Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

гадаад

Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 16

img

34

news-img

Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Тэрээр Украйны тусгаар тогтнолын өдөр болох 2025 оны наймдугаар сарын 24-нд эх орондоо эргэн иржээ.

Эмнэлгийн хашааны цаадах шуугиант гудамж руу ширтэн зогсохдоо 65 настай Владимир Николаенко “Би одоохондоо үнэхээр эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна. Зарим хүмүүст эрх чөлөө гэдэг бол зүгээр л хийсвэр зүйл. Гол нь, уучлаарай, хөргөгчид нь хиам, талх байхад л болдог. Харин би ингэж хэлмээр байна. Нөхөд өө, энэ бол гол нь биш. Гол нь үнэхээр эрх чөлөө юм. Хэрэв эрх чөлөөг чинь булааж авбал чамд хиам ч, талх ч байхгүй болно. Бүр юу ч байхгүй болно. Иймээс эрх чөлөөгөө үнэлж, хайрлаж, хамгаалаарай” гэж яриагаа эхлэв. Тэрээр Оросын Владимир мужийн Ковровскийн районд орших Пакино тосгоны 7-р колонид бараг гурван жил хоригдсон юм. Өөрийн солилцооны өмнө украин сэтгүүлч Дмитрий Хилюкын хамт хоригдож байсан транзит камерт байсан сэтгэцийн ноцтой асуудалтай болсон нэгэн залуу хүү, украин цэргийн албан хаагч тэнд үлдсэнд маш ихээр сэтгэл нь шаналж байгаа бөгөөд “Хэрвээ надад сонголт байсан бол би “Дмитриг, бас энэ хүүг аваач. Тэр сэргээн засах болон эмчилгээний үр дүнд эргэн сэргэх боломжтой. Энэ хүүхдийг аварч болно. Намайг орхиж түүнийг ав гэх байсан. Гэвч харамсалтай нь тэр тэнд үлдсэн. Яг ийм хүүхдүүдийн төлөө л анхаарах хэрэгтэй… Учир нь тэнд тэднийг бие махбодоор нь ч, сэтгэл санаагаар нь ч устгаж байна. Энэ л өвдөлттэй явдал” гэж хэлэв. Владимир Николаенко өөрийн гэр бүл, эх нутагтаа эргэн ирсэн ч бусад олзлогдогсдын түүхийг санаж байна. Бүгд амьд гарч ирээгүй. Нэг цэрэг, бас түүний хамтран хоригдож байсан хүн солилцоонд хүргэгдэх замдаа нас баржээ. Тэднийг онгоцоор тээвэрлэх ёстой байсан. Тэр залуу зүгээр л амьдралд хайртай нэгэн байсан. Тэр надаас “Энд надад уу, эсвэл танд хэцүү байна уу?” гэж асуухад би “Бие махбодын хувьд бидэнд, настай хүмүүст, харин ёс суртахууны хувьд та нар, залууст хавьгүй хэцүү. Надад гэр бүл байна. Надад ач, зээ нар байна, намайг тэд маань уламжилж чадна. Тэд миний удам, үйл хэргийг үргэлжлүүлнэ. Харин та нарын хувьд ирээдүй чинь байх эсэх нь ч мэдэгдэхгүй байна” гэж хэлж байжээ.

Владимир Николаенко эмнэлгээс гараад өөрийн удирдаж байсан Херсон хотдоо очихоор бэлдэж байна. Тэр өөрийнхөө төрсөн хотыг одоогийн байдалтай буюу Оросын бөмбөг, пуужин, дроноор юу ч үгүй сүйдсэнийг хараагүй байгаа юм. Энэ бол түүний төрөлх хот. Николаенко тэнд төрж өссөн, олон жил Херсоны хотын зөвлөлийн депутат байсан. 2014-2020 онд Херсон хотын даргаар сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр “Надад хот маань ямар болсон тухай бичлэг харуулсан. Би үзсэн. Аймшигтай. Эмч нар зөвшөөрмөгц би тийшээ явна” гээд “Бид хотоо сэргээнэ, шаардлагатай бол хамгаална” гэж нэмж хэлэв.

Хотын дарга байхдаа тэрээр Оросын талыг баримталсан суртал ухуулгыг хүлээн зөвшөөрдөггүйгээрээ алдаршсан байв. Херсон хот оросуудад эзлэгдсэн үеэр Оросын нэгэн суртал ухуулгын ажилтан түүн рүү камер чиглүүлж “Чи Украины нөгөө ардын баатар мөн үү?” гэж асуухад Владимир Николаенко “Намайг тэгж хүлээн зөвшөөрч байгаа бол би тэр баатар чинь мөн. Яагаад гэвэл би Украйны төлөө тэмцсэн” гэж хариулж байсан юм. Николаенко 2022 оны гуравдугаар сард Оросын эзлэн түрэмгийллийн үед ч херсончууд зэвсэггүйгээр эрх чөлөөгөө хамгаалж байсан нь бахархалтай гэж ярив. Тэр үед мянга мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон бөгөөд хэдхэн зуун метр зайд оросын танкууд, мэргэн буучид байрлаж байсан ч хүмүүс айхгүй байсан аж. Суудлаа булаалгасан хотын дарга херсончуудын нэгэн жагсаалын цувааг өөрөө удирдаж, хүмүүс Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг, эх орныхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэж байжээ. Николаенко оросын түрэмгийллийн эхний өдрүүдэд хотынхоо нутаг дэвсгэрийн хамгаалалтын ангид бүртгүүлжээ. Тэр үед цэрэгт сайн дураар элсэхээр цэрэгт бүртгэх газар руу маш олон хүн ирсэн тул нэг хэсэгтээ хаалгаа хаахад хүрсэн гэдгийг дурсаж байв. Орон нутгийн ТЦК (нутаг дэвсгэрийн цэргийн комиссариат) хүссэн бүхнийг багтааж, хүлээн авч чадаагүй байна. Гэхдээ тэрээр оросын түрэмгийллийн эхний өдрүүд бас ихээхэн урам хугаруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэгдүгээрт, дайсны цуваа маш хурдан Херсоны муж руу нэвтэрч, хот руу ойртсон. Замуудыг тэсрэх хэрэгслээр хаагаагүй нь тодорхой болсон. Төрийн удирдлага уг нь хил хаалттай, гадны цэрэг тэндээс орж ирэх ямар ч боломжгүй гэж бидэнд мэдэгдэж байсан. Гэтэл хоёр, гурван цагийн дараа гэхэд Оросын цэргүүд Херсоны захад ирчихсэн байсан. Яагаад ингэснийг хариулахад маш хэцүү. Миний хувьд тодорхой хариулт бий, гэхдээ би үүнийг нийгэмд тулгахыг хүсэхгүй байна. Энэ явдал урвалтгүйгээр өрнөөгүй гэж би боддог гэв. Түүний урмыг хугалсан бас нэг зүйл нь СБУ, прокурор, цагдаа, Онцгой байдлын албаны төлөөлөгчид Оросын арми хотод орохоос өмнө Херсоныг орхин явсан явдал байжээ. Тэгэхэд төрөлх хотоо хамгаалахаар сайн дурынхнаас бүрдсэн, мэргэжлийн офицеруудын удирдсан нутаг дэвсгэрийн хамгаалалтынхан л үлджээ. Тэдэнд хотын орох гарцыг хаахад шаардлагатай хамгийн энгийн нөөц хүртэл байсангүй. Владимир Николаенко “Херсон хотод өөрийг нь хамгаалах ёстой хүмүүс үлдээгүй. Зөвхөн цэргүүд биш, хууль сахиулагч ч байгаагүй… Би хууль сахиулагчддаа шууд бурууг тулгахыг хүсэхгүй байна, гэхдээ харамсалтай нь үнэхээр хотыг хамгаалахаар гарч ирсэн хүмүүсийн дунд би зөвхөн эргүүлийн цагдаа нарыг л харсан” гэж дурсав.

Оросын цэргүүд Херсонд орж ирэхэд тэр дүрвэлгүй тэндээ үлдсэн байна. Түүн рүү тухайн үеийн эзлэн түрэмгийллийн захиргааны удирдагчдын нэг блогер Кирилл Стремоусов утсаар ярьж “албан тушаал” санал болгожээ. Хэрэв ОХУ-тай хамтрахаас татгалзвал хуучин хотын даргыг “нүхэнд” буюу оросуудын Херсонд байгуулсан шоронгуудад хорих болно гэж сүрдүүлжээ. Николаенко тэдэнтэй хамтарч ажиллагаанаас татгалзсан бөгөөд удалгүй ОХУ-ын ФСБ-гийн ажилтнууд түүнийг уулзалт зохион байгуулах нэрийдлээр дуудан авчирч, баривчилжээ. Түүнийг Херсонд оросын цэргүүдийн давшилтыг “хамгийн ихээр саатуулсан” гэх хэрэгт буруутгасан байна. Тэд “Бид энд мөнхөд үлдэнэ. Оросууд эндээс хэзээ ч явахгүй“ гээд намайг хамтран ажиллахыг зөвлөж “Чи нийтийн өмнө шинэ эрх баригчдыг хүлээн зөвшөөрөх эсвэл хэзээ ч гарахгүй шоронд орох болно. Хэрвээ чи бидэнтэй санал нийлэхгүй бол чиний гэр бүл хохирно” гэж байв. Тэр үед манай гэрт гаднын нэг хүүхэд амьдарч байсан тул би түүний төлөө ихээхэн санаа зовж байв. Эзлэн түрэмгийлэгчид ихэвчлэн нөхөр, эхнэр, заримдаа тэдний нас биед хүрсэн хүүхдүүдийг хүртэл баривчилдаг байв. Харин энэ удаа зөвхөн намайг л баривчилсан. Ийнхүү түүний хоригдлын амьдрал эхэлсэн байна. Оросууд ОХУ-ын хүний эрхийн төлөөлөгч Татьяна Москальковагийн нэрээр хийгдсэн шалгалтуудын үеэр Владимир Николаенко болон бусад иргэний олзлогдогсдод өөрсдийгөө цэргийн хүн гэж танилцуулахыг шаардаж “Энд орж ирдэг хүмүүс бол цэргийн байгууллагуудыг удирддаг оперативууд байсан. Иймээс та нар энгийн иргэн биш, та нар бол цэргүүд. За, чи яаж хариулах ёстойгоо мэдэж байгаа биз гэж хэлдэг байв” гэж дурсав.

Оросын олзонд 2500 гаруй Украин иргэн байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд тодорхойлж чадсан. Хүний эрхийн төлөөлөгчдийн тооцоолсноор, үнэндээ иргэн статустай олзлогдогсдын тоо илүү байх магадлалтай гэж үздэг.

Николаенко “Миний байсан бүх камерт энгийн иргэд байдаг байсан. Энэ бол аль болох олон боол барьж хорих террорист үйлдэл. Учир нь зэвсэг барьсан хүнийг олзлоход хэцүү. Харин хаа нэгтээ зах дээр хүн барьж аваад шоронд хийх нь хамаагүй амархан. Жишээ нь: Александр Фанагей өөрийн амьдардаг Запорожьегийн орон нутгийн сууринд ойд мод түүхээр явж байсан. Оросууд түүнийг чиглүүлэгч буюу цэргийн тагнуул гэж үзсэн. Тэр одоо гурван жил хагас сууж байна” гэж өгүүлэв. Владимир Николаенко гурван жил хагас Оросын олзонд байсан хугацаанд гаргасан дүгнэлтийг “Тэнд чи гол нь гэр бүл чинь л хамгийн чухал зүйл юм байна гэдгийг бүрэн ойлгох болно. Хүн бусад бүх зүйлд дасаж, давах эсвэл түүнийг өөрчилж болно. Гэр бүл чинь л огт өөрчлөгдөхгүй, юунаас ч чухал зүйл” гэж хэлэв.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Европын Холбооны “Тамлалт болон хүнлэг бус харьцах, хүний нэр төрийг доромжилсон ял шийтгэлээс урьдчилан сэргийлэх тухай” конвенцоос гарах тухай хуулийн төслийг Төрийн Думд өргөн барьсан билээ.

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна

Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...

img

7 цагийн дараа

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хянал...

img

6 цагийн дараа

Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс х...

img

5 цагийн дараа

Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна

Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Т...

img

5 цагийн дараа

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд