мэдээ
Ч.Номин: Дэлхийн том лигийн клуб Монголыг сурталчилсан, үр дүнд нь жуулчид огцом өсч байна

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 11 сарын 07

УИХ-ын гишүүн Ч.Номингоос Английн Премьер лигийн “Fulham” клуб, Засгийн газар хооронд үүсээд буй асуудлыг тодрууллаа.
-Английн хөл бөмбөгийн Премьер лигийн “Fulham” клуб үлдэгдэл төлбөрөө хийгээгүй гээд Засгийн газрын арбитрт өгөөд байна. Ч.Ундрам сайд “Go Mongolia” төслийн хүрээнд өрнөсөн энэ хамтын ажиллагааг шүүмжилсэн улстөр хийгээд эхэллээ. Яагаад заавал хөл бөмбөгийн кулбтэй хамтарсан юм бэ?
-Юуны өмнө би Соёлын сайдаар ажиллах үедээ хэрэгжүүлсэн бүх төслөө хуулийн дагуу хэрэгжүүлснээ хэлмээр байна. Та сая хэлчихлээ, “Fulham”-тай хамтран ажиллах гэрээ Go Mongolia төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн гээд. Монгол улсын хөгжлийн бодлогод аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гээд зарлачихсан. “Алсын хараа 2050”-д спорт, урлаг гэх мэт соёлын өвөрмөц, давуу талаа дэлхийд сурталчилж Монгол Улсыг нүүдлийн соёл иргэншлийн төв улс болгох заалт бий. Эдгээр зорилгын хүрээнд Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгож зарласан. Монголоо дэлхийд таниулж сурталчилж байж олон жуулчин ирж аялал жуулчлал хөгжинө. “Go Mongolia”-г хэрэгжүүлсэн гол шалтгаан нь энэ.
Одоо таны асуултад хариулъя. Дэлхийн хамгийн олон үзэлттэй спорт бол хөл бөмбөг. Өнөөдөр 4 тэрбум хүн энэ спортыг үздэг, сонирхдог. Олон фэнтэй, нэр хүндтэй багтай хамтарч, нэр хүндийг нь ашиглаж улсаа сурталчлах ажлыг хийсэн юм.
-“Fulham”-ийг зүгээр л спонсорлосон ш дээ” гэж шүүмжлээд байх юм. Энэ тал дээр тайлбар хэлээч?
-Эндүү ташаа ойлголт байна. Энэ багийн нэр хүнд, дагагч, фэнүүдээр дамжуулж эх орноо сурталчлуулсан. Ганц Монгол ч биш дэлхийн 40 гаруй улс спортоор дамжуулж өөрсдийгөө сурталчилдаг. Жишээ нь Зүүн Өмнөд Африкийн жижигхээн улс болох Руанда 2018 оноос хойш жил бүр 10 сая ам.долларыг зөвхөн “Арсенал” багтай хамтарч эх орноо сурталчлахад зориулдаг. Ингэснээр жуулчдынх нь тоо 30 орчим хувиар нэмэгдсэн. Дэлхийн жуулчид Руанда руу хуйларч байна.
-Премьер лиг гурван тэрбум үзэгчтэй яалт ч үгүй том суваг. Энэ лигийн Fulham клубтэй хамтарснаар манай улсын аялал жуулчлалд ямар үр дүн гарсан бол?
-Английн хөл бөмбөгийн Премьер лигийн “Fulham”-тай хамтарсан төслийн хувьд 2024, 2025, 2026 гээд гурван жил дамнасан ажил юм. 2024 оны хувьд маш үр дүнтэй байсан. Бид “Fulham” багаар дамжуулаад 215 сая хүнд хүрч Монголоо таниулж, сурталчилсан. “Fulham”-тай хамтарснаар ирэх жуулчдын тоо 13-14 хувиар нэмэгдэх болов уу гэсэн тооцоолол гарсан. Үр дүн нь онцгой сайн байсан. Монгол Улс түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээж авсан. 800 мянган жуулчин Монголд ирснээр 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлтийг манай улсад оруулаад ирчихсэн. Энэ бол том мөнгө. Одоо хэлэлцэж буй төсвийн 20 хувьтай тэнцэнэ гэхээр хир том мөнгө гэдэг нь тодорхой харагдах байх. 1.6 тэрбум доллар буюу 6 их наяд төгрөг шууд иргэдэд, хувийн хэвшилд хүрсэн.
-Fulham-тай хамтаръя гэдгийг анх хэн шийдсэн бэ. Улстөржүүлээд байгаа болохоор нь сонирхоод байна л даа?
-Премьер лигийн Fulham” клубтэй хамтрахдаа дуртай газраа сонгоё гэдэг байдлаар хандаагүй. Дэлхийн дөрвөн том зөвлөх үйлчилгээний Big four консалтинг группт хандаж Монгол Улсын аялал жуулчлалыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг гаргасан юм. Бид дэлхийд өрсөлдөх учраас Big four-ийг сонгосон.
-Ер нь яагаад заавал “Go Mongolia”-г өндөр зардлаар хэрэгжүүлж аялал жуулчлалыг богино хугацаанд хөгжүүлье гэж шийдсэн юм бэ?
-Яг одоо Англид аялал жуулчлалын том платформуудыг нэг дээвэр дор цуглуулдаг World travel mart гээд яармаг худалдаа болж байна. Тэндээс гарсан судалгааг сая харлаа. 2035 он гэхэд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ий 12 хувийг бүрдүүлнэ гэж байна. Цаашдаа 16 их наяд ам.долларын асар том зах зээл болно гэчихэж. Ийм том зах зээл дээр дэлхийн 200 улс өрсөлдөж байна. Монголын аялал жуулчлал бол бас л нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ. Компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахын тулд сурталчилгаа маркетинг хийдэг. Бид систем, стратегитайгаар 2023-2028 он хүртэл төлөвлөгөө гаргаж, Монголоо олон улсад сурталчлан таниулах том ажил хийсэн нь Go Mongolia.
-Уул уурхайн дараа орохоор ашигтай салбар байж мэдэх л юм байна даа?
-Доллар олох боломжоороо уул уурхайн дараа орохоор ганц том салбар бол ерөөсөө л аялал жуулчлал. Тэгэхээр яалт ч үгүй аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх ёстой. Ингээд харахаар Go Mongolia зогсох ёсгүй.
-Гэхдээ их мөнгө зарцуулж улсаа сурталчлах шаардлагагүй гэсэн шүүмжлэл их байна?
-Уул уурхайгаа ухаад дууссан үед яах вэ гэдгээ одооноос бодох ёстой. Уул уурхайн дараа асар их доллар олж ирэх салбар бол ерөөсөө л аялал жуулчлал. Аялал жуулчлалд нэг давуу тал бий. Төрөөс бараг хамааралгүй. Хувийн хэвшлийнхэн аваад явчихдаг. Тур компани, зочид буудал, ресторанууд өөрсдөө бизнесээ авч явдаг. Төрийн зүгээс бодлогоор цөөхөн зүйл хийж өгөх ёстой. Нэгдүгээрт, Монголоо олон улсад далайцтайгаар сурталчилж жуулчдыг тоог нэмэгдүүлэх учиртай. Жуулчдын тоо нэмэгдэх хэрээр түрүүн дурдсан чиглэлийн компаниуд ч дагаад хөгжиж, тэлнэ. Төрийн хийх хоёр дахь ажил бол улс руугаа орж ирэх нислэгийн тоогоо нэмэгдүүлэх. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нислэгийн тоо хамгийн ихээр нэмэгдсэн. Сүүлд гэхэд United airlines Монгол руу нисдэг болсон. Учир нь бид Америкийг манай зорилтот зах зээл гэдгийг судалгаан дээр үндэслэж гаргасан юм. Ер нь Go Mongolia төсөл бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн том, хамгийн амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг. Гадаадын жуулчдыг татъя гэвэл олон улсад Монголоо сурталчлахаас гадна маркетинг хийхээс өөр аргагүй. Энэ ажилд санхүү, хөрөнгө оруулалт зарцуулагдаж байж жуулчдын тоо өснө.
-Fulham-тэй хийсэн гэрээний үлдэгдэл төлбөр гэж хэчнээн доллар байгаа бол?
-Аливаа зүйлийн оруулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг ярихдаа үр дүнг ярих ёстой. Үр дүнг нь сая хэлчихлээ. Нөгөө талдаа төрийн ажил залгамж халаатай гэдгийг ахин онцолъё. Миний хувьд гэрээ хийсэн. Хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй, ямар байдалтайгаар Гадаад харилцааны яаманд шилжсэнийг ажлаа хүлээж авсан дараагийн сайд хариулаад явах ёстой болов уу.
М.МӨНХ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...
8 цагийн дараа
Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр ...
7 цагийн дараа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уул...
7 цагийн дараа
Монголбанк аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2025 оны аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээрээ 12.7 тон...
6 цагийн дараа
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



