мэдээ
С.Цогтбаяр: Хүн өөрийнхөө хоббиг олоход зорилготой болчихдог юм

Админ
2025 оны 10 сарын 11

151

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяртай хобби, түүний ашиг тусын талаар ярилцлаа.
-Хобби гэхээр хүмүүст дуртай зүйлээ цуглуулах, дуртай юмаа хийх гээд ерөнхий ойлголт байгаад байдаг. Таны хувьд хобби гэдэг нь яг юу вэ?
-Би хобби гэдгийг орчуулах гэж үзэж байлаа. Дон л гэж хэлнэ. Ямар нэгэн зүйлд өөрийн эрхгүй татагдах, түүндээ чин сэтгэлээсээ дурлах гээд хүсэл сонирхлын хамаарал бүхий үзэгдэл байхгүй юу. Амьдралын хэвшил, эдийн засгийн нөхцөл байдлыг үл анзааран түүндээ өөрийн эрхгүй татагддаг юм. Тийм учраас л би дон гэж орчуулмаар юм байна гэж үздэг. Дон бол сайн, муу олон янз байдаг шүү дээ. Мансуурах, мөрийтэй тоглох зэрэг муу донгууд ч амьдралд бий. Харин цуглуулга хийх бол зөв, эерэг дон юм. Түүнчлэн хобби нь сэтгэл зүйн хувьд эмчилгээ ч болдог. Тухайлбал, эмэгтэйчүүд дэлгүүр хэсэж сэтгэлээ засдаг шүү дээ. Мэдээж, хүн болгонд хобби байдаг. Миний хобби гэвэл ном, бичиг соёлын дурсгал, урлагийн бүтээл цуглуулах юм.
-Сэтгэл зүйн хувьд засал болдог нь сайхан ч эдийн засгийн хувьд багагүй бэл бэнчин шаардах юм байна даа?
-Тухайн хүн дуртай юмаа үзэх, харах, улмаар цуглуулах, түүнийгээ хадгалан хамгаалах, дахиад шинэ зүйл олох нь хүнийг үргэлж хөглөж явдаг. Хоёрдугаарт, сэтгэл зүйн хувьд хүнийг тайван амгалан, аз жаргал, баяр баясгалантай болгох чадалтай. Үүнээс гадна байнга, тогтмол хөгжүүлдэг хоббитой байснаар цаг хугацааны явцад хуримтлалын шинж чанартай болж ирдэг. Бүр цаашилбал, эдийн засгийн ч ач холбогдолтой болно. Хэн нэгэн хүний насаараа цуглуулсан зүйл нь мөнгө төгрөг үрж байгаа асуудал биш. Мөнгөн хөрөнгийнхөө хэлбэрийг өөрчилж байгаа хэлбэр. Зарим тохиолдолд үл хөдлөх хөрөнгөтэй тэнцэхүйц хэмжээний үнэ цэнэтэй цуглуулгыг хүртэл бий болгочихсон байдаг. Хэдэн зуун мянган төгрөг байтугай хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх хэмжээний иж бүрэн цуглуулга энд тэнд зарагдаж байна.
Миний мэдэхийн, Монголтой холбоотой шуудангийн марк, дугтуй, ил захидал цуглуулдаг хүн олон бий. Мөн Чингис хаан, Монголын нууц товчоотой холбоотой номыг дагнан судалж цуглуулдаг, үнэ хайрлахгүй авдаг хүмүүс ч бий. Гэхдээ аливаа цуглуулгыг дандаа л мөнгө хөрөнгө ихтэй, чинээлэг хүмүүс л хийгээд байдаг юм биш л дээ. Эгэл жирийн хүмүүс ч маш их цуглуулга хийдэг. Бага багаар авсаар байгаад хуримтлагдахаараа тэр чинь асар их үнэ цэнэтэй зүйл болж хувирна. Гэтэл хүмүүс ойлгохдоо “Өө, би ийм цуглуулга хийж чадахгүй юм байна. Надад тийм их мөнгө төгрөг байхгүй” гэж бодоод байдаг. Үнэндээ, оюутан сурагчид ч цуглуулга хийх боломжтой. Манайд 1950-иад оноос эхлэлтэй Цуглуулгын клуб байдаг шүү дээ. Тэнд очоод харвал тэтгэврийн хөгшчүүд, залуучууд гээд эгэл жирийн л хүмүүс байдаг. Тухайлбал, би уран бүтээлч хүн. Уул уурхайн зөвшөөрөл өгч, гарын үсгээ зардаг улс төрийн албан тушаалтан биш шүү дээ. Тиймээс заавал эрх мэдэлтэй ч юм уу бизнестэй хүн л цуглуулга хийдэг юм биш. Хүссэн хүн болгон өөрийн гэсэн цуглуулгатай болж чадна.
-Гэхдээ юуг яаж цуглуулах вэ. Мэдээж, хувь хүний сонирхол бас нөлөөлнө байх?
-Цуглуулга заавал үнэтэй зүйл байх шаардлагагүй. Өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг энгийн бүтээгдэхүүнүүдийг ч он цагийн туршид системтэйгээр цуглуулснаар тэр нь өөрөө үнэт зүйл болж хувирдаг. Өнөөдөр гарч байгаа ном, пянз 5-10 жилийн дараа алга болчихоод байгаа. Олдохгүй байгаа зүйлийг эрж хайснаар үнэ цэнэ нь өсөж эхэлнэ. Тухайлбал, монгол пянз сэргэж гараад 6-7 жил болж байна. Гэтэл одоо 6-7 жилийн өмнө сэргээж гаргасан пянзнуудын үнэ 10-20 дахин нэмэгдчихээд байгаа юм. Анх “Хонх” хамтлагийн пянз 70 мянган төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр бараг сая төгрөг шүргэж байх жишээтэй. Үүнтэй адил номын анхны хэвлэл ч үнэ цэнэтэй байдаг. Энэ үзэгдэл дэлхий даяар л байдаг зүйл. Гэхдээ жинхэнэ цуглуулагчид нэг их эдийн засаг яриад байдаггүй, иймэрхүү зүйлийг таашаадаггүй юм. Тэд урлагийн бүтээлийн үнэ цэнэ гэх мэтээр жинхэнэ гоё таашаалыг авдаг байхгүй юу.
-Таныг маш олон хоббитой гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ хоббиноосоо яг юуг мэдэрдэг юм бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна?
-Би монгол агуулгатай бүтээлүүдийг цуглуулах дуртай. Монгол гэдэг нэр орсон ном товхимол, зурагт хуудас, марк, ил захидал гээд миний хобби зөндөө бий. Жишээлбэл, гадаадад Монголтой холбоотой хэвлэгдсэн түүхийн баримт, эд өлгийн зүйлийг цуглуулдаг. Гэхдээ тийм өндөр үнэтэй зүйлүүд биш. Урлагийн бүтээл, бурхан тахил гээд явбал мөнгө их орно шүү дээ. Тиймээс миний хобби бол их энгийн, хэн ч авч болохоор зүйлүүд байдаг. Тухайлбал, Америкт ажиллаж байгаа хүн болгон тэндээс аваад хадгалчих, цуглуулах боломжтой зүйл байдаг юм. Гэхдээ тэр хүмүүс мэддэггүй болохоор түүний үнэ цэнийг ойлгохгүй байх талтай. Тиймээс би гадагшаа явж байхдаа өөрөө л ихэвчлэн олж авдаг юм. Тэгэхээр хүмүүс гайхаад байдаг л даа, “Хөөх, ийм гоё юм энд байсан юм уу” гээд байдаг. Өнөөх нь 1800-гаад оны үед хэвлэгдсэн Монголын тухай номыг хажуухан талд нь байдаг хуучин номын дэлгүүрээс олоод авчихсанд л байдаг юм. Эсвэл 1921 онд хэвлэсэн Монгол гэдэг хөлөг онгоцны зурагтай ил захидал ч байж магадгүй. Үгүй бол 1910, 1700 онд хэвлэсэн Монголын газрын зургууд зэргийг олж харах нүд их чухал байдаг. Тэр зүйлүүд эргээд Монголдоо ирэх нь бүр чухал шүү дээ. Гадаадынханд бол тэр сонин биш, тоос шороонд дарагдаад л, биднийг хүлээгээд байж байдаг юм. Харин түүнийг олж авна гэдэг нь өөрөө эзэнгүй арал дээр очоод үнэт эрдэнэ олж авч байгаа юм шиг таашаалыг өгдөг. Цуглуулгын хамгийн гоё таашаалын нэг нь эрж хайх, түүнийгээ олох, тэгээд өөрийн болгох шүү дээ. Он жилийн уртад нөгөө цуглуулга маань улам баяжаад л явна. Зарим хүн манайд орж ирээд “Ямар их ном бэ”, “Ямар гоё юм бэ” гээд гайхдаг л даа. Гэтэл би нэг, хоёроор нь цуглуулсаар байгаад л хуримтлуулчихсан.
-Гэхдээ эхлэн цуглуулагчид хаанаас, юунаас эхлэхээ мэдэхгүй байж болно. Та юу гэж зөвлөх бол?
-Хүнд зөв хуримтлуулах дадал хэрэгтэй. Бид нарийндаа, иргэншээгүй хүмүүс шүү дээ. Улаанбаатар ч залуу хот. Гэтэл иргэншсэн нийгмийн хүмүүс хуучны эд зүйл гэдгийг 200-300 жилийн өмнөх юм гэж ойлгодог. Харин бидэнд болохоор 1970-1980 оны эд зүйл олддоггүй. Жишээ нь, 1980 онд хэвлэгдэж байсан зурагт хуудас одоо олдохгүй байна. Богдын музейд социализмын үеийн үзэсгэлэн гарсан. Тэнд дөнгөж 1980 онд хэрэглэж байсан зүйлүүдийг хуучны эд гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр бид юм хадгалдаггүй, ийм дадал багатай, өнгөрсөн түүхийнхээ ой санамжийг авч үлдэхдээ тааруу хүмүүс юм байна. Өөрөөр хэлбэл, тэр үеийн үзэл суртлыг эс тоон тухайн үед гарсан ном товхимол, зохиол бүтээлийг цуглуулна гэдэг чинь бид туулсан түүхээ хадгалж буй хэрэг юм. Бидний ой санамж, алдаа оноо, түүнээс авах сургамж, сурч судлах зүйл маш их байгаа. Гэтэл бидэнд үүнийгээ хадгалсан архив алга байна. Харин энэ бүгдийг хэн хадгалж үлддэг вэ гэвэл хувь цуглуулагчид. Нөгөөтэйгүүр, ихэнх нь түүхийн баримт бичиг, урлагийн бүтээлийг л хадгалахаас биш өдөр тутмын бидний амьдралдаа хэрэглэж байгаа эгэл, энгийн зүйлсийг хадгалах ёстой юм байна гэдгээ ойлгодоггүй. Тийм учраас 1970-1980 онд хэвлэсэн зурагт хуудас урагдаад, үрэгдээд алга болчихсон байгаа юм. Тэрийг хадгалаад үлдээчихсэн байхад одоо үзээд гайхаж байх жишээний. Тухайлбал, тэр үеийн “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн зурагт хуудас өнөөдөр үнэ цэнэтэй зүйлийн нэг болчихоод байгаа юм. Тиймээс одооноос л цуглуулж эхэлж байна. Энэ мэтийн соёлын өвөө хадгалан авч үлдэх, түгээхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол хувь цуглуулагчид. Социализмын үеийн урилга, мэндчилгээ, урлагийн тоглолтын хөтөлбөр зэргийг хараад тухайн үеийн бичиг соёл, урлагийн чиг хандлага гээд олон судалгааг өнөөдөр хийж болно шүү дээ. Нэг жишээ дурдахад, суманд хүртэл бүхэл бүтэн жүжиг тавиад, түүнийхээ хөтөлбөрийг хэвлүүлсэн байгаа юм. Түүний дүрд галч тэр тоглоно гэх мэтээр бүр 1960-аад онд ямар их соёлтой байж вэ гэдгийг харж болно. Энэ соёл одоо зарим талдаа алдагдчихсан л байна. Тиймээс бидний амьдралд хадгалж болохгүй зүйл, үлдээж болохгүй үнэ цэнэгүй зүйл гэж байхгүй. Гагцхүү түүнийг олж харах нүд, цуглуулан хадгалах дадал буюу хоббиг маш сайн түгээх ёстой.
-Цуглуулагч болохын ач холбогдол нь юу вэ. Өнөөдөр “Манай хүүхэд юу ч сонирхохгүй юм” гэдэг эцэг эх олон болж байна. Энэ нь бүр дэлхий нийтийн үзэгдэл болчихсон. Бүр дижитал ертөнцийн уугуул иргэд гэдэг нэр томьёо хүртэл үүсч байна. Гэхдээ энэ нь мэдээж эерэг, сөрөг хоёр талтай. Зарим нь дэлгэцийн дон гэдэг оноштой СЭМҮТ-д эмчлүүлж байхад, нөгөө нь дэлхийн чанартай уралдаан тэмцээнд түрүүлж байна л даа?
-Биднийг хүүхэд байх үед марк, тэмдэг, зоос цуглуулах нь тэр үеийнхээр мода, одоогийнхоор бол трэнд байлаа. Тэгээд түүнийгээ хоорондоо солилцдог. Тэр үеэс авсан дадал намайг өнөөдөр цуглуулагч болгосон. Цуглуулагч хүн цэгцтэй, нямбай болчихдог. Жишээ нь, би аливаа зүйлийг өрөх, хадгалах, цэвэрлэх дадалтай. Үнэ цэнийг нь ойлгож мэдэрдэг. Хоёрдугаарт, тэр цуглуулгынхаа тухай судалсаар байгаад мэдлэгийн хүрээ тэлдэг, хамгийн гол нь хүнийг аз жаргалтай болгодог юм. Энэ бүгдийг одоо хүмүүс ойлгодог болсон. Өнөөдөр янз бүрийн хобби, сонирхолтой, түүнийгээ ахуй амьдрал, ажлынхаа нэг хэсэг болгосон хүмүүс ч бий болсоор байна. Мэдээж, аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтрэхээрээ сөрөг дон болно. Номын цагаан солио гэдэг оёгтой болчихсон хүмүүс байдаг шүү дээ. Тэр юунаас болдог вэ гэвэл ямар ч системгүй мэдээллээр тархийг ачааллуулснаас үүсдэг. Утас хамаа замбараагүй удаан үзэх, байнга компьютер тоглох бол мэдээж үүнтэй адил сөрөг дон. Харин эерэг дон бол эсрэгээрээ, хүнийг тайван амгалан, аз жаргалтай болгож, мэдлэгийн хүрээг тэлж хөгжүүлдэг. Хүн насан туршдаа энэ таашаалаа хүртэж амьдарна шүү дээ. Хүнд хэрэгтэй бүхий л дааврууд ялгардаг. Тиймээс би хүн яг өөрийнхөө хүсэл сонирхолыг л олох хэрэгтэй гэж зөвлөнө. Хүн өөрийнхөө хоббиг олоход зорилготой, системтэй, ер нь огт өөр болчихдог юм. Эргээд энэ нь эх орондоо ч хэрэгтэй. Дэлхийн алдартай том музей, галерейн үзмэрүүд чинь дандаа хувь цуглуулагчдаас ирсэн нандин өв байдаг юм. Лувр, Эрмитаж гээд бүгдээрээ л эгэл жирийнээс эхлээд хаад ноёд, хөрөнгө чинээтэй хүмүүсийн цуглуулга, хуучны эд зүйл, түүхийн ач холбогдолтой баримтууд байхгүй юу. Энэ бүхэн нийлэхээрээ бараг л улс орноо тэжээж байна шүү дээ, өнөөдөр. Бид ч гэсэн хоббигоо хөгжүүлж, хичээвэл ийм соёлыг ч түгээж чадна.
-“Хүүхэд, залуучууд юу ч сонирхохгүй байна” гэж ярихаас гадна манай зарим ахмад тэтгэвэрт гараад л сэтгэл санаагаар унаж, амархан өтөлж эхэлдэг. Ажиглаад байхад, гэр-ажил гэсээр бүхий л насаа урсгаад өнгөрөөчихсөн байдаг. Гэтэл өөрийн гэсэн хобби, сонирхолтой ахмадууд огт өөр, шинэ хүрээлэлтэй, дахин төрсөн мэт амьдрах юм?
-Амьдралын хамгийн чухал зүйлийн нэг чинь хүн хоббитой, өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байх шүү дээ. Хүн тогтсон ажил, амьдралын хэвшлээ өөрчлөхөд өөрийн эрхгүй хямралд ордог юм билээ. Ялангуяа, тэтгэвэрт гарахад гэв гэнэтхэн маш их чөлөөт цагтай болчихдог. Тэр үед хүн хэнд ч хэрэггүй болсон мэт, нэг л хаягдаж гээгдсэн мэт мэдрэмж аваад байдаг. Гэтэл амьдралынх нь цоо шинэ хуудас эхэлж байна шүү дээ. Магадгүй, өөрийн гэсэн хобби, сонирхолтой бол түүнийгээ улам хөгжүүлж, зарцуулах цаг завтай болж байгаадаа баярлана. Уул руу алхах, зураг зурах болон авах, шүлэг бичих, хувцас оёх, янз бүрийн хоол хийх, мод, цэцэг, бүр Монголд усан үзэм тарих зэргээр аз жаргалтайгаар амьдрал нь үргэлжилж байдаг. Харин зөвхөн ажил, гэрийнхээ хооронд л явдаг байсан хүн тэтгэвэрт гарахаараа оршихуйн хямралд өртдөг шиг байгаа юм. Тэгээд л нөгөө “Цагийн хүрд”-тэйгээ хэрэлдээд л, бүх зүйл харанхуй, бүдүүлэг, сөнөх гэж байгаа юм шиг авирладаг. Уг нь улсын ажил дуусч, хувийн амьдрал нь эхэлж байгаа юм. Түүндээ цаг заваа хязгааргүй зарцуулах боломжтой шүү дээ. Харин нөгөө өөрийн гэсэн сонирхол, хоббитой хүмүүс нь ажил, хамт олон зэрэг хамааралтай байсан зүйлсээсээ чөлөөлөгдөж, зорилгынхоо төлөө олон улс орноор аялж, олон шинэ зүйлтэй танилцаж байна. Энэ нь тухайн хүндээ бараг дахин төрөлтийн дайны үйл явц болдог юм. Тэгэхээр аливаа хобби хүнийг амьдралынх нь туршид авч явдаг ментор, көүч нь байгаа биз.
-Ингэхэд хүн хоббигоо олдоггүй юм уу, эсвэл өөрийгөө таньдаггүй юм уу?
-Өөрийгөө таниагүй хүн хоббигоо олж чадахгүй. Тэгэхээр энэ бол нэг зүйлийн хоёр тал юм даа. Хүн болгонд ямар нэгэн авьяас, хүсэл сонирхол заавал байдаг. Түүнийгээ олж мэдсэн нэгэн байхад хараахан таньж чадаагүй өөр нэгэн гээд хүмүүс ерөөсөө л ийм хоёр янз байгаа. Аль алинд нь ойр дотны хүрээлэл, тухтай бүс, нийгмийн орчин нөлөөлдөг.
Г.ГАНЧИМЭГ





Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...
5 цагийн өмнө
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...
6 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
7 цагийн өмнө
Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...
7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд