Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

МУГТ Н.Баярсайхан: Тамирчин хүний хувьд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авах мөч үгээр илэрхийлшгүй сайхан

trend

Админ

img

2025 оны 8 сарын 09

img

25

news-img

Тэрбээр монголчуудын гол найдвар тавьдаг 60 кг-ын жинд Олимпоос медаль хүртсэн боксчин. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд хоёр удаа үлдэж, дэлхийн шилдэг боксчдын жагсаалтад гурван удаа бичигдэж байсан амжилт түүнийх. Энэ том боксчин улсынхаа хоёр удаагийн аварга гэхээр тухайн үед ширэн бээлийтнүүдийн дунд ямар ширүүн өрсөлдөөн явагддаг байсан нь тодорхой биз ээ.

Ингээд Барселоны олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, МУГТ Н.Баярсайхантай хийсэн ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна.


-Цаг хугацаа их хурдан юм. Барселоны олимпоос Монголын мэргэн бууч Д.Мөнхбаяр та хоёр хос хүрэл медальтай ирж байсан цаг саяхан мэт санагдавч 33 жил өнгөрчээ. Олимп гэхээр Танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Тийм ээ. 33 жил яах ийхийн зуурт өнгөрсөн байна. 3,3 гэдэг тоог би бас их бэлгэшээж байгаа. Энэ хугацаанд олон ч үйл явдал болж өнгөрлөө. Тухайн үед “Өдрийн сонин”-д тэр үед “Ардын эрх” нэртэй байхад нь би сонины есөн алдартны нэгээр шалгарч байлаа. Одоо ингээд ярилцлага өгөөд сууж байгаадаа баяртай байна.

Зах зээлийн тэр хүнд үед олимпийн медаль авсандаа өөрөөрөө бахархаж байна. Ер нь, олимпоос медаль аваад мөнгөн шагнал аваагүй хоёрхон хүн байдаг нь мэргэн бууч Д.Мөнхбаяр бид хоёр. Одоо энэ тухай хэлэхэд буруутахгүй байх. Гэхдээ үүний төлөө Засгийн газрыг буруутгахгүй. Яагаад гэхээр тэр үед тамирчинд мөнгө өгөх нь бүү хэл, улс орны хэмжээнд давс, талхгүй байсан үе юм чинь. Харин МҮОХ-ны удирдлага С.Болд дарга маань биднийг шагнаж байсан түүхтэй. Энэ жил БНСУ-д тэмцээнд явж байхдаа хамт олимпийн хүрэл медаль авсан боксчинтойгоо уулзаж зургаа авхуулаад, тухайн үед жиндээ медаль авсан нөхдүүд уулзахаар болсон. Тэр үед АНУ-ын боксчин аварга болж байсан юм. Тэр зөвшөөрвөл бид хэд уулзана даа.

-1992 оноос эхлээд олимпийн эрх авсан тамирчид бөмбөрцгийн наадамд өрсөлдөх болсон. Барселоны эрхийг хэрхэн авч байв. Өөрийгөө олимпоос медаль авна гэж хэр итгэлтэй байсан бэ?

-Сөүлийн олимп буюу 1988 онд маш олон тамирчин олимпод оролцоод олон нокаут гараад боксыг сонгон шалгаруулалтаар оролцуулдаг болъё гэсэн шийдвэрт хүрсэн байсан. Ингээд 1992 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад эрх өгсөн.

Түүнд нь би оролцож чадаагүй. Дараа нь зургаадугаар сард Филиппинд олимпийн эрх авах тэмцээн болсон. Зөвхөн алт, мөнгөн медаль авсан тамирчид олимпийн эрх авах шалгууртай. Энэ тэмцээнд БНСУ-ын боксчинд ялагдаж мөнгөн медаль аваад олимпийн эрхээ өвөртөлж байлаа. Өмнө нь бид хоёр 1989 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө таарч тоглоод би хожиж, аварга болж байсан юм.

-Бокс өөрөө их адармаатай спорт. Илт давуу байж ялалтад хүрдэг. Түүнээс биш эн тэнцүүхэн тоглоход өрсөлдөгчийн гарыг өргүүлэх нь энүүхэнд. Ялангуяа мөнгө муутай, ядуу орны тамирчны зовлонг Монголын боксчид үе үеэрээ мэдэрч ирсэн түүхтэй?

-1989 оны ДАШТ-ээс медаль аваагүй ч манай гурван тамирчин медалийн төлөө тоглож байлаа. Н.Энхбат, Э.Цогтжаргал, бид гурав. Тэгээд манайх багаараа 10 дугаар байрт орж байсан. Хэдийгээр медальд хүрч чадаагүй ч гурвын гурван тамирчин финалдсан гэдэг утгаараа. Тухайн үед Орос, Куба, АНУ гээд цөөхөн хэдэн улс хамаг медалийг аваад бусад улс нь медальгүй л хоцордог байлаа. Бид өрсөлдөгчөө хожоод ялалтаа луйвардуулах тохиолдол зөндөө байсан. Япон, БНСУ, Тайланд, европын зарим орны боксчид харахад өчнөөн зодуулж байж, ялаад байгааг бид гайхдаг байсан. Тийм учраас нам цохихгүй бол бид эд нартай таарвал хожигдох юм байна гэсэн сэтгэл зүй суучихсан байсан. Ганц жишээ хэлэхэд, 1987 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө би дэвжээний эзэн орны боксчинтой тулалдсан юм. Тэр Араб, Африкийн эрлийз өндөр нөхөр байлаа. Эхний үед би бага зэрэг илүүрхэж тулалдсан юм. Гэтэл шүүгчид надад биш, эсрэгээр нөгөөх боксчинд оноо өгөөд болдоггүй. Тэгэхээр нь хоёрдугаар үеийн тулаан эхлэнгүүт л түүний эрүүн дундуур нь ганц хүчтэй цохисон. Нөгөө өндөр боксчин чинь нураад л унасан. Бүр босож чадахгүй дамнуурга дээр хэвтүүлээд рингэнээс буулган авч явсан. Би түүнийг нам цохиж чадахгүй, тэнцүүхэн тулаан хийсэн бол Азийн аварга болж чадахгүй байх байсан шүү.

-Дэлхийн шилдэг боксны жагсаалтад гурвантаа бичигдэнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн үзүүлдэг амжилт биш. Яагаад гэхээр энэ чинь дэлхийн хэмжээний хүн болсныг чинь зарлаж байгаа хэрэг шүү дээ. Та 1989, 1991, 1992 онд энэ жагсаалтад бичигджээ. Энэ талаар?

-Тэгж шалгарсан гэдгээ тухайн үед мэдээгүй. Тухайн үе чинь өнөөтэй адилгүй мэдээлэл хомс цаг үе байсан шүү дээ. Харин Барселоны олимпоос медаль авсныхаа дараа “За, одоо нөгөө жагсаалтад орсон байх даа” гэж бодож байтал 1989 онд 5-д, 1991 онд 6-д, 1992 онд 5-д орж байсан үзүүлэлт гараад ирсэн. 1987 онд бэлтгэл сайтай, жаахан бяртай байсан юм уу, өрсөлдөгч бүрийгээ илт давуугаар ялаад Азийн шилдэг тамирчин болсон юм билээ. Түүнийгээ бас сүүлд мэдсэн. Энэ бүгдээ сонсоод өөрөөрөө бахархаад л өнгөрсөн байдаг юм. Тухайн үед хэвлэл мэдээллээр ч гараагүй, ямар сошиал гэж байсан биш.

-Боксчин бүр өөр өөрийн гэсэн арга барилтай. Өөрийг чинь ажиглаж байхад рингэн дээр гарахаараа шатдаг, их улайрдаг боксчин. Зөвхөн урагшаа тэмүүлж дайрч тоглодог. Үүний давуу болоод сул тал юу вэ?

-Бид чинь орос школтой. Оросууд яадаг вэ гэхээр урагш дайрна, эсвэл оногдохгүй зугатна. Ийм л хоёр аргаар гадаадын тамирчдыг хождог. Миний өөрийн арга барил бол таны хэлснээр урагшаа дайрч, өөрийн хүч чадал, тэвчээрээр хүнийг ялдаг. Түүнээс биш хойшоо ухарч, хууралт хийдэг Н.Энхбат шиг уран тоглолт байхгүй. Харин олимп дээр эхний хоёр раундад хожиж байна гэнгүүт нь гурав дээр анх удаагаа зугтаж байсан түүхтэй. Зугтах ч юу байхав, оноогоо хамгаалж, аргалж байна л гэсэн үг. Амьдралдаа нэг удаа их айсан. Одоо ярихад буруутахгүй болов уу. Тэр юу гэхээр 1991 оны Сиднейн ДАШТ-д явахаас сар гаруйн өмнө биднийг гэнэт эмнэлгийн үзлэгт оруулдаг юм. Тэгсэн миний элэг өөрчлөлттэй гараад. Түүнийгээ багш нартаа ч хэлээгүй. Ингээд ДАШТ-д оролцоод медалийн төлөө Румыны боксчинтой таарсан. Тэр боксчны хувьд европын аварга болоод, Оросын тамирчинг гэдсэнд нь цохиж унагаж байгаа бичлэг нь зурагтаар гарсныг би харсан юм. Түүнтэй таарангуутаа гэдсэнд цохичих вий гэж болгоомжлоод элгээ хамгаалж тоглоод хожигдсон. Дараа нь их харамссан даа. Уг нь машиндвал машиндчихаар л байсан юм. Бас “Морины шандас” гэж компани медаль авбал 3000 ам.доллар, байраар шагнана гээд амлачихсан байсан үе шүү дээ. Тэгэхэд хүн аминдаа их хайртай юм байна гэдгийг би ойлгож байлаа. Үнэхээр л элгэндээ цохиулаад үхчихэж мэднэ гэсэн бодлын үүднээс, хамгаалж тоглоод ДАШТ-ий хүрэл медалиас мултарсандаа харамсаж явдаг. Бодит үнэн бол элэг тийм ч аймаар болчихоогүй, жаахан өөхлөлттэй байсан юм билээ.

-ДАШТ-ий шилдэг наймд хоёронтоо үлдэж байсан түүхтэй. Өчнөөн нударган зодоочдоос наймд гарч ирнэ гэдэг бас л чанга шүү дээ. Энэ талаар хэлэх юу байна вэ?

-Медалийн төлөө тоглоно гэдэг маш том хариуцлага. Өрсөлдөгчөө ялж гарч ирнэ, бидэнд өөрсдийн гэсэн шүүгч байдаггүй байсан гээд бэрхшээл бий. Илт давуу байдлаар юм уу, хүч техникийн давуугаар л ялалтад хүрэх боломжтой. Шүүгч хичнээн эсрэг дарлаа ч, бид илт илүүрхэж, давамгай байдал үүсгэн үзэгчтэйгээ нийлж ялдаг байсан үе шүү. 1989 оны ДАШТ-д би Кубын Хулио Гонзалес гэдэг боксчинтой таараад яалт ч үгүй дийлэхгүй ялагдаж байлаа. Амьдралдаа тэр боксчинтой хоёр удаа таараад хоёуланд нь хожигдож байсан. Тухайн цаг үеийнхээ номер нэг байсан тамирчин л даа.

-Олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга атлаа улсынхаа хоёр удаагийн аварга. Энэ нэг юм хэлээд байна уу?

-Би тухайн үедээ “Хүч” нийгэмлэгт харьяалагддаг байв. Яг үнэндээ миний жинд маш олон тамирчин өрсөлддөг байлаа. 60 кг-д олон сайн тамирчин байсан. Бид хоорондоо тэнцүүхэн л тоглоно. Бие биенээсээ хол тасарч илүүрхсэн юм байхгүй. Гадаадынхантай би сайн тоглодог. Дотооддоо тэнцүүхэн тоглоно. Заримдаа хожсон ч гэсэн ялахгүй тохиолдол байна шүү дээ. Энэ мэт шалтгаанаас болоод би УАШТ-ээс нийтдээ долоон медаль авсны хоёр нь алт.

-Нэгэнтээ намайг Ираны алдарт бөх А.Хайдертай ярилцлага хийж байхад тэрбээр “Дэлхийн аварга болохоос Ираны аварга болох хэцүү” гэж хэлж байлаа. Энэ л үгнээс нь Иран аргагүй л бөхийн эх орон юм даа гэж бахархал төрж байсан юм. Үүнтэй адилтгаж бодоод л асуусан юм?

-Улсын хоёр удаагийн аварга болсондоо би нэг их гутардаггүй. Өрсөлдөгч нар их чанга байлаа. Хэрвээ ямар нэг шалтгааны улмаас сар бэлтгэлээ хийхгүй бол тэднээсээ хоцорч үлдэх асуудалд тулдаг байсан. Нэг жинд олон хүн өрсөлддөг тэр жишгийг одоо хэрэгжүүлээд явбал бүр сайн боксчид гарна гэж л хэлмээр байна.

-МУГД В.Батбаяр багшийн үед Монголын шигшээ багийн бэлтгэл үнэхээр чанга байсан. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Тэгээд холын кросст гүйнэ. Хүчний дасгал байнга хийнэ, тогтмол дээсэнд орно гээд завсар зай гаргахгүй. Энэ бүхэн та нарын амжилтад хэр нөлөөлсөн гэж боддог вэ?

-Тэр үед бидэнд нэг онцлог байсан юм. Тэр нь юу гэхээр тэмцээн бүрд бид жингээ хасч, формондоо ордог байсан. Тэгэхэд дэлхийд шуугиулж байсан Кубын боксчид жилдээ 2-3 удаа л формондоо ордог, бусад үед нь сулхан явдаг байсан цаг шүү дээ. Бид бэлтгэлээ өндөр зэрэгтэй хийж, тэр хэрээрээ амжилт гаргадаг байлаа. Олон жил тоглоно гэдэг чинь эд материал ч элэгдэл хорогдолд орох хугацаа шүү дээ. Тийм болохоор 27-28 нас хүрээд л харьчихдаг байсан. Гэтэл одоо 40 хүрчихээд тоглоод амжилт гаргаад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар шиг өндөр ачаалал авч формондоо ордоггүй л байсан байхгүй юу. Гол тэмцээний үед бэлтгэлээ сайжруулчихаад, бусад үед дундаж бэлтгэлтэй яваад байхад хүн 35-40 нас хүртлээ тоглох боломжтой. Өдөрт 14 км кроссод гүйхийг жирийн бэлтгэл гэж үздэг дасгалжуулагчтай байлаа. Уул хадаар өгсөж, уруудан их гүйнэ. Гар дээрээ хэдэн зуун удаа суниана.

-Нэгэнт боксчны замыг сонгосон тамирчин хүнд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авах тэр мөчийн мэдрэмж ямар байдаг бол?

-Бидний үед манай улсыг бага буурай орон гээд шүүгчид хүртэл доош нь хийдэг байсан болохоор оноогоор ялна гэдэг хэцүү. Тийм болохоор өрсөлдөгчөөсөө илүү давамгай тулаан гаргаж, хүнд цохилтоор буулган авахыг хичээдэг байлаа.

Нокаут буюу нам цохих, ногдаунт буюу хүч техникийн давуугаар ялах, эсвэл илт давуу байдлыг нь хараад шүүгч тоглолтыг зогсоох гурван ялалт байгаа юм. Би бол гурвууланг нь их хэрэглэдэг байсан. Азийн аваргын хэсгийн гурван тулааныг хүнд цохилтоор буулгаж авч байлаа. Хэрвээ тэнцүүхэн тулаан хийсэн бол шүүгчдэд нам даруулаад аль хэдийнэ ялагдал хүлээлгэх байсан болов уу. Тэр үед Пакистаны боксчдыг нам цохихгүй бол шүүгчдийн үзэмжээр ялагддаг байсан цаг.

Тамирчин хүний хувьд хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авах мөч үгээр илэрхийлшгүй сайхан. Түүний төлөө л зорьж, зольж бэлтгэл сургуулилт хийсэн шүү дээ.

-Ид тоглож байсан үеийнхээ бичлэгийг хадгалдаг уу?

-Надад 1992 оны олимпийн бичлэг, Улаанбаатарын олон улсын тэмцээнд тоглож байсан хагас бичлэг гээд хоёрхон зүйл л бий. Өөр юм байхгүй. Энд мөрөөдөл болсон нэг зүйлийг хэлэхэд, 1986 онд БНАСАУ-д болсон Найрамдалт армиудын аварга шалгаруулах тэмцээний бичлэгээ олж авахыг хүсдэг. Одоогоор бол Армийн ДАШТ гэсэн үг. Финалын тоглолт нь долдугаар сарын 11 буюу наадмын өдөр таарсан юм. Тэр үед бэлтгэл маш сайн байсан. Би гуяа алгадаад л рингэнд гарсан. Өрсөлдөгч Оросын тамирчинтай гараад л шууд ажилласан, дуусан дуустлаа ажилласнаа санадаг. Юутай ч ялаад гарч ирээд хөлсөө хатаагаад сууж байтал солонгос бүсгүй ирээд шагнал авна босоод очоорой гэнгүүт босох гэтэл чадахгүй бүр тэнхээгүй болчихсон байсан. Арай гэж очиж төрийн дууллаа эгшиглүүлчихээд ороод амарсан. Сайн бэлтгэлтэй хүн маргааш нь булардаггүй байхгүй юу. Гэтэл би өглөө нь маш хэцүү босч байлаа. Тэгээд бодох нь ээ, би өөрт байсан бүхнээ тэнд гаргасан хэрэг л дээ. Тэр тоглолтын бичлэгээ авах гэж БНАСАУ-ын ЭСЯ-нд хандаж үзсэн, ГХЯ гээд бүгдэд хандсан. Тэр бичлэгээ авчих юм бол одоогийн залууст үзүүлэхэд хэрэгтэй болов уу гэж боддог. Ер нь Н.Баярсайхан гэж ямар боксчин байсныг түүгээр дүгнэж болно. Хүүхдүүд маань аавынхаа ямар уралдаан тэмцээнд оролцож байсныг мэдэхгүй юм ч байна шүү дээ.

-Яриагаа рингнээс жаахан холдуулмаар байна. 18 настай охинтой ханилахаасаа өмнө та хоёр ихэр хүүхдийн аав болсон байсан. Охин Б.Борголжин чинь загварын ертөнцөд цахиур хагалж яваа. Та охинтойгоо хэр холбоотой байдаг вэ?

-Хүмүүс охиныг минь надтай адилхан гэдэг юм. Мэдээж, миний охин юм чинь адилхан л байж таарна. Сарын өмнө охинтойгоо уулзсан. Миний хувьд охины минь үр хүүхдээс удам залгасан бөх гэдэг шиг сайн боксчин төрчихөөсэй, танагтай байгаа дээрээ жаахан юм заагаад өгчих юмсан гэж боддог.

-Та бол “Монголын сайхан бүсгүй” уралдааны алтан эрдэний өргөмжлөлт мисс Чулуун-Эрдэнийн анхны нөхөр. Дундаасаа хоёр сайхан хүүтэй, дэндүү гоёхон хос байлаа. Та тэр бүсгүйн төлөө харамсдаг уу?

-Яг үнэнийг хэлэхэд 33,34 жилийн өмнө танай сонины есөн алдартаны ёслолын үед өөдөөс минь харсан суудалд сууж таарсан. Тэгж анх танилцаж байлаа. Хоёр сайхан хүүтэй. Амьдрал сайхан үедээ сайхан л байсан. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Зовлон ч нүүрлээд л ирдэг хорвоо. Хоёр тийш болсон хойноо харамсалтай явдал болж бурхан болсон. Үүнд би харамсаж явдаг. Хоёр хүү минь нас биеэнд хүрч тусдаа гарсан.

-Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан хүний хувьд ирээдүйн ширэн бээлийтнүүдийн төлөө юу хийж байна вэ?

-Миний хувьд “Барселона”, “Мөнхтүвшин” гэсэн хоёр клуб ажиллуулж байгаа.

-Монголын боксын ирээдүйг үгээр зур гэвэл та юу хэлэх вэ?

-Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд боксын спорт уналтад орчихоод байна. Дэлхийн боксын холбоо хоёр хуваагдчихлаа. Дагаад улс орнууд талцалд орж байна. Ийм цаг үед өсвөр үе, залуучуудын тэмцээнийг олон хийх хэрэгтэй. Тэд нартаа туршлага суулгаад, амжилтыг нь баталгаажуулаад, сайн бэлтгэх юм бол ирээдүй гэрэлтэнэ. Яагаад гэхээр бидний цусанд, генид барилддаг, зодолддог чадвар бий. Тэгж байж энэ зурвас үеийг даван туулна. Тийм болохоор аль болох залуусыг хамруулсан уралдаан тэмцээнийг олон зохиох хэрэгтэй. Тэгвэл бокс сэргээд л ирнэ.

Тав хоногийн дараа түүний төрсөн өдөр тохионо. 60 насны босгон дээр нь бид ийн ярилцлаа.

 

 Ярилцсан Н.Саранчимэг
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг  41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...

img

7 цагийн дараа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...

img

6 цагийн дараа

Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...

img

5 цагийн дараа

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа

Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 ...

img

4 цагийн дараа

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар с...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд