мэдээ
“Сэгс цагаан Богд”-ын гантиг цагаан хөшөө

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 8 сарын 03

1

Монгол найргийн эрдэнийн титэм “Сэгс цагаан Богд”-ын 50 жилийн ойд зориулан бүтээсэн гантиг цагаан хөшөөнийх нь алтан туузыг хайчилсан хувь заяандаа би бахаддаг юм. Тэгэхдээ, тэнгэртэй сайхан уул Сэгс цагаан Богдын хаяа, тэнгэрийн цэнхэрлиг хязгаарт нь очиж, намрын говийн тунгалаг наран дор найраглалын гол баатар Надмидын Сүхбаттай, Дэндэвийн Пүрэвдорж гуайнхаа энхрий ялдам хоёр охинтой нь, их найрагчийн шавь Д.Төрбат ахтайгаа, мөнхүү амьдралынх нь алтан он жилүүдийг хувааж явсан Дагвын Цахилгаан тэргүүт “Шувууныхан”-тай нь хамтдаа гэрэлт хөшөөнийх нь өмнө сүслэн зогссондоо би баярладаг. Энэхүү зам мөр бол яруу найргийн тоосон дунд яваа бага залуу надад ховорхон олдох хишиг буян байсан. Д.Пүрэвдорж гуайнхаа цэц билгийн алтан шүншгийг бага ч болов мэдэрсэн гэдэгтээ итгэдэг. Цээж хөвсрөгдөж, зүрхний тольтноос гэрэл гэгээ сувдраад нэг л онгодтой явж билээ.
Замд Сансар сангийн аж ахуй буюу Булганы Рашаант өнгөрөөд, босоо чулуун ятга өвөрмөц сонин тогтоц бүхий тэрмэн хадан уулсын энгэр тушаа дөрөө мулталлаа. Пап(их найрагчийг хэлж байна) нутгаа зорьж явахдаа энд заавал үдэлдэг юм гэж хоёр охин нь хэлээд аяны ширээ дүүргэн цай цүй идээ будаа болов. Чанх ард Хөгнөхаан уул утаа суунаглуулан эвшээж, арцных нь үнэр хамар цоргин, баруун урдтай Батхаан уул хөхрөн цэнхэрлэж Элсэн тасархайн алтан шаргал элсний нурлага буйлсан ийм нэг үлгэрийн дагшин газар их найрагч үдэлдэг байж шүү. Өчүүхэн би, унаган нутгийн минь сэжүүр юм даа, энүүхэн ардтай Цэцэг-Өндөр хайрхан, Арцын Улаан хад минь суунаг татан байгаа даа гэж дотроо шүүрс алдаж л зогссон. Эл газар бол их найрагчийн Эрээн уулаа харахын өмнөх амсхийлт юм байна. Уулаа харахын хүслэн цээжин дотор нь оргилж байв чиг түүнээ бага ч гэсэн дарж, холхид Их Монгол, Бага Монгол хоёр их уулынх нь бараа үзэгдэн, Эрээн уулынх нь энхэрхэн сэвшээ мэдрэгдэж, тэгээд л Хөгнөхаан, Батхааны дунд сэтгэлийн таашаалыг амсан, цээжнийхээ багтрааг тайлдаг байнам. Ийм л ерөөлтэй газар нь дуу шуу болон бууцгааж, халуун тулганд нь хээрийн цай буцалган, Эрээн ууланд дээжийг нь өргөн шүлэг найргийн эрдэнийн чуулган үүсгэсэн.
“Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн гүйцэтгэх захирал, их найрагчийн хайрт бэр, “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавайгийн минь амин үр Нямцэцэг хатагтай надад Сэгс цагаан Богд явах урилгыг Төрбат ахаар дамжуулж хэлүүлсэн байж билээ. Нэг өдөр Төрөө ах манай өрөөгөөр намбатай, уянгатай нь аргагүй ороод ирэх нь тэр. “Би энэ Бадарчийг харахаар заавал архи уумаар болдог золиг байгаа юм” гэж Цоодол багш инээд наргиан дунд хэлдэг шиг түнтгэр Төрөөгөө харахуйд миний сэтгэлийн наран баясдаг нь үнэн юм. Уулзаад уран бүтээлийн төлөө хундага тулгасан нь мэдээж олон. Гэхдээ энэ удаад ах минь их л алба даягийн маягтай яваа нь анзраагдав. Би ч ажил ихтэй, овоолсон цаасан дунд сууж байлаа.
“Багшийн Сэгс цагаан Богд найраглалын 50 жилийн ой тохиож байна. Баянхонгорын Шинэжинст суманд хөшөө нь босч байгаа гэнэ. Нямцэцэг чамайг Сэгс цагаан Богд хамт явъя гэж урилаа” гэв. Бараа дүрийг нь харж салхийг нь амсаагүй ч унаган багаасаа найргийн гэрэлт мөрнөөс цээжиндээ гэрэлтүүлэн сүндэрлүүлсэн сайхан уулын бараа үзэгдэж шиг гэнэтийн баярт умбах нь тэр.
Үгүй ээ, намайг яг явъя гэсэн үү гэж Төрөө ахаасаа лавлалаа.
Золиг чинь итгэхгүй байгаа хэрэг үү, чи Нямцэцэгтэй яриадах гээд утсаар залгаж, халуун чихийг минь атгуулсан. “Чамайг тийм гоё хүлээж авсанд ёстой баярласан шүү” гэж Нямка эгч хэлдэг. Яруу найрагч надад Сэгс цагаан Богдын барааг харж, найраглалынх нь хөшөөг үзнэ гэдэг бурхны томилолт байхаас яахав, тийм юманд зүрх чичирхийлэн долгилохгүй юм бол яруу найрагч байхын ч хэрэг юусан гэж би хариу өчсөн юм. Тэгж л бидний баг бүрдэж тэнгэрийн хаяаг зорьсон юм. Хөгнөхааны өвөр хормойд үдэлсэн бидний дараагийн амсхийлт их найрагчийн “Эрээн уул”, “Алтан шар зам” дуун суварганых нь гэрэлт хөшөө байлаа. Эндээс аяны минь алтан шар зам зүй ёсоор тэгширсэн дээ.
Манай машинд Цахилгаан аваргын журамт гэргий Гапилмаа заларч, Гааяагийн цангинасан инээдний гэрэл дунд бид Пүдо-г нь дурсч явлаа. Тэд бол Бээжингийн тэнгэр дор бүтэн зургаан жилийн туршид найрагчийн хэлснээр цай сэтгэл хоёроо хуваалцсан хүмүүс. Тэр дөрвийн баярын хундагатай инээд цалгиулсан зураг.
Гааяагийн номын хуудаснаас ёстой л хундаганых нь дуу жингэнэн сонсддог. Мөн Ооба Ерөнхийлөгч, Пүрэвдорж гуай, Гомбосүрэн гуай нар гэргий нартайгаа голлож Нацагийн Жанцаноров, Дашийн Мяасүрэн нарын аваргууд эгнэн, ард нь аварга Цахилгаан, агуу их Лувсаншарав гуай хоёр дэнхийж, ханхайж зогссон бас нэг сайхан зураг бий. Эл бүхэн тэр чигээрээ түүх юмсан. Пүрэвдорж найрагч Бээжинд жасаалж суухдаа Монголдоо хоёр удаа ирснээ дурсдаг. Эхний удаад Батхаан уулын баруун суганд ах дүү нартаа золгохоор ирсэн бол дараа нь Монгол төрийн тэргүүнээс Ардын уран зохиолчийн цол тэмдэг гардахаар иржээ. Ардын уран зохиолч болоод Чанцалыгаа дагуулан Бээжинд буухад Цахилгаан Гапилмаа хоёр нь онгоцны буудал дээр цэцэгтэй угтсан гэдэг.
Элчин сайдын яамны байшин дотор монгол гэрээ цогцлоон босгож тулганых нь галыг бадраасан гээд энэ хоёр айл урд хөршид Монголынхоо хувь заяа дааж суусан. Тийм дээ ч бие биенээ чин зүрхэндээ хадгалан хайрладаг. Гааяа бол Их Алтайн Аж Богд, Ээж хайрхан домогт хоёр уулсын дунд Их говийн Цагаан дэрст гэдэг газар төрж, алдарт Хантайширын нурууны өвөрт өссөн нэгэн. Тэр жил “Шувууныхан”-тайгаа “нисч” явахдаа төрсөн бууцандаа очин хөрвөөж “Аавын минь гэрийн бууринаас Аж Богдын нуруу бараална” гэж дуу алдсан жаатай л бүсгүй. Гааяагийн хайрт эжий Сэгс цагаан Богдын Эхийн голын хүн юм билээ. Тэрээр Дашчирэв ах, Загдаа гуай гээд тэрхүү домогт нутгийн үүх түүх болсон буурлуудаас ижийнхээ садан төрлийнхний сургийг гаргаж сэтгэл дүүрч, олз баяртай ирснийг нь мэдэх юм. Биднийг Шинэжинстийн сууринд дөрөө мултлахад найраглалын гол баатар Сүхбат улаан зоосон хээтэй шар торгон тэрлэг өмсч, атан тэмээдийнхээ дэргэд тоссон. Миний бие мэнд мэдэн үнсүүлэхдээ “Долгорын Нямаагийн хүү байна” гэж цаашлуулахад хонгор намрын салхи нэвчсэн уруулаар хацрыг минь үнсэхдээ “Тэгвэл миний л хүү байна даа” гэж хэлсэн үг нь ер мартагддаггүй. Ерөөс Сэгс цагаан Богдын тэр өдрүүд сэтгэлд тэр чигээрээ гэрэлтдэг. Хөшөөний нээлтийн ёслолд “Тэртээ тавин жилийн өмнө “Сайхан хотын хөөрхөн хархүү” Долгорын Нямаа хулангийн унаганы хилэн шиг зөөлөн уруулыг бус арван тавтай жаахан охин Сүхбатыг үнссэн бол, унаганы мяндсан цагаан ногтон дээр алтан шаргал тэмдэг зүүж өгөлгүй түүнээ алаг нүдэн Сүхбатын энгэрт зүүж өгсөн бол энэ суут найраглал төрөхгүй байх байлаа” гэж хэлснээ, бүхий л өдрийн туршид Сэгс цагаан Богдын симфони эгшиглэн, энхрий нялх үрсийн цангинасан хоолойд алтан шаргал говь тунарахад өөрийн мэдэлгүй уйлж сууснаа, Нямаа ахыгаа сэтгэл дэнслэн санаж тэсгэл алдан байснаа би яахин мартнам. Явж ирээд “Монгол найргийн эрдэнийн титэм Сэгс цагаан Богд” хэмээх гурван цуврал тэмдэглэл бичиж хичнээн зуун хүнээс баяр талархлын үгс хүлээж авсан гэж санана. Ёстой л ном шастираа дээдэлдэг цэцэн билэгт олны цээжинд цэн цэнгийн бороо шиг асгарсан найраглалын хагас зуун жилийн алтан баринтгийг хуудаслан үлдээх хувь надад тохиосон.
“Сурагчдын дотуур байрны өрөөнөөс “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай холын чамдаа дуу минь хүрээсэй” Бадарч ахын минь дуу уянгална. Ингэн хөөврийн хоолойн нөгөө үзүүрт Шинэжинсттэй залгаа Гурвантэсийн Овоотын отрядад энэ дуу төрсөн байх. Ингэн сэвстэй, Хатан суудал, Цагаан богдын заставын эрмэг харчууд солонгот шөнийн дуурьслыг үргэлжлүүлж байгаа нь энэ” гэж миний бие Сэгс цагаан Богдын тэмдэглэлдээ бичсэн. Сүүлд “Цагаан богдын заставын бүсгүйд илгээх шүлэг” гэж шүлэг хүртэл бичсэн. Заставын алаг нүдэн бүсгүйчүүдийн дуу хоолой сэтгэлд нэг л ойр байлаа. “Дуулж буй бүсгүйн хоолой шиг сэтгэл бүлээсгэх Залаа Жинстийн уул” гэж уг шүлэг эхэлдэг. Үнэхээр л Цагаан богдын заставын дууч бүсгүйн хоолой сэтгэл бүлээсгэсэн бололтой.
“…Гудайсан тэнгэрийн доорх эзэнгүй говьд
Гуниг минь хүртэл эрдэнийн чулуу шиг санагдана
Тэмээчин бүсгүйн захидал шиг зүрхний булгиа
Тэмдгэрэх алсын хаяанаас ирнэ гэдэгт итгэнэ
Охь найргийн сүлд шиг гэрэлт хар нүдийг чинь
Он жилүүдийн цаанаас тамираа тасартал санаж
Сэгс цагаан Богдын халуун намраар
Сэтгэл шархиртал шүлгээ бичнэ ээ” гэж уг шүлэг төгссөн. Зөвхөн Цагаан богдын заставын хар нүдэн бүсгүйг биш тэнгэрийн цэнхэрлиг тэр л сайхан нутгийг, агуу Пүрэвдорж гуайн минь дархан цэцээ бататгаж өгсөн тэрхүү сүлдтэй найраглалын гантиг цагаан хөшөөг, тэмээчин бүсгүй Сүхбат эгчийг, тэр л нутгийн зон олон, эрдэнийн шигтгээт уул усыг нь найрагчийн халуун зүрхээр би тамираа тасартал санаж, Сэгс цагаан Богдын халуун намраар сэтгэл шархиртал шүлгээ бичнээ. Энэ бол миний зүрхний тангараг юм.





Наймдугаар сард зохиогдох барилдааны хуваарь
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ наймдугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг нийтэд зарлалаа. 2025 оны наймдуга...
7 цагийн дараа
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар муу байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байн...
6 цагийн дараа
“MAS Wrestling VII” ДАШТ-д 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна
MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний орой 21:00 ...
5 цагийн дараа
“Улаанбаатар ММС Энержи” хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багийн эсрэг тоглоно
Энэ сарын 3-4-ний өдрүүдэд “FIBA 3×3 Edmonton” Дэлхийн их дуулга тэмцээн болж байна. Уг тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи&...
4 цагийн дараа
Оюутан цэргүүд Улиастайн ам орчмын талбайг цэвэрлэлээ
Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын төвд алба хааж буй оюутан цэргүүд БЗД-ийн 34, 35 дугаар хороотой хамтран У...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд