мэдээ
Х.Баасанжаргал: Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг томилох процессыг Үндсэн хуульд заасны дагуу хийгээгүй

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 06

58

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.
-Танай намын даргын сонгуулиас эхтэй тэмцэл их ширүүсч байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Процесс талаас нь өөрийнхөө харж байгаа өнцгийг эхлээд хэлэх ёстой байх гэж бодож байна. МАН-ын даргын сонгууль болох нь их тодорхой болчихсон байсан. Тийм болохоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэдгээ Бага хурал болохоос бараг 10-аад хоногийн өмнө албан ёсоор зарласан. Үүний араас өөр хэн нэгэн намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлахгүй байсаар байгаад Бага хурал маань болсон. Миний хувьд аль болох ил тод, нээлттэй сонгууль болоосой, мэтгэлцээн өрнөөсэй, бодлогын асуудлуудыг яриасай гэж хүсч байсан. Тийм болохоор хэн өрсөлдөнө гэдгээ зарлах бол, ямар бодлого гаргаж тавих вэ гэдгийг их анхаарч байсан. Харамсалтай нь Бага хурал болтол ийм үйл явц огт болоогүй. Нэг л хүн нэр дэвшихээ зарласан байсан. Ингээд Бага хурал болоход түүн дээр Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд нэр дэвшиж байгаагаа зарлаад, үндсэн илтгэлээ тавьсан. Хоёр нэр дэвшигч илтгэлээ тавиад, нийтдээ 3-4 цаг мэтгэлцээн өрнөсөн. Энэ мэтгэлцээн нээлттэй болсон бол үнэхээр дэвшил болох байсан болов уу гэж би бодож байгаа. Хэдийгээр Бага хурлын гишүүддээ нээлттэй ч бид одоо сэтгэгдлээ ярих нэг өөр. Тухайн үед нь мэтгэлцээнийг шууд байдлаар хүмүүс үзсэн бол улс төрийн намуудын төлөвшилд маш хүчтэй нөлөө үзүүлэх байсан байх гэж дүгнээд байгаа. Гэхдээ Бага хурлын гишүүд ямар ч байсан чөлөөт асуулт асууж, хариултуудаа нээлттэй авсан. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүн намын даргад өрсөлдсөн. Түүнээс Ерөнхий сайдын сонгууль биш шүү дээ. Тийм болохоор намын тогтолцоо, үзэл баримтлал, цаашдаа сонгуульд хэрхэн оролцох юм гээд нэлээд улс төрийн нарийн зүйлүүд ярих ёстой байсан. Гэвч Г.Занданшатар даргын хувьд тийм зүйл огт илэрхийлээгүй.
Одоогийн эдийн засгийн тухай түлхүү ярьсан. Тийм болохоор би л гэхэд өөрийнхөө асуултад хариулт авч чадаагүй.
-Та ямар асуулт асуусан юм бэ?
-Би хүүхдийн асуудал дээр ямар бодлогын ахиц дэвшил гаргах вэ гэдэг асуулт асуусан. Учир нь энэ Засгийн газар хүний хөгжлийг мега төсөл гэж зарлаад байгаа учраас үүн дотор хүүхэд их чухал байр суурьтай байх ёстой. Тийм болохоор хүүхдийн асуудалд яг ямар хөгжлийн бодлого, ахиц дэвшил гаргах юм гэдгээ тодорхой хэлээд өгөөч гэсэн юм. Өмнөх өдөр нь парламент дээр мэтгэлцээн өрнөхөд би бас хариулт авч чадаагүй. Хоёрдугаарт, эдийн засаг, уул уурхайтай холбоотойгоор баахан лиценз хураана гээд байдаг. Энэ нь зүй ёсны байж магадгүй. Гэхдээ хуулийн дагуу хийх ёстой. Түүнээс гадна үүний цаана хөрөнгө оруулагчийн итгэлийг хамгаалах бодлого заавал явах хэрэгтэй. Монголчууд өгсөн зүйлээ буцаагаад авчихдаг гэсэн ойлголт битүү явчихлаа. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлого гэж байх ёстой. Итгэлийг нь хамгаалах тал дээр юу хийх вэ гэж асуусан ч харамсалтай нь мөн л хариулт авч чадаагүй. Хүүхдийн асуултад улс төрийн цагаа олоогүй асуулт асуулаа гэдэг байдлаар тайлбар хийсэн.
-Танай Бага хурлыг ирцийн хувьд их маргаантай гээд яриад байна шүү дээ?
-Манай нам чинь цахим нам. Саналын хуудас авах бүрдээ QR кодоор ирцээ уншуулаад явдаг. Өмнөх Бага хурлууд ч бүгд ингэж болж байсан. Хамгийн гол нь тэр уншуулж байгаа ирц нь хуульд заасан хувийг л хангах ёстой. Үүнийгээ ч хангасан учраас ямар нэгэн асуудалгүй сонгууль болсон гэсэн үг.
-Ерөнхий сайдын хувьд Бага хурлынхаа шийдвэрийг эсэргүүцсэн. Улмаар ХЗДХ-ийн сайдаа шинээр томилж буйгаа мэдэгдсэн. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Бага хурлын санал хураалт явсны дараа ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй гээд гараар тоолуулсан. Ер нь хүлээн зөвшөөрөхгүй нь их тодорхой болж эхэлсэн. Тэгээд сүүлийн санал хураалт дээр ч ирээгүй, хурлаа хаяад явсан. Б.Энхбаяр гишүүний хувьд ч Бага хуралд огт оролцоогүй. Дараа нь Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаа солилоо гэсэн. Үүнийх нь үндэслэлд би жаахан санаа зовоод байгаа юм.
-Тэр нь юу вэ?
-Энэ сайдыг сольж байж хэрэг явах юм байна гэдэг чинь маш аюултай. Тогтолцоондоо аюултай мэдэгдэл байхгүй юу. Бид чинь өчнөөн олон хүний цус, нулимс, төлөөсөөр энэ хуулийн байгууллага, улс төр хоёрыг салгах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Энэ хоёр холилдохоороо ямар айхтар дайн дажин, хэлмэгдүүлэлтийг үүсгэдэг вэ гэдгийг хүн төрөлхтөн түүхээрээ үзээд туулчихсан. Гэтэл үүнийг чинь зүгээр л гарч ирээд нийлүүлэхийг оролдож байгаа юм. Манай хуулийн салбар ингэхээр маш хүнд, харамсалтай цаг үеийг туулах болж байна гэсэн үг. Жирийн цагдаагийн алба хаагчид хүртэл өнөөдөр хэлж байна. Ирээд байцаалт өг гэхээр ирдэг хүн олдохоо болилоо. Энгийн хуулийн процессын үйл ажиллагаа явагдахгүй, хэн гэдэг улстөрчийн захиалга юм гэдэг боллоо гэж байна. Бүх хэргүүд улс төрийн захиалгаар явдаг юм шиг ойлголтыг бий болгочихлоо. Ингэхээр тогтолцооны хувьд, гэм буруугийн асуудалд асар хортой. Хууль, шүүхийн бие даасан, хараат бус байдал чинь маш эмзэг болчихлоо. Тиймээс улс төрд байгаа хүмүүс ийм балмад үйлдлийг дахиж битгий гаргаасай гэж бодож байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмсэн ч эргээд парламентын засаглал руугаа дайраад эхэллээ гэдгийг зарим хүн хэлж байна?
-Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн үеэр яг энэ асуудал яригдаж байсан. Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа дээр гараад суучихдаг хэв маяг руу шилжих вий гэсэн болгоомжлолыг зарим судлаачид сануулж байсан юм. Энэ бүхэн нь одоо яг л орой руу орж байна л даа. Саяхан гишүүдийн зарцуулах хөрөнгө оруулалтын мөнгө гээд 5, 15 тэрбум төгрөг санал болгосон чинь яг үүний илрэл байсан. Гүйцэтгэх засаглал яагаад парламентын гишүүдийг ямар нэгэн байдлаар тойргийн мөнгө гэдгээр авлигадаж амыг нь хаах гэж оролдож байгаа юм. Энэ чинь аюултай зүйл гэдгийг тухайн үед нь хэлж, эсэргүүцэж байлаа. Одоо яг үүний үргэлжлэл явж байна. Гүйцэтгэх засаглалд мөнгө байгаа парламентын засаглалд нь илүү эрх мэдэл байх ёстой. Харин шүүх засаглалд нь шүүх эрх мэдэл нь байх ёстой. Яг л ийм тэнцвэр байх ёстой. Харамсалтай нь энэ тэнцвэр алдагдсаны илрэл болж байна гэсэн үг. Тийм учраас хэдийгээр өөрөө сайдаа томилох ч гэсэн заавал мэдэгдэнэ, танилцуулна, тангараг өргөнө. Тангараг өргөж байж тэр хүний ажил эхэлнэ. Түүнээс биш ганцхан Ерөнхий сайд мэдэгдэл хийгээд ажил нь явчихна гэж ойлгож ерөөсөө болохгүй. Энэ тэнцвэрийг хангах гэж иймэрхүү процессын заалтуудыг Үндсэн хуульд оруулж өгсөн юм.
-Тэгэхээр танилцуулаад л болно. Түүнээс биш парламент энэ томилгоонд ямар нэгэн байдлаар оролцож болохгүй гэсэн үг үү?
-Тийм боломж байхгүй. Гол нь Ерөнхий сайд ямар алдаа гаргасан бэ гэхээр танилцуулаагүй байхдаа шууд томиллоо гээд хэлчихсэн. Өөрөөр хэлбэл, томилох процессыг Үндсэн хуульд заасны дагуу хийгээгүй. Энэ нь өөрөө асуудал үүсгэж байгаа юм.
-Танай намын гишүүд сүүлийн өдрүүдэд ээлж дараалан мэдээлэл, мэдэгдэл хийж байна. Энэ бүхнээс харахад танай бүлгийн гишүүд чинь хоёр хуваагдчихсан байгаа юм шиг л харагдаад байна л даа?
-Үндсэндээ хуваагдаж байна л даа. Үүнийг нуух юу байх вэ. Бүгд л өөр, өөрийн гэсэн үзэл бодолтой, дотор нь байж харж байгаа учраас өөрсдийнхөөрөө шийдвэрээ гаргаж байгаа байх. Ялангуяа УИХ-ын даргыг нүүрстэй холбогдуулсан асуудал дээр би илүү баримт шалгаад байна. Тийм учраас өчигдөр/10.02/ Хууль зүйн байнгын хороо хуралдаад энэ бүхэнтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагынхан өгөөч гэсэн. Харамсалтай нь энэ хурал болж чадсангүй. Өмнө нь яг Ноорогтой холбоотой асуудал дээр би ийм санал тавиад үдээс хойш нь байнгын хороо хуралдаж, мэдээллийг ил тод, нээлттэй ярьж байсан. Одоо уг нь албан ёсны механизмууд ажиллаж байх ёстой. Хэн нь зөв, буруу яриад байгаа юм гэдгийг ялгаж байх хэрэгтэй. Тийм болохоор би аль болох энэ механизмуудыг ажиллаач гэж шахаж байгаа. Хууль зүйн байнгын хороо ажиллах ёстой. Манай намын Удирдах зөвлөл хуралдах хэрэгтэй. Одоо бол хоёр хүний байр сууриуд маш тодорхой боллоо. Бид яах гэж ийм том, том тогтолцоонууд угсарсан юм. Тэдгээр нь одоо ажлаа хийх ёстой.
-Таны яриад байгаа механизмууд тань ажиллаж чадахгүй байгаа юм биш үү. Хууль зүйн байнгын хороо хуралдаж чадсангүй. Өнөөдөр/10.03/ чуулган бас хуралдсангүй. Тэгэхээр МАН-ын даргын асуудал төрийн зовлон болчихлоо гээд байгаа нь үнэн юм биш үү?
-Тэгэхээр тогтолцоо маань одоог хүртэл хүнээс хамааралтай байна л гэсэн үг. Тогтолцоог яах гэж угсардаг юм гэхээр хүний нөлөөг байхгүй болгох гэж, хамгийн бага түвшинд байлгах гэж л угсарч байгаа. Хууль зүйн байнгын хорооны ирцийг би дараа нь авч харсан. Бидэнд хоёр цагийн өмнө мэдэгдсэн юм. Тэгэхэд зарим гишүүд маань “Ахмадын өдөр” таарсан учраас тойргийн гишүүд маань орон нутаг руугаа яваад, 5-6 гишүүн чөлөө хүссэн байсан юм билээ. Харин ямар ч шалтгаангүйгээр ирээгүй 5-6 гишүүн байсан. Уг нь Б.Энхбаяр гишүүн энэ байнгын хорооны хуралдаандаа ирэх л ёстой байсан. Ирээд цагдаагийн удирдлагуудтай өөрөө яриад байгаа зүйлийнхээ талаар нүүр тулах л байсан юм. Харамсалтай нь тийм зүйл огт хийхгүй байна.
-Шалтгаангүйгээр ирээгүй гишүүд нь яг аль талдаа байгаа хүмүүс байна вэ?
-Ёстой сайн хэлж мэдэхгүй. Ер нь бол тодорхой байх л даа.
-Б.Энхбаяр гишүүн бол өөрөө ирээгүй юм байна, тийм үү?
-Тийм, Б.Энхбаяр гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдаандаа ирээгүй.





Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...
3 цагийн өмнө
АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...
3 цагийн өмнө
Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...
4 цагийн өмнө
The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно
Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...
4 цагийн өмнө
Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ
Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд