мэдээ
Ж.Ганболд: Ухаалаг камераар жолооч нарыг шууд торгож болохгүй, эхлээд мэдээлэл сурталчилгаагаа хийх хэрэгтэй

Админ
2025 оны 9 сарын 14

24

Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хянаж буй зохицуулалтын талаар хуульч, өмгөөлөгч Ж.Ганболдтой ярилцлаа.
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд зөрчлийг хиймэл оюун ухааны камерын тусламжтайгаар зохицуулж байгаа. Энэ тохиолдолд хүний эрхийн ямар нэгэн зөрчил үүсч байна уу?
-Хиймэл оюун ухааныг ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Засаг даргын чиг үүрэгт оруулж өгсөн байна лээ. Үүнтэй уялдуулаад AI камерын системээр замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн зөрчлийг илрүүлээд, илрүүлсэн зөрчлөө цагдаа болон зөрчил гаргасан этгээд рүү илгээдэг удирдлагын системийг ашиглаад нотолгоог бүрдүүлэхээр зохицуулсан байна. Эрх бүхий албан тушаалтан энэхүү нотолгоог үндэслээд, захиргааны зөрчлийн торгууль ногдуулаад, ногдуулсан торгуулийг иргэн биелүүлэх үүрэгтэй гэсэн үг. Бодит байдал дээр AI удирдаад байгаа юм шиг боловч хүн үүнд шийтгэл ногдуулах ёстой.
Зөрчлийн тухай хуульд хоёр ба түүнээс дээш зөрчил гаргасан бол аль хүнд хэлбэрт нь шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Жишээ нь, жолооч Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил гаргасан бол тус тусад нь захиргааны шийтгэл ногдуулна гэж хууль зүйн үндэслэлээр зохицуулсан байгаа. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд энэ талаар нарийн зохицуулалт ороогүй. Яаж хэрэгжих талаар тухайлсан зохицуулалт байхгүй гэсэн үг. Жишээ нь, Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар замын хөдөлгөөний нийт 57 зөрчлийг илрүүлээд үүнд хэн шийтгэл ногдуулах вэ гэдэгт нарийн зохицуулалт ороогүй. Үүнтэй уялдуулаад харахад эрх бүхий албан тушаалтан зөрчлийг бүртгээд, шийтгэлийн хуудас явуулсан мэдэгдлийг AI төхөөрөмж биш, давхар тэр хүн явуулж байж тухайн зөрчил дээр гомдол гаргах оролцогчийн эрхийн ойлголт яригдах юм. Нийслэлийн хэмжээнд 176 уулзварт 2606 камер суурилуулсан байгаа юм байна. Зогсох шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохионы зөрчил, урсгал сөрсөн нийтлэг зөрчлүүд дээр камераар илрүүлэн мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. Замын хөдөлгөөний удирдлагын газарт ирээд байгаа мэдээллийн мөрөөр ямар арга хэмжээ авах талаар дүүрэг болгон дээр нарийн дүрэм журмууд гарч ирэх байх. Тэгж байж нарийн зохицуулахгүй бол өнөөдрийн нөхцөлд иргэд мэдээж дургүйцэлтэй хандаж байгаа.
-Тэгэхээр өдөрт олон удаа торгуулийн мэдээлэл ирээд байгаа ч үүнд нарийвчилсан зохицуулалт хэрэгтэй гэсэн үг үү?
-Зөрчлийн тухай хуулийн 3, 10 дугаар зүйл дээр тээврийн хэрэгслийг ашигласан, зөрчил үйлдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигчид шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Автомат ажиллагаатай бичлэгээр ирсэн материалыг үндэслээд эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулна гэсэн үг. Гэхдээ өмчлөгчид нь шийтгэл ногдуулна. Нөгөөтэйгүүр эзэмшигч гэдэг нь миний машиныг өөр нэг үнэмлэхтэй этгээд унаж явсан тохиолдолд энэ системээр торгох боломжгүй болчихоод байгаа юм. Энэ мэт нарийн тооцоололгүй дүрэм журмын алдаатай зүйлүүд бий. Хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш ямар алдаа гарч байна гэдгийг хуульч бид ажиглана. Жишээ нь, хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү шилжих үед хиймэл оюун ухаан зөрчил гэж үзээд жолооч өөрөө зөрчил биш гэдгээр нотолгооны хэрэгслээ ашиглаад маргаан үүсгэж болно. Үүнд хүний эрхийн зөрчил үүсч байгаа юм. Үүнийгээ дагаад зөрчлийн тоо цагдаагийн байгууллагад нэмэгдэнэ гэсэн үг.
-Нэг дүүргийн нутаг дэвсгэрт нэгээс олон удаа зөрчил гаргавал тэр хэмжээгээр нь шийтгэл оногдуулж болно гэсэн үг үү?
-Энэ тохиолдолд нэг үйлдэл эс үйлдэхүйн улмаас хэд хэдэн зөрчил гаргах тухай яригдана. Түүнээс нэг машин хөдөлгөөнд оролцож байгаад өөр газар зөрчил гаргавал дүүрэг болгонд арга хэмжээ авагдана. Нэг ослын улмаас хэд хэдэн зөрчил гаргасан байж болно. Нэг дүүрэгт дугаарын хязгаарлалтын зөрчил гаргасан бол нэг л шийтгэл ногдуулна. Нэг дүүрэгт олон зөрчил гаргавал нэг удаа л торгоно гэсэн зүйл хуульдаа байхгүй. Жишээ нь, нэг дүүргийн нутаг дэвсгэрт эргэх ёсгүй газраар гэрлэн дохио зөрчиж эргэсэн, урсгал сөрж явсан дүрэм зөрчсэн бол тус тусын зөрчил дээр шийтгэл ногдуулна. Үйлдэл нь өөр өөр нутаг дэвсгэрт учраас олон зөрчилд нэг шийтгэл ногдуулна гэсэн ойлголт байхгүй. Үүнд 100, 200 метрийн наад цаадах үйлдэл ч яригдана. Мэдээж дугаарын хязгаарлалтгүй өдрөө дүрэм зөрчвөл аль хүнд зөрчилд нь шийтгэл ногдуулна.
-Үүнд жолооч маргаан үүсгэж болох уу?
-Ухаалаг камерын систем нотолгоо болохоос биш, шийтгэл ногдуулдаг хүн нь эрх бүхий албан тушаалтан шүү дээ. Замын хөдөлгөөний энэ дүрмийг зөрчөөгүй гээд камерт бичигдсэн зүйл дээр иргэн маргаж болно гэсэн үг. Үүнд эрх бүхий албан тушаалтан шийтгэлийг хүчингүй болгуулахын тулд шүүхэд гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд мэдээж маш олон зөрчил гарна. Тэр болгон дээр маргаан үүсгэж болно. Гэхдээ зохицуулалт нь тодорхойгүй болоогүй байхад хуульчийн хувьд шууд дүгнэлт хийх боломжгүй байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр байгаа мэдээллийн нэг нь цагдаа руу, нөгөө нь тухайн хүн рүү очдог. Цагдаа руу очоод байгаа мэдээллийг зөрчил юм аа гээд цагдаагийн байгууллага шийднэ. Үүний зөв бурууг цагдаагийн байгууллага шийдээд, зөрчил гэж үзэхгүй бол шийтгэхгүй байж болно. Үүнийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тодорхой журамлаж зохицуулах ёстой. Хэрэв ийм байвал нэг дүүрэг дээр 10 зөрчил, дараагийн дүүрэг дээр 10 зөрчил гарна. Үүнийг дагаад жолоочийг сургах, хариуцлагажуулах, замын хөдөлгөөний хэрэгжилт, хяналтыг сайжруулах гэх мэт төрийн байгууллага урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийх ёстой. Жолооч нарыг давтан сургах, дүрмийг мөрдүүлэх, хууль таниулахтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийхгүй бол одоогийн байдлаар мөнгөө төлөөд үнэмлэх авсан л бол баахан зөрчил үүснэ. Түүнээс гэнэт торгоод байж болохгүй. Яагаад гэвэл Улаанбаатар дураараа биш, дүрмээрээ явдаг хот. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхтэй холбоотой урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг хийхгүйгээр шууд камераар торгоод эхлэхээр маргаан дагуулах нь ойлгомжтой.
Г.БАЛГАРМАА
Г.МӨНХЦАЦРАЛ





Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд…
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх...
8 цагийн дараа
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өсчээ
Орон сууцны үнийн индекс 2025 оны наймдугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн г...
7 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
6 цагийн дараа
А.Баттулга Боксын ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана
Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнөөдөр Монголы...
6 цагийн дараа
“Парламентын төгөл”-ийг байгуулав
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.09.13/ тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Зочин
Хууль аас Илүү журам гэж байхгүй дугаарын хязгаарлалттай үед торгодог хууль байхгүй энэ бол хууль зөрчсөн үйлдэл иргэд шүүхэд гомдол гаргах эрхтэй