлчлал хийхээ илэрхийлсэн. Төв Азийн бүс нутагт оршдог, нүүдэлчдийн өв соёлын тээдэг, далайд гарцгүй гэх мэт төстэй зүйлүүд олон байгаагаа энэхүү айлчлалын үеэр илэрхийлж байлаа.

-Энэ удаагийн айлчлалын гол зүйл нь Киргизстан улстай түншлэлийн харилцаа тогтоосон явдал байсан байх. Энэ нь манай улсын гадаад бодлогын хувьд хэр ач холбогдолтой вэ?

-Одоогийн байдлаар Төв Азийн гурван оронтой манай улс түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Энэ удаагийн төрийн айлчлалаар Киргизстан улстай “Иж бүрэн түншлэлийн харилцаа” тогтоолоо. Тажикстан улстай харилцааны түвшингээ ахиулж “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д хоёр улсын төрийн тэргүүн нар үсэг зурлаа.

Энэ удаа Тажикстан улсад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал анхны төрийн тэргүүний айлчлал байлаа. Өөрөөр хэлбэл, Төв Ази руу чиглэсэн Монгол Улсын гадаад бодлого бүтэн цогц боллоо. Төв Азийн бүс нутаг руу бид идэвхтэй гадаад бодлогоо хэрэгжүүлж, гадна харагдах байдалдаа ч гэсэн Монгол Улс гуравдагч хөршийн болон олон тулгуурт бодлогодоо тэнцвэртэй үйл ажиллагаа явуулдаг гэдгээ харуулж чадлаа. Долоо хоногийн өмнө Японы эзэн хааныг бид Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор найрсаг хүлээж авч үдээд, долоо хоногийн дараа Төв Азийн бүс нутаг руу төрийн айлчлал хийж бид гадаад харилцааны тэнцвэрийг хадгалж байгаагаа харуулж байна.

-Монгол Улсын Төв Азийн орнууд руу чиглэсэн бодлого эдийн эдийн засгийн ямар ач холбогдол байсан гэж судлаачийн хувьд харсан бэ?

-Киргизстан улс долоон сая гаруй, Тажикстан улс арван сая хүн амтай. Төв Азийн бүс нутагт хуучны торгоны зам буюу өнөөгийн БНХАУ-ын зүгээс дэвшүүлж байгаа “Бүс ба зам” санаачилгын зам дагуу, Ази, Европыг холбосон худалдааны их замын бэлчирт оршдог, газарзүйн байршил зэргээсээ шалтгаалаад цаашдаа тээвэр логистикийн худалдааны их зам болон хөгжих ирээдүйтэй энэ зах зээл рүү Монголын бизнес эрхлэгчдийг татан оруулах чиглэлд өндөр ач холбогдол бий боллоо гэж үзэж байна. Киргизстан болон Тажикстан улсад бизнес форум зохион байгуулсан. Аль алинд нь Монголын 50 гаруй бизнес эрхлэгч, тухайн улсын 100 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Бидний хооронд адил төстэй зүйл цөөнгүй байдаг учраас энэ том зах зээл рүү мах, махан бүтээгдэхүүн, амьд хонь, үхэр борлуулах өргөн боломж харагдаж байна.

Тухайлбал, 2024 онд Киргизстан улс Казакстанаас 95 мянган үхэр, 108 мянган хонь импортолсон байна. Киргизстан улс есөн сая гаруй малтай ч гэсэн өөрсдийнхөө махны хэрэгцээний 79 хувийг хангадаг. 20 гаруй хувиа Беларус, Казакстан, ОХУ болон бусад газраас импортолдог учраас бидэнд боломжит зах зээл байгаа гэсэн үг. Тийм учраас манай хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид, малчдын хувьд шинэ зах зээл нээгдэж байна гэж үзэж болно. Хоёрдугаарт, Киргизстан улсад боловсруулсан болон боловсруулаагүй тэмээ, хонины ноос, адууны дэл, сүүл, сарлагийн хөөвөр нэн хэрэгцээтэй байдаг юм билээ. Нэхмэл бараа бүтээгдэхүүний маш том үйлдвэрүүд олонтой. Үүнд хэрэгцээтэй ноос, утасныхаа 30 орчим хувийг импортолдог учраас бидний хувьд шинэ зах зээл нээгдэж байна. Монгол, Киргизстаны худалдааны эргэлт сүүлийн дөрвөн жил орчим асар хурдтай өсөж, 20 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Энэ оны эхний хагас жил гэхэд 3.5 сая ам.доллар хүрсэн байна. Цаашдаа Монголын талаас Киргизстан улс руу чиглэсэн экспорт нэмэгдээд эхэлбэл худалдааны эргэлт хурдтай өснө.

Монгол Улс энэ оны зургаадугаар сарын 27-нд Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны түр хэлэлцээрт гурван жилийн хугацаатай нэгдсэн. Өөрөөр хэлбэл, Киргизстан улс тус хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн учраас бидний худалдааны эргэлт өсөх боломжууд өргөн харагдаж байна. Татварын хөнгөлөлттэйгөөр энэ зах зээл рүү орох боломжтой. Киргизстаны бизнес эрхлэгчид Монголын мэдээлэл технологийн компаниудыг асар их сонирхож байна. Монголын бизнес эрхлэгчид болох “Тэсо групп”, “Монос групп” тэнд охин компаниа байгуулаад, бүтээгдэхүүнээ борлуулаад аль хэдийнэ гурван жил болчихсон, худалдааны сүлжээгээ үүсгэчихсэн байна.

Монголын IT-ийн компаниуд Киргизстаны өндөр технологийн паркад нь бүртгүүлээд, тэнд нь үйл ажиллагаа явуулахад бэлэн болоод, эхний судалгааны ажлууд маш амжилттай хийгдээд явж байна. Киргизстаны өндөр технологийн парк нь гадаадын хөрөнгө оруулагчдад маш том боломж олгодог. Тухайлбал, НӨАТ, худалдааны татвар, ашгийн татвар гэх мэтийн татваруудыг тэглэдэг, ХАОАТ таван хувь, ашгаасаа нэг хувийн татварыг паркдаа өгдөг гэх мэт боломжууд байдаг учраас гадаадын компаниуд маш их сонирхож салбараа байгуулан хөрөнгө оруулалт хийж байна.

-Мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр ямар зүйл яригдав?

-Цаашдаа Монгол, Киргизстаны хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх дээр хоёр тал Бишкек-Өрөмч-Улаанбаатар гэсэн шинэ чиглэлийг гаргахад анхаарал хандуулж байна. Өнгөрсөн онд гэхэд Киргиз улсаас Монголд 1935 хүн зорчсон бол Монголоос 800 гаруй хүн Киргизэд зорчсон байгаа нь зорчих хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэсэн үг. Ер нь Киргизстан болон манай улсын түүх, соёлын олон үнэт зүйлээрээ холбогддог учраас харилцан бизнес хийх, итгэлцлийг бий болгох үндэс суурь нь тогтсон гэж үзэж байна.

-Тажикстан улсын хувьд усан цахилгаан станцаараа Төв Азийн бүс нутагтаа хүчтэй өрсөлдөгч орон шүү дээ?

-Тажикстан улс бол Төв Азийн бүс нутагт байгаа сэргээгдэх эрчим хүч, тухайлбал усан цахилгаан станцын маш хүчтэй өрсөлдөгч улс орон. Бидний очиж танилцсан Нурекийн усан цахилгаан станц 3000 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ Афганистан, Туркменистан, Узбекстан гэх мэтийн хөрш улсдаа жилд 91 сая ам. долларын эрчим хүч экспортолдог. Өөрийн улсын эрчим хүчний 70 хувийг ганцаараа хангадаг том усан цахилгаан станц. 3000 МВт гэдэг бол манай улсын өнөөгийн эрчим хүчний системийн нийт үйлдвэрлэлээс хоёр дахин том гэсэн үг.

Мөн тэрхүү Вахшголын дээд урсгал дээр баригдаж байгаа 6Х600 буюу 3600 МВт-ын хүчин чадалтай Рогуны усан цахилгаан станц 2029 онд бүрэн ашиглалтад орсноор тэд Төв Азийн бүсдээ сэргээгдэх эрчим хүчний том тоглогч болох ирээдүй харагдаж байна. Эдгээр нь бидэнд туршлага буюу одоо баригдаж эхэлж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, цаашид баригдах Эгийн голын усан цахилгаан станцын цаашдын үйл ажиллагааг жигдрүүлэн авч явахад шаардлагатай мэргэжилтнээ бэлтгэх зэрэг хамтын ажиллагааны боломжууд гарч ирнэ гэж бодож байна.

Мөн Тажикстан улсаас уламжлалт махны худалдаагаа сэргээе гэсэн саналууд ирж байна. Душанбе хотод болсон бизнес форум дээр хоёр талын бизнес эрхлэгчид танилцаад 30 минутын хугацаанд махны худалдааны хэлцэлд хүрч, хамтран ажиллах санамж бичгээ байгуулсан нь талууд идэвхтэй байгааг харуулж байна. Тажикстан улсад жилд 650 сая ам.долларын хүнсний бараа бүтээгдэхүүний импортын хэрэгцээ байдаг учраас энэ том зах зээл рүү бид мах, арьс, нэхий, хөөвөр, ноос гэх мэт тэр бүр бидэнд экспортын зах зээл нь олддоггүй хөдөө аж ахуй дагалдах бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжит зах зээл нээгдэж байгаа юм. Тэгэхээр Киргизстан, Тажикстан улсад хийсэн төрийн айлчлалыг эдийн засгийн талаас авч үзвэл Монголын бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, шинэ боломжийг нээлээ гэж судлаачийн хувьд дүгнэлээ.

-Газарзүйн байрлал, түүхээс эхлээд Киргиз улстай соёлын хувьд төстэй зүйлүүд бий гэж өмнө нь Та дурдсан. Энэ нь соёлын хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Киргизстаны өнөөгийн байгаа Тэнгэр уулын баруун хормой, алдар цуут Иссак Кул нуур, АлаТогийн нуруу бол Монголын их эзэнт гүрний зах хязгаар нутагт нэгэн цаг үед оршиж байсан Цагаадайн улсын нутаг билээ. Одоо ч гэсэн нүүдэлчдийн соёл иргэншлийг тэд ямар нэг хэмжээгээр хадгалж байгаа учраас бидэнд соёл, түүх, археологи, урлагийн гэх мэт маш олон сэжмээр холбоотой яваад байгааг бид айлчлалын үеэр мэдэрч байлаа. Киргизстаны Үндэсний музей Монгол Улсын Чингис хаан музейтэй хамтраад эрдэм шинжилгээний академик хэлэлцүүлэг зохион байгуулж, бид оролцсон. Тэдний хувьд музей болон археологийн тал дээр хамтарч ажиллая гэсэн идэвхтэй санаачилгыг гаргаж байсан.

Мөн урлаг соёлын чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилаа. Энэ удаагийн айлчлалын үеэр жил бүрийн есдүгээр сард болдог байсан “MeykinAsia” хэмээх маш том хөгжмийн фестивалийг энэ жил долдугаар сарын 20-нд буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж цагийг нь урагшлуулан зохион байгуулсан. Энэхүү дэлхийн 25 орны 15000 хүн оролцсон фестивалийн нээлтийн эхний 20 минутад манай улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид сор болсон бүтээлүүдээ толилууллаа. Киргизстан улсын Соёлын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гэсэн хоёр улсын сор бүтээлүүдийг харилцан орчуулах чиглэлд хамтран ажиллах болсон. Киргизийн алдарт “Манас” тууль, Монголын баатарлаг “Жангар” туулийг харилцан орчуулах, судалгаа хийх гэх мэт соёлын хамтын ажиллагаа нь хуучны сураг төдий байсан зүйлсээс өнөөдөр бодит ажил хэрэг болоход энэ удаагийн айлчлал үндэс суурийг нь тавилаа гэж бодож байна. Бид XX зууны нэрт их зохиолч Чингиз Айтматовын бүтээлийг Монголын уншигчид Г.Аким гуайн орчуулсан “Цаазын тавцанд” зэрэг алдартай бүтээлүүдээр нь мэднэ. Мөн Фрунзийн нэрэмжит цэргийн нисэх хүчний дунд сургуульд олон зоригт хөвгүүд суралцан тэнгэрийн хөлгийг жолоодож, Фрунзийн нэхмэлийн дунд сургуульд манай олон охид бүсгүйчүүд суралцан оёмол нэхмэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэх мэт олон сайхан хамтын ажиллагааны түүх бидэнд бий.

Киргизстан улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, манай үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байсан. Энэ нь гүн сэтгэгдэл төрүүлж энэ удаагийн айлчлалд онцгой ач холбогдол өгч, төрийн тэргүүн өөрөө нисэх буудал дээр тосно гэдэг бол дипломатын практикт цөөхөн тохиолддог зүйл. Киргизстан болон Тажикстан Улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг өндөр хэмжээнд хүлээн авч онцгой ач холбогдол өгч, Монгол Улстай харилцаагаа идэвхжүүлэх талаар идэвхтэй санаачилга гаргаж байлаа. Энэ удаагийн төрийн тэргүүний айлчлал нь гадаад харилцааг идэвхжүүлсэн, эдийн засгийн шинэ боломжийг нээсэн, Монгол төрийн эрхэмсэг оршихуйг өргөсөн чухал үйл явдал боллоо гэж судлаачийн хувьд харлаа.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...

img

5 цагийн өмнө

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...

img

5 цагийн өмнө

Уулын хүн

Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...

img

5 цагийн өмнө

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...

img

6 цагийн өмнө

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд