Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Б.Түвшинтөгс: Шүүх хурлаас өмнө хохирогчийн хохирлыг барагдуулаагүй хүн хурлын дараа төлнө гэж хэзээ ч байхгүй

trend

Админ

img

2025 оны 9 сарын 24

img

67

news-img

Өмгөөлөгч Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Шүүх эдийн засгийн шинжтэй гэмт хэргийг шийдэхдээ хорих ял өгөхийг урьтал болгодог. Гэтэл хохирогчийн хохирлыг барагдуулах асуудал орхигдоод байна гэх шүүмж өрнөсөн. Зарим хүн хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөвчилдөг, эсвэл ялгүй болгох хэрэгтэй гэх байр суурь илэрхийлсэн. Энэ талын хэрэг дээр ажилладаг өмгөөлөгч хүний хувьд та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн хохиролтой залилан мэхлэх, хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэргүүд нь өөрөө хохирол төлбөртэй асуудал буюу тодорхой хохирогчтой байдаг.

Агуулгаараа эдийн засаг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж томьёологддог. Зарим зүйл ангиуд нь хорих санкцтай бол зарим нь хорих санкцгүй. Өөрөөр хэлбэл, ердийн хулгайн гэмт хэрэг хорих санкцгүй байдаг. Хүндрүүлэх нөхцөлтэй бол хорих санкцтай. Тиймээс гол асуудал нь шүүх эрүүгийн хариуцлага оногдуулах үйл явц болоод байна шүү дээ. Хуульд зааж өгсөн зохицуулалтаар бол нэгдүгээрт, шүүх ямар тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх вэ. Үүнд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, буруутай үйлдэл хийснээ ухамсарласан тохиолдолд шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үздэг. Жишээ нь, таван жилийн ял оногдуулах байсан бол гурван жил гэдэг ч юм уу иймэрхүү хуулийн зохицуулалт байгаа.Тиймээс яг ийм практик дээр олон удаа ажиллаж үзсэн өмгөөлөгч хүний хувьд эсрэг байр суурьтай байна. Зарим хуульч, өмгөөлөгч нар шүүх хохирол барагдуулах дээр анхаарахгүй байна. Хохирогчид хохирлоо барагдуулах л хамгийн чухал байдаг. Гэтэл манай шүүх ял шийтгэл өгөхөө урьтал болгож ажилладаг гэх мэтчилэн санал бодлоо илэрхийлсэн байсан. Гэхдээ эрүүгийн гэмт хэрэг дээр өмгөөлөл хийж үзээгүй хүмүүс байсан. Уг нь энэ асуудал практик дээр хорьж ч болно, торгож ч болно гэх сонгох санкцтай зүйл ангиар зүйлчлэгдээд ороод ирдэг юм. Үнэхээр боломжтой, ах, дүү нар нь туслалцаа дэмжлэг үзүүлдэг, эсвэл өөрөө шүүх хурлаас өмнө хохирол төлбөрөө төлөх боломжтой хүн бол хэзээ ч би хорих ял, шийтгэл авъя гэж ханддаггүй.

-Аль болох хохирлоо барагдуулаад ялаас чөлөөлөгдөх хүсэлтэй байдаг уу?

-Тийм. Ихэнх нь 20, 30, 40, 50 хувь гээд өөрийн чадах хэмжээгээрээ хохирол төлбөрөө барагдуулж, торгуулаад өнгөрөхийг боддог. Жишээ нь, 10 өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тутмын нэг нь ерөнхийдөө цайх янзтай. Угаасаа ч иймэрхүү байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь олон удаа ял шийтгэл авч байсан учраас одоо хохирол төлбөрөө барагдуулсан ч нэмэргүй. Эсвэл залилан мэхэлж авсан мөнгөө үрээд дуусчихсан. Дахиад мөнгө бий болгох боломжгүй. Хохирол төлбөр бий болгоход нь тусалж, дэмжлэг үзүүлэх ах дүү байхгүй буюу яагаад ч хохирол барагдуулах боломжгүй тохиолдол бий. Ийм тохиолдолд хохирол төлбөрийг барагдуулъя гэхээсээ илүү бидний хэлж заншсанаар ширэн нүүрлэдэг. Хохирлын мөнгө олохоосоо илүү худал хэлэх агуулга үүсдэг. Тэгэхээр шүүхийн нэг зарчим бий. Бусдад учруулсан хохирол хор уршгаа төлж барагдуулаагүй тохиолдолд торгох ялыг тухайн хүний үйлдэлд тохирохгүй гэж үздэг. Нөгөө талд хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байхад улс торгоно гэдэг бол зарчмын хувьд үйлдсэн хэрэгт нь тохирохгүй. Хоёрдугаарт, хохирлоо барагдуулаагүй байж улсаас өгсөн торгуулийн ял шийтгэлийг биелүүлнэ гэж үзэх ч гэсэн учир дутагдалтай. Тийм учраас шүүх зайлшгүй нөхцөл байдлыг харгалзаад хорих ял шийтгэл өгдөг юм.

-Тэгвэл ямар тохиолдолд хорих ял шийтгэл аваад байгаа вэ?

-Хохирол төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд шүүх хүссэн, хүсээгүй хорих ял оноохоос өөр аргагүй. Шүүх хөндлөнгийн байгууллага учраас шүүгдэгчийг хурлаас өмнө хохирол төлбөрөө барагдуул. Хэрэв хохирлоо барагдуулбал ингэнэ, тэгнэ гэх байр суурь илэрхийлж болдоггүй юм. Тиймээс хохирол төлбөрөө барагдуулах асуудал дээр шүүгдэгч тал санаачилгатай хандах хэрэгтэй. Ер нь шүүх хурлаас өмнө хохирол төлбөрөө барагдуулаад, бусдад төвөг удсанаа ухамсарласан хүнд шүүх торгох шийтгэл оногдуулдаг. Шүүх хохирол төлбөрийг барагдуулах бодлого барихгүй байгаадаа биш, тухайн нөхцөл байдалд нь тохирсон арга хэмжээ аваад явдаг. Манай зарим хуульч, өмгөөлөгч нар залилан мэхлэх гэмт хэрэгт хохирогч, шүүгдэгч хоёр талаас нь өмгөөлж байгаагүй. Тогоон дотор нь гардан оролцоогүй байж гадна орчноос нь ажиглаад дүгнэлт хийж болохгүй.

-Хохирол төлбөрөө л бүрэн барагдуулсан бол хорих ялаас чөлөөлөгдөх боломжтой гэж ойлгож болох уу?

-Яг тэгж ойлгож болохгүй. Бүхэл бүтэн 30-40 хохирогчтой залилан мэхлэх гэмт хэргүүд байна. Зарим тохиолдолд хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан эсэхээс үл хамаараад хорих ял шийтгэл өгдөг. Хохирогчдын тоо их, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Одоо давтан үйлдсэн тохиолдолд хорих ялаас мултрах асуудал эргэлзээтэй болдог. Харин хуулийн үндсэн зорилго бол тухайн хүний гаргасан гэмт хэрэгт ял шийтгэл нь тохирсон байх ёстой шүү дээ. Гэтэл хохирлыг барагдуулчихвал торгоод л өнгөрдөг гэсэн агуулгыг залилан мэхлэгчид урвуулан ашиглавал яах вэ. Өнөөдөр энэ хүмүүсийн мөнгийг залилж аваад ажлаа амжуулчихаад дараа нь төлөөд барагдуулчихвал хорих ялаас мултарна гэх автомат ойлголттой болох эрсдэл үүснэ. Тиймээс хохирол төлбөрөө төлсөн тохиолдолд хүн бүр хөнгөн ял шийтгэл авна гэсэн үг биш.

-Ер нь залилан мэхлэх, дээрэмдэх, хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн ихэнх нь хохирол төлбөрөө сайн дураараа төлөөд байдаг зүйл байхгүй. Үйлдсэн гэмт хэрэг нь баригдаад, эсвэл шүүх хурал болохын өмнөхөн арайхийж төлбөрөө төлж барагдуулдаг. Бусдаар бол өөрийн санаачилгаар хохирлыг барагдуулах хандлага маш бага ажиглагддаг. Ял оноохгүйгээр торговол энэ хүмүүс хохирол төлбөрөө төлнө гэх агуулга бас яригдаж байна. Тэгвэл хохирол төлбөр төлөөгүй байхад торгох ял шийтгэл оногдуулчихаар энэ асуудал шийдэгдчихсэн гээд нөгөө хүмүүс ойлгочихдог. Өөрөөр хэлбэл, би хорих ялаас чөлөөлөгдсөн учраас хохирлыг төлнө, төлөхгүй гээд хаядаг. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс шүүх хурлаас өмнө хохирол төлбөрөө төлөөд ирсэн хүнд сонгох санкцитай зүйл ангиас сонгож хэрэглэдэг юм. Хорихгүйгээр торгох ял оногдуулна гэдэг дэндүү эрсдэлтэй ойлголт. Шүүх хурлаас өмнө хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй хүн хурлын дараа төлнө гэж хэзээ ч байхгүй.

-Саяхан “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийн шүүх хурал болж ялыг хэвээр үлдээсэн. Харин иргэд хохирлоо барагдуулж чадаагүй. Та үүнд юу хэлэх вэ?

-Шүүх тухайн хүмүүст оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн байсан. Хорих ял оногдуулаагүй байсан бол хохирол төлбөрийг барагдуулах боломж байсан гэх агуулга яригдаж байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл бараг найман жилийн хугацаа өнгөрсөн байна. Үнэхээр хохирол төлбөр төлье гэсэн хүнд шүүх хурлаас өмнө төлөх боломж байдаг. Би хохирогчдынхоо хохирлыг барагдуулъя гэсэн хүн яагаад найм, есөн жилийн хугацаанд санаачилгатай ажиллаж болоогүй юм. Хохирол төлбөрөө барагдуулаад ялаа хөнгөлүүлье гэсэн хүн бол угаасаа өөрийн гэсэн санаачилгатай байдаг. Хэрэг шалгагдаад шүүхийн шатанд шилжиж ирэхдээ нэг жил орчим болдог. Тэгэхээр их ч бай, бага ч бай ялангуяа “Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хувьд шүүх хурлаас өмнө бүх хохирогчдынхоо хохирлыг боломжоороо төлөөд орж ирсэн бол магадгүй хорих ялын хамгийн доод хэмжээ, торгох гэх мэтчилэн шийдэгдэх боломжтой. Гэтэл наймын найман жил өнгөрсөн байна шүү дээ. Хамгийн наад зах нь гэхэд хохирогчдын тухайн үеийн мөнгөний ханш үнэгүйдчихсэн. Хоёрдугаарт, алдсан мөнгөн дээрээ нэмээд шүүх цагдаа гэж явсаар цаг хугацаа, нэмэлт зардлаараа хохирсон байх жишээтэй.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, б...

img

3 цагийн өмнө

АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Х...

img

4 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэж...

img

4 цагийн өмнө

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн т...

img

5 цагийн өмнө

“Босоо” С.Ганбаатарыг эгүүлэн татах нөхцөл нь бүрджээ

УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурот шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээ зунаас хэвлэл ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд