мэдээ
Шүүгдэгчийн аав ээж, ар гэрийг алуурчин мэтээр үзэж нийгмээрээ жигших нь буруу

Админ
2025 оны 9 сарын 19

22

Ойрын үед онц ноцтой хүнд гэмт хэргийн шүүх хурлууд явж байна. Бусдын амь насыг зэрлэг балмадаар хөнөөсөн, нийгмийг цочроосон яасан ч айхавтар хэргүүдийн шүүх хурлууд бөөгнөрчихсөн, шил шилээ даран болж байгаа юм бэ дээ. Өнгөрөгч зургадугаар сард “Gem mall” худалдааны төвд, олны нүдэн дээр эхнэрээ 20 гаруй удаа хутгалж алсан Энхбат гэгчийн шүүх Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс гэмт этгээдэд прокурорын санал болгосны дагуу бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хүүхдүүдийнхээ ээжийг ийнхүү ажлын байран дээр нь ирж хутгаар сийчиж зэрлэгээр амийг нь бүрэлгэсэн хэргийн шүүх хуралтай нэг өдөр давхцан 16 настай охин болон 32 настай бүсгүйн амийг мөн зэрлэгээр хөнөөж цогцсыг нь чемоданд хийж шүүгээнд хадгалсан онц ноцтой дуулиант хэргийн шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг болсон.
16 настай охин, 32 настай бүсгүйн амийг зэрлэгээр хөнөөсөн жигшүүрт хэргийг Ц.Дагвадорж гэгч, насанд хүрээгүй эрэгтэй Х.Энхсайхан нар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Чемодантай цогцосны дэргэд эрэгтэй, эмэгтэй хоёр этгээд сууж байгаа зургийг талийгаачийн ээж олон нийтэд дэлгэснээр уг хэрэг нийгэмд айхавтар цочрол өгсөн. Тэрхүү эмэгтэй, эрэгтэй хоёрыг прокуророос хэргийн хамжигч биш хохирогч гэж үзсэн нь нийгмийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Мөн “Дагвадорж гэдэг алуурчин 16 настай охин, 32 настай бүсгүй хоёрыг харгисаар алчихаад энэ аймшигт хэргээ жил гаруй хугацаанд ямар ч сенсацигүйгээр нам дарж чаддаг ямар том артай алуурчин бэ. Ээж нь Их хурлын гишүүн байсан гэсэн үү. Шүүх хурал нь болох дөхөөд хохирогч охины ээжээр дамжуулж монголчууд мэдлээ шүү дээ” гэх утга бүхий мэдээлэл нэвт явж байна. Үнэхээр ч Дагвадорж гэгч тэр харгис этгээд 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амийг хөнөөсөн. Улмаар цогцсыг нь шүүгээнд хийж 12 хонуулсан. 2024 оны зургадугаар сарын 21-нд 16 настай Ш-ийн амь насыг хохироож чемоданд хийж улмаар зураг бичлэг хийсэн болох нь тогтоогдсон. Энэ бүхнийг хохирогчийн ээжийн нийтэд дэлгэж, олныг сэртхийлгэсэн зургаас жил гаруй хугацааны дараа олон нийт мэдсэн нь үнэн.
Нийгэмд яг одоо эдгээр дуулиант хэргүүдийн шүүх хурлын үйл явц, шүүгчдэгч нарт оногдуулах ялын хэмжээ, мөн гэмт этгээдүүдийн ар гэр, аав ээжтэй холбоотой мэдээллүүд ид хүчээ аван “буцалж” байна. Цахим сүлжээгээр нийгэм даяар аванхайлж байгаа мэдээллээс харахад ард түмэн алуурчдын аав ээж, ар гэр рүү айхавтар дайрч байна. Тухайлбал, хүүхдүүдийнхээ ээжийг зэрлэгээр алсан этгээдийн аав ээж, ах дүүг нь адилхан алуурчин мэтээр үзэж, дайрч давшилж байна.
Мөн 16 настай охин, 32 настай бүсгүйн амийг зэрлэгээр хөнөөсөн, мөчилж чемоданд хийж хадгалсан Дагвадорж гэгчийн аав ээжийг нийтээрээ үзэн ядаж, олон нийтийн өмнө ил гарахыг шаардаж, хүүтэй нь адилхан цаазалж, дүүжилж гэсгээл амсуул гэж орилолдож байна. Ийм бузрын алуурчныг төрүүлж өсгөсөн аав ээж буруутай хэмээн үзэж байна. Тэгэхээр ард түмэн эдгээр алуурчдыг, гэмт этгээдүүдийг нийгмийн цочроосон жигшүүрт хэргийг үйлдсэн нөхдийг үзэн ядаж, жигшиж, муу муухайгаар нь хэлэх нь зөв. Зэрлэг балмад алуурчдыг жигшихээс өөр яалтай.
Харин хүү нь алуурчин байлаа гээд түүнийг төрүүлсэн аав ээж, ах дүү, амраг садан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёсгүй. Аливаа гэмт хэргийг дуулиан болгож, гэмт этгээдийг нийгэм даяар “шүүн хэлэлцэж” удам судар, ар гэр рүү нь дарангуйлан дайрах нь ямар ч хууль цаазгүй, харанхуй бүдүүлэг үеийн ойлголт. Ширэнгэн ойд амьдарч байх үеийн ойлголт. Түүнээс энэ бол соёлт хүн төрөлхтний амьдралд байх ёсгүй зүйл. Энэ байдлыг Монгол Улс Үндсэн хуулиараа хориглодог. Үндсэн хуульд иргэн бүр хуулийн этгээд гэж заасан. Учир иймээс Үндсэн хуульд заасны дагуу аливаа гэмт хэргийг үйлдсэн хүн л хууль шүүхийн өмнө буруугаа хүлээж, үүрэх ёстой ялаа эдлэх учиртай. Түүнээс алуурчин хүүтэй байлаа гээд аав ээж, эмээ өвөө, ах дүүс нь адилхан яллуулах учиргүй.
Саяхан Их хурлын чуулган дээр Э.Батшугар гишүүн рүү “Аав чинь ийм хариуцлага юм ярьсан, чи очиж хэлээрэй” гэх утгатай үгсийг нэр бүхий гишүүд хэлээд байна лээ. Тэр буруу, учир нь Н.Энхбаяр, Э.Батшугар хоёр хэдий аав хүү ч хуулийн тусдаа субьект. Тиймээс монголчууд ямар нэгэн дуулиан гарангуут тухайн этгээдийн аав ээж, ар гэр, эхнэр нөхөр рүү нь дайрдгаа болих хэрэгтэй. Энэ бол хууль цаазгүй зэрлэг бүдүүлэг нийгмийн явдал гэдгийг хүн бүр дотроо ухаарч ойлгох ёстой.
Дээрх онц хүнд гэмт хэргүүдийн шүүх хурлын үеэр бас нэг буруу зүйл нийгэмд давлагаалж байгаа нь цаазын ялыг сэргээх тухай. Шуудхан хэлэхэд, Монголд цаазын ялыг сэргээх ямар ч боломжгүй. Хэрвээ бид цаазын ялтай болно гэвэл Монгол Улс НҮБ-ын гишүүнчлэлээс татгалзахад хүрнэ. Манай улс 2012 оноос хойш цаазын ялыг бүрмөсөн халсан. Ингэснээр НҮБ болон олон улсын өмнө дараах үүргийг хүлээсэн байдаг.
Нэгдүгээрт: Олон улсын гэрээний үүрэг буюу “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 2 дугаар нэмэлт протокол”-д нэгдэн орсон. Уг протокол нь цаазаар авах ялыг бүрмөсөн халж, дахин сэргээхгүй байхыг заадаг. Энэ үүднээс Монгол Улс цаазын ялыг сэргээхгүй байх эрх зүйн үүрэгтэй. Хоёрдугаарт: Хүний эрхийн хамгаалалт. Энэ нь хүний амьд явах эрхийг хамгаалах, төрөөс хүний амийг хороох шийтгэл оногдуулахгүй байх, эрүүдэн шүүлт болон хүний эрхийн зөрчилтэй холбогдох бусад асуудалд олон улсын хяналтыг зөвшөөрөх.
Гуравдугаарт: Тайлагнах үүрэг. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн хороонд тогтмол тайлан хүргүүлэх цаазын ялгүй байдлаа хадгалж буйгаа баталгаажуулах. Хүний эрхийн зөвлөл болон бусад олон улсын байгууллагад ид тод мэдээлэх гэх үндсэн үүргүүдтэй. Цаазын ялыг дахин сэргээнэ гэвэл НҮБ-ын өмнө хүлээсэн эдгээр үүргээсээ няцах хэрэг гарна.
Женко Баттулгыг Ерөнхийлөгч байх үед цаазын ялыг сэргээх тухай яригдсан. Сэргээх боломжтой эсэх талаар Ерөнхийлөгчөөс албан ёсоор санал ирсний дагуу Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж маш нарийвчлан судалсан байдаг. Тэр тухай Хууль зүйн сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, хуульч Б.Энхбаяр “Цаазаар авах ялыг халахтай холбоотойгоор НҮБ нь иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протоколыг 1989 онд баталж, 1991 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэхүү нэмэлт протколд өнөөдрийн байдлаар дэлхийн 85 улс нэгдэж, 38 улс гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн. Уг нэмэлт протоколд нэгдэн орсон улс гэрээ конвенцоос гарах тухай заалт байдаггүй. Тиймээс бид хууль баталж юмуу, дангаараа гарах боломжгүй. Иймд Монгол Улс уг гэрээнээс гарах, цуцлах, хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах хууль зүйн боломжгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Тэгэхээр цаазын ялыг сэргээнэ гэдэг боломжгүй зүйл. Ер нь тэгээд монголчууд бид төрийн дарангуйлалд орохыг тэгтлээ юунд хүсээд байгаа юм. Төр, хэн нэгэн дарга таны амьд байх байхгүйг шийддэг байна гэдэг тийм хүсэхээр зүйл юм уу. Сүүлийн үеийн дуулиан болоод байгаа, нийгмийг цочроосон хэргүүдийн шүүх хуралтай холбогдуулж олон нийтэд цаазын ялыг сэргээх боломжгүй, мөн шүүгдэгчийн аав ээж, ар гэрийг алуурчин мэтээр үзэж жигших нь буруу гэдгийг учирлаж хэлэхэд ийм байна.
Д.Батболд





Улс төрийн “вангачид” Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох нь гэж “бошиглов”
Улс төрийн нөхцөл байдлыг тааварлан таавар дэвшүүлж тооцох нь дэлхийн хэвлэлийн жишиг юм. Манай улс ч мөн ийм тоймчдоор дутаж байсан...
8 цагийн дараа
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хос харгай багийн “Задгай”-д аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвд хашаанд хураалтт...
8 цагийн дараа
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Монгол Улсын 2026 оны төс...
8 цагийн дараа
А.Амартүвшин: Ирэх онд 51.080 өрхийн сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024...
7 цагийн дараа
Койбүчи Шиничи: Монголчууд бие дааж амьдрах ухааныг сурсан ард түмэн
Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны эрдм...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд