Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ч.Ундрам: Салбар хоорондын уялдааг ханган хүний хөгжилд чиглэсэн зөөлөн хүчний бодлого баримтална

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 11

img

89

news-img

УИХ- ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд/ССАЖЗ/-ын сайд Чинбатын Ундрамтай ярилцлаа.


-ССАЖЗ-ын сайдаар томилогдоод ямар бодлого, стратеги барьж ажиллаж байна вэ?

-Манай яамны хувьд олон салбар, нийгмийн нэг бүлгийг хамардаг. Тиймээс эдгээрийг хэрхэн уялдуулж, авч явах вэ гэдгийг нэлээд бодсон. Нэгдүгээрт, манайх бол зөөлөн хүчний бодлогын яам. Монгол хүн Монголоо мэддэг, хайртай, эх оронч үзэлтэй, үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй байх, гадаадад Монголыг мэддэг, хүлээн зөвшөөрдөг, үндэсний түүх, соёлын дархлаагаа дэлхийд хүчтэй байлгах нь манай зорилго. Хоёрдугаарт, эдийн засгийн нэг салбар буюу аялал жуулчлал ороод ирсэн учраас хэрхэн соёл, спорт дээрээ тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал байна. Үүн дээрээ залуучуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлээд явах юм байна гэсэн уялдаатай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд тэргүүлэх 10 стратегиа гаргасан.

Эдгээрийн долоо нь яг салбарууд руу чиглэсэн, гурав нь дэмжих стратеги байгаа. Анх намайг ажил авахад Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга гэдэг үүрэгт ажил нуруун дээр ирсэн. Мөн Японы эзэн хаан болон хатны Монгол Улсад хийсэн айлчлалд нэлээд оролцоотой байлаа. Эдийн засгийн форум зэрэг томоохон арга хэмжээнүүд давхацсан, ачаалалтай үе байлаа. Мэдээж хэрэг эдгээр ажлуудаа хийж дуусаад яамныхан дотоод ажилтай танилцаж, өмнө нь төлөвлөгдсөн байсан ажлуудын аль нь хэрэгжсэн байна гэдгийг үзэж, дараагийн төлөвлөгөөнүүдийг боловруулж ажилласан. Учир нь бид өнөө маргаашгүй Засгийн газрын ирэх таван жилийн төлөвлөгөөг өргөн барих гэж байна. Үүнд бэлдэж стратеги төлөвлөгөөнүүдээ боловсруулсан.

-Соёлын салбарт олон ажил хийгдсэн байх. Эдгээрээс голлох томоохон ажлууд нь юу байв?

-Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийгдсэн хамгийн чухал ажил бол нэгдүгээрт, бид “Нүүдэлчин” дэлхийн фестивалиа амжилттай зохион байгуулсан. Энэ бол С.Чулуун сайдын үед санаачлагдаад Ч.Номин сайд дэлхийн түвшинд зохион байгуулдаг болсон. Харин энэ жил бид Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран жуулчдыг татаж, эдийн засгийн цар хүрээг нь нэмэгдүүлж зохион байгуулсан. Энэ үеэр соёлын биет бус өв буюу морин харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгууллаа. Нийт 20 гаруй орны 200 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн боловч визтэй холбоотойгоор 16 орны тамирчид ирж оролцсон. Энэ тэмцээнээ эргэн сэргээгээд үндэсний аварга шалгаруулах тэмцээнээ хийж байхаар болсон. Дээрээс нь ноднин 169 мянган хүн энэ наадамд ирж байсан бол энэ жил 260 мянга болж нэмэгдсэн. Налайхын зам түгжрээгүй байсан бол 300 мянга хүрэх байсан байх гэж бодож байгаа. Мөн Соёлын тухай хуулиар соёлын биет бус өвийн улсын үзлэгийг бид гурван жил тутамд зохион байгуулах ёстой. Энэ үзлэгийг хийж, өвлөн уламжлагч нар, биет бус өвүүдийг бүртгэлжүүлж, баримтжуулж авсан. Биет бус өв гэдэг хүнээс хүнд дамжиж байдаг учраас орхигдох, мартагдах аюул байдаг учраас цаашид өвлөн уламжлагч нарынхаа шавь сургалтыг дэмжих ёстой. Ингэж байж дараагийнхаа өвлөн уламжлагч нарыг бий болгоно. Ер нь Соёлын яам байгуулагдсанаас хойш манайхан биет бус өв дээрээ нэлээд анхаарч байгаа. Жишээлбэл, Говь-Алтай аймагт л гэхэд Жангарын туулиа хайлдаг, өөрийнхөө аягатай явдаг ёсоо сэргээсэн гээд олон зүйл хийгдэж байна.

-Соёлын салбарт биомеханикийн аргыг хэрэглэхээр болж байгаа гэсэн. Ер нь энэ салбарт технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж байна вэ?

-Энэ жилийн “Нүүдэлчин” наадмын үеэр бид анх удаа дрон шоу хийсэн. Нэлээд хүнд хүрч, олны анхаарлыг татсан. Уламжлал, шинэчлэлийг хослуулж, яаж технологийг ашиглаж соёлын өв, түүхээ залуучуудад хүргэж болох вэ гэдгийг харуулж чадсан. Ийм хэмжээний дрон шоу анх удаа болсон нь онцлог байсан. Мөн Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, яг соёлын биет бус өвийн чиглэлээр судалгаа хийдэг 20 гаруй орны эрдэмтэд оролцож, Монголын биет бус өвтэй холбоотой судалгаануудаа танилцуулсан. Улмаар цаашид юуг нь гүнзгийрүүлж судлах, алин дээр нь анхаарал хандуулах ёстой зэргийг танилцуулаад явсан. Энэ дотор ЮНЕСКО-ийн шинжээчид ирсэн нь онцлог байлаа. Манайд чинь одоо ЮНЕСКО-д бүртгүүлэх шаардлагатай гэж үзсэн 100 гаруй өв бий гэж эрдэмтэд үздэг. Хэдийгээр бүртгүүлсэн тоогоороо манайх нэлээд дээгүүр байдаг ч гэсэн жилд ердөө нэг л өвийг бүртгүүлэх квоттой байдаг. Тийм болохоор заримыг нь ижил төстэй зарим улстай хамтран бүртгүүлж байна. Жишээлбэл, Наурызын баярыг бүртгүүлэхдээ бид Казахстан, Киргизстан улсуудтай хамтран бүртгүүлсэн. Ингэхээр жилд хоёрыг зэрэг бүртгүүлчихэж байгаа юм. Мөн түрүүн таны хэлсэн биомеханикын мэдрэгчтэй дата цуглуулдаг төхөөрөмж бүхий лабораторийг байгуулахаар зорьж байна. Ингэснээр хүнээс хүнд дамждаг биет бус өвийн датаг нь бичээд авчих юм бол түүн дээрээ дүрс хийгээд, түүнээсээ суралцах боломжтой болно.

-Саяхан “Утга зохиолын долоо хоног”-ийг зохион байгуулсан байх аа?

-Сүүлийн үед залуучууд маань ном унших нь багассан байна. Тийм болохоор “Утга зохиолын долоо хоног”-ийг “Номын баяр”-тай давхцуулж хийсэн. “Номын баяр”-ыг тэмдэглэх хуулийн төслийг 2020 онд гишүүнээр сонгогдсоныхоо дараахан би өөрөө санаачилж, батлуулсан. Ингэснээр улс орон даяар заавал тэмдэглэдэг болж, төр засаг хамтран оролцдог болсон. Өмнө нь Төрийн бус байгууллагын хэдэн хүүхдүүд л гүйгээд байдаг байсан. “Утга зохиолын долоо хоног”-ийн хамгийн чухал зүйл нь жүжгийн зохиолын уралдаан байлаа. Манай театрууд ерөөсөө жүжиггүй болчихсон. Гэтэл бид чинь орон нутгууддаа шинэ театрууд бариад байдаг. Соёлын төвүүдийг ажилгүй байна гээд шүүмжлээд байгаа. Тийм болохоор шинэ жүжгүүдийг шалгаруулсан. Нийтдээ 200-гаад жүжиг ирсэн. Эдгээрээс шилдгүүдийг нь шалгаруулж УДЭТ маань дэглэх байх. Мэдээж үлдсэнийг нь бид бусад театруудад өгнө. Ингэснээр шинэ уран бүтээлүүд гарч, үзэгч олондоо таниулах боломжтой болж байгаа юм.

-Дэлхийд Монголыг сурталчилах, таниулах шинэ дүрүүдийг бий болгохыг зорьж байгаа гэж ойлгосон. Энэ талаараа тайлбарлахгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд соёлын бодлогын хүрээнд Чингис хааныхаа дүрийг дэлхийд маш сайхан эерэгээр сурталчилж таниулсан байна. Дотооддоо ч хүмүүс маань Чингис хаанаа хайрлан хүндэлдэг болсон. Харин дараагийн чухал дүр бол Өндөр гэгээн Занабазар. Тиймээс энэ жил Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүллээ. Өндөр гэгээн Занабазар бол төр, шашин, урлаг, соёлын хосгүй зүтгэлтэн, монгол урлалын үндэсний сургуулийг үндэслэгч гайхамшигтай хүн. Уран барималч, зураач, зохиолч, дизайнер, бурхны шашны шашны Монгол дэг сургуулийг бий болгосон хүн гэж бид харж байгаа. Тийм болохоор 390 жилийн ойг нь тэмдэглэх нь түүхэн талаасаа өндөр ач холбогдолтойгоос гадна урлаг соёлын салбарт маш чухал гэж үзсэн. Тиймээс дэлхийд тархсан бүтээлүүдээс ихэнхийг нь олоод англи, монгол хэл дээр каталоги гаргасан. Ингэсэн чинь гадныхан манайд үзэсгэлэнгээ гаргаач гэдэг саналуудыг тавьж эхэлсэн. Тиймээс тун удахгүй дэлхийн улсуудад үзэсгэлэнг нь гаргана.

-Аялал жуулчлалын салбарын тухайд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн парламентын үед Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдсэн. Ингээд мэргэжлийн холбоо нь яамтайгаа хамтарч ажилладаг болсон. Олон ажил байгаа ч хоёр зүйлийг зайлшгүй онцлох ёстой гэж бодож байна. Нэг нь, төрөөс аялал жуулчлалын салбарт зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлж байсан. Үүн дээ бага сага асуудал байсан учраас журмыг нь шинэчилсэн. Ирэх жилийн төсөвт хүүгийнх нь татаасыг суулгаж байгаа. Мөн боломжит зээлэндээ квот олгосон. Ингэснээр жигд авах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, зочид буудал, зоогийн газрууд ерөөсөө стандартгүй байдаг юм билээ. Тиймээс зочид буудлуудад одын зэрэглэл тогтоох журмыг боловсруулсан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орох гээд хүлээгдэж байна.

-Манай улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан шүү дээ. Үүндээ хүрэх боломжтой юу?

-Манай улс хоёр сая жуулчин авдаг болно гэсэн зорилт тавиад ажиллаж байгаа. Ноднин жил бид 800 мянган жуулчин хүлээн авсан. Энэ жил ямар ч байсан одоогийн байдлаар ноднин жилийнхээсээ 10 хувийн өсөлттэй байна. Мэдээж жуулчин хүлээ авах нь маш олон зүйлээс шалтгаалдаг. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас эхлээд зар сурталчилгаа, компаниудын чадавх, өрсөлдөгч орнуудын нөхцөл гээд олон хүчин зүйл бий. Ер нь олон улсын байгууллагуудын судалгааг харахад жуулчны тоог нэмэхэд нэн тэргүүнд шаардлагатай чухал зүйл бол нислэг байдаг юм билээ. Тиймээс Чингис хаан онгоцны буудлаа өргөтгөх, хөдөө орон нутаг руу шууд нислэг авдаг стандарт бүхий нисэх буудлуудыг баруун зүүн, хойд урд бүсдээ байгуулах асуудал яригдаж байна. Энэ жил Хөвсгөл аймагт Солонгос улсаас хоёр удаагийн нислэг хүлээн авсан. Ингэж шууд нислэг авах нь хүмүүсийн цаг, завыг маш сайн хэмнэдэг. Тэгэхээр жуулчид ч дуртай байдаг юм билээ. Харамсалтай нь Хөвсгөлийн маань нисэх буудал олон улсын стандарт биш учраас нэлээд хүндрэлтэй бууж, ниссэн. Гэсэн хэдий ч ирэх жил 20-иод нислэгийг төлөвлөж байна. Хоёрдугаарт, визний асуудал бий. Манайх одоогоор 50 гаруй оронтой визний хөнгөлөлттэй байдаг. Гэвч зарим нь удахгүй дуусна. Тиймээс цаашид сунгаад явах нь чухал гээд Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна. Мөн тооноос илүү чанарт анхаарал хандуулахгүй бол болохгүй. Ялангуяа ариун цэврийн байгууламж, хүнсний асуудал байна. Монгол хоол хэдийгээр амт сайхан боловч зарим гадаад жуулчдад шингэцийн хувьд дасан зохицох хугацаа шаарддаг, хоёр хоног монгол хоол идэхээр гэдэс нь өвдлөө гэх асуудлуудыг хэлдэг. Тиймээс компаниуддаа ариун цэврийн байгууламжаа сайжруулж, хоолоо шим тэжээлтэй, жуулчдад зориулсан шингэц сайтай болго гэдэг асуудлыг тавьж байна.

-Спортын салбарын гол ажил гэвэл та юуг нэрлэх вэ?

-Бүх ард түмний спортын тэмцээнийг энэ жил бид Баянхонгор аймагт зохион байгууллаа. Энэ бол манай улсын олимп л гэсэн үг. Үүнийгээ анх удаа орон нутагт хийлээ. Олимп чинь орон орноор дамжаад явдаг шүү дээ. Түүн шиг бид цаашдаа орон нутгуудаар дамжаад хийгээд явна. Мөн анх удаа спортын салбарын хөрөнгө оруулалтын форумыг зохион байгууллаа. Спортын салбар маань дандаа л төсвөөс хараат, эсвэл хэдэн бизнесмэнүүдийг гуйсан байдалтай байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд сагс, волейболын холбоод сайн ажиллаж, өөрсдөө мөнгө олдог болж байна. Тиймээс спортын салбар маань цаашдаа бизнес утгаараа хөгжих ёстой. Ингэж байж спортод хөрөнгө оруулах хүмүүс олширно. Тэндээсээ ашгаа хүртдэг, тэнд оролцож байгаа тамирчид, эмч нар, арын албаныхан нь боломжийн цалин авчихдаг байдлаар хөгжинө гэж харж байгаа. Мөн нийтийн биеийн тамирын сорилын төвүүдтэй болж эхэлж байна. Гурван аймаг, хоёр дүүрэг ямар ч байсан ийм төвтэй болсон. Ингэснээр хүн амынхаа бие бялдрыг хэмжиж чадна. Нэмээд нийтийн биеийн тамирын журам боловсруулж, Засгийн газраар батлуулсан.

-Таны хувьд өнгөрсөн долоо хоногт ЮНЕСКО-ийн хуралд яваад ирсэн. Энэ хурлаар ямар асуудлыг хөндсөн бэ?

-НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байгууллага болох ЮНЕСКО бол манай яамны хувьд маш чухал байгууллага. Тийм ч учраас ЮНЕСКО-ийн соёлын өвийн салбар зөвлөлд түүхэндээ анх удаа өөрийн улсын төлөөллийг нэр дэвшүүлчихсэн байгаа. Энэ сонгууль нь ирэх сарын сүүлээр Францад болно. Тийм болохоор манай улсыг дэмжиж өгөөч ээ гээд харилцаа холбоотой улс орнуудынхаа сайд нарт хүсэлтээ албан ёсоор тавьсан. Удахгүй Самаркандад бас ЮНЕСКО-ийн хурал болно. Үүн дээр нь дахиж очиж лобби хийнэ. Энэ салбар зөвлөлд хүнээ оруулчих юм бол соёлын өвд бүртгүүлэх болон ЮНЕСКО-той холбоотой олон чухал шийдвэрүүдэд чухал нөлөөтэй.

-Тантай ярилцаж байгаагийнх одоогийн улс төрийн талаарх байр суурийг нь сонсохгүй бол болохгүй байх. Танай Засгийн газрыг огцруулах бичгийг албан ёсоор өргөн барьсан. Хэлэлцэж эхлэх гэж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Өмнө нь МАН Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг Бага хурлаараа шийдсэн. Хэн ч өрсөлдөхөд нээлттэй байсан. Тэр ч утгаараа нэлээд хэдэн хүнийг нэр дэвшүүлсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг заалнаас нэр дэвшүүлсэн ч өөрөө татгалзсан. Манай намын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байна гэж заасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайдаа сонгож байгаа нь намын дарга тодорхой гэсэн зарчим шууд үйлчилж байгаа гэсэн үг. Энэ бол зарчмын асуудал. Өнгөрсөн 100 хоногт Г.Занданшатарын Засгийн газрыг маш сайн ажилласан гэж би бодож байгаа. Маш хүнд эдийн засгийг хүлээж авсан. Тийм болохоор маш яаралтай төсвөө тодотгосон. Төрийн алба маш том байна гэсэн шүүмжлэл байсан учраас бид есөн хувийг цомхотгосон. Ингэхдээ газар, хэлтсүүдийг цөөлж, нэлээд олон даргыг чөлөөлсөн. Баахан Үндэсний хороонууд байсны ихэнхийг татан буулгасан. Ингэж маш хурдтайгаар ажилласны үндсэн дээр төсөв маань нэлээд эрүүл болсон. Мөн Эрдэнэт, Тавантолгой дээр БЭТ томилсон. Ингэснээс хойш экспорт нэмэгдэж, гаргаж байгаа нүүрсний бүтэц сайжирсан. Биржийн арилжаа өсч, үнэ нь нэмэгдсэн гээд маш олон эерэг үзүүлэлт гарч, эдийн засаг сайжирсан. Тийм ч болохоор ирэх оны төсөвт анх удаа эрүүл мэнд, боловсролын төсвийг нэмэгдүүлсэн. Ер нь өө хайгаад, улстөржүүлээд төрийг тогтворгүй болгох зүйлүүд явж байна л гэж харж байгаа. Бидний хувьд зарчмаа л барих хэрэгтэй. Улс орон, засаг төр тогтвортой байх ёстой. Г.Занданшатар бол тийм аймар, байж боломгүй зүйл хийчихсэн юм байхгүй. Боломжийн сайн ажиллаж байгаа гэж харж байгаа учраас үргэлжлүүлэх ёстой гэж харж байгаа.

-Нөгөө талдаа УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх, огцруулах бичиг дээр гарын үсэг зуруулаад байх шиг байна. Үүн дээр та гарын үсгээ зурсан уу?

-Миний хувьд гарын үсгээ зурсан. Гадны хэвлэл дээр хүртэл гарч байсан зүйл шүү дээ. “Нүүрсний сонсгол” дээр ч яригдсан. Гэхдээ би анх эргэлзэж байсан. Гэтэл хамгийн сүүлд намын даргын өрсөлдөөний өмнө Ц.Чулуунзагдтай холбоотой асуудал үүсэхэд би өрсөлдөнө гээд гараад ирсэн нь их сонин санагдсан. Өмнө нь Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхэд өөрөө татгалзаж байсан хүн. Ингээд үүнийхээ дараа илүү хурц болоод тэмцээд эхэлсэн. Дээрээс нь Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх арга хэмжээ авсан. Хэрвээ үнэхээр гэм буруугүй юм бол өөрөө албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулаад нэр төрөө цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд эргээд ороод ирж болно шүү дээ. Ийм түвшинд явж байгаа яриа зайлшгүй шалгуулах ёстой. Төрийн гурван өндөрлөг гэдэг бол маш чухал албан тушаал. Ерөнхийлөгчийг эзгүй үед УИХ-ын дарга орлодог. Нэг үгээр Ерөнхийлөгчийн эв нэгдлийг сахиулах үүргийг бас УИХ-ын дарга хүлээдэг. Ийм суббьект нь өөрөө зодоонд оролцоод, худал үнэн нь мэдэгдэхгүй хэрэг төвөгт орооцолдоод байгаа нь манай улсын Үндэсний аюулгүй байдалд халтай гэж би иргэн хүний хувьд ч, УИХ-ын гишүүний хувьд ч үзэж байгаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...

img

9 цагийн өмнө

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...

img

10 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

11 цагийн өмнө

Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...

img

12 цагийн өмнө

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд