мэдээ
Б.Бат-Эрдэнэ: Монгол бөх бол монголчуудын нэн эртнээс монгол эр хүнээ бэлтгэж ирсэн арга сургууль юм. Бид үүнийгээ анхаарч, анзаарч явах ёстой

Админ
2025 оны 11 сарын 07

Төр, түмний их цэнгэл Улсын баяр наадамд 12 удаа, үүнээс завсаргүй найман удаа түрүүлсэн Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэтэй монголын үндэсний бөхийн ёс жудаг, түүнийг ягштал хэвшүүлэхийн учир утгын талаар Монгол бөхийн өргөөнөө ярилцлаа. Тэрбээр Монголын үндэсний баяр Сар шинийн барилдаанд ч 13 удаа түрүүлэхийн зэрэгцээ самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, азийн аварга бөхийн жудо барилдаанаар Ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж, цагийг эзэлсэн их аварга юм.
-Жудаг гэдэг зүйлийг бөхчүүд их ярьдаг. Гэхдээ энэ жудаг гээч зүйлд юуг хамаатуулж ойлговол зохилтой вэ?
-Монгол бөхийн ёс уламжлал, жудагт ах захын ёсыг сахидаг. Цолны эрэмбэ дарааг баримтална. Үүний цаана монгол үндэстний дэлхийд нэр алдраа дуурсган нөлөөгөө тогтоож чадсан, монголчуудын өөрийнх нь үнэ цэнэ оршиж байдаг юм. Монгол хүн за гэвэл ёогүй. “Зээ”-гээс няцагсдыг зэргээс гаргая хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдээсэн байна шүү дээ. Бороотой ч болзоондоо, хуртай ч хугацаандаа гэсэн үг. Өнөөдөр германууд цагийг сайн барьдаг гэж ярьдаг бол жинхэнэ цагийг барьдаг, хэлсэн ярьсандаа байдаг тийм үндэстэн бол монголчууд байлаа. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг эрхэмлэдэг. Нэг үгээр хэлбэл, эрх гэхээсээ илүү үүргийн сэтгэлгээтэй. Би үүргээ биелүүлж явах юм бол миний эрх ард талд нь хангагдана гэсэн ийм л зарчмаар явж ирсэн үндэстэн. Тэгээд ах захын ёс, захирах, захирагдах ёсыг ягштал баримтална. Энэ хүрээндээ хамгийн эрхэм нандин зан суртахуун, үнэ цэнэтэй бүхнээ монголчууд өөрсдийнхөө бүтээсэн өв соёлдоо гүнзгий шингээчихсэн байдаг. Түүний нэг нь монголын үндэсний бөх юм л даа. Эрийн гурван наадмыг түүхэн эх сурвалжуудад “Цэргийн гурван эрдмээс үүсэлтэй Эрийн гурван наадам” гэж бүр Хүннү их гүрнээс тэмдэглэгдэн, үзэж ирсэн байдаг. Тэр тусмаа Эрийн гурван наадмын нэг төрөл болох монголын үндэсний бөхөөр монгол эр хүнээ бэлтгэж ирсэн дэг сургуультай юм. Бид энэ талаас нь их анхаарч, анзаарч явах ёстой. Ер нь монголчуудын энэ үзэл сэтгэлгээг аваад үзэхэд, өөрийнхөө бүтээсэн ахуй соёл, бүх зүйл нь хүний дотоод сэтгэл оюунтай нь гүнзгий барилдуулсан байдгаараа түүнийгээ дараа үедээ уламжлуулж явдагаараа их онцлог юм шүү дээ.
-Бөх гэдгийг бат бэх хэмээх утгатай хэмээн махчлан ойлгож болохоор. Гэтэл монголчууд “Биеийн бөхөөс билгийн бөх” хэмээн сэтгэлийн бөхийг бас их эрхэмлэдэг шүү гэдгээ хэлчихсэн л байна. Тиймээс бөх хүнийг бэлтгэнэ гэдэг бол бүх зүйлээрээ өв тэгш, бөх бат, тийм хүнийг бүтээх нь ээ?
-Тийм ээ, тэр талаасаа түүх сөхвөл монголчуудын тухайд гэвэл хэдэн мянган жилийн өмнөөс ярина шүү дээ. Дэл уулын хадны сүг зураг гэдэг ч юм уу эртний археологийн олдворуудад монгол бөхийн барилдаан, үүсэл гарлын талаар тодорхой үлдсэн байна. Тиймээс үгийн үүсэл гарал нь бөх бат гэдэг утгатай салшгүй холбоотой. Гэхдээ биеийн бөхөөс гадна сэтгэл бөх байхыг бас эрхэмлэнэ. Монголчууд бие бөх байж сэтгэл бөх болно гэдгийг мэдэж байж. Бие бялдар нь хариугүй, сул дорой тийм хүнд бол сэтгэлийн бөх тогтоход бэрхтэй гэдэг тэр зүй тогтлыг их дээр үеэсээ таниж мэдсэн байна шүү дээ. Тийм учраас бие бялдрыг нь эрүүлжүүлэн чийрэгжүүлж, хатуужуулж Төв Азийн өндөрлөг газар нутагт цаг уурын эрс тэс уур амьсгалтай өвөрмөц монгол ахуйдаа хүн ам сийрэг, эрхэлж буй нүүдлийн мал аж ахуй нь асар хүнд, хөдөлмөр, бэрхшээл саадыг давж байж амьдардаг. Хөдөлмөрт нухлагдаж хүн болж өсдөг монгол ахуй нь бэлэн байсаар байтал бидний ярьж буй биеийн тамирын төрлүүд дээр нь дахиад нэмээд уртын дуу, морин хуур, бие биелэгээ зэрэг урлаг, тоглоом наадгай зэрэг өчнөөн олон соёлоор хүнээ хөгжүүлж ирсэнуламжлалтай ард түмэн шүү дээ.Монголчууд аливаа зүйлийг билэгдэл талаас нь авч үздэг онцгой ард түмэн. Түүнийгээ дээр дурдсан бүх зүйлдээ шингээж өгөөд, түүгээрээ дамжуулан хүнээ бэлтгэж ирсэн үүх түүхтэй юм билээ. Үүнийг би мэдэмхийрээд яриад байгаа юм биш. Биднийг хүүхэд байхаас дээд талын жудаг ёсоо сайхан сахисан ахмад бөхчүүд, багш нар, нутгийн ахмадууд хэлж, хэвшүүлж өгсөн. Тэгээд сүүлд судалгаа хийж, эх сурвалжуудыг сөхөж үзэхээр бүгдээрээ л энэ ёсыг дагаж, амьдарч ирсэн үүх түүхтэй байна. Энэ ёс уламжлалаа тээж, дараа үедээ өвлүүлж, хэлж хэвшүүлэх нь одоо бидний үүрэг болж байгаа юм. Үүнийгээ ч монгол бөхчүүд хэдэн мянганы турш дагаж сахиж ирсэн. Тэр хэрээрээ монгол үндэстний хүчирхэг байхын тулгуур монгол эрчүүдийн үлгэр манлай нь байсаар ирсэн байна.
-Түүхийн нугалаа хугачаан дунд Эрийн гурван наадмыг устгах гэж үзэж байсан шүү дээ. Нөгөө муу нэртэй, луу данстай манжууд байна. Хожим хойно “Орос ах нар” гэж саймширч байсан хэдий ч мөнөөх 70 жилд бас л хөөрхөн шоглож, оролдож үзсэн л байдаг юм билээ. Яагаад, монголчуудын их баяр цэнгэл Эрийн гурван наадамд ингэж таагүй ханддаг юм бол?
-Монгол үндэстэн хүчирхэг байсны цаад үндэс нь юунд байна вэ гэдгийг хол, ойрын олон улс орон хэдэн зуун жилийн туршид үзэж судалж ирсэн байдаг. Тэгээд хоёр зүйлийг их тодорхой хэлсэн байдаг юм билээ. Үүний нэг нь хүчирхэг монгол эр хүнийг бэлтгэж ирсэн ёс уламжлал, арга сургууль байна гэж үзсэн. Тиймээс эр хүнийг нь яаж доройтуулах вэ. Үүнийг л задлахгүй бол Монголыг доройтуулахад бэрх юм байна гэдгийг нь олж тогтоосон байгаа юм. Дараагийнх нь үүн дээрээ үндэслээд монголчууд аравт, зуут, мянгат, түмтийн маш сайн тогтолцоотой юм байна. Анхан шатны нэгжээсээ эхлээд ийм сайн зохион байгуулалтанд орчихсон, энэ нь их хүчирхэг болгодог юм байна. Тиймээс үүнийг нь сулруулах, задлах нь чухал ач холбогдолтой шүү гэж үзэж их олон зуун жилийн турш эвдэх гэж оролдож байсан байгаа юм. Сүүлийн үеийн жишээ гэхэд, бид сайн мэднэ дээ. Хуучин нийгмийн тогтолцооны үед захын айлын аав ээжүүд юу гэж ярьдаг байсан гээч. “За яах вэ, миний хүү. Эр хүн юм чинь галч, ачигч хийгээд ч гэсэн амьдарчихна. Харин энэ муу охиныгоо л боловсрол мэдлэгтэй болгох хэрэгтэй” гээд эрэгтэй хүүхдүүдийг, хүчирхэг эр хүнийг сулруулах, ач холбогдлыг нь бууруулах буруу бодлогод монголчууд нийтээрээ автаж ирсэн. Иймэрхүү хандлага өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Харин иртэй, хүчирхэг байсан тэр цаг үедээ монголчууд эр хүнээ эр хүн шиг бэлтгэж, хатуужуулан хүчирхэгжүүлж ирсэн онцлогтой юм билээ. Харьцангуй халуун бүл дотроо буюу бөхийн хүрээнийхэн бөх ухаанаараа өөр хоорондоо харилцаж тэр ёс уламжлалаа сахиж иржээ. Гэхдээ гадна талаас нь харж, оролцож байгаа хүмүүс бол арай өөр маягаар хүлээн авч, буруу ойлгож буруу тийш нь хандуулах гээд байдаг.
-Тухайлбал, Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан саяхан боллоо шүү дээ. Таны нэрэмжит болсон гэж сонслоо. Энэ үеэр таны хэлсэн ярьсан зүйлийг цахим орчинд хүмүүс маш их хуваалцаж байгаа харагдсан?
-2025 оны Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг миний нэрэмжит болгоно гэсэн. Би “Миний нэрэмжит болгоод хэрэггүй. Хэнтий аймгаас Ардын Засгийн үе үеийн аваргууд төрсөн байна. Дээрээс нь Даншгийн их аваргууд төрж мэндэлсэн өлгий нутаг. Тийм учраас аваргуудын нэрэмжит болгоод зохион байгуулах нь зүйтэй” гэсэн санал оруулан дэмжүүлээд тэр барилдааныг зохион байгуулсан. Тэгэхдээ энэ барилдааны үеэр ч тэр, өмнө нь болж байсан барилдаан, наадмын үеэр ч тэр, барилдаан наадамгүй үед ч гэсэн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай, Д.Данзан тэргүүн, энэ хүмүүс ажиллаж байхдаа ч гэсэн зохион байгуулаад, нийгэмд танигдсан, нөлөө бүхий хүмүүс, эрдэмтэн судлаачид, ахмад цолтой бөхчүүдийг залуу бөхчүүдтэй уулзалт хийлгэн яриа таниулга өгдөг юм. Миний санаж байгаагаар би нэг удаа Бөхийн өргөөнд 400 орчим залуу бөхчүүдтэй уулзалт хийсэн. Тэдэн дундаас өнөөдөр зөндөө олон аварга, арслан том цолтонгууд төрсөн байх. Би ярьдаг л юмаа ярина шүү дээ. Бидний дээд талын үеийнхэн, миний багш нар, ахмад үеийн бөхчүүд хэлж, хэвшүүлж өгсөн, түүх өөрөө ч ярьж байдаг тэр л зүйлүүдээ хэлж ярьж, дамжуулж өгнө шүү дээ. Бөхчүүд хэзээнээсээ зөв зүйлийг хүлээж авах онцгой чадвартай байдаг. Яагаад гэвэл, бие бялдраа эрүүлжүүлэн чийрэгжүүлж хатуужуулж байж сэтгэлээ бөхөлдөг зүй тогтолтой. Бие нь сул дорой байх юм бол сэтгэлийг бөхлөх аргагүй. Хэчнээн зөв зүйлийг ярьж ойлголоо ч бие нь өөрөө гүйцэтгэж дийлэхгүй. Улбагар, сул дорой тийм хүн чинь юу ч хийж чадахгүй. Санаа нь байгаад сачий нь хүрэхгүй юм чинь. Тийм учраас энэ зүй тогтлыг таньж мэдээд үүгээрээ дамжуулж хүчирхэг эр хүнийг бэлтгэж ирсэн. Тэр хатуужил тэвчээрийг олсон, бие бялдар нь эрүүлжиж чийрэгжсэн тэр хэсэг эрчүүдэд зөв юмыг хэлэхэд маш сайн хүлээж авдаг. Уудаг цаас, догшин шохойтой цаас хоёр лугаа. Шингэн зүйл дусаахад аль нь илүү хүлээж авах вэ. Дээр нь манай бөхчүүд дүрэм журмаа сайн биелүүлнэ. Бөхийн барилдааны дүрмэнд барилдаанаас хоцрохоос эхлээд аливаа алдаа зөрчилд зэм шийтгэл хүлээлгэж барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авдаг дүрэм журам тогтсон, бөхчүүд дагадаг. Үүний нэг тодорхой жишээ нь тэр нэг уулзалтан дээр болсон юм. Бидний үеийнхэн гадаад, дотоодод тэмцээн уралдаанд маш их явсан. Гэхдээ бас нэг буруу жишиг гаргачихсан байсан л даа. Их гоё зураг, логотой ч юмуу, эсвэл улс орнуудын туг далбаатай ванны алчуурыг Бөхийн өргөө, наадмын талбай хаа байгаа газраа нуруугаараа ороож явдаг байлаа. Тэгээд түүгээрээ чамирхаад ч байгаа юм шиг буруу жишиг тогтоосон нэг алдаа бий. Би “Үүнийгээ одоо хэдүүлээ засъя. Үүнийг би өөрөөсөө үлгэрлэж эхэлье” гээд хэлсэн. Ингээд үүнийгээ их олон жилийн өмнөөс хэвшүүлсэн л дээ.
-Бөхчүүд ванны алчуур нуруундаа тохоод явбал жаахан сонин харагдана байх. Одоо тэгж яваа бөх харагддаггүй шүү дээ?
-Хуучин ч хамаагүй нимгэн дээлээ угааж индүүдээд, эсвэл хими цэвэрлэгээнд өгөөд ч юм уу, тэгээд түүнийгээ бэлэн цүнхлээд ирдэг. Барилдаан дуусаад сандал дээр сууж байхдаа алчуур биш сайхан монгол дээлээ өмсөөд, зодгоо бүсэлчихнэ шүү дээ. Хоёрдугаарт, бөх хүн аливаа юманд их даруухан, төлөв, ёс уламжлалаа ихэд сахиж хичээх учиртай. Жишээлбэл, монгол хүн энгэр заам задгай явахыг цээрлэдэг. Тийм учраас энгэр заамаа товчилж явах хэрэгтэй гээд хэлэнгүүт л бүгдээрээ дор дороо дээл хувцасаа янзлаад л, хүлээж авна шүү дээ. Тэгээд тэр уулзалтаас хойш хэдэн ч жил болсон юм, мэдэхгүй. Багцаагаар 20 гаруй жил болсон байлгүй. Энэ хугацаанд наадамд, Бөхийн өргөөнд алчуур нуруугаараа бүсэлчихээд явдаг хүн нэг ч байхгүй болсон. Тиймээс энэ бол зөв зүйлийг яаж хүлээж авдагийн нэг тодорхой жишээ юм байна гэж би бодож байна. Цаашилбал, энд тэнд болж буй барилдаан дээр биднээр үг хэлүүлдэг. Би хэлэхдээ, яг л энэ ёс уламжлалаа л дагадаг учиртай юм.
-Уучлаарай, шууд асууя. Та саяхан болсон тэмцээний үеэр Р.Омар гэдэг хүүд жаахан зэм хүртээсэн юм уу даа. Уг нь сайн барилдаа биз дээ. Өмнө нь бас О.Хангай аваргыг загнаж байсан гээд улс амьтан яриад байх юм?
-Ийм учиртай юм. Манай Хэнтий нутгийн, Дадалын яруу найрагч, бөхийн зүтгэлтэн Б.Алтанхүү бичиж тавьсан байна билээ. Хэдэн жилийн өмнө нэг барилдаан дээр бас надаар үг хэлүүлсэн юм байна. Тэгээд би үг хэлж байтал, тэнд зогссон хүүхдүүд дотроос нэг нь анхаарал сулраад өөр хоорондоо яриа өдөөд эхэлж л дээ. Тэгэхээр нь би “Тэр хоорондоо яриад байгаа нөхөр хаанахын хэн байна” гээд саяын барилдаан дээр хэлдэг шигээ л тийм юм хэлээд л өнгөрч. Тэр хэн байсныг ч би мэдэхгүй шүү дээ. Одоо бүр мартчихсан яваа юм чинь. Тэгсэн чинь Б.Алтанхүү өөрөө бөх үздэг, бөхийн зүтгэлтэн хүн учраас сайн мэдэж байна л даа. Тэр чинь тухайн үедээ улсын цолонд хараахан хүрээгүй байсан аймгийн арслан, одоогийн О.Хангай аваргыг гэж хэлж байна. Бөх бол цолныхоо эрэмбээр хүүхэд, дүү нараа хүмүүжүүлж явдаг. Аварга, арслан гээд улс, аймгийн цолтой бөхчүүд бүгдээрээ л дээд талынхаа цолтой бөхчүүдийн магтаал, зэмлэл хоёрыг дааж байж амжилтанд хүрдэг. Ийм л зарчим хэзээ ч, хаана ч үйлчилнэ шүү дээ. Жишээлбэл, би сая нээлтэн дээр үг хэллээ. Хэзээ ч, хаана ч өөрийн нутаг орон, зохион байгуулж буй байгууллагынхаа хаягийг элэг бүсэндээ хавчуулж болохгүй шүү дээ. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпод хүртэл өндөрт өргөж явдаг дэлхийн жишиг тогтчихсон байдаг. Гэтэл хүүхдүүд үүнийг мэдэхгүй гэнэдээд, хаяг, логогоо элэг бүсэндээ хавчуулаад хоёр гараа унжуулаад зогсож байсан. Нэг нь ингээд хавчуулахаар дараагийн аймгийн хүүхдүүд яг тэр үйлдлийг давтаж байгаа юм. Би үүнийг болохгүй, бөх хүн хаана ч, хэзээ ч хийморь золбоогоо өргөж явах учиртай тухай л ярьсан. Тэр үгийг бүгдээрээ хүлээж авч байгаа юм. Дараагийн өдөр нь бүх дасгалжуулагч, багш нартай нээлттэй уулзалт хийлээ. Ярьдаг юмнуудаа л ярилаа. Бүгдээрээ санал онол нэг, сайхан хүлээж авч байна. Барилдааны төгсгөл рүү, тэндээс нэг давсан хүүхэд зүй бус хөдөлгөөн, үйлдэл гаргахаар нь нөгөө хэлдэгээрээ л “Тэр хаанахын хэн байна. Наадах чинь бөхийн ёс жудагт таарахгүй. Гар хуруугаа ингэж гозогнуулж болохгүй. Багш, дасгалжуулагч нь хэн байна, хаана байна вэ” гээд л хэлсэн. Гэтэл тэрийг нийгмийн нэг хэсэг нь маш мэдрэг хүлээж аваад, цахимд нэлээд сэвж тараасан юм шиг байсан. Би фэйсбүүк нэг их үзээд байдаггүй учраас үүнийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би үүнийг нэг талаасаа зөв зүйл боллоо гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, би өмнө нь зөндөө л хэлж ярьдаг л байсан шүү дээ. Хүүхэд байхаасаа л өөрийнхөө дээд талын бөхчүүд, багш нарынхаа үг сургаалаар явсан. Тэр бүгдийг 20 гаруй жил том, жижиг ямар ч наадам барилдаанд ширхэгчлэн хэвшүүлж явсан хүн. Дараа үедээ өвлүүлэхийн тулд бүхий л барилдаан, тэмцээн, хэвлэлд ярилцлага өгөхдөө ч хэлж яриад л явдаг байв. Өмнө нь хүмүүст тийм сайн хүрээгүй байсан юм уу гэлтэй сая их олон хүн сэвж, одоо болтол олон түмнээс энэ талаар ярьж хэлэлцүүлсээр л байна. Нэг талаасаа энэ нь их сайн зүйл боллоо. Би тэмцээн дуусах үеэр нас насны ангилалд хүүхдүүдэд шагнал гардуулах үеэр бүгдээрэнтэй нь уулзсан. Бүгдээрээ ёслоод л, миний мөр, малгайн залаанаас адис аваад л, тэр 16 насанд түрүүлсэн Р.Омар гэдэг хүүхэд буруугаа ойлгоод л “Би зохисгүй үйлдэл гаргасан байна. Тугны өмнө тахимаа авах гээд зогсоод байсан нь миний буруу. Тэгээд би барилдсан Увсын хүүхдээсээ уулчлалт гуйлаа. “Зүгээр ээ” гээд намайг уучилсан. Би дахиж иймзохисгүй үйлдэл гаргахгүй” гэж хэвлэлээр хэлсэн байсан. Ингээд л болоо шүү дээ. Тэнд байгаа хүмүүс үүнээс сургамж авч, ойлгож байгаа. Хэн нь ч дургүйцээгүй. Хамгийн гол нь өөр хэн, ямар зорилго агуулж байгааг бол мэдэхгүй. Ийм зүйл болоод өнгөрсөн нь үнэн. Би өмнө нь ч хэлдэг байсан үгээ л сая хэлсэн. О.Хангайд би хэлж л байж. Тэр үед яагаад ингэж хөөсрүүлээгүй юм бэ гэдгийг харин мэдэхгүй.
-Зарим нь ч баруун, зүүний талцал болгож мушгин гуйвуулах вий дээ. Нэг иймэрхүү явган яриа яваад л байдаг. Харин аварга, арслангуудтай уулзахад хэнбугай нь ч дэг жаяг, ёс уламжлалаа яриад байдаг юм билээ?
-Бөхийн хүрээний хамт олон бол сахилга бат, даруулгатай. Ах захын ёсоо сахидаг. Ахмад хүнээсээ үг сонсох чинь бүр тогтчихсон, уламжлаад ирсэн зүйл шүү дээ. Түүний муу гэж байхгүй. Бид ч дээд үеийнхээ тэр сайхан хүмүүсийн сургаал, зэмлэл, магтаалыг хүртэх үедээ хүртэж, бөхийн дэг жаягаар явсаар өдий хүрсэн. Үүнийгээ хойч үедээ өвлүүлэх ёстой. Багш нар маань “Та нар дараагийн үедээ юу ч хэлэхгүй байна” гэдэг зэмийг бидэнд бас хүртээдэг юм шүү дээ. Нэг жишээ хэлэхэд, би 18 настайгаасаа л “Хүч” нийгэмлэгт ирсэн. Манай “Хүч” нийгэмлэгийн хамгийн том цолтой, улсын заан Д.Мягмар гэж хүн бий. Ховд аймгийн Буянт сумын хүн л дээ. Тэгээд би УИХ-ын гишүүн болчихсон. Өдөр хуралтай байгаад утсыг нь авч чадаагүй байж байгаад орой залгатал өөдөөс “За хө, чи ер нь утсаа авахаа байж. Би чамайг нэг ороолгох цаг нь болжээ” гэж хэлж байгаа юм. Энэ чинь бол яг л тэр хуучны дэг жаягаараа байж байна гэсэн үг шүү дээ. Би тэгээд л “Мийгаа ах аа, бид өдөр ийм хуралтай байгаад аргагүйн эрхэнд утсаа авсангүй. Ажил тараад тан руу залгаж байгаа нь энэ” гээд л учир явдлаа хэлж байх жишээний. Харин тэр баруун, зүүний талцал гэх үү, бидэнд мэдэгдэх, мэдэгдэхгүй гардаг явган ярианы тухайд гэвэл 2018 онд би Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн болоод бөхийн хүрээний баахан хэрүүл маргаан дундуур яваад орчихдог юм байна. Ингээд би Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргадаа “За, энэ маргаан талцлыг хоёулаа зүй тогтолд нь оруулахгүй бол болохгүй шүү дээ. Хожим хойно, монгол бөхийн түүх бид хоёроос хариуцлага нэхнэ. Тухайн маргаан талцал, хэрүүл хараалтай тэр цаг үед монгол бөхийн дээд талд нь Баянмөнх, Бат-Эрдэнэ гэж хоёр дархан аварга байсан юм байна. Тэр хоёр хүн энэ асуудлыг яагаад цэгцлээгүй юм бэ гэдэг ийм хариуцлагыг нэхэх болно шүү дээ” гэж хэллээ. Ингээд хоёулаа хөтлөлцөөд шүүх, холбогдох газруудаар нь яваад л байлаа. Хоёулаа хэвлэлийн бага хурал хийнэ. Нэг удаагийн хэвлэлийн хурлын дараа би “Баянаа аварга аа, би 20-иод настайгаасаа л бөхийн хүрээнд тантай хамт явлаа. Би таны өмнөөс, хоёулаа уулзаад байхдаа ч юм уу, бусад хүний дэргэд ч тэр, эсвэл хурал цуглаан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юм уу, хэн нэгнээр дайлгаад ч юм уу үг хэлж байв уу” гэтэл “Үгүй ээ” л гэж байна. Тэгээд жаахан сууж байснаа Баянаа аварга “Ер нь чи тэгэх л ёстой юм чинь” гээд хоёулаа бөөн инээдэм болж байлаа. Тогтсон дэг жаягийн нэг чинь энэ байгаа юм. Гэтэл амьтан хүн саяхан хэлсэн хэдэн үгэнд нэг их ач холбогдол өгөөд л, яриад байгаа боловч бөхийн хүрээнийхэнд энэ нь этгээд зүйл биш шүү дээ. Бөхөд залуус, дүү нараа засаж залруулах үүрэг нь байдаг юм.
-Бүр болохгүй бол шавхуурдаад авах уу. Одоо ч арай ингэхгүй байх. Дээр үед бол шавхуурдаад авдаг л байсан байх?
-Шавхуурдана шүү дээ. Хонгоны даралтны сураар ороолгуулж л байлаа. Түүний буруу гэж байгаагүй ээ. Энэ дорно дахины ард түмнүүдийн бүтээсэн өв соёл гэж их онцгой юм байна. Тэр дундаа Эзэнт гүрнийг байгуулж байсан энэ аугаа их хүчирхэг монгол үндэстний өвөг дээдэс гайхамшигтай өв соёлыг бий болгож бидэнд үлдээсэн байна шүү дээ. Сайшаалтай нь, бидэнд жишээд харах нэг соёл буюу Японы бие хамгаалах урлаг байна.
-Айкидо юу?
-Японууд бие хамгаалах урлагтаа өөрийн ахуй соёл, ёс уламжлалаа шингээж өгчээ. Бие хамгаалах урлагийн эдгээр төрөл нь жудо, каратэ, айкидо, кэндо, сумо, айдо гээд гарын таван хуруунд багтахааргүй ийм их соёлыг бий болгосон байна шүү дээ. Дэлхийд техник технологиороо тэргүүлдэг, эдийн засгийн хувьд ч асар хүчирхэг улс үндэстэн гэхэд 1000 орчим мэргэжлийн сумогийн бөхтэй гэрээ хийж, нөгөөдүүл нь 50 орчим бөхийн галуудад хуваарилагдаад байж байна. Цаад талд нь сонирхогчдын сумо бас байна. Монгол үндэсний бөх монгол эр хүнийг бэлтгэж ирсэнтэй агаар нэг. Ялгаагүй, японууд тэр олон бие хамгаалах урлагаараа дамжуулан япон ёс уламжлалаа хадгалж, япон үндэстэн, япон эр хүнээ бэлтгэж ирсэн байгаа юм. Тэгэхээр хэн тэр ёс уламжлалаа хатуу баримталж, сэтгэл зүйгээ барьж чадна, өв соёлоо хадгалж чадна. Тэгэхээр хэн ч гар хуруугаа гозойлгон, дураараа авирлаж, сэтгэл зүйгээ барихгүй байж болохгүй. Энэ бүгд хатуу хориотой зүйл. Тэр дэвжээний дөрвөн талд сууж байгаа хар нөмрөг хувцастай, бидний ойлгож байгаагаар бол шүүгчдийн урдуур гарахдаа ямар ч том цолтой сумогийн хүн заавал гараараа зөвшөөрөл авч байгаад гарч байх жишээний. Би сонирхогчдын сумогийн тэмцээнд олон удаа оролцож байлаа. Дэлхийн болон Азийн аварга болсон. Сонирхогчдын сумо дээр ч гэсэн яг л мэргэжлийн сумогийн дэг жаягийг мөрдүүлдэг. Ямар нэгэн илүү дутуу хөдөлгөөн, зан авир гаргаж огт болохгүй. Мэргэжлийн сумо нь хатуу дэг жаягтай, сонирхогчдын сумо нь дур зоргоороо гэсэн зүйл огт байхгүй. Япон, Солонгос, Монголын ёс уламжлал зарим талаараа ойролцоодуу. Солонгост элсэн дээрзолгож барилддаг сирым гэж бөх бий. Түүхэн цаг хугацааны явцад, ялангуяа Солонгосын хойгийн дайны дараа улс орны хувь заяа нэлээд донсолгоотой байх үед ёс уламжлалаа нэлээд алдсаны нэг жишээ нь сирым бөх дээр тодорхой харагддаг. Европын чөлөөт бөх шиг шүгэл үлээж эхлүүлдэг. Хоёр бөх хоорондоо гар барьж байгаад барилддаг. Одоо манай зарим бөхчүүд барилдахдаа гар барих болж, энэ маш буруу юм.
-Өрнө, дорны соёлыг эвлүүлж зүйгээд, хольж хутгачихсан юм шиг нэг л наалдацгүй сонсогдож байна?
-Би 1990-ээд оны дундуур Солонгост очихдоо үүнийг нүдээрээ харж байсан. Ерөөсөө санаанд бууж өгөхгүй байлаа. Их этгээд, ер нь нэг л зохиролгүй харагдаж байсан юм. Яагаад гэвэл, Азийн улс үндэстнүүдийн ёс уламжлал европынхноос өөр шүү дээ. Яг л миний бодож байсан зөв байсан юм билээ. Нэлээн сүүлд, Солонгосоос сирым бөхийн төлөөлөл Монгол Улсад ирж “Бид дэлхийн олон улс орны үндэсний бөхийн судалгааг хийж байна. Бид үнэхээр өөрийнхөө өв соёлын зарим зүйлийг алдаж гээгдүүлсэн байна. Дэлхийн улс орнуудын үндэсний бөх ямар хэмжээнд хөгжсөн байна вэ. Яаж өөрийнхөө улс үндэсний өв соёл, ёс уламжлалын онцлогийг хадгалж хамгаалж ирснийг судалж яваа. Ерөөсөө Монгол, Япон хоёр л тунаж үлдэж байна. Ингээд бид Монголд ирлээ” гэж байсан. Одоо чухам сирым бөх яаж барилдаж байгааг би сайн мэдэхгүй юм. Тиймээс л би залуучууд, хүүхдүүдэд энэ мэтийг хэлж ярьж өгдөг. Монголчууд “Дахан дор эр, даахин дор хүлэг” гэж ярьдаг шүү дээ. Монгол хүн өөрийнхөө үр хүүхдүүд, дараагийн залгамж халааг тэгж их хайрлаж, даруухан нууж бэлтгэж ирсэн уламжлалтай байна шүү дээ. Жишээ нь, би ахмад үеийнхээ үг сургаалыг ягштал хэвшүүлж биелүүлээгүй бол, бие сэтгэлээ бөхөлж чадаагүй бол өнөөдрийн энэ амжилтанд хүрэх байсан уу, үгүй юу. Тиймээс бүх зүйлийг дэлхий хавтгай болчихсон юм чинь гэдэг байдлаар хэт ихээр одоочилж боломгүй.
Г.ГАНЧИМЭГ
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэ...
8 цагийн дараа
Ч.Номин: Дэлхийн том лигийн клуб Монголыг сурталчилсан, үр дүнд нь жуулчид огцом өсч байна
УИХ-ын гишүүн Ч.Номингоос Английн Премьер лигийн “Fulham” клуб, Засгийн газар хооронд үүсээд буй асуудлыг тодрууллаа. -Английн хөл б...
7 цагийн дараа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хүрдэггүй тул “жагсахад бэлэн” гэв
Монгол Улс төсвөө хэлэлцэж буй энэ үед “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”- оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй м...
7 цагийн дараа
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбо...
6 цагийн дараа
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



