мэдээ
Б.Энхбаяр: Зөвхөн өөрт төрж байгаа мэдрэмжээрээ бусдад ханддаг эмгэгтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх магадлалтай

Админ
2025 оны 9 сарын 14

27

Сүүлийн үед нийгэмд хүний амь насанд хүрсэн гэмт хэрэг их гарч нийгмийг цочирдуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан “Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан сургуулийн сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Б.Энхбаяртай гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг сэтгэл зүйн эмгэгийн талаар ярилцлаа.
-Манай нийгмийн сэтгэл зүй одоогоор ямар байна вэ. Сүүлийн үед хүний амь насанд хүрсэн ноцтой хэргүүд их гарах боллоо. Үүнд сэтгэл зүйн байдал хэрхэн нөлөөлдөг вэ?
-Үүнийг суурь ойлголтоос нь эхлээд ярихаас өөр аргагүй. Хүн төрөлхтний хамгийн эхний хувьсгал бол танин мэдэхүйн хувьсгал байдаг. Үүний дараа хөдөө аж ахуйн хувьсгал буюу байгальд ан амьтдыг өсгөж үржүүлдэг, тариа ногоо тариалдаг амьдралын хэв маяг руу орсон. Хамгийн сүүлийн хувьсгал нь аж үйлдвэрийн хувьсгал. Хүн төрөлхтний энэ гурван том хувьсгалын үеэр авч үзэх хамгийн гол зүйл нь сэтгэл зүйн асуудал байдаг. Хэдийгээр хүн төрөлхтний ашигладаг багаж зэвсэг, техник технологи, амьдралын хэв маяг, арга барил нь өөрчлөгдөж байгаа ч үүний цаана өөрчлөгддөг гол зүйл нь сэтгэл зүйн асуудал байдаг. Танин мэдэхүйн хувьсгалын үед хүмүүст стресс, бухимдал гэдэг зүйл тодорхой хэмжээнд үүсдэг байсан. Харин үүнийг зохицуулдаг байгалийн автомат систем тархинд байсан. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө стрессээс гарах гэж хүчин чармайлт гаргах шаардлагагүйгээр зохицуулдаг автомат систем гэсэн үг. Харин хүн төрөлхтний хөгжил өөрчлөгдөх тусмаа байгалийн автомат систем үүргээ гүйцэтгэх боломж нь хязгаарлагдаж эхэлсэн. Учир нь хүн төрөлхтөн олон зүйл зохион бүтээхийн хэрээр асуудлууд бий болсон. Ингээд эхлэхээр хүн сэтгэл зүйн асуудалтай болж эхэлдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан өөрөө маш эрчимтэй хөгжсөн цаг хугацаа нь сүүлийн 300-400 жил байдаг. Энэ нь хүн төрөлхтөнд сэтгэл зүйн асуудал үүссэнтэй холбоотой юм. Сэтгэл зүйн асуудлыг хүн өөрөө даван туулахаас илүүтэй сэтгэл зүйн боловсролтой байж, даван туулахгүй бол урсгалаараа яваад байвал сэтгэл зүйн олон асуудалд өртдөг нөхцөлд бид амьдарч байгаа. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд болоод байгаа асуудлууд үүнтэй холбоотой.
Өнөөдөр нийгэмд сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарч байгаагийн цаад шалтгаан нь нийгмийн сэтгэл зүйтэй салшгүй холбоотой. Судалгаагаар иймэрхүү асуудлууд удамшлын шинжтэй гэхээсээ илүү нийгмээс сурсан, олж авсан зүйлийн нөлөөгөөр үүссэн байдаг. Тэгэхээр нийгэмтэй салшгүй холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ерөнхийдөө хүн төрөлхтөн ийм зам руу орсон байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, тухайн нийгмийн хөгжил, хүмүүсийн амар амгалан байдал гайгүй байгаа нийгэмд энэ мэт зүй бус хэргүүд гарах тохиолдлууд харьцангуй бага байдаг.
-Тэгвэл Монголын нийгэмд энэ асуудал бодит байдал дээр ямар байна вэ?
-Манай нийгэм сэтгэл зүйн хувьд тогтворгүй цаг үеийг дамжиж өнгөрч байна. Бидний ярьдгаар 1990-ээд оноос хойш гэсэн үг. 1990 оноос хойш бидний анхан шатны хэрэгцээнээс эхлээд нийгмийн хөгжил ч бараг эхнээсээ эхэлсэн. Анхан шатны хэрэгцээ бол амьд байх, аюулгүй байхтай холбоотой. Хоёрдугаарт, нийгмийн хамгийн том хэрэгцээ бол хайрлуулах, халамжлуулах байдаг. Энэхүү хэрэгцээ хангагдахгүй байгаа нийгэмд энэ хэргүүд гарах магадлал өндөр болчихож байгаа юм. Манай нийгэм сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулахаасаа илүү хүний амьд байх, аюулгүй байхтай холбоотой асуудал их байгаа учраас сэтгэл зүйн асуудал руугаа орж чадахгүй байгаа юм. Үүний улмаас нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, эмх замбараагүй болж байна. Гэвч миний хувьд аль болох манай нийгэм бүтэхгүй байна гэдэг талаас хэлэхийг хүсэхгүй байна л даа.
-Өмнө ярьсанчлан хүний амь насанд хүрсэн, нийгмийг цочирдуулсан гэмт хэргүүд гардаг шалтгааныг сэтгэл зүйн талаас нь тайлбарлавал?
-Ийм хэргүүд гараад байгаа хэд хэдэн шалтгаан байж болно. Нэгдүгээрт, хэрэг үйлдээд байгаа хувь хүн дээр авч үзвэл хүнд хэлбэрийн сэтгэл гутрал гэж зүйл байдаг. Энэ нь урт удаан хугацааны явцад үүсдэг. Үүнд нийгэм, гэр бүлийн харилцаа, асуудал хэр удаан хугацаанд үргэлжилсэн бэ гэдэг нь нөлөөлнө. Сэтгэл гутралтай удаан хугацаанд явбал архаг болж хүндрээд, тухайн хүнд амьдрал ямар нэгэн утга учиргүй мэт санагддаг. Үүний дараагийн шалтгаан нь гэнэт цочролд орох, хямралд өртөх байдаг. Энэ бол гэнэтийн ажилгүйдэл, санхүүгийн хямрал гэх мэт асуудалд ороод сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байдал үүсгэдэг гэсэн үг.
-Сэтгэл зүйн эмгэг гэж юу вэ. Энэ талаар нь яривал?
-Гэмт хэрэгтэн сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байж болно. Сүүлийн үед шизофрени гэж нэлээд түгээмэл яригдаж байгаа. Энэ нь аливаа зүйлийг буруу, гажуудаар тусгаж авдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хайртай хүнээ хамгаалахын тулд тэр хүнийг аюултай байдалд оруулж байгаа хэлбэр юм. Энэ төрлийн кейсүүд хүртэл байдаг. Хүүхэд нь хэтэрхий ядуу, тарчиг амьдарч байгаагаас хамгаалахын тулд амийг нь егүүтгэсэн тохиолдол дэлхий нийтэд гарч байсан. Ер нь сэтгэцийн хувьд хэвийн байгаа хүмүүс аливаа зүйлийг зохих ёстой түвшинд нь тусгаж авч, түүнд оновчтой үйлдэл үзүүлдэг. Гэтэл энэ төрлийн эмгэг дандаа буруугаар нь тусгаж авч, хариу үйлдэл үзүүлдэг учраас зүй бус гэмт хэргүүд гараад байна гэсэн үг. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс энэ үйлдлээ зөв, тухайн үед үүнээс өөр арга байгаагүй гэж үздэг.
Хүний сэтгэцийн хил хязгаарыг давсан эмгэг бас бий. Энэ нь өөрийн гэсэн нэршилтэй. Энэ эмгэг нь ямар нэгэн зүйлд хэт туйлширдаг. Буруу гэж үзсэн бол түүнийгээ эцсийг нь хүртэл буруу гэж зүтгэсээр байдаг. Мөн хүнийг хяналтгүй түрэмгийлэл хийх үйлдэл рүү чиглүүлж байдаг. Жишээ нь, уур нь хүрсэн бол цохиод авбал түрэмгийлэл нь намждаг хүмүүс байдаг. Гэтэл энэ төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс энэхүү үйлдлээ зогсоохгүйгээр гүйцэтгэж байдаг гэсэн үг.
Түүнчлэн өөрийнхөө хийж байгаа үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээх чадваргүй төрлийн эмгэг байдаг. Бид эмпати гэж ярьдаг. Энэ бол нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн чухал чадвар. Хажууд байгаа хүмүүс нь ямар сэтгэл хөдлөл мэдэрч байна, түүнийг адилхан мэдэрч сэтгэлийг нь хуваалцдаг, ойлгодог чадвар юм. Харин ийм эмгэгтэй хүмүүст энэ чадвар сул, эсвэл огт байхгүй гэсэн үг. Зөвхөн өөрт төрж байгаа мэдрэмжээрээ бусдад хандаж, үйлдэл үзүүлдэг эмгэгтэй хүмүүс гэмт хэрэг үйлдэх магадлалтай байдаг. Тухайн хүний сэтгэл санаа, дотоод мэдрэмж ямар байх нь хамаагүй гэсэн үг. Эдгээр нь манайд түгээмэл байх магадлалтай эмгэгүүдийн нэг гэж ойлгож болно. Дээрээс нь архидан согтуурсан, өөрөө ухамсраараа үйлдлээ хянах чадваргүй болсон тохиолдолд гэмт хэргүүд их гардаг.
-Нийгэмд ийм гэмт хэргийн тохиолдлыг бууруулах, багасгах хамгийн чухал шүү дээ. Ингэхийн тулд сэтгэл зүйдээ анхаарах шаардлагатай юу. Дараагийн алхам нь юу байх вэ?
-Энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг. Энэ чиглэл рүү хийх арга хэмжээ манайд үнэхээр сул байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого, хууль эрх зүйн хувьд, төрөөс хэрэгжүүлэх алхам сул байна. Гэр бүлийн хүчирхийлэл, салалт, харилцааны хурцадмал байдал нийгмээс шалтгаалж байгаа. Түүнээс зөвхөн нэг гэр бүл, хувь хүний зан араншингаас болж байгаа зүйл биш. Сэтгэл зүйн боловсрол буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар маш чухал. Үүнийг нэгдүгээрт, гэр бүлээс, хоёрдугаарт, боловсролоор дамжуулж олгодог. Цэцэрлэг, сургуульд суралцаж байх явцдаа хүүхэд сэтгэл зүйн боловсролыг олж авах ёстой. Гэтэл миний анзаарч байгаагаар манайд боловсролын хөтөлбөр, агуулгыг харахад танин мэдэхүйн, академик боловсрол олгоход чиглэсэн байна. Хамгийн гол зүйл нь боловсролоор дамжиж сэтгэл зүйн боловсролыг олгох ёстой. Харилцааны ур чадвар олгоход чиглэсэн зүйлүүд орхигдоод байгаа. Скандинав, Финляндын орнууд яагаад ийм аз жаргалтай улс орноор жил дараалан шалгараад байна вэ гэхээр ЕБС-ийн сургалт хамгийн өндөр түвшинд байдаг. Өөрөөр хэлбэл, аз жаргалтай хүмүүсийг ЕБС-иараа дамжуулж хөгжүүлээд байгаа гэсэн үг. Үүнийг бид олж харах ёстой юм болов уу. Зөвхөн аз жаргалтай хүнийг бэлдээд зогсохгүй нийгэмд тохиолдоод байгаа олон асуудлыг шийдэх, нийгмийн стресс бухимдлыг байхгүй болгоход эерэг нөлөө болох боломж бүрдэнэ. Манайд боловсрол гэхээр улсын сургууль, хувийн сургууль гэдэг ялгаа гарч ирээд, нийтээрээ ийм хүмүүсийг бэлдье гэдэг бодлого байхгүй болсон. Хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийн нийгмийг харах, бусдыг харах өнцөг асар өөр болсон. Энэ мэт зориудаар, хоёр өөр нийгэм мэт ойлголтыг төрүүлж байгаа юм. Үүнээс болоод дахиад л нийгийн стресс бухимдал, асуудлууд үүснэ. Мөн улс орны эдийн засгийн асуудал энэ үед яригдана. Жишээ нь, хөдөлмөрлөөд л байдаг, юмны үнэ өсөөд байдаг. Гэвч авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүй байна гэдэг нийтлэг дүр төрх манай нийгэмд байгаа учраас энэ нь сэтгэл зүйн хувьд сайн сайхан байх боломжийг механикаар хааж байгаа юм.
Г.БАЛГАРМАА





Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд…
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх...
8 цагийн дараа
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өсчээ
Орон сууцны үнийн индекс 2025 оны наймдугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн г...
7 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
6 цагийн дараа
А.Баттулга Боксын ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана
Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнөөдөр Монголы...
6 цагийн дараа
“Парламентын төгөл”-ийг байгуулав
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.09.13/ тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд