мэдээ
Д.Батбаяр: Аль ч Засгийн газар, ямар ч бүтэцтэй байсан эхэлсэн төслүүдээ дуусгах, хөгжлийн бодлогын залгамж чанарыг алдагдуулахгүй байх ёстой

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 7 сарын 30

97

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Далайн Батбаяртай ярилцлаа.
-Сайн байна уу та, сайхан наадав уу. Үндэсний их баяр наадмын өмнө таны аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Сайхан, монгол түмэн минь сайхан наадав уу. Зарим аймаг, сумдын түүхт ойн баяр наадам дуусаагүй байна. Энэ жилийн хувьд өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Үндэсний их баяр наадмын өмнө хайрт аав маань төр, түмэндээ үйлс, хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын хөдөлөлмөрийн баатар болсонд баяртай байгаа. Ухаан орсон цагаас үлгэрлэж, үнэ цэнтэй амьдрах тухай ойлгуулсаар, өсөх нас, идэр залуу болоход улс орондоо хэрэгтэй хүн болох ёстойг сургасан миний бахархал, миний аавыг төр засаг “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагналаа. Аавдаа баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахын ерөөлийг танай сониноор дамжуулан дахин хүргэе ээ.
-Таны хувьд эрийн гурван наадмын салшгүй нэг хэсэг болох хурдан буянуудтай бие сэтгэлээ холбосон уяач хүн. Энэ жилийн хурдан морьдын өнгө, уяа сойлго ямаршуу байв. Нөгөөтэйгүүр наадмын дараа таныг өндөр үнээр хурдан адуу авсан талаар сошиалаар шуугилаа шүү дээ…?
-Аав маань ясны уяач хүн болохоор арыг минь даагаад адуу малаа эмхэлж байдаг даа. Надад ч уяа, сойлго, адуу мал гэж явах цаг зав үнэхээр гарсангүй. Наадам болох өдөр л сая ухаан орж, дээл хувцасаа өмсөөд дэнж хотойтол сайхан наадлаа. Ер нь УИХ-ын гишүүн болсноос хойш амсхийх завгүй, амралт алгасалгүй ажиллаж байна. Ажлын өдрүүдэд чуулган, хороодын хурлуудад орж, хууль санаачлах, санал өгөх, батлах ажлууд хийгдээд, амралтын өдрүүдэд тойргоороо ажиллахаас өөр сонголтгүй байдаг. Сошиалаар адуу авсан талаар сүүлд мэдсэн. Тухайн үед утас шагайх завдалгүй хагас өдөр болох хооронд ойгүй үнэтэй хурдан буян авсан УИХ-ын гишүүн болчихсон байсан. Энэ бол худлаа мэдээлэл.
Гэхдээ адуу гэдэг буянтай амьтан. Мөнгөтэй, адуунд хайртай хүн бүхэн сонирхсон адуугаа, хэдэн төгрөгөөр үнэлж авах нь тэр хүмүүсийн эрх. Миний хувьд хурдан адуу авсан зүйл алга байна. Нөгөөтэйгүүр гурван тэрбум төгрөгөөр бол бүтэн үйлдвэр босгож, олон арван ажлын байр бий болгож болно. Би өөрөө үйлдвэр барих гэж үйлээ үзэж явсан хүн нь байна. Моринд дуртай нь үнэн, гэхдээ бас арай л хазгай сэвэх юм даа, манайхан. Энэ хэмжээнд зарагдсан бол удахгүй болох том уралдаанууд, Их хурдаар жинхэнэ эзэн нь тодрох байлгүй дээ.
-Хаврын чуулган өндөрлөлөө. Таны хувьд энэхүү хаврын чуулганы хугацаанд ямар хуулийн төсөл санаачилж, ямар хуулийн төслүүд дээр голлон анхаарч ажиллав?
-Нэгдүгээрт, “Тамхины хяналтын тухай хууль”-ийн төсөл дээр ажилласан. Тамхины хэрэглээ, ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд өсч байгаатай уялдуулан бодлогын түвшинд илүү зоримог, тодорхой шинэчлэл хийх шаардлага бий гэж үзэж байсан. Гэвч харамсалтай нь энэ хуулийн төслийг хариуцан ажиллаж байгаа гишүүний санал санаачлагатай би хувьдаа санал нийлэх боломжгүй болсон. Төслийн агуулгад томоохон шинэчлэл, бодлогын чанартай өөрчлөлт бараг ороогүй. Зөвхөн татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэл давамгайлсан төдий зүйл болж хувирсан. Тамхинаас бүрэн гарах, насанд хүрээгүй хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, сургуулийн орчим дахь борлуулалтыг хяналттай болгох зэрэг асуудлуудыг уг хууль шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ч харамсалтай нь тийм бодлогын шинж чанартай байгаагүй тул эсрэг байр суурь илэрхийлсэн. Хоёрдугаарт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчлэлд дэмжлэг үзүүлж, иргэдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл авах, сонголт хийх, баталгаатай үйлчилгээ хүртэх эрхийг хангуулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг дэмжиж ажилласан.
-Хаврын чуулганы хугацаанд хамтарсан Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар байгуулагдсан нь улс төрийн хүрээнд томоохон үйл явдал гэж үзэж байна. Таны хувьд хамтарсан Засгийн газрын огцрох шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Хамтарсан Засгийн газар огцорсон үйл явдал бол үнэхээр улс төрийн хүрээнд томоохон өөрчлөлт байсан. Гэхдээ миний хувьд хамгийн гол нь ажил зогсох ёсгүй гэж үзэж байна. Төрийн бодлого, хөгжлийн чиглэлүүд хэчнээн өөрчлөлт орсон ч тууштай үргэлжлэх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг хүн солигдоход дараагийн хүн гарч ирж болно. Харин ард түмэнд хэрэгтэй, эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүд зогсох ёсгүй. Аль ч Засгийн газар, ямар ч бүтэцтэй байсан эхэлсэн төслүүдээ дуусгах, хөгжлийн бодлогын залгамж чанарыг алдагдуулахгүй байх ёстой. Өмнөх Засгийн газрын дуусгаж амжаагүй ажлуудыг орхигдуулбал, хамгийн их хохирогч нь ард иргэд л болдог.
-УИХ-ын гишүүнийхээ хувьд шинэ Засгийн газарт ямар чиглэлд тууштай ажлаасай гэж хүсэж байгаа вэ?
-Юуны өмнө аймаг, сумдад хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдийг тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Салбар яамд, агентлагуудын бодлогын уялдаа холбоог алдагдуулахгүй байх, орон нутагт батлагдсан төсвийн зардлыг танахгүй, хугацаанд нь хэрэгжүүлэх, иргэдийн амьжиргаа, орлоготой холбоотой бодит ажлуудыг царцаахгүй байх шаардлагатай байна.
-АН-ын хувьд улс төрийн хүчтэй сөрөг хүчний байр сууриа тодорхой болголоо. Ер нь сөрөг хүчин байна гэдэгт юуг ойлгох уу?
-Сөрөг хүчин байна гэдэг нь зөвхөн шүүмжилж, эсэргүүцэх бус хариуцлагатай, бодлогын шүүмжлэл өрнүүлж, зөв гарц, гаргалгаа санал болгож, эрх баригчдад бодит хяналт тавьж ажиллана гэсэн үг. Нөгөөтэйгүүр АН-ын хувьд улс төрийн хүчтэй сөрөг хүчин байх байр сууриа илэрхийлж байгаа энэ цаг үед бид хэд хэдэн зарчмуудыг баримтлах ёстой гэж би үзэж байна. Тухайлбал, хяналт тавина гэдэг нь хийж буй ажлыг зогсоох биш, зөв хийлгэх гэсэн үг. Сөрөг хүчин бодлогын шүүмжлэлтэйгээ хамт бодит хувилбарууд, шийдлүүдийг санал болгох ёстой. Иргэдийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болж ажиллах нь сөрөг хүчний хамгийн том үүрэг. Түүнчлэн улс орны хөгжил, нийгмийн тогтвортой байдалд саад учруулах бус харин ч илүү сайн ажиллах сорилтууд бий болж байна гэж харах нь зүйтэй. Миний хувьд сөрөг хүчин байх гэдэг нь “Улс төрийн тэмцэл” гэхээсээ илүү бодлогын өрсөлдөөн, үр дүнгийн төлөөх тэмцэл юм гэж хардаг. АН ч энэ байр суурин дээр бат зогсож, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавина гэдэгт итгэлтэй байна.
-Бүсүүдийн нийгмийн хөгжил эдийн засгийн үзүүлэлт ямар байна. Бүсчилсэн хөгжлийн бодлого ямар хэмжээнд хэрэгжиж байгаа гэж дүгнэдэг вэ?
-Бүсүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг харьцуулж үзэхэд маш тод ялгаа, тэнцвэргүй байдал ажиглагддаг. Улаанбаатарт төвлөрөл өндөр байгаа нь бусад бүсийн хөгжлийг сааруулж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, дэд бүтэц, орлогын түвшинд ялгаа бий болгосон. Бүсчилсэн хөгжлийн бодлого бол энэ тэнцвэргүй байдлыг засах чухал хөшүүрэг гэж үздэг. Гэхдээ хэрэгжилтийн хувьд хэдийнэ сайн бодлоготой ч, санхүү, дэд бүтэц, хүний нөөцийн хувьд бодит дэмжлэг сул тул бүс нутгууд бие даасан хөгжлийн чиглэлээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Тухайлбал, Төвийн бүс бол хүн ам хамгийн их нягтарсан, үйлдвэрлэл, мал аж ахуй, худалдаа, үйлчилгээ зэрэг олон салбар зэрэгцэн хөгжих боломжтой стратегийн бүс. Гэвч түүхий эд үнэгүйдэх, дэд бүтцийн хомсдол, эрчим хүчний тасалдал үүсэх зэрэг асуудал хөгжлийг хязгаарлаж байна. Миний хувьд Төвийн бүсийн ойрын ирээдүйг сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, эрчимжсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, жижиг, дунд үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлдэг, ажлын байр, залуусын тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бүс болж хөгжих бүрэн боломжтой гэж харж байна. Энэ ирээдүйг бодит болгоход төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо, уялдаа холбоо хамгийн чухал.
-Дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүчний томоохон төслүүд төвийн бүсэд хэрэгжих бүрэн боломжтой гэж үздэг. Энэ нь магадгүй Төвийн бүсийн гол давуу тал байх. Яг энэ хөгжил тус бүс дээр идэвхтэй явагдаж чадаж байна уу?
-Төвийн бүс бол дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүчний хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой бүс нутаг. 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтад тус салбарын хөгжлийг дэмжих олон төсөл арга хэмжээ тусгагдсан. Тухайлбал, Эрчим хүчний салбарт 2025-2027 онд хэрэгжих 25.9 тэрбум төгрөгийн төсөвтэй Төв аймгийн Шинэ Зуунмод хотын 110 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, 110/35/10 кВ “Аэросити” дэд станцын барилгын ажил, Дархан хотод Инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, дулаан хангамжийн ажлууд хийгдэж байна. Зам, тээврийн салбарт, Төв аймагт Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км, 182.5 тэрбумын төсөвтэй хатуу хучилттай авто замын ажил, Сэлэнгэ аймагт Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шат болох 11.8 тэрбумын төсөвт өртөгтэй 27.8 км зам баригдахаар төлөвлөгдсөн байна. Мөн Баруунбүрэн-Амарбаясгалант хийд, Орхонтуул-Цээл, Аргалант-Баянцогт, Хушаат сумыг Улсын чанартай авто замтай холбох зэрэг олон чиглэлд авто замын барилгын ажил эхлүүлэхээр тусгасан. Эдгээр төслүүд нь бүс нутгийн тээврийн сүлжээг сайжруулж, үйлдвэр, аялал жуулчлал хөгжих суурь дэд бүтцийг бүрдүүлнэ гэж харж байна.
-Хууль тогтоогчийнхоо хувьд бүсийн хөгжил, бодлогод эрх зүйн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг үү?
-Өнөөдөр бүсийн хөгжил бодлогын түвшинд яригдаж байгаа ч, хэрэгжилт нь нэгдмэл зохицуулалтгүй, эрх зүйн суурь нь сулхан байгаагаас болж орон нутаг бүр тус тусдаа зүтгэдэг, хөрөнгө оруулалт жигд бус хуваарилагддаг, цогц хөгжлийн суурь тавигдаж чадахгүй байна. Тиймээс хэд хэдэн чиглэлд эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Тухайлбал, бүсчилсэн хөгжлийн тухай хуулийг шинэчлэн баталж, хөгжлийн гарцыг бүс бүрээр тодорхойлж, төрийн бодлого, хөрөнгө оруулалтыг уялдуулах, хариуцлагын тогтолцоог бий болгох. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг бий болгож, бүс нутгуудад үйлдвэржилт, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд урамшуулал, татварын хөнгөлөлт зэргийг зохицуулах. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, санхүүгийн бие даасан байдал, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай.





Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...
4 цагийн дараа
Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана
Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...
4 цагийн дараа
Уулын хүн
Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...
4 цагийн дараа
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон...
3 цагийн дараа
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд