мэдээ
Тэнэг зардлуудын чинь тэн хагасаас илүү нь хэвээрээ л байгаа шүү

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 11 сарын 07

Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны өдөр гэхэд батлах хуулийн хугацаатай. Харин ингэж чадаагүй тохиолдолд Их хурал тарах ёстой. Мэдээж тэд гишүүний бүрэн эрхээсээ салахыг хүсэхгүй учраас ямар ч байсан төсвөө хугацаандаа батлах л байх. Гэвч долоо хоног хүрэхгүй хугацаа үлдчихээд байгаа энэ үед ирэх оны төсвийг хэлэлцэнэ гэж ёстой нэг гурилдаж байна. МАН-ын даргын зодооноос эхлэлтэй улс төрийн халалт даамжирч, сүүлдээ чуулганы хуралдаан, байнгын хороогоор асуудал хэлэлцэгдэхээ бараг больчихлоо.
Яг энэ үетэй давхцуулан багш нар зөв хөдөлсний үр дүнд ямар ч байсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас тодорхой хувийг хасч, цалинг нь нэхсэн хэмжээнд биш юм гэхэд ямар ч байсан нэмнэ гэсэн ам өчгөө Засгийн газар өгчихлөө. Одоо харин эмч нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарласан байдалтай байгаа. Мөн энэ дунд чимээ дуулиан багатайхан бас нэг хэсэг байгаа нь ахмадууд. Тэд тэтгэврээ нэмүүлэх шаардлагыг тавиад бараг хагас жил болох гэж байна. Уг нь хамгийн түрүүнд шаардлага тавьсан нь тэд юм шүү дээ. Ерөөс эмч нарын цалинг нэмэх ёстой, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улсад мөнгө байхгүй биш байгаа. Харин төр засгийнхан, улстөрчдийн үрэлгэн байдал, хэт тансаглал л хамаг мөнгийг нь хуу хамчихаад байгаа юм. Зардал нь орлогоосоо давсан байдалтай явж ирсэн. Тийм л байх юм шиг ойлгодог болтол дарга нар төсвийн мөнгийг үрж, шамшигдуулж ирсний гай нь энэ. Яах вэ, багш, эмч нар шаардлага тавьж, ахмадууд дуу хоолойгоо хүргэснээр байсны үр дүнд зардлаасаа бага сагаар хасахаар болж байгаа. Гэвч та бүхний хэт тансаглал, тэнэг зардлуудын чинь тэн хагас нь хэвээрээ л байгаа шүү.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан анх төсөв хэлэлцэгдэж эхлэх үед цай кофе, хурал семинар хийхэд зориулан 2.2 их наяд төгрөг төсөвлөсөн байна гэдгийг хэлж байлаа. Манай улсад хурал хуй ихдсэн үү гэхээс багадаагүй. Сүүлийн 30 жил өдөр болгон шахуу ямар нэгэн байдлаар хуралдаж ирсэн. Гэтэл байж байгаа царай нь өнөөдрийн энэ байдал. Ийм байхад тэр их мөнгөөр дахиад л хуралдаж, цай кофе уух юм. Ёстой л тэнэглэл гэхээс өөр юу гэх билээ. Ирэх жил манай улсад цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвецын талуудын 17 дугаар бага хурал буюу COP 17 болно. Харин түүний барилга байгууламж, тоног төхөөрөмжид гэхэд 2017 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Барилгыг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барина гэж буй ч ундны усны эх дээр барих гэж байгаа нь асуудал дагуулж, өдгөө маргаантай байгаа. Тиймээс энэ хурлыг ч болиулах хэрэгтэй. Энэ мэт хурлууд нь дэлхийн луйварчид ядуу буурай орны хөрөнгийг “дээрэмдэх” л ажиллагаа гэдгийг Билл Гейтс саяхан бичсэн нийтлэлдээ дурдсан байсныг та бүхэн уншсан байх.
Мөн зөвхөн төрийн байгууллагуудын урсгал зардал таван их наяд төгрөгөөр өссөн гэдгийг УИХ-ын гишүүн Ө.Шижир тодотгоод байгаа. Тэгвэл гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар төсвийн үрэлгэн зарлагыг багасгах замаар нийтдээ 1.2 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой гэсэн саналаа гаргачхаад байгаа. Энэ дотор зөвхөн барилга байгууламжтай холбоотой зардлаас 17 тэрбум төгрөг хэмнэж болно гэж үзсэний 7.9 тэрбум нь зөвхөн спорт заал буй гэж байгаа юм. Дээрээс нь зөвхөн “Шинэ хоршоо” хөтөлбөрт 608 тэрбум төгрөг төсөвлөчихсөн байгааг ч хэлж байсан. Гэтэл энэ хөтөлбөр бол зөвхөн сонгууль угтаж гаргаж ирсэн амлалтын шинжтэй зүйл. Зээл хуй авсан нөхдүүдийн ихэнх нь унаа тэргээ сольсон гэдгийг ч зарим гишүүн хэлдэг.
Ингээд тэнэг зардлыг нь тоочоод бичээд байвал барагдахгүй их жагсаалт гарна. Эдгээрийг нэмээд үзье. Цай кофе, хурал семинарт 2.2 их наяд төгрөг, СОР 17-гийн 2017 тэрбум төгрөг, төсвийн үрэлгэн зардал 102 их наяд төгрөг,шинэ хоршооны 608 тэрбум төгрөг. Нийлээд 3.1 их наяд төгрөг болох нь байна. Энэ мөнгө байхад л болчих биш үү.
Ер нь элдэв Соёлын төв, спорт заал зэрэг хөрөнгө оруулалтаа болих хэрэгтэй. Энэ мэт зүйлсээ нөгөө яриад байдаг төр-хувийн хэвшлийн түншлэлээрээ хийлгэвэл зохино. Тэгээд ашиглалтын тодорхой жилийг гэрээлээд хувийн хэвшлийнхэн зардлаа нөхсөний дараа улсад авдаг байдлаар шийдэж болно. Манай улс хувийн хэвшлээ дэмжинэ гэж байнга ярьдаг ч дандаа боомилсоор ирсний нэг илрэл нь тэдний хийж чадах зүйлсийг төр нь булааж, өөрсдөө хийсээр ирсэн явдал юм. Яагаад гэхээр ингэж байж төрд байгаа дарга нар мөнгө унагаадаг, тендер будлиулдаг, авлига нэхдэг. Тэгэхээр одоо энэ байдлаа болиод хувийнхны хийж чадах зүйлийг нь тэдэнд даатгаад, эрх зүйн боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Тэгж байж төсөв нь үрэлгэн биш болж, хувийн хэвшил нь ч өндийнө.
Амьдрал ахуй муудаж, орлого хомсдоод ирэхээр айл өрх ч тансаг хэрэглээгээ багасгаж, зардлаа танадаг. Ингэж танаад гаргасан хөрөнгөө зайлшгүй хийх ёстой ажилдаа зарцуулдаг. Улс орон ч ийм л байх ёстой. Яаж ч бодсон ер нь хог шүүрддэг нэгнээс хамаагүй бага цалинтай багш, эмч байж яаж болох юм. Тийм цалин авахын тулд тэр олон жил төлбөр төлж, их сургуульд сурах ямар хэрэг байх билээ. Тийм болохоор эхлээд эмч, багш нарынхаа цалинг нэмж, амьдрал ахуйдаа санаа зовохгүй байхаар болгох нь зүйтэй. Угаасаа оюун ухаан, боловсрол мэдлэгийг орой дээрээ залж, тэргүүн эгнээндээ авч явсан улс орон л хөгждөг жамтай. Харамсалтай нь, өнөөдөр манай улстөрчид, дарга нар эрдэм мэдлэг, чадвартай боловсон хүчин, шинжлэх ухаан гэдэг зүйлийг үнэхээр гутааж байна.
Олны өмнө гараад хэлж л чадахгүй байгаа болохоос биш ажил мэргэжлээ хаяад хог шүүрд, автобус жолоод гэж цаагуураа ард түмнийг даапаалж сууна. Угаасаа ч зарим нэг нь улс удирдахад ч боловсрол мэдлэг хэрэггүй хэмээн өөрийн биеэр сурталчилж, “Яадаг юм, би их сургууль төгсөөгүй” гэж хээв нэг хэлчихээд хууль тогтоох дээд байгууллагад даналзаж байгаа шүү дээ.
Ингэж хэт ард түмнээ басаж, төслөн татварынх нь мөнгөөр бүрддэг төсвийг үрэн таран хийж, тавлан тохуурах нь алсдаа өөрсдөд нь л аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор тэнэг зардлуудынхаа тэн хагасаас илүүг нь танаж, засч залруулаад багш, эмч нарынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэвэр, тэтгэмжийг нэмээд өгчихсөн нь эрхэм гишүүд та бүхний ирээдүйн улс төрийн замналд хэрэгтэй байх болно.
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбо...
8 цагийн дараа
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж...
7 цагийн дараа
Б.Бат-Эрдэнэ: Монгол бөх бол монголчуудын нэн эртнээс монгол эр хүнээ бэлтгэж ирсэн арга сургууль юм. Бид үүнийгээ анхаарч, анзаарч явах ёстой
Төр, түмний их цэнгэл Улсын баяр наадамд 12 удаа, үүнээс завсаргүй найман удаа түрүүлсэн Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга...
7 цагийн дараа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хогийг цэвэрлэлээ
КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдийн бүлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсги...
7 цагийн дараа
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчил...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


