Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Ц.Ариунаа: Баримтат кинондоо Монголын малчид ямар сорилттой тулгарч байгааг харуулсан

trend

Админ

img

2025 оны 10 сарын 17

img

37

news-img

Австралийн найруулагч Габриел Брэдигийн “The Wolves Always Come at Night“ буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино одоогийн байдлаар дэлхийн таван тивийн 23 наадамд шилэгдэн оролцож, Итали, Румын болон БНХАУд зохион байгуулагдсан наадмуудаас шилдэг баримтат кино шагналыг хүртжээ. Улмаар 2026 оны Оскарт Австрали улсаас албан ёсоор нэрийг нь дэвшүүлээд байгаа юм. Тус бүтээлийг Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films, Монголын “Гуру Медиа” студи хамтран хийсэн юм байна. Энэ удаагийн Оскарт баримтат киноны төрөлд Австрали улсаас шалгарсан тус киноны продюсер Ц.Ариунаатай уран бүтээлийн тухай яриа өрнүүллээ.


-Монгол уран бүтээлчийн продюсерлосон баримтат кино Оскарт нэр дэвших хүртэл их урт замыг туулсан байж таарна. Энэ урт замыг хэрхэн яаж туулсан бол гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Оскарт өмнө нь найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” нэр дэвшиж байсан. Бид энэ жил Оскарыг “хос морь”-той зорьж байгаагаараа онцлогтой. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” гэдэг кино нэг нь. Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” кино маань Монгол, Австрали, Германы хамтын бүтээл юм. Гол баатар нь монгол хүмүүс. Найруулагч маань австрали хүн. Австралийн Засгийн газраас дэмжиж, нэр дэвшүүлж байгаа.

-Энэ киног бүтээх болсон эхний алхам хэзээ, яаж тавигдсан юм бол. Ер нь “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино бүтсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Киног бүтээх эхний алхам таван жилийн өмнө тавигдсан. Гэхдээ түүнээс ч өмнө найруулагч Габриел Брэди гэдэг бүсгүй маань 2000-аад оны эхээр Монголд Австралийн сайн дурын байгууллагын шугамаар ажиллаж байсан юм. Дараа нь МҮОНТ-д ажиллаж байлаа. Намайг Монголын Урлагийн Зөвлөлийг удирдаж байхад анх танилцсан түүхтэй. Дараа нь кино урлагийн чиглэлээр Кубад боловсрол эзэмшсэн юм. Монголд ажиллаж амьдарч байхдаа малчин айлд зочлон, бүр тэндээ хэсэг амьдарч, малчин хүмүүсийн амьдрал, аж ахуй, соёлтой танилцаж, Монголтой өөрийн гэсэн сэтгэл зүйн холбоог үүсгэсэн байсан. Хүн төрөлхтний гээчихсэн байгаа, харин монгол хүмүүсийн байгаль дэлхийдээ ойрхон, материаллаг зүйлсийг хэт шүтэхгүй амьдардаг хэв маяг нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм билээ. Тиймээс “Би заавал Монголын тухай кино хийнэ” гэж ярьдаг байсан юм. Нэг л өдөр над руу утасдаад “Би кино хийх гэж байгаа. Судалгааны ажлаар Монголд ирчихлээ. Хоёулаа уулзах уу” гэсэн.

-Та яаж хүлээж авсан бэ?

-Би хамгийн түрүүнд “Монголын яг юуг нь үзүүлэх гэж байгаа юм бэ” л гэж асуусан. Яагаад гэвэл, миний хувьд ядуурал, шилжилтийн үеийн бидний “шарх”-ыг дандаа харуулаад байдаг гадныхны бүтээлд таатай ханддаггүй. Кино маань нүүдлийн соёлыг сонирхож эхэлсэн л дээ. Тэр нь надад таалагдсан юм. Гэтэл судалгааны явцад Монголын газар нутгийн 70-80 хувь нь хөдөө аж ахуйн бэлчээрт зориулагддаг. Тэр нийт бэлчээрийн бараг 70 орчим хувь нь сүүлийн 5-10 жилд байгаль, цаг уурын өөрчлөлтөд орж, маш их доройтсоноор хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн маш их явагдаж байгаа. Сүүлийн 10 жилд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүн ам эрчимтэй өссөн. Энэ нь нийгмийн чухал, том өөрчлөлт болж буйг найруулагч маань маш сайн олж харсан. Тухайн үед байгаль, цаг уурын асуудлыг Монголд байтугай дэлхийд хөгжлийн хамгийн том сорилтуудын нэг гэж өнөөдрийнх шиг нийтээрээ хардаггүй байсан шүү дээ. Ингээд бид гол дүрээ хайж эхэлсэн.

-Ямар хүн хайж байв. Кинонд дүрийн судалгаа их чухал хэсэг нь шүү дээ?

-Баримтат киноны онцлог нь найруулагчдаа маш их эрх чөлөөг өгдөг. Яагаад гэвэл, бид уран сайхны кинон дээр гол дүр нь энэ. Ийм үйл явдал болно гээд зохиолоо мэдэж байдаг буюу эхлэл, өрнөл, төгсгөл нь тодорхой байдаг. Баримтат киноны хувьд эхлэл нь л тодорхой болчихвол баатар нь өөрөө тэр киногоо хөтлөөд дуусгачихдаг онцлогтой. Бид энэ киног эхлэхээс өмнө хоёр жилийн турш гол дүрээ хайсан. Судалгааны явцад хоёр хүн оллоо. Хоёулаа малчин, хөдөөнөөс хотод шилжиж ирсэн, ирэх гэж байгаа хүмүүс байсан юм. Баримтат киноны баатар болох хүн маш их харизматик, монголоор бол нүүрний буянтай, хуваалцах түүх, сэтгэл зүрхний “ачаа”-тай хүн байх ёстой. Тэгээд камераас гэрэвшээд байхааргүй, хаана ч өөрийнхөөрөө байх чадвар маш чухал. Найруулагч Габриел маань яг л тийм хүн хайгаад л яваад байлаа. Сонирхолтой хүмүүс ч байсан. Харин гол дүрийн баатар маань 2020 оны зуднаар Улаанбаатарт нүүгээд ирчихсэн байж. Кинонд тоглохыг эхлээд огт зөвшөөрөөгүй л дээ. Уулзалт ярилцлага хийж, найруулагчтай харилцан бие биеэ ойлголцсоны дараа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Д.Даваасүрэнгийн гэр бүлийн бодит түүхээр дамжуулан өгүүлэх баримтат кино маань бүтсэн түүхтэй. Бүр явсаар байгаад Даваа, Заяа хоёр маань энэ киноны зохиолыг хамтран бичилцсэн хүмүүс болцгоосон л доо.

-Дүрийн сонголт хийгдлээ. Кино зураг авалт ч эхэллээ. Гэхдээ энэ киноны агуулга юуг өгүүлэх вэ гэдэг нь дараагийн сонирхолтой асуулт. Магадгүй сэдэв ч байж болно байх?

-Кинон дээрээс харвал Даваа, Заяа хоёр хаврын хүйтэн шуурганд хамаг малаа алдаж, хайртай азаргаа хүртэл нутагтаа борлуулчхаад хотод орж ирж байгаа. Хөдөөгийн сайхан талд аажуу уужуухан малаа дагаж явсан хүмүүс түм бужигнаж, хөл толгой нь мэдэгдэхгүй газар олон сорилттой нүүр тулна. Гэр орноо төвхнүүлэх, ажил төрөл олж хийх зэрэг бол зөвхөн ахуйн асуудлууд. Сэтгэл санаа гэж чухал юм хүнд байдаг шүү дээ. Тэр нь энэ киноны чухал хэсэг. Малаа алдсан малчин хүмүүс ямар сэтгэлийн дарамтад орж, нутаг усаа санаж, өөрийгөө буруутгаж явдгийг харж болно. Нүдэнд нь адуу харагдаад л, чихэнд нь азарга янцгаагаад л, бүр хөлснийх нь үнэрийг хүртэл санаад л, түүнийгээ эхнэртээ яриад л. Даваа сэтгэл хөдлөлөө маш гоёор илэрхийлж, хэлж чадаж байгаа нь энэ киног амьд болгосон. Ингэснээрээ олонход нь байдаг дундаж монгол эрэгтэй хүний тухай төсөөлөл, сэтгэгдлийг эвдэж чадсан л даа. Эхнэртээ ч сэтгэлийн холбоогоо их гоёор илэрхийлнэ. Гарыг нь бариад илж байснаа “Гоё зөөлхөн юм аа” ч гэдэг юм уу. Тэр нь худал биш. Ингээд явсаар байгаад энэ кино дэлхийд устаж алга болж байгаа гэр бүлийн халуун дулаан сэтгэл, хэцүү бэрх үед бие биеэ түшиж амьдарч, бие биедээ итгэж байгаа монгол хүний гэр бүлсэг чанарыг гаргачихаж байгаа юм. Гэтэл өнөөдөр гэр бүл гэдэг чинь зарим хүний яриагаар бол бараг нэг эрх мэдлийн институци маягийн ч юм шиг болчихоод байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь монгол хүмүүсийн байгаль дэлхийгээс бие сэтгэлийн эрчмээ цэнэглэж, байгалийн хуулийг хүлээн зөвшөөрч, дасан зохицож амьдардаг тухай энд өгүүлнэ. Мөн Монголын малчид дэлхийн дулааралд маш бага хувиар нөлөөлж байгаа мөртлөө хамгийн их үр дагаврыг хүртэж байгааг ч хөндөж гаргасан.

-Яалт ч үгүй өнөөдөр хүн төрөлхтний амьдралаас нандин байх, үнэн байх гэдэг зүйл бага багаар алдуураад л байгаа цаг үе шүү дээ. Гэтэл сэтгэл зүйн энэ их хямралын хажуугаар байгаль, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн шинэ орчин нөхцөлд дасан зохицох гээд олон сорилтуудтай ажил, амьдрал дээрээ тулгарч байна?

-Бие биеэ хүндэтгэх, аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах ч гэдэг юм уу, иймэрхүү харилцааг энэ хоёр маань маш гоёор илэрхийлдэг. Сэтгэлийн хат гэж юу юм бэ. Хатууд хатуу байх гэхээсээ байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, гарц гаргалгаагаа байнга хайж, өөрийгөө болон гэр бүл, мал ахуй, үнэт зүйлсээ хайрлахыг сэтгэлийн хат гэнэ байх. Ерөөсөө л бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж хүндэтгэх, үнэн байх юм. Аливаа зүйлд хандлага их чухал байхгүй юу. Би л зовж байна биш. Түүнийг хамтдаа даван туулаад л, бидэнд хүүхдүүд маань байгаа, тэднийхээ төлөө ажиллаж амьдарна, гэхдээ уул усаа хөндөхгүй гэдэг философийг гол дүр маань гаргадаг. Амьдралынхаа төлөө хотод ирсэн ч гэсэн Даваа уулнаас хайрга авах ажлыг уухай хашхираад таван цаасны төлөө хийдэггүй. “Уул ус амьтай шүү дээ” гэдгээ ч хэлдэг. Тэр бол монгол хүн уул устайгаа шүтэн барилдлагатайгаа явдаг чанарыг харуулсан. Тэр хүмүүс амьдралдаа тохиолдсон сорилтыг даван туулахдаа ямар хандлага, сэтгэлийн хат гаргаж байгаа нь чухал. Бид энэ киног хийснийхээ дараа юу гэж ярьсан гээч. Ер нь монгол хүмүүс мал аж ахуй ярихаар малаа л яриад байдаг. Малын тоо толгой 71 саяд хүрлээ. Бэлчээрийн доройтолд орлоо гээд бид малаа л хайрлаад яриад байгаа юм шиг мөртлөө яг малаа хариулаад явж байгаа малчид болон хотод шилжин нүүж ирсэн хүмүүсийнхээ нийгмийн асуудал, тэр хүмүүсийн сэтгэл санаа, энэ олон өөрчлөлтөд ямар сорилтуудыг давж байна вэ гэдгийг тэр бүр ярьдаггүй, мэддэггүй шүү дээ. Тэр нь энэ кинон дээр гарч ирсэн. Тэгээд дээрээс нь Монголын нийгэм чинь хөдөө хот, гэр хороолол, хотын төвийнх гэдгээрээ маш их хуваагдаж, бие биеэ ойлгохгүй тийм байдал үүсчихсэн. Тэр байдлыг кино үзсэнийхээ дараа хүмүүс маш сайн ойлгоно байх.

-Аливаа уран бүтээл, ялангуяа баримтат кино бол маш их судалгаатай байж сайн болно. Танай баг ч нэлээд хичээж ажилласан байх?

-Тийм ээ, бид зөвхөн судалгаандаа гурван жилийг зарцуулсан. Манай судлаачаар сэтгүүлч Д.Доржпагма ажилласан нь дүрийн мэргэн сонголтод маш сайн нөлөөлсөн. Судалгааныхаа явцад ч зургаа аваад явсан. Зургийн ажил хоёр жил үргэлжилсэн. Дараа нь монтаж, хөгжим, дуу шум гээд продакшны ажилд нэг жилийг зориулсан. Тэр бүгдийг найруулагч Габриел, манай продюсер Жулиа Валш нар удирдаж явуулсан. Бид киногоо Австралид нээхээр өнгөрсөн зун Даваа, Заяа хоёртойгоо, багаараа Сиднейн олон улсын кино наадамд оролцсон. Даваа хөөрөг, даалингаа аваад л явна. Тэгээд хэнтэй ч очоод тамхилчихна. Хүмүүс “Энэ юу вэ” гээд гайхаад асуухаар “Энэ нь Монголын уламжлалт ёс. Бид ингэж тамхилан халуун дотно яриа өрнүүлдэг юм” гээд тайлбарладаг. Тэр нь хүмүүст таалагдаж, яриа хөөрөө нээлттэй болж ирдэг. Гэтэл хотын бид энэ чанараа алдаж байна шүү дээ. Хөөргийг зөвхөн цагаан сараар л гаргаж ирдэг юм шиг, эсвэл найр наадамд ахмад хүмүүстэй л уулзаж золгохдоо хэрэглэдэг юм шиг ойлголттой болчихсон яваад байна. Гэтэл Даваа өдөр тутмын амьдралдаа хөөргөө хэрэглэж байна. Бид ч гэсэн тэр хүмүүстэй хамтран ажиллаж, сүүлийн жилүүдэд ахан дүүс шиг болсондоо баяртай байгаа. Гээгдэх шахаж байгаа өв соёл, олон мянган жил оршин тогтносон нүүдэлчин ахуй, Монголын малчид уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож, ямар сорилттой тулгарч, яаж даван туулж байгааг бодитоор харуулж чадсан.

-Сүүлийн үед киног маш хурдан хугацаанд түргэн түүхий “машиндаад” гаргачихдаг болсон шүү дээ, монголчууд. Энэ бол хурд биш. Тиймээс уран бүтээлчдийн хувьд энэ кино нь харилцан суралцах нэг том алхам болно байх?

-Баримтат кино манай улсад социализмын үед маш хүчтэй хөгжиж байсан. Үзэл сурталжсан ч гэсэн Монголкино үйлдвэр, үндэсний телевизийн уран бүтээлийн тодорхой хувийг баримтат кино эзэлдэг байсан юм. Зах зээлийн нийгэмд шилжээд нэг хэсэг баримтат киног барьж авах нь бага болчихсон. Киног энтертаймент, бизнес гэж харсан учраас залуучууд энэ төрөл жанрыг сонирхохгүй болчихсон юм. Гэхдээ хоосонгүй. Манай нэрт сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, баримтат киноны найруулагч Г.Золжаргал, “Намуунзэт” продакшны найруулагч, сэтгүүлч З.Батбилэг, “Ай СиТи” филмсийн найруулагч Ч.Хоролдорж, сэтгүүлч Л.Номин, зураглаач Д.Давааням гээд баримтат кинонд сэтгэлтэй, хийгээд явдаг залуус бий. Үзэгчид нийтээрээ сонирхож үзэхгүй байгаа учраас л томорч харагдахгүй байгаа юм. Өнөөдөр Монголын амьдрал, нийгэмд болж байгаа энэ бүх өөрчлөлт чинь уг нь баримтат киноны маш том сэдвүүд байхгүй юу. Энэ кино маань уран бүтээлчдэд, ялангуяа залуучуудад санаа, сэдэл өгнө байх.

-Өмнөх нийгмийн үед үзэл сурталжсан байсан учраас хүчээр ном сонин уншуулж, баримтат кино үзүүлдэг байсан нь нууц биш. Харин одоо эрх чөлөөтэй болчихсон чинь дийлэнх нь уншихаа ч больж, хэрэгтэй зүйлийг сонирхож үзэхээ ч больжээ. Тэгсэн мөртлөө дандаа хар бараан, хуурамч акуантаас аль болохгүй, бүтэхгүй гэсэн болгоныг түүж хуваалцаад, тэрэндээ бухимдаад суух нь ажиглагдах юм. Тэгэхээр өнөөдрийн энэ нийгэмд баримтат киноны үзэгчид гэж мэдээж тусдаа хүмүүс бэлэн сууж байхгүй. Ялангуяа, манай Монголын үзэгчид баримтат кинонд хэр дуртай, хэрхэн хүлээж авдаг юм бол?

-Бид заримдаа олон ангит киноноос залхаад байдаг. Тэгээд байгаль орчны тухай ч юм уу, эсвэл бодит хүний түүхийг өгүүлсэн баримтат киног үзэж сонирхоод сууж байдаг шүү дээ. Анзаарсан бол сүүлийн үед телевизүүдийн баримтат киноны цаг нэмэгдэж байгаа. Гэхдээ л хүмүүс баримтат кинонд мөнгө төлж буюу билет авч үзэж сураагүй л байна. Түүнээс биш бодит, баримтат түүхийг үзэх сонирхол бас байна шүү дээ. Залуус Youtube аялал, хоол, өдөр тутмын амьдралын тухай блог ч их хийж, их үзэж байна. Ер нь видео контентын агуулга, хүлээж авч үзэх дадал зуршил дэлхий даяараа маш их өөрчлөгдөж байгаа. Z болон Альфа үеийнхэн агуулгыг биднээс шал өөрөөр хардаг, ийм л сонин үед бид амьдарч байгаа. Эрхбиш кино гэсэн урлагийн төрөл маань тэсэж үлдэнэ гэдэгт итгэдэг, түүний төлөө л өдий болтол явж байна.

-Танай кино багийн уран бүтээлийг хэн хамгийн ихээр дэмжиж тусалсан бэ?

-Монголоос бол ямар ч төсөв мөнгө гарах боломжгүй байсан л даа. Бид өөрсдийнхөө туршлага, мэдлэг, салбарынхаа хувь нэмрийг энэ кинонд оруулсан. Австралийн Screen Australia, ВВС болон гадаадын хувь хүмүүс киног маань дэмжсэн. Хүмүүсийн ярьдгаар, “хүний мориор газар дөхлөө дөө”. Ер нь баримтат кино хийхийн тулд ямар хүмүүстэй нэгдэн нийлж, зуузай холбох вэ гэдэг нь чухал зүйл. Маш их судалгаатай, шинжлэх ухаанчаар хандаж, түүний хажуугаар түүхээ, гол дүрээ сонгоход цаг хөрөнгө зарж, судалж, мэргэжлийн сайн баг гар нийлэн ажиллаж байж баримтат киног хийнэ. Баримтат кино урлаг, нийгэм соёлын антропологи, түүх, соёл судлал, сэтгэл ба сэтгүүл зүй, дуу дүрсний техник технологи, бизнесийн удирдлага, маркетинг сурталчилгаа, олон улсын харилцаа зэрэг маш олон салбарын нийлмэл чадвараар бүтдэг онцлогтой.

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй

16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...

img

8 цагийн дараа

УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...

img

8 цагийн дараа

Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 1...

img

7 цагийн дараа

Д.Эрдэнэбилэг: Амьдралаасаа өдөр бүр талархах шалтгааныг олж сураарай

Сэтгэл зүйч, эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. -Аз жаргалтай амьдрал гэдгийг та юу гэж тодорхойлох вэ. Энэ цаг ү...

img

7 цагийн дараа

Б.Дашравдан: Эрээний карго компаниуд нэг удаагийнхаа алдагдлыг монголчуудаар нөхүүлэх гээд байна

Олон улсын худалдааны судлаач Б.Дашравдантай ярилцлаа. -БНХАУ-д энэ сарын 1-нээс эхэлж байгаа татварын шинэ журмын талаар судлаачийн...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд