мэдээ
АНУ Хамаст эцсийн шаардлага тавилаа: Барьцаалагдсан хүмүүсийг сулла, эсвэл дайн үргэлжилнэ

Админ
2025 оны 10 сарын 07

44

АНУ Газын зурвасын барьцаалагдсан иргэдийг суллах хэлэлцээг түргэтгэхийг хүсэж байна
Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль–Хамасын мөргөлдөөнийг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулсан. Тус төлөвлөгөөнд Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах, Хамасыг зэвсэггүйжүүлэх болон Хамасын оролцоогүй шинэ засаг захиргаа байгуулах зэрэг заалтууд багтсан юм. Харин өчигдөр АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэлэлцээг түргэтгэхээ мэдэгдлээ.
Рубио: АНУ барьцаалагдсан бүх иргэдийг гэртээ авчрах хэлэлцээг яаралтай шийдэхийг хүсэж байна
ИЕРУСАЛИМ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ням гарагт мэдэгдэхдээ, Газын зурваст барьцаалагдсан бүх хүмүүсийг суллах хэлэлцээрийг аль болох хурдан шийдэхийг АНУ хүсэж байгаа тухай хэллээ. Израиль болон Хамасын хооронд эхлэх гэж буй шинэ шатны хэлэлцээ олон бэрхшээл дагуулж байна. Рубио NBC-ийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ерөнхийлөгч Дональд Трампын Газын дайныг зогсоох энхийн төлөвлөгөөний дараагийн шат илүү хүнд байх болно гэж мэдэгдэв. Энэ нь Хамасыг зэвсэггүйжүүлэх болон тус бүлгийг оролцуулалгүйгээр Газын шинэ засаг захиргаа байгуулах зэрэг асуудлыг хөндөнө гэсэн үг юм. “Дайн дууссан уу?” гэсэн асуултад тэрээр: “Одоохондоо үгүй, хийх ажил үлдсэн байна” хэмээн хариулжээ. Мөн тэрээр Хамас “Ерөнхийлөгчийн барьцаалагдсан иргэдийг суллах хүрээний тохиролцоог хүлээн зөвшөөрсөн” гэж хэлсэн байна. Рубиогийн мэдэгдэл дараагийн өдрөөс Египетэд эхлэх гэж буй Израиль болон Хамасын шууд бус хэлэлцээний өмнө хийгдэв. Израиль болон Хамас шууд ярилцдаггүй бөгөөд Катар, Египетийн зуучлагчдаар дамжин холбоо тогтоодог. Израилийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Биньямин Н е тан ьяхугийн о йр ын зөвлөх Рон Дермер ахалж байгаа бол Хамасын талаас ахлах удирдагч Халил аль-Хайя толгойлсон баг Египетэд очсон тухай Хамас мэдэгдэв. Энэ удаагийн хэлэлцээний гол анхаарах зүйл нь Газад үлдсэн барьцаалагдсан хүмүүсийг суллахын оронд Палестин хоригдлуудыг суллах, Израилийн цэргийг хэсэгчлэн ухраах асуудал байх юм. Рубиогийн хэлснээр энэ асуудлыг шийдсэний дараа бусад хүндрэлтэй асуудлуудыг дараагийн шатанд авч үзнэ. Израилийн талаас Газад 20 орчим барьцаалагдсан хүн, мөн багадаа 25 хүний шарил байгаа гэж үзэж байна. Харин Хамасын хувьд бүх барьцаалагдсан хүмүүсийг суллахаас өмнө дайныг бүрэн зогсоох гэрээ байгуулахыг хүсэж байгаа бөгөөд энэ нь Израильтай хийх хэлэлцээнд тэдний хамгийн том хөшүүрэг болоод байна. Ерөнхийлөгч Трампын боловсруулсан энхийн төлөвлөгөө нь Газын дайныг зогсоох, мөн тус бүс нутагт Хамасын оролцоогүй шинэ засаг захиргаа байгуулах зорилготой. Израилийн Ерөнхий сайд Нетаньяху уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн бол Хамасын удирдлагууд зарим заалтад эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм. Трамп ням гарагт “шаардлагатай бол тодорхой өөрчлөлтүүд орж болно” гэж хэлсэн байна. Түүний төлөвлөгөөнд Израиль гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш 72 цагийн дотор Хамас бүх барьцаалагдсан хүмүүс болон шарилуудыг буцаах ёстой гэж заасан. Үүний хариуд Израиль Газын зарим хэсгээс цэргээ татах юм. Мөн энэхүү төлөвлөгөөнд Палестиныг олон улсын “Энхийн зөвлөл” хэмээх байгууллага хянах ба уг зөвлөлийг ерөнхийлөгч Трамп даргалах юм . Түүнчлэн гадаадын орнуудын оролцоотой аюулгүй байдлын хүчнийг байгуулж, Хамасыг зэвсэггүйжүүлэх зорилготой байна. Харин Хамасын зүгээс зэвсгээ хураалгах, олон улсын хүчнийг Газад оруулахыг үл зөвшөөрч буйгаа илэрхийлсэн. Гэвч эхний алхам болох барьцаалагдсан хүмүүсийг солилцох болон Израилийн ухралт өөрөө томоохон сорилт болох магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Тус төлөвлөгөөний дагуу Израиль насан туршийн хорих ялтай 250 палестин хоригдол, мөн дайны үед баривчлагдсан 1.700 хоригдлыг суллах, харин нас барсан израиль хүн бүрийн оронд 15 палестины шарилыг буцаах юм. Гэвч зарим барьцаалагдсан хүмүүс Газын гүнд, газар доорх байгууламжид байж болзошгүй тул тэднийг олох, шарилуудыг гаргаж авахад цаг хугацаа шаардана гэж Израиль мэдэгджээ. Мөн Израилийн цэргийг Газын аль хүртэл бүсээс гаргах нь том маргаан болно. Өмнөх хэлэлцээнд Хамас израилийн цэргийг хил орчим байрлах “буфер бүс”-т татахыг зөвшөөрч байсан ч Трампын санал болгосон шугам Израилийн хүчнийг илүү гүн байрлуулах тул Хамас үүнд эсэргүүцэл үзүүлэх магадлалтай. Израиль болон Хамасын талууд суллагдах хоригдлуудын нэрсийн жагсаалтад санал зөрөлдөж байгаа бөгөөд Хамас Марван Баргути зэрэг өндөр түвшний удирдагчдыг суллахыг шаардана гэж өмнө нь мэдэгдэж байсан бол Израиль энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй байх магадлалтай юм. 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас Израильд халдаж, 1.200 хүн амь үрэгдсэн нь дайны эхлэл болсон. Харин Израилийн цэргийн хариу ажиллагааны улмаас Газад 65.000 гаруй хүн, түүний дотор олон мянган хүүхэд амиа алдсан гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд мэдээлжээ. Дайн Газын зурвасыг бараг бүхэлд нь сүйрүүлж, 2 сая орчим палестинчууд айдас, өлсгөлөн, бөмбөгдөлтийн дунд амьдарч байна. Хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-ын комисс Израилийг геноцид үйлдсэн гэж буруутгаж байгаа бол Израиль “Бид Хамастай тэмцэж байгаа, палестин иргэдтэй биш” гэж мэдэгджээ. Өмнө нь хоёр удаа богино хугацааны гал зогсоох хэлэлцээр байгуулж, 100 гаруй израиль болон гадаадын барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд 1.500 гаруй палестин хоригдлыг сулласанч хэлэлцээ зогсонги байдалд орсноор Израиль гуравдугаар сарын дунд үед гал зогсоох хэлэлцээг цуцалсан байдаг юм.
Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд анх нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.
Нийтлэлийн зохиогч: Aaron Boxerman
Орчуулсан: М.Мядагбадам 2025.10.05





“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын ...
1 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ уурхайгаас 160 мянган тонн коксжих нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уу...
4 цагийн өмнө
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ
Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткоины ханш даваа гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Биткоин...
5 цагийн өмнө
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо
Эм, эмийн үнийн мэдээллийн сан (em.hdc.gov.mn) Иргэн та энэ линкээр нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сан...
5 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 705605 жуулчин иржээ
Монгол Улсад он гарсаар 705 мянга гаруй жуулчин иржээ. Тодруулбал, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 5-н хүртэл 705605 ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд