мэдээ
“Бор хад”-ны больниц

Админ
2025 оны 10 сарын 07

63

“Шар хад”-ны больницыг мэдэхгүй, дуулаагүй хүн ховор. Монголын нийгмийн галзуу солиотой, сэтгэцийн айхавтар хүнд өвчтэй, эмгэгтэй хүмүүсийн ихэнх нь “Шар хад”-ны больницод очиж эмчлүүлдэг. Шар хадны хурцын тасаг гэдэг ч юм уу, галзуучуудын эмнэлгийг нэрлэсэн нэр томьёог, тэндхийн өвчтөнүүдийн дүр төрхийг бид мэднэ. Тэгвэл Улаанбаатарын төв талбай болох Сүхбаатарын талбайн хойд талын бор байшинд Шар хадны галзуучуудаас аюултай өвчин эмгэг нь сэдэрсэн, хурц улсууд байгаад байна уу, үгүй юу.
Учир нь тэдгээр нөхдийн хийж байгаа үйлдэл, хэлж ярьж байгааг нь анзаарвал тэр байшинг “Шар хад”-ны больниц гэдэг шиг “Бор хад”-ны больниц гэж нэрлэмээр болчихжээ. Энэ бор байшинд суугаа монгол төрийн дээд өндөрлөгүүд үнэхээр галзуураа юу даа гэж бодоход аргагүйн эрхэнд хүргэж байна.
Тэдний галзуурал МАН-ын засаг солигдохоос эхэлсэн. Намын дарга байсан Ерөнхий сайдаа огцруулаад намын даргын сунгаа эхлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж хэвлэлийн хурал зарласан. Энэ бол хэвийн мэдэгдэл байсан. Харин түүний гол өрсөлдөгч болох Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөгчөө хүн амины хэрэгт гүтгэсэн. Үндсэндээ Хасбаатар гэж хүнийг Амарбаясгалан алаад шатаагаад чандарлачихсан мэтээр Хууль зүйн сайд байсан Б.Энхбаяр мэдэгдсэн.
УИХ-ыг даргалж, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улсын парламентыг удирдаж байгаа хүнийг Хууль зүйн сайд байсан хүн нь алуурчин мэт барим тавим хэлэхээр нийгмээрээ цочирдож, пээ паа болж сүйд болдог юм байгаа биз дээ. Аливааг эргэцүүлж наанатай цаанатай боддог хүмүүс бол яаж шатаасан юм бол, Бор тээг гэгчийнхээ хулгай хийсэн гээд байгаа нүүрсээрээ шатаачихдаг юм болов уу гэж гайхашаа барж алмайрцгааж байгаа юм. Б.Энхбаярын уг мэдэгдлийн хариуд Д.Амарбаясгалан “Би тийм зүйл хийгээгүй, цагдаа шүүх нь шалгана биз” гэх нэг бүрчлэн тайлбар хийж, намайг ор үндэсгүй гүтгэлээ гэж хариу мэдэгдсэн.
Ингээд МАН-ын Бага хурал гээч нь боллоо. Урд өдрийн өглөөнөөс дараа өдрийн өглөө хүртэл бүтэн өдөржин шөнөжин хуралдаж, ирцээ хоёр удаа аваад өнөө алуурчин гэж гүтгүүлсэн Д.Амарбаясгалан намын дарга болоодохлоо. Тэгтэл намын даргадаа өрсөлдөөд олонхын дэмжлэг авч чадаагүй ялагдсан Засгийн газрын тэргүүн нь Д.Амарбаясгалангийн мэдэгдсэнээр бусдыг алчуурчин мэтээр байж боломгүй гүтгэсэн хүнээ бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүйн сайдаар томилчихдог юм байна.
Өмнөх Хууль зүйн сайд нь огцроогүй, албан үүргээ гүйцэтгэж байтал дахиад Хууль зүйн сайдтай болчихож байгаа хэрэг. Хоёр сайдтай байх нь одоо дүүрч гэхэд, амьдралд энгийн ухамсрын түвшинд ойлгогдох зүйл гэж байдаг. Учир нь хүнийг алаад шатаана гэдэг онц ноцтой хүнд гэмт хэрэг. Тэгвэл ийм гэмт хэргийг зохиомлоор гэж ойлгохоор бий болгож, бусдыг аймшиггүйгээр гүтгэнэ гэдэг тэрхүү гэмт үйлдлээсээ илүү, өнөө айхтар эмнэлэгт очихоор сэтгэц нь асуудалтай хүн гэж ойлгогдохоор байна. Сэтгэцийн ийм асуудалтай гэж харагдаж байгаа хүнийг хамгийн болохгүй бүтэхгүй бүгдийг шүүн хэлэлцдэг, хулгай зэлгий бүхнийг илрүүлдэг, галзуу солиотой бүхнийг хориглодог хууль хүчний том аппаратыг удирдахаар томилно гэхээр ухамсарт хүн ойлгохгүй, энгийн ухамсрын түвшнээс гажсан зүйл боллоо.
Төрийн дээд өндөрлөгүүдийн сэтгэцийн асуудалтай гэж харагдахаар энэ байдал нь бусдадаа халдвартай байдаг бололтой. Ард түмэн гайхашаа барж ядаж байтал УИХ-ын гишүүд, төрийн түшээд ёстой дээр дороо ороод эхэлсэн. Нэгнээ баян тарган, ядуу хоосноороо дуудалцан, нийгмийн сүлжээгээр муу муухайгаа дэлгэсэн гишүүдийн ичгэвэртэй үг, үйлдэл хэрээс хэтэрсэн. Ялангуяа Их хурлын хоёр залуу эмэгтэй гишүүний хоорондын хэрүүл маргаан, үг хэллэг, бүр сүүлдээ ор дэвсгэрээ нийтэд дэлгэсэн байдал бичихэд ч халгамаар.
Тэд ингэж булайгаа дэлгэн “галзуурч” байтал Чинбүрэн, Ганмаа хоёр бас юу болов.
“Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх асуудлыг ярх үед миний хажууд хүрч ирээд гишүүний бүрэн эрхэд халдсан. “Хохино шүү, аятайхан байгаарай гэж заналхийлж, эмэгтэй хүний минь хувьд дээрэлхсэн. Би эх орондоо ирээд анх удаа сэтгэл зүйн дарамтад орж үзлээ. Г.Лувсанжамц гишүүн эр хүний хувьд өмөөрөөгүй бол юугаар төгсөх байсныг мэдэхгүй, би айдастай байна” гэж мэдэгдсэн. Чинбүрэн нь зөрүүлээд “Би тэгж хэлээгүй, дарамтлаагүй” гэв.
“Бор хад”-ны больницын байдал одоо бүр улаан цагаандаа гарч хоёр талд зэрэг, зэрэг гарын үсэг цуглуулаад эхэллээ. Нэг хэсэг нь Засгийн газраа огцруулах, нөгөө хэсэг нь УИХ-ын даргаа огцруулахаар шуударч байгаа нь тэр. Гишүүдийн гарын үсэг жар гараад явчихлаа, одоо удахгүй өргөн барих гэнэ. Нэг гишүүнд 200 мянган ам.доллар өгч байгаа юм гэнэ гээд шуугьж байна. Тэнэгүүд хийх юм олдохгүй болохоор сонирхолтойгоор нь гэрээ шатааж нааддаг зохиол шиг үйл явц ид өрнөж байна. МАН-ын засаг солигдохоос эхэлсэн төрийн галзуурал олон нийтэд эхэндээ сонирхолтой, хөгжилтэй байсан. Одоо хэнийх нь тал юу гэж мэдэгдэл хийх бол гээд харж байсан. Сүүлдээ ард түмэн төрийн энэ элийрэл балайрал, солиорлыг хараад зэвүүцэж эхэлсэн. Одоо айж эхэллээ. Монголын ард түмний хувь заяаг шийдэх учиртай, Монгол Улсын хөгжил дэвшлийн хөтөч болсон энэ хүмүүс иймэрхүү байдалтай улс орныг удирдаж байгааг хараад, хувь заяагаа ийм нөхдийн гарт атгуулсан ард түмэн үнэхээр айж байна.
Төрдөө итгэх итгэл алдарлаа. Тэгэхээр одоо ганцхан том сонголт Монголын ард түмний өмнө иржээ. Ард түмэн төрд байгаа энэ нөхдийг бүгдийг нь цэвэрлэж, толгой дараалан сольж “Бор хад”-ны больниц болсон байшингаа Монгол төрийн ордон болгомоор байна. Гаднаас нь хэн ч хараад “Галзуучуудын ордон чинь ганхаж байна даа” гэж доогтойгоор доромжлон хэлдэг биш жинхэнэ хууль ёсны ажил өрнөдөг, улс орны хувь заяаг шийддэг төрт ёсны төрийн ордонтой болох хэрэгтэй. Тиймийн тулд сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй хүмүүсээр төрөө удирдуулж “Бор хад”-ны больницоосоо салах хэрэгтэй.
Д.Батболд





“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын ...
1 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ уурхайгаас 160 мянган тонн коксжих нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уу...
4 цагийн өмнө
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ
Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткоины ханш даваа гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Биткоин...
5 цагийн өмнө
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо
Эм, эмийн үнийн мэдээллийн сан (em.hdc.gov.mn) Иргэн та энэ линкээр нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сан...
5 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 705605 жуулчин иржээ
Монгол Улсад он гарсаар 705 мянга гаруй жуулчин иржээ. Тодруулбал, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 5-н хүртэл 705605 ...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд