Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Ж.Мөнхдөш: Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд хугацаатай олгодог

trend

Админ

img

2025 оны 8 сарын 09

img

28

news-img

БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мөнхдөштэй ан амьтан агнах зөвшөөрлийн талаар ярилцлаа.


-Манай улс ан амьтныг  ашиглах, хамгаалах асуудлыг ямар хуулиар, хэрхэн зохицуулдаг талаар эхлээд ярина уу?

-Монгол Улс Амьтны тухай хууль, Ховордсон амьтан, ургамлын гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль гэх мэт хууль тогтоомжийн хүрээнд ашиглах, хамгаалах асуудлыг зохицуулдаг.

Амьтны тухай хуулиар бид агнуурын амьтныг ашиглах зөвшөөрлийг ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар олгодог. Тусгай зориулалт нь Амьтны тухай хуулийн 29.2-т заасны дагуу гурван төрөлтэй. Нэгдүгээрт, агнуурын амьтныг эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, хоёрдугаарт, спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр, гуравдугаарт, тухайн нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор амьтан агнах зөвшөөрлийг олгодог.

-Ховор амьтны ангилалд ямар амьтад ордог юм бол. Мөн амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар агнах ангийн тоо хэмжээг зохицуулдаг уу?

-Амьтдыг нэн ховор, ховор амьтан гэж ангилдаг. Нэн ховорт нь Амьтны тухай хуулийн 7.1-д заасан мазаалай, хавтгай, баданга хүдэр, цоохор ирвэс, борцгор хотон гэх мэт амьтан ордог. Нэн ховор амьтдыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар агнаж барьж болдог. Харин ховор амьтныг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ба ховор амьтны жагсаалтад аргаль хонь, янгир ямаа, халиун буга, хар сүүлт, хүрэн баавгай гэх мэт хөхтөн амьтад багтдаг.

Амьтны тухай хуулийн 26.3-т тухайн жилд тусгай зориулалтаар агнах амьтны хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэж Засгийн газар тогтооно гэсний дагуу бид тусгай зориулалтын ангийн тоо хэмжээг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулдаг. Энэ жилийн тоо хэмжээ хэрхэн тогтоогдсоныг Засгийн газрын 2025 оны 242 дүгээр тогтоолоос харж болно.

БОУАӨЯ-наас захиалан 2021 онд аргаль, янгир, хулан адууныхаа тархац, нөөцийг тогтоох судалгааг Монголын анчдын нийгэмлэгээр хийлгэсэн. Ингэхэд Монгол улсад нийт 19.600 орчим аргаль, 31 мянган орчим янгир, 64 мянга орчим хулан, 55215 халиун бугын нөөцтэй гэсэн судалгаа гарсан. Халиун бугын судалгааг МУИС-ийн эрдэмтэн докторууд хийхэд өмнөх судалгаанаас тоо толгой нь гурав дахин өссөн гэсэн мэдээ байдаг.

-Ховор ан амьтныг агнах тоог хэрхэн гаргадаг юм бэ?

-Ховор ан амьтныг агнахдаа судалгаанаас хамаарч жилд агнах тоог гаргадаг. Мэргэжлийн байгууллагуудын агнуур зохион байгуулалтын судалгааг үндэслэн агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тухайн аймаг, сумын агнуурын бүсэд жилд агнах боломжтой ховор амьтны тоог тогтоодог. Зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгохоор хуульчлагдсан. Үүнийг Амьтны тухай хуулийн 29.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлээс харж болно. Харин ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг амьтны тухай хуульд заасны дагуу агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтоож сайдын тушаал гардаг.

-Манай улсад агнуурын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хэдэн аж ахуйн нэгж байдаг вэ?

-Монгол Улсад агнуурын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 50 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр мэргэжлийн байгууллагууд гадаадаас жуулчид, анчдыг оруулж ирэх, ан хийх ажлыг зохион байгуулдаг. Мөн гадаадын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож анчид жуулчинтайгаа гэрээ байгуулж хамтран ажилладаг. Харин ан хийх агнуурын бүсийг аймаг орон нутаг тусгайлан тогтоодог.

-Ан агнах төлбөр хураамж нь хаана төвлөрдөг вэ?

-2023 оноос эхлэн ангийн компаниуд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дуудлага худалдаанд орж эрхээ авах болсон. Дуудлага худалдааны төлбөрт 2023 онд 16 аймгийн хэмжээнд 3.3 тэрбум төгрөг, 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрсөн. Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос харж болно.

Ан агнах төлбөр хураамжийн хувьд 2017 оны Засгийн газрын 339 дүгээр тогтоолын дагуу ан хийж байгаа аж ахуй нэгж, иргэн төлбөр хураамжаа төлнө. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны үнэ, амьтны нөөц ашигласан төлбөр хураамж бүгд орон нутгийн төсөвт орж байгаа гэсэн үг. Амьтны нөөц ашигласны төлбөрийн 50 хувь нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулагдах хуулийн зохицуулалттай.

-Тусгай болон ахуйн зориулалтаар амьтныг агнахад тоо хэмжээ, агнах хугацааг тогтоосон байдаг уу?

-Угалз, тэх, хар сүүлт, халиун буга гэх мэт ховор амьтдыг заасан хугацаанаас бусад үед ангийн зориулалтаар агнахыг хориглодог. Жишээ нь, угалзыг жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрөөс дараа оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл агнахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-нээс агнахыг зөвшөөрдөг.

Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд хугацаатайгаар олгодог. Тухайлбал, шувуу, тарвага агнаж, загас барихад гурав хүртэл хоног, эдгээрээс бусад амьтныг агнах, барихад тав хүртэл хоногийн хугацаа олгодог гэсэн үг. Мөн иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх агнуурын амьтны тоо хэмжээ нь туурайт ан амьтан нэг, тарвага тав, бусад үслэг ан нэг, хөтүү, ятуу, ногтруу, шувуу тус бүр арав, ой, хээр, ус, намгийн бусад агнуурын шувуу тав, бусад аг нуурын загас арван ширхгээс илүүгүй байна гэж Амьтны тухай хуульд заасан байдаг.

-Энэ хуулийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байдаг вэ. Ан амьтдыг зөвшөөрөлгүй агнах, зөвшөөрөөгүй хугацаанд агнах гэх мэт асуудалд хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Иргэд холбогдох зөвшөөрлөө авалгүй ан хийх асуудал гардаг. Тухайлбал, энэ жил Ховд, Хөвсгөл, Увс, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудад тарваганы зөвшөөрөл олгогдсон. Зөвшөөрөл олгогдоогүй аймгуудаас тарвага агнахыг хориглоно. Мөн Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хориглосон хугацаанд амьтан агнах нь зөрчил болно. 2023 онд Засгийн газрын 260 дугаар тогтоолоор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан байдаг. Хэрэв амьтныг зөвшөөрөлгүй агнасан, барьсан бол экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж төлөхөөс гадна гарсан зөрчлөөс хамаарч Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээнэ.

Хяналт тавих ажилд Экологийн цагдаагийн алба, БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газар болон аймгийн Байгаль орчны газар, сумдын байгаль орчны хяналтын байцаагч нар тал талаасаа хамтран ажилладаг.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг  41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...

img

7 цагийн дараа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...

img

6 цагийн дараа

Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...

img

5 цагийн дараа

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа

Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 ...

img

4 цагийн дараа

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар с...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд