Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Б.Жавхлан: Ирэх оны төсвийн алдагдал эдийн засгийн өсөлтийг дэмжих мега төслүүд рүү чиглэгдсэн

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 26

img

26

news-img

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа.


-УИХ-аар төсвийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод хуваариллаа. Төсөв боловсруулж, өргөн барьсан салбарын сайдын хувьд та ирэх оны төсвийн бодлогын гол онцлогийг товчхон дурдахгүй юу?

-Төсвийн бодлогоо гаргаж ирэхийн тулд гадаад болон дотоод нөхцөл байдлаа маш зөв тооцоолох хэрэгтэй. Энэ бол хамгийн гол зүйл. Тэгэхээр ирэх жилийн хувьд гадна талд буюу дэлхийн эдийн засагт маш тодорхойгүй нөхцөл байдал үргэлжлэхээр байна. Нөхцөл байдал бүр гүнзгийрч ч магадгүй талаар олон улсын байгууллага, судлаачид тал бүрээс нь хэлж байгаа. Манай улсын эдийн засгийн хувьд дөнгөж хөгжиж байгаа, уул уурхайн салбараасаа хэт хамааралттай. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээр байгаа үнийг бид удирдаж чаддаггүй. Энэ утгаараа манай эдийн засаг өөрөө их эмзэг. Ийм нөхцөл байдалд бид макро эдийн засгаа тогтвортой хадгалах, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлах, баялаг бүтээгч, хувийн секторын эдийн засгийн оролцоо, идэвхжилтийг дэмжих ийм төсөв болж байгаагаараа онцлог гэж ойлгож болно.

-Улс төр талаасаа ирэх оны төсвийн хэлэлцүүлэг тийм таатай орчинд бас хэлэлцэгдэхгүй байгаа байх. Танай намын даргын өрсөлдөөнөөс шалтгаалсан улс төр чуулганы танхимд ч нэлээд явагдаж байх шиг. Тэгэхээр яг ийм цаг үед төсвийн хэлэлцүүлэг явуулах, төсвийн бодлогоо тайлбарлах амаргүй байна уу?

-Төсөв бол өөрөө хууль. УИХ бол хууль батлах дээд байгууллага. Чуулганы танхим бол мэтгэлцээний талбар. Энэ утгаараа төсвийн хуулийн асуудлаар эрүүл мэтгэлцээн өрнөх нь жам ёсны асуудал. Харин эсрэгээрээ улс төрийн өнцөг, өнгө аяс орж ирээд хэлэлцэж байгаа төсвөө улс төрийн зорилготойгоор гуйвуулах, төсвийг барьцаалах зүйл болбол аюултай. Миний хувьд ийм харамсалтай зүйл болохгүй болов уу гэж найдаж байна. Төсвийн хууль гэдэг бол ирэх жил манай улсын эдийн засаг хаашаа чиглэхийг заах луужин.

Энэ ч утгаараа төсвийн бодлогыг сонсож, харж байгаад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө. Тиймээс төсөв өөрөө УИХ-ын хэлэлцэн батлах ёстой гол хуулиудын нэг. Энэ бодлогыг харж, хүлээдэг, үүнээс хамаарч нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж явагддаг. Тиймээс төсөв гэдэг улс орны хөгжлийн чухал бодлого, мөн эмзэг асуудал учраас битгий улстөржүүлээсэй гэж бодож байна.

-Төсвийн нэгдэх хэлэлцүүлэг дууссан. Нийт таван хэлэлцүүлэг явагдаж байж, батлагдах ёстой, тийм үү?

-Гуч гаруй жил төсвийн хэлэлцүүлэг дөрөв байсан. Харин өнгөрсөн жилээс эхлээд таван хэлэлцүүлгээр явагддаг болсон. Аравдугаар сарын 1-нд өргөн баригддаг байсан бол нэг сараар урагшилж есдүгээр сарын 1-нд өргөн баригдах хуулийн зохицуулалттай болсон. Улмаар аудитлана, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөр орно, дүгнэлтүүд гарна. Ингээд есдүгээр сарын 15-нд танилцах хэлэлцүүлэг болсон. Энэ бүгд амжилттай болж дууссан гэж харж байгаа. Миний хувьд төсвийн тоо, төсвийн бодлого айхавтар шүүмжлэл дагуулахаасаа илүүтэйгээр ирэх онд зорьсон төсвийн бодлогуудыг УИХ харьцангуй дэмжиж хүлээн авлаа гэж харж байгаа. Одоо хоёрдугаар хэлэлцүүлэг санал хураалттай явагдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлого, төсөв 2026 оны хөгжлийн бодлоготойгоо нийцэж байгаа эсэхийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн гол чухал санал хураалттай.

-Хэлэлцүүлгийн явцад ихэнх гишүүдийн асууж, шүүмжилж байгаа асуудал нь алдагдалгүй төсөв оруулж ирэхгүй яасан юм бэ гэж байгаа. Таны хувьд алдагдалгүй төсөв оруулж ирэх шиг амархан зүйл байхгүй гэж тайлбарладаг. Энэ хоёрын ялгаа, зааг нь юу байна вэ?

-Төсвийн алдагдал гэдгээ эхлээд маш сайн задалж, ялгаж ойлгох хэрэгтэй. Юу гэхээр бид цалингаа тавьж чадахгүй алдагдалд ороод байна уу, эсвэл эдийн засгийн өсөлтийг дэмжих гэж алдагдалтай төсөв оруулсан уу гэдгийг ялгаж харах шаардлагатай. Энэ удаагийнх эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжсэн, мега төслүүдээ үргэлжлүүлэх гэсэн төсвийн алдагдал байгаа юм. Нэг үеэ бодоход цалин, тэтгэвэр, тэтгэмжээ бид төсвийн орлогоороо бүрэн санхүүжилж чадна. Тэр битгий хэл хоёр хувийн ашигтай гарч ирж байгаа. Энэ ашгаараа өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан өр, зээлээ төлөөд явна. Харин алдагдал гэж байгаа тэр зөрүү бол нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа цэвэр устай холбоотой хоёр том төсөл, мөн цэвэрлэх байгууламж, 17 аймгийн яаралтай түргэн тусламжийн төвийн төслүүд байна. Ийшээ л орсон зөрүү байгаа юм. Ирэх оны эдийн засгийн өсөлтөө бид 5.7 хувь гэж харж байгаа. Тэгвэл алдагдлаа тэглэчихье. Ингэвэл энэ эдийн засгийн өсөлтийн орон зай хумигдана л гэсэн үг.

-Цалин, тэтгэврээ бүгдийг нь санхүүжүүлж чадна гэлээ. Тэгвэл нэмэгдүүлэх боломж байхгүй байсан уу?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ бид 200 гаруй хуулийн 1000 гаруй заалтаар урсгал зардлаа бүгдийг аль хэдийнэ тусгачихсан. Ингэхээр яаж байна вэ гэхээр доороос нь зардал шахдаг. Гэтэл дээрээс нь нөгөө 24 хувь гэсэн хязгаардаа багтаах ёстой болдог. Яг ийм хайчин дунд төсвийн бодлого өөрөө маш хязгаарлагдмал болж байгаа юм. Ийм тохиолдолд бид эдийн засгийн хөгжлөө юугаар дэмжих вэ. Мэдээж нөгөө зарласан мега төслүүдээрээ л дэмжинэ шүү.

-Мега төслүүддээ хөрөнгө оруулалт тусгасан уу. Зарим гишүүдийн хэлж байгаагаар ирэх оны төсөвт энэ чиглэлд хөрөнгө оруулалт тусгагдаагүй тухай ярьж байсан…?

-Хоёр шалтгааныг ойлгох хэрэгтэй. Жил бүр төсвөөс санхүүждэг төсөл, арга хэмжээнүүдийн тоо эрс буурч байгаа. Цаашид ч буурна. Нэгдүгээрт, төсөл арга хэмжээнүүдийн дүнгүүд эдийн засаг, инфляциа дагаад том харагдах болсон. Нөгөөтэйгүүр Төсвийн тухай хуульд жилд санхүүжих дүн нь гуравны нэгээс доошгүй байх ёстой гэсэн заалт орсон. Өмнө нь ийм заалт байхгүй үед дөнгөж амсуулаад л тавьдаг байсан. Жишээ нь, 10 тэрбум төгрөгийн төсөл байлаа гэхэд 100 орчим сая төгрөг тавих. Тэгэхээр одоо ийм зүйл байхгүй болсон гэсэн үг. Одоо 10 тэрбум төгрөгийн төсөл байлаа гэхэд дор хаяж 3.5 тэрбум төгрөг тавих хуультай болсон. Ингэхээр төслүүдийн тоо багасах хэдий боловч чанаржиж байна гэсэн үг. Тэгэхээр орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдсэн гэдэг бол худлаа шүү. Тоо нь багасаж, илүү чанаржиж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Төсвийн орлого, зарлага дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу. Гишүүдийн хувьд төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирсэн байна. Жилд 90 сая тонн нүүрс экспортлох дэд бүтэц байхгүй гэдэг зүйлийг ярьж байгаа шүү дээ…?

-Ирэх жилийн төсвийн гол онцлог нь макро эдийн засгаа тогтвортой байлгах гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хатуу төлөвтэй явж байна. Иймд бид төсвийн бодлогоо мөнгөний бодлоготой уялдуулах ёстой. Юу гэхээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг төсвийн бодлогоор аль болох хумьж, мөнгөний бодлогод дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Сүүлийн таван жилд бид анх удаа төсвийн хүрээнээсээ орлого, зарлагаа танаж оруулж ирж байгаа. Энэ хэмжээгээр мөнгөний нийлүүлэлт хумигдаж байна гэсэн үг. Тодруулбал, орлого талдаа бид 1.6 их наядаар бууруулж оруулж ирж байгаа. Нэлээн даруухан төлөвлөж оруулж ирж байна гэсэн үг. Харин зарлагаа 500 тэрбум төгрөгөөр бууруулж, ингэж хоёр талаасаа зэрэг оруулж ирсэн. Гадаад нөхцөл байдал хэчнээн хүнд буй ч Засгийн газрын хувьд байгаа боломжоо шавхаж ажиллая л гэж байгаа. Энэ дотор таны асуусан нүүрсний экспортын хэмжээ байна. Нүүрс бол манай улсын гол экспортын бүтээгдэхүүн. Энэ жилийн хувьд 85 сая тонныг гэж байгаа. Харин ирэх жил 90 сая тонныг экспортолно. Өөрөөр хэлбэл, таван сая тоннын л зөрүү байгаа. Сая наймдугаар сард бид хилээр нэвтрэн өнгөрүүлэх гаргалтаа тултал нь ашиглласан. Үүнийг гаалийн мэдээллээс харж болно. Ингэхэд 8.5 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ бол дээд рекорт. Тэгвэл 8.5 сая тонн нүүрсээ 12 сараар нь үржүүлчих. Тэгэхээр 100 гаруй сая тонн болчихож байна уу. Тэгвэл бид 90 сая тонныг экспортолно гэж танаж оруулсан. Товчхондоо ирэх жил Засгийн газар ерөөсөө ажил хийе л гэж байгаа юм. Бидэнд нүүрс нь байна, тэнд худалдан авалт нь байна. Дэд бүтцийн чадал нь хүрсэн үү хүрсэн. Тэгэхээр бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллая гэж байгаа юм. Үнийн хувьд өөдрөгөөр бодох хэрэггүй гэж үзэж байгаа. Нэг тонныг нь 70 ам.доллар дээр л тогтсон. Нөгөөтэйгүүр эрчим хүчний нүүрс экспортлох 10 жилийн хугацаа л байна. Тиймээс бид боломж нөөцөө тултал ашигллах хэрэгтэй.

-Урсгал зардлаа дахиад тана гэж байгаа. Энэ хэвээрээ явлаа гэж бодоход ирэх оны дунд үеэс нүүрс, зэс, алтны үнэ унавал бид урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй байх эрсдэлтэй гэдгийг хэлж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Урсгал зардлыг бид ноднингоос хойш үндсэндээ гурван удаа хасчихаад байгаа. Нодлин бид урсгал зардлаа 730 тэрбум төгрөгөөр бууруулсан. Төсвийн тодотголоор 1.3 их наяд төгрөгөөр танасан. Сая 589 тэрбум төгрөгөөр буурууллаа. Нийт 2.7 их наяд төгрөгөөр урсгал зардлаа бууруулсан гэсэн үг. Нөгөө талдаа манай урсгал зардлын бүтэц зардал бууруулахад хүндрэлтэй байдаг. Түрүүн хэлсэн 200 гаруй хуулийн 1000 гаруй заалтаар урсгал зардал ямар ч гарах хүрэх, зохицуулах боломжгүйгээр шууд тусгагддаг. Хэрэв дахиад урсгал зардлаа үүнээс доош буулгая гэвэл дээрх олон хуулиудыг оролдох, өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Засгийн газрын хувьд хуулиудаа шат дараатайгаар өргөн барьж, урсгал зардлаа бууруулахад бэлэн байна. Харин УИХ дээр салбар салбарынхаа хуулиудаа хамгаалдаг бүлэг үүсчихдэг. Ингэхээр бидний хувьд урсгал зардлаа үүнээс доош бууруулах ямар ч боломжгүй болгож байгаа юм. Цаашдаа орлого эрсдэлд орох, дээр нь маш өндөр өртөгтэй татварын бодлогын шинэчлэлийг бид эхүүлчихсэн байгаа. Тэгэхээр үүнтэй зэрэгцээд төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлээд байгаа энэ олон хуулиа янзлахгүй бол бидний хувьд бодлогын ямар ч арга хэмжээ авах боломж байхгүй. Эсхүл татварынхаа хуулийн шинэчлэлийг ч хийж чадахгүй байх эрсдэлд хүрч магадгүй. Өөрөөр хэлбэл, зардал талаасаа дахиад дөрвөн их наяд төгрөгөөр бууруулж байж бид энэхүү шинэчлэлийг хийнэ гэсэн үг. Үүнээс юу харагдаж байна гэхээр төсвийн бодлогын орон зай маш ихээр хумигдаж байгаа юм. Зардал буулгаж болно. Үе үеийн Сангийн сайд нарын хүсэл бол зардлаа бууруулах. Харин бууруулъя гэвэл нөгөө талаас салбар салбарын олон хуулиудтай тэмцэх ажил гарч ирнэ гэсэн үг. Зөвхөн нийгмийн даатгалын татаас гэхэд 1.5 их наяд төгрөг. Хүүхдийн мөнгө гэхэд 1.6 их наяд төгрөг. Эрүүл мэндийн даатгалын татаас 1.3 их наяд төгрөг. Үүн дээр нэмэгдээд тэтгэвэр, тэтгэмж, нөгөө олон халамжууд гээд явна. Зөвхөн нийгмийн даатгалын сангийн зардал гэхэд 6.4 их наяд төгрөг болдог. Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал 2.3 их наяд төгрөг. Энэ хоёрхон зардал нийлээд л 8.7 их наяд төгрөг. Нөгөө 24 их наяд төгрөгийн хэдэн хувь нь уу, бодоод үзээрэй. Энэ зардал бүгд хуульчлагдчихсан.

-Ямар ч бодох зүйлгүйгээр шууд тавигддаг зардал байх, тийм үү…?

-Энд бидний хувьд бодлогын ямар ч орон зай байхгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмж байна. Засгийн газрын хувьд ирэх оны төсөвт байж болох хамгийн дээд хэмжээндээ буюу зургаан хувиар л нэмж чадлаа. Энэ өөрөө 378 тэрбум төгрөгийн өртөг гэсэн үг.

-Гадаа талбайд багш нар цалингаа нэмүүлье, дэлхийн жишигт хүргэе гэж шаардаж байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бий юу?

-Орлого нэмэгдүүлэх нь хуулийн заалттай. Жишээ нь, тэтгэврийг жил болгон инфляцийн түвшинтэй харьцуулан нэмнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, бид хуульд заасан хувь хэмжээгээр л нэмэгдүүлж чадсан гэсэн үг. Боловсролын салбар дээр хувьсах зардлыг нэмэгдүүлэх дээд орон зай нь 100 тэрбум төгрөг. Үүнийгээ нэмсэн. Энэ дотор цалингийн өсөлт, бусад урамшуулал багтаад явж байгаа. Нөгөөтэйгүүр түрүүн хэлсэн баахан хуулиа өөрчилж байж л зардлын зохицуулалтаа хийх орон зай бидэнд гарч ирнэ гэсэн үг.

-Ирэх оны төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг. Энэ оны төсөв анх батлагдахад 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ирэх оны төсөвт ч хориг тавигдах нөхцөл байдал харагдаж байна уу?

-Ирэх оны төсвийн алдагдал яг юунд зориулагдаж байна вэ гэдгийг л би дахин, дахин сануулж хэлээд байгаа юм. Цалингаа тавьж чадахгүй алдагдалд ороод байна уу, эсвэл хөгжлөө дэмжих гээд алдагдалтай гаргаад байна уу. Өөрөөр хэлбэл, орлого дутаад цалингаа тавьж чадахгүй алдагдал үүссэн бол хориг тавихыг үгүйсгэхгүй. Харин энэ удаагийн алдагдал эдийн засаг, хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжсэн алдагдал учраас үгүй болов уу гэж бодож байна.

-Гишүүдийн таван тэрбум төгрөг гэж хэл ам дагуулсан. Ирэх оны төсөвт гишүүдээс хөрөнгө оруулалтын санал авч тусгасан уу?

-УИХ-ын гишүүн хууль санаачлах, хэлэлцэх, батлалцах, эс батлах бүрэн эрхтэй. Төсөв ч яг адилхан хууль. Тэгэхээр төсвийн ямар ч шатанд гишүүд тойргоо төлөөлөөд, ард түмнийхээ саналыг уламжлах эрхтэй. Гэхдээ энэ эрх тодорхой дүрмээр зохицуулагддаг. Нэгдүгээрт, гаргасан санал нь хөгжлийн төлөвлөгөөнд орсон байх ёстой. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд багтсан байх хэрэгтэй. Тухайн салбарын бодлогын эрэмбэд орсон байх учиртай. Энэ гурав маш чухал. Үүнийг хангаж чадаж байгаа бол төсвийн дүрэмд нийцүүлэх ёстой. Эцэст нь салбарынхаа төсвийн хязгаарт багтаж байх шаардлагатай. Ийм таван гол шалгуурыг давж байж тухайн санал төсөвт тусгагддаг. Энэ шалгуураар гарч ирсэн төсөл, арга хэмжээнүүд л төсөвт тусгагдсан гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр гишүүдээс орж ирж байгаа санал энэ олон шалгуураар хязгаарлагдахаар тоо нь эрс багасаж орж ирдэг болсон. Эцсийн дүндээ салбарын бодлогодоо л нийцэж орж ирэх хэрэгтэй.

БНХАУ-ЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРСАН Ч МАНАЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ В+ ХЭВЭЭР ХАДГАЛАГДСАН

-Өрийн асуудал ямар байгаа вэ. Зээлжих зэрэглэлээ ахиуллаа гэж мэдээлж байсан шүү дээ…?

-Сүүлийн таван жил Засгийн газар УИХ-аар баталдаг өрийн удирдлагын стратегитай маш сайн нийцүүлж бодлогоо гаргаж, гүйцэтгэж ирсэн учраас 2024 онд 12 жилийн өмнө алдсан байсан зээлжих зэрэглэл дээрээ буцаж, өндийд очсон. Өөрөөр хэлбэл “B+” тогтвортой байдлын үнэлгээгээ эргэж авсан гэсэн үг. Энэ үнэлгээгээ бид одоо ч хамгаалж чадаж байгаа. Яг манайхтай адилхан эдийн засаг нь уул уурхайгаасаа хамааралтай хөгжиж байгаа ижил зэрэглэлтэй 20 гаруй орны үнэлгээ буурсан. Харин манайх зэрэглэлээ өсгөж чадсан 6 орны нэг болж чадсан. Тэр байтугай бүс нутагтаа хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын зээлжих зэрэглэлийг энэ оны 4 дүгээр сард Фитч агентлагаас бууруулсан бол манайхыг сая 9 дүгээр сард ирж үнэлээд хэвээр хадгалаад явсан. Үүнээс манай улсын өрийн удирдлага хэрхэн явж байгааг харах хамгийн тодорхой тоон жишээ. Тоо худлаа хэлдэггүй. Нөгөөтэйгүүр, аливаа жин хэмжүүрийг даацтай нь харьцуулж ярьдаг. Машинаар жишээ авахад хоёр тоннын даацтай тэрэг дээр гурван тонн ачаа ачиж болдоггүй биз дээ. Хэтрүүлж ачвал автомашинаа эвдчихнэ. Тэгэхээр хоёр тоннын даацтай л бол тэр тонн ачаагаа ачих ёстой. Үүнтэй адилхан манай улсын даацыг ДНБ-ээр хэмждэг. Үүнтэй харьцуулсан хэмжээгээр л бид хамгийн зөв менежмент барьж явах ёстой. Өөрөөр хэлбэл, даацаа нэмэхийн хэрээр ачаагаа бид нэмээгүй. Эсрэгээрээ даац нэмэгдэхийн хэрээр ачаагаа бид багасгаж ирсэн гэсэн үг. Биднийг анх ажил хүлээж авахад ДНБ 37.5 их наяд төгрөг байсан. Харин одоо 90 их наяд, ирэх жил 102 их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ хэмжээгээрээ бид өрөө нэмээд яваагүй, зохистой түвшинд хадгалж ирсэн шүү. Энэ гарсан орон зайгаа бид өдийг хүртэл нөөцөлж ирсэн нь зөв байсан байна. Мөчлөг сөрж байгаа бодлогын хамгийн том илрэл нь эндээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл өрийн бодлогын орон зайгаа бид маш сайн суллаж ирсэн. Товчхондоо ДНБ-ий 93 хувьд хүрээд байсан Засгийн газрын өрийн хэмжээг 40 хувь руу ортол бууруулсан гэдэг маань маш том нөөц. Нөгөөтэйгүүр, төсвийн орлого дутаж, эдийн засаг унаж байвал үүнийг санхүүжүүлэх 16 их наяд төгрөгийн орон зай бидэнд байна гэсэн үг. Тэгэхээр ямар том боломж нөөц байгаа вэ гэдгийг эндээс харж болно.

-Зээлжих зэрэглэлийн үнэлгээ сайн байх тусам тухайн улсын гадаад зээлийн хүү, мөн дотоод бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн таатай орчин бүрдэх боломж гэж ойлгодог, зөв үү…?

-Зөв. Төрийн зээлжих зэрэглэлийн суурь нь Монгол Улсын олон улсын зах зээл дээрх бенчмарк болдог. Тэгэхээр манайх үүнийгээ аль болох суллаад багасгаад өгөх тусмаа хувийн секторынхонд хөрөнгө оруулалт хийхэд өртгийг нь бууруулж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол төрийн хамгийн том үүрэг. Энэ утгаараа бид үүргээ онц сайн биелүүлж байгаа гэсэн үг. Цаашид 2028 он хүртэл бид энэхүү зээлжих зэрэглэлээ сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа.

-Сангуудын хөрөнгө үр ашиггүй зарцуулагддаг. Үүнээсээ болоод эцэстээ тухайн сан алдагдалд ордог гэдэг. Баялгийн сангуудыг үүн шиг болгохгүйн тулд хуримтлагдсан хөрөнгөө гадаадад байршуулж, хүүгээр нь өсгөх хэрэгтэй гэж ярьж байгаа. Уг асуудалд таны байр суурь ямар байна вэ?

-Бид Баялгийн сангийн хөрөнгөө Англи, Люксембург, Франц зэрэг өндөр зээлжих зэрэглэлтэй орнуудын төв банкуудад жилийн 4.1-4.3 хувийн хүүтэйгээр байршуулсан байгаа. Үндэсний баялгийн сан ахисан түвшинд гарч ирж байгаа. Зарим хүмүүсийн хувьд илүү өндөр хүүтэй газар байршуулах хэрэгтэй гэх маягаар шүүмжлэх аястай болж ирж байна. Үүнд би дотроо баярладаг. Учир нь Үндэсний баялгийн сангийн бодлого зөв, эрсдэлгүй чиглэл рүүгээ явж байгаа гэсэн үг. Өмнө нь яаж мөнгөтэй болох вэ, хуулга дээр байгаа мөнгийг яаж мөнгөжүүлэх вэ гэдэг бодлого явж ирсэн. Тухайн үед үүнийг хэн ч ярьдаггүй, хэн ч ойлгодоггүй байсан. 2021 онд ажил хүлээж авахад бид дансны хуулга дээрээ ирээдүй өв сангийн 1.4 их наяд төгрөг л байсан. Үүнийг бид шат дараатай мөнгөжүүлээд 2024 оны эцэс гэхэд Монголбанкны ам.долларын дансанд бүрэн мөнгөжүүлэн, тусгаарласан. Одоо энэ оны эцэс гэхэд тус сангийн хуримтлал 1.6 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, 1.3 их наяд төгрөг байсныг 1.6 тэрбум ам.доллар болгож байна гэсэн үг. Ирэх жил 2.2 тэрбум ам.доллар буюу 8.5 наяд төгрөг болно. Тус сангийн хөрөнгийг бид зургаа дахин өсгөж чадсан. Тэгэхээр одоо ашиг ярьж эхэлдэг болсон. Үүнийг ахисан түвшинд гарч ирсэн гэж хэлээд байгаа юм. Хуулиараа тус сангийн хөрөнгө найдвартай байх, хөрвөх чадвартай байх, энэ хоёр нөхцөл зэрэг биелсэн тохиолдолд эрсдэл, өгөөжийн зохистой түвшинд удирдна гэж байгаа. Энэ нь манай гадаад валютын нөөцийн удирдлагын бодлоготой яг цав таарч байгаа. Ирээдүй хойч үедээ хадгалж байгаа хөрөнгөө бид хэт их ашиг хонжоо олох гэж яваад эрсдэлд оруулж болохгүй, нөгөөтэйгүүр энэ сангийн хөрөнгө маань манай валютын нөөцийг хамгаалж байгаа гэж ойлгож болно. Энэ нь эргээд нөгөө зээлжих зэрэглэлээ тогтвортой хадгалах, хувийн хэвшилд хямд эх үүсвэр татахад нь дэмжлэг болоод явж байгаа гэсэн үг.

-Ирэх оны төсөвт татварын орчин ямар байхаар тусгагдсан бэ. Татварын шинэчлэл бүрэн хийгдээд явахад дөрвөн их наяд төгрөгийн зардал гарч ирнэ гэж та хэлсэн шүү дээ… Тэгэхээр татвар, НӨАТ-ын асуудлаар та тайлбар өгөхгүй юу?

-Татаврын шинэчлэлийг бид зоригтойгоор эхлүүлсэн. Татварын шинэчлэл, зардал бууруулах арга хэмжээтэй давхар явахгүй бол үүнийг хэрэгжүүлэх бодлогын орон зай бидэнд байхгүй. Татварын шинэчлэл өөрөө дөрвөн их наяд төгрөгийн өртөгтэй. Гэтэл бид хоёр зуу гаруй хуулиар 24 их наядын урсгал зардлыг аль хэдийнэ хуваарилчихсан. Тэгэхээр бид энэ зардлуудыг хуулиудыг нь өөрчилж дахин эрэмбэлэхгүй л бол татварын шинэчлэл хэрэгжих боломж, орон зай зардал талдаа байхгүй гэсэн үг. Ирэх жил хэрэгжүүлэх гэж байгаа НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь таван хувь болсоноороо дангаараа нийт нэг их наяд төгрөгийн өртөгтэй. Хамгийн өндөр хүлээлттэй, хамгийн их хэлэлцсэн асуудал энэ байсан. Өөрөөр хэлбэл, татварын шинэчлэл дөрвөн их наядын өртөгтэй. Тэгэхээр ийм хэмжээний зардал бууруулах арга хэмжээ авч байж, энэ нь төсөвт бодлого болж орж ирэх боломжтой. Тэгэхээр салбар бүр энэ үнэнтэй нүүр тулах ёстой. Салбар бүр өөрийнхөө зардлыг хуулиар нь эрэмбэлэх шаардлага гарч ирж байна гэсэн үг. Энэ асуудал ирэх жилүүдэд УИХ дээр яригдах том зорилт дагуулсан асуудал болно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Есдүгээр сард 52 иргэн угаарын хийн хордлогод өртжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, уг...

img

8 цагийн дараа

Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг ирэх сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт ...

img

7 цагийн дараа

Нөгөө үхээд боссон гэх Б.Баярмагнай нь байр сууриа илэрхийлээд эхэлж…

МАН-ын даргын өрсөллөөн улс төрийг халааж байна. Үүнтэй зэрэгцээд сошиалд нэгэн зураг шуугиж эхэллээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн НА...

img

7 цагийн дараа

Улсын олимпиадын хуваарийг баталжээ

Боловсролын Ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Тус журмаар олимпиад зохион байг...

img

7 цагийн дараа

МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү

Парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд, дэд сайд, олны анхаарлыг татса...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд