мэдээ
Монголчуудын мөрөөдлийн төсөл маань “Цагаан заан” болж хувирав уу?

Админ
2025 оны 10 сарын 06

24

Манай улс шатахууны хувьд ОХУ-аас 90 гаруй хувийн хараат байдалд байдаг. Энэ бол бидний хамгийн эмзэг асуудал юм. Одоогоос хоёр сарын өмнө хойд хөрш маань бензиний экспортдоо хориг тавьлаа. Харин манайханд тоож байгаа юм алга аа.
Үйлдвэрүүд нь агаарын халдлагад өртсөнөөс үүдэн засварт орсон. Тэднийд шатахууны хэрэглээ нь зуны улиралд асар их өсдөг. Тэгээд ч энэ хориг бол түр хориг, манайд хамааралгүй асуудал, бид урт хугацааны гэрээтэй… гээд л энэ асуудлыг тоож авч хэлэлцэхгүй халамцуу гөлөмцүү давхилдаж яваа харагдана. Айлаас бараг 100 хувийн хамааралтай байдаг шатахуун түлшний асуудлаа хэдэд эрэмбэлдэг ухаантнуудын орон болоод энэ талаар ярих нь бүү хэл огт тоохгүй орхичихоод дотоодын улс төрийн дажиндаа бүгд ухаанаа алдан, толгойгоо дүрчихсэн тууж явааг нь бурхан л мэдэх байх даа. Ингэтлээ хайнга, тэнэг, гэнэн болчихсон улс байх гэж…
Биднийг ингээд эцэс төгсгөлгүй найрлан жаргаж, навсайтлаа хэрэлдэн зодолдож байх зуур ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгачихлаа. Мэдээж одоохондоо манайд ОХУ-ын Засгийн газрын гаргасан энэ экспортын хориг үйлчлэхгүй. Одоохондоо шүү…
Үнэн хэрэгтээ энэ удаагийн хоригт Монгол Улс хамрагдаагүй нь нэг их найрсаг хөршийн найрамдалт харилцааны бэлгэдэл үйлчлээд байгаа юм огт биш. Өмнөх Засгийн газрын үед урт хугацааны тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэ гэрээний стратегийн ач холбогдлыг өнөөдөр бид эдэлж байна л гэсэн үг. Мэдээж үүрдийн юм гэж байхгүй. Бид өөрсдийн нефтийн үйлдвэрээ үтэр түргэн барьж, импортын хараат байдлаа бууруулах нь нэн чухал болоод байгааг өнөөдрийн ОХУ-д болж буй үйл явдлууд толгой руу маань тогшин мэдрүүлж байна шүү дээ.
Манайхны барьж буй домогт үйлдвэр 2024 онд ашиглалтад орох ёстой байсан ч удаа дараа хойшилсоор, одоо бүр 2027–2028 он болж байх шиг байна. Энэ төсөл манай эрчим хүчний салбарт шинэ үеийг эхлүүлэх ёстой юм. Гэвч бүтээн байгуулалтын ажил нь дуусдаггүй. Гэтэл Оросын талаас шатахууны нийлүүлт хэзээ ч тасалдаж мэдэх эрсдэл дүүрэн. Энэ гачлан биднээр Иличийн гэрлийн домгийг дахин дуулуулах вий дээ.
Үнэндээ оросуудын манайд шатахуун нийлүүлдэг явдал бол тэдэнд бизнесийн өчүүхэн ч ашиггүй зүйл юм. Шууд утгаараа бизнес ч биш. Энэ бол зүгээр л стратегийн бодлого. Жишээ нь, Монгол руу нийлүүлдэг бензиний үнэ нь Оросын дотоодын үнээр, дэлхийн зах зээлийн үнээс хямд байдаг. Зарим тохиолдолд өөрийн өртгөөс нь ч доогуур байдаг гээд бод. Ийм бизнес ч гэж юу байх вэ дээ. Энэ юуг илэрхийлж буй нь тэнэг хүнд ч ил байгаа биз.
Саяхан тэдний хэвлэлдэд (Сибирский Экономист) “ ОХУ-ын хувьд Монгол руу шатахуун нийлүүлэх нь ашиг олох зорилготой биш, ердөө “зөөлөн хүчний” хэрэгсэл юм. Энэ нь Монгол Улстай худалдаа, улс төрийн аль аль талын нөлөөг хадгалах боломж олгодог. Тус бүс нутагт Бээжингийн өрсөлдөөн нэмэгдэж, барууны орнуудын нөлөө тэлж байгаа энэ үед тогтвортой хоёр талт харилцааны бүхий л боломжийг чухалчлах нь ач холбогдолтой юм” хэмээн бичсэн байсан. Тэдний үнэн нь энэ.
Ер нь тэгээд ОХУ-д дотоод хямрал нь хурцадвал нэн түрүүнд өөрсдийн дотоод хэрэгцээгээ хангахад л анхаарч таарна шүү дээ. Энэ бол хамгийн энгийн зүйл. “Украины Агаарын цэргийн хүчин Оросын түлш үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрт цохилт өглөө. Үүнээс болж одоогоор нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа ч гэлээ хуримтлагдсан нөөцөөрөө дутуугаа нөхөж байна гэж “Тасс агентлаг” нь мэдээлж л байна. Өөрсдөд нь дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тогтворжуулах шаардлага тулгарчихлаа. Ийм үед айл хөршийн асуудал хойшоо тавигдах нь орчлонгийн жам. Үнэний ийм гашуун хэсгийг бид огт ярьдаггүй. Ярьж хэлсэн нэгнээ сонсдоггүй.
Манайхны зарим хэсэг өөрсдийн асуудлаа хаячхаад айлын асуудлаар ам мэдэн орилж суудаг болоод удаж байна. “Украиныг очиж очиж Оросын эсрэг дайтдаг ямар гээч малнууд вэ. Улс орны залуур дээр хэн нэгэн тэнэг алиалагч гарч ирэхээр ингэж эх орноо сүйдэлдэг юм” гээд л ам мэдэн буруутгацгааж байлаа. Нөгөө хэсэг нь мөн л дуртайгаараа орилцгоож байсан. Тэр үед манай сонин “Дайн гутамшиг хоёрын гутамшгийг нь сонгосон улсад дайн гутамшиг хоёр хоёулаа ирдэг” гэж анхааруулж байсан. Одоо хар л даа, оросууд одоо өөрсдөө шатахууны асуудалд оржээ. Тэд дайн хүссэн, тэрийгээ авлаа. Тэд стратегийн сүйрэл рүү эх орноо чирч байна.
Манайх Хятадаас шатахуун авна гэнэ. Энэ зөв. Авах ёстой. Дээрээс нь Солонгос, Япон бүгдээс нь авах хэрэгтэй байна. Үнэ өндөр л тусна. Гэхдээ өөрсдөө нефтьтэй байж нэрэх үйлдвэрээ хийлгүй өдий хүрсэн дампуурал залхуурлынхаа төлөөсийг төлөх ёстой. Тэр төлөөсөө гэж бодох хэрэгтэй. Харин энэ ажлыг хийгээгүй нам хүчинтэй хариуцлага тооцох бол тусдаа асуудал. Бид тооцож л таарна. Сүүлийн гучаад жил гадагшаа явуулсан бодлогынхоо ачаар бид улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдал дээр маань ийм дарамт үүсгэсний төлөөс гэж байх ёстой. Бид улстөрчидтэйгөө хариуцлага тооцож чаддаггүй. Чаддаг болж эхэлж байгаа нь сайн хэрэг.
Монголчууд бид газрын тосоо дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад найман жил гаруй хугацаа өнгөрчээ. Хамгийн гунигтай нь үйлдвэр маань одоо болтол алга. Цаг хугацаа урссаар, анх тооцоолсон эдийн засгийн өртөг хэмжээ хязгааргүй өсөж, ашиглалтад орох хугацаа улам л хойшилж байгаа тухай мэдээг ард иргэд хүлээж авдаг боллоо. Одоо Энэтхэгийн Засгийн газраас нэмж 460 гаруй сая ам.доллар зээлээд сууж байгаа. Монголчууд бид энэ төслөөс эдийн засгийн үр өгөөж хүртэж чадах эсэхдээ эргэлзэх болсон.
Улс орон л юм бол газрын тосоо өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг болох асуудал мэдээж нэн тэргүүнд тавих чухал асуудал. Аль ч улс орны хувьд адилхан шүү. Гэтэл манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 95-96 хувийг импортоор авч байна. Тэр дундаа ганцхан ОХУ-аас… Тэнд ямар нэг том асуудал үүсэхэд л энд амьдрал маань тасалдах барьцаанд оршиж байна шүү дээ.
Хөгжил дэвшилд хүргэнэ. Улс эх орноо мандуулан цэцэглүүлнэ гэх мэт гадагшаа гайхалтай сүржин уриатай боловч эдийн засгийн үр ашиг, ач холбогдолгүй, хэт их зардалтай төслийг олон улсад White elephant буюу Цагаан заан төсөл гэж нэрлэдэг. Илүү дэлгэрүүлж хэлэхэд “цагаан заан” гэж олон улсын эдийн засгийн орчинд өмчлөгч нь өөрийнхөө хэрээс хэтэрсэн их ачаалал дарамтыг амсаж, нөхөгдөшгүй том зардал гаргаж хийгдсэн бизнесийн төсөл, бүтэлгүй, ирээдүйгүй хөрөнгө оруулалтыг нэрлэдэг.
Монголчуудын маань мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болчихож байгаа юм биш үү. Бидний итгэл алдарч байна. Энэ бүх алдагдсан боломжийн төлбөр төлөөсийг хэн хэзээ төлөх вэ гэх асуулт өөрийн эрхгүй гарч ирлээ.
Монголд газрын тосны нөөц бий. Гэвч бид нэг ч үйлдвэр барьж чадсангүй. Газрын тосны үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш гаргах технологи нэвтрүүлэх талаар өчнөөн олон жил ярьж ирлээ. Сүүлдээ Монгол Улсыг нефтийн хараат байдлаас гаргах стратегийн зорилтгүй улс төрийн хүчин, бүлэглэлүүд байдаг юм биш байгаа гэж хардах түвшинд хүрч байна. Учир нь энэ төслийн менежер нь Төр. Хэрэв хувийн аль нэгэн групп энэ төслийг аваад явсан бол өнөөдөр цагаан зааны тухай ямар ч яриа гаргахгүй байсан биз ээ…
Одоо бид эрхбиш “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, удирдлагуудтай хариуцлага ярих ёстой гэж бодож байна. Бүхэл бүтэн найман жил өнгөрчихөөд байхад маанайгаад л сууж байдаг ард түмэн Монголд л байдаг байх.
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ





Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...
2 цагийн өмнө
АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...
3 цагийн өмнө
Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...
3 цагийн өмнө
The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно
Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...
4 цагийн өмнө
Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ
Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд