мэдээ
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 10 сарын 21

71

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө оруулагч 34-өөс дээш хувийн хувьцаа эзэмшихийг хязгаарлах тухай хуулийн заалт бий. Тэгвэл энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар нэр бүхий хуульчид Цэцэд ханджээ. Энэ талаар өмгөөлөгч, хуульч Б.Баяраатай ярилцлаа.
-Дэлхийд байхгүй “Стратегийн орд” гэсэн ойлголт зөвхөн Монголд л байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэж байна гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэх ойлголт нь хуучин ЗХУ-ын үед хэрэглэгдэж байсан. Тэгвэл өнөө үед олон улсад нэгэнт хэрэглэгдэхээ больсон. Харин “стратегийн болон критикал ашигт малтмал”, “чухал ашигт малтмал” гэх бүтээгдэхүүнд суурилсан ойлголтыг олон улсад түгээмэл хэрэглэж хэвшээд байна. Гэтэл бид дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар олон улстай ижил хэлээр ярих боломжгүй болчхоод байгаа юм. Улмаар стратегийн ордын хувьцааг төр үнэгүй авах, хувийн хэвшил буюу хөрөнгө оруулагч тал хувьцааны хяналтын багцыг эзэмшихгүй байх, хэрэв хувьцааны хэмжээг хэтрүүлбэл Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилж компанийн удирдлагыг хүчээр авах, тусгай татвар авах гэх мэт олон төрлийн хязгаарлалт бий болгосноор энэ салбарыг үндсэндээ бүрэн зогсоочхоод байна.
-Хуульчдын Цэцэд гаргасан мэдээлэл дэх стратегийн ордтой холбоотой хуулийн заалт Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж байгаа юм бэ?
-Үндсэн хуульд заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.
Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэснийг зөрчсөн талаар мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хууль батлах замаар хувийн өмчийг хурааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хувийн өмч, чөлөөт эдийн засгийг дэмждэг, ардчилсан эрх зүйт төртэй аль ч улсын хувьд хэн нэгний өмчийг үнэ төлбөргүйгээр төрд хураан авч нийгэмчилдэггүй. Төрөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшсэний хариуд компанийн хувьцааг төр нь үнэ төлбөргүй авч, улмаар хүчээр хамтран бизнес хийх шаардлага тавьдаг улс орон байхгүй.
-Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд газрын талаар хэт ерөнхий тодорхойлсон нь шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөхүйц болон дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг үйлдвэрлэдэг эсхүл үйлдвэрлэх боломжтой орд гэжээ. Өөрөөр хэлбэл, төрийн үзэмжээр ямар ч ордыг стратегийн ангилалд оруулах боломжтой гэсэн үг үү?
-Эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлдөггүй уул уурхайн бизнес гэж байхгүй учраас төрийн үзэмжээр ямар ч ордыг стратегийн гэх ангилалд оруулах боломжтой байна.Нөгөөтэйгүүр дотоодын нийт бүтээгдэхүүний хэлбэлзэл болон тухайн ашигт малтмалын үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж зарим жил стратегид орох эсхүл хасагдах нөхцөл үүсгэсэн байна. Монгол Улсын хувьд “стратегийн орд” гэх ойлголтыг олон улсын нийтлэг сайн жишигт нийцүүлэн “стратегийн бүтээгдэхүүн” гэсэн ойлголтоор өөрчилж эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулинд хөрөнгө оруулагчийн дайчлан авсан хөрөнгийн нөхөн олговрыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцож, үнийн хамт төлнө гэж байгаа. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд эсрэгээрээ хөрөнгө оруулагчийн хувьцааг төр үнэгүй авах тухай зохицуулсан нь хуулийн зөрчил үүсгэх үү?
-Стратегийн ордыг эс тооцвол Үндсэн хууль, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжуудаар ямар ч хувийн өмчийг хариу төлбөр, нөхөн олговоргүйгээр төрд хураан авах тухай зохицуулалт огт байхгүй. Төр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийг хураах тохиолдолд эхлээд өмчлөгчтэй нь зөвшилцөх дараа нь зохих нөхөх олговрыг олгох тухай нийтлэг зохицуулалт үйлчилж байна. Тухайлбал, түүх, соёлын хосгүй үнэт зүйл, дурсгалт зүйлийг улсын сан хөмрөгт авах тохиолдолд эзэмшигч, өмчлөгчид нөхөх олговрыг төлөх, мөн Газрын тухай хуулиар иргэний газрыг улсын тусгай хэрэгцээнд авбал нөхөх олговрыг олгох, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авбал нөхөх олговор олгох зэрэг эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. Ер нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь хууль тогтоох онцгой эрхээ ашиглах замаар буюу хууль батлах байдлаар хэн нэгний хувийн өмчийг үнэгүй авах үүд хаалгыг нээгдвэл маш аюултай. Энэ нь цаашдаа бүх салбарт жишиг болон халдварлаж хэний ч хувийн хөрөнгөд халдаж болох нөхцөл үүснэ.
-Үе, үеийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө төрийн өмчит компаниудыг хувьчилна, нээлттэй болгоно гэж амлалт өгдөг. Харин стратегийн ордын тухайд эсрэг бодлого баримталдгийг юу гэж ойлгох вэ?
-Стратегийн ордын тухайд хөрөнгө оруулагч хувийн хэвшил 34 хувиас дээш хувьцаа эзэмшиж болохгүй, харин төр заавал 34 хувиас дээш хувийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн зохицуулалттай. Энэ нь стратегийн орд бүр дээр төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүд байгуулагдах боломжтой гэсэн үг. Тухайн орд бий болоход төрөөс ямар ч хөрөнгө оруулахгүй, эрсдэл хүлээхгүй. Тэгсэн атлаа хууль гаргах замаар хувийн өмчийг боловсон дээрэмдэх байдлаар хамгийн том хувьцаа эзэмшигч болно гэсэн үг.
-Улсын төсвөөр хайгуул хийсэн орд газруудад төрийн оролцоо байх ёстой гэсэн байр сууриуд ажиглагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Хувийн өмч гэж байгаагүй өмнөх нийгмийн үед улсын төсвөөр хайгуул судалгаа хийж байсан. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор улсын төсвийн хайгуул хийсэн зардлыг өнөөгийн бодит үнэ цэнээр бүрэн төлүүлсэн байгаа. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу байгалийн баялгийн нөөцийн нөхөн олговрыг татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Төр хохиролгүй болсон атлаа ямар үндэслэлээр хувьцааг нэмж авах гэж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
-Ингэхэд Монгол Улсад хэн нэгний өмчийг үнэ төлбөргүй шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт байдаг уу?
-Өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн чөлөөт эдийн засаг бүхий зах зээлийн харилцаагаар бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдаас авах тохиолдолд үнийг төлөх, эсхүл харилцан солилцох буюу арилжаа хийх зэргээр эрх зүйн харилцаанд оролцогч нэг талын эрх ашгийг хохироохгүй байх нөхцөлөөр зохицуулагддаг. Иргэний эрх зүйн харилцаанд өмч нь үнэ төлбөргүй шилжих зохицуулалт нь зөвхөн өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу буюу бэлэглэл, өв залгамжлал, гэрээслэл зэргээр шилжих үндэслэлтэй байна. Харин эрүүгийн эрх зүйн харилцаанд өмч нь өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг бусдад үнэгүй шилжихийг гэмт хэрэг гэж үзэж тухайлбал, өмчийн эсрэг гэмт хэргийг зохицуулсан бүлэгт зөвшөөрөлгүй авахыг хулгайлах, итгэл эвдэж авахыг залилах, хүч хэрэглэж авахыг дээрэмдэх зэргээр гэмт хэрэгт тооцно гэж тодорхой зохицуулсан байна.
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь тэр дундаа хууль тогтоох онцгой бүрэн эрхээ ашиглах замаар буюу хууль тогтоох байдлаар хувийн өмчийг хууль бусаар хураан авах нь Үндсэн хууль, түүнд нийцүүлэн баталсан бусад хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд огт нийцэхгүй зөрчил юм.Компани бол ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд энэ зорилгоо хувьцаагаараа дамжуулж хэрэгжүүлдэг. Гэтэл төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшсэний төлөө хувьцааг нь үнэгүй хураадаг байж болохгүй. Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшсэний төлөө хувьцаагаа үнэгүй өгөх тухай зохицуулалт байхгүй.
-Хуулиа хэрэгжүүлээд анхны хөрөнгө оруулалт хийхгүйгээр төрөөс хувьцаа үнэгүй авлаа гэхэд цаашид ямар хүндрэл үүсэх бол?
-Стратегийн ордууд дээр анхны хөрөнгө оруулалт хийхгүйгээр төр хувьцаа эзэмшигч боллоо гэхэд цаашид оруулах хөрөнгө оруулалт, зээл санхүүжилтээс хувьцаа эзэмшигчийн хувиар зугтах ямар ч боломж байхгүй. Энгийн үгээр бол зөвхөн ямба эдэлдэг, ял үүрдэггүй хувьцаа эзэмшигч гэж дэлхийн аль ч улсад байдаггүй. Өөрөөр хэлбэл, төслийн зардал өсвөл тэр хэмжээгээр хувьцаа эзэмшигчийн хувиар төрийн үүрэх үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Үүний оронд хувьцаа эзэмшихгүйгээр буюу эрсдэл үүрэхгүйгээр төслийн нийт өгөөжийн дийлэнхийг хэрхэн татвар хураамж хэлбэрээр хүртэх вэ гэдэг дээр төвлөрөх нь зөв юм.
-Ер нь төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр өөрөө хөрөнгө оруулаад стратегийн ордыг нээх, ашиглах боломж бий юу?
-Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч гэдэг утгаараа төрөөс өөрөө хөрөнгө оруулалт гаргаж, эрсдэл зардлаа үүрээд хэдэн ч стратегийн орд илрүүлж, ашиглах эрх нь нээлттэй. Ашигт малтмалын тухай хуулиудад энэ боломж байсаар ирсэн, одоо ч байгаа. Ашигт малтмалын орд нь хүний хүчин зүйл, хөрөнгө оруулалтын үр дүнд чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлал юм. Гэтэл хүний хүчин зүйл болох хөдөлмөр, цаг хугацаа, оюуны болон материаллаг хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгөд үнэгүйгээр буюу нэг үгээр бол эрсдэл, үүрэг, хариуцлагыг хүлээгээгүй, хувьцаанд хөрөнгө оруулаагүй атлаа шууд эрх эдлэх байдлаар үр шимийг үнэгүй хүртэнэ гэдэг нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аль ч компанид таалагдахгүй.
Ер нь стратегийн ордуудын хөрөнгө оруулагч нар нь Монголын төр 2024 онд хууль баталж компанийн хувьцааных нь талыг, эсхүл гуравны нэгийг үнэгүй авна гэж тооцохгүйгээр төслөө хэрэгжүүлсэн байх. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд оруулсан 2024 оны нэмэлт, өөрчлөлтийг өмнөх хуулийн үеийн үйлчлэл рүү эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх тулгалт хийж байна шүү дээ. Өнөөдөр Засгийн газраас хувьцаагаа өгөх үү, эсхүл орлуулж тусгай татвар төлөх үү гэж тулгаж байх шиг байна. Хэрэв үүнийг зөвшөөрвөл маргааш 100 хувь төрд авна гэдэг хууль батлаад боловсон дээрэм хийж болох юмуу гэдэг асуултад Үндсэн хуулийн Цэцээс хариулт өгөх байх гэж найдаж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд энэ хуульд хэрхэн ханддаг бол?
-Яг үнэндээ хөрөнгө оруулагч нар Монголын хууль эрх зүйн орчин, татварын танилцуулгыг үзээд л үүдэн дээрээс үргэж байна. Үзэсгэлэн худалдааны танилцуулгыг авахад танай компанийн талыг, эсхүл гуравны нэгийг үнэгүй дээрэмдэнэ та өөрөө ямар ч менежмент хийх эрхгүй жижиг туслан гүйцэтгэгч маягаар ажиллана гэхээр хэн дуртай байхав дээ. Шулуухан хэлэхэд, ийм хуультай улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, өмнө нь итгээд хөрөнгө оруулчихсан нэг үгээр бол хэт гүн орчихсон гарч чадахгүй гацсан хөрөнгө оруулагч нар л үйлээ үзэж байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн тааламжтай орчин нь төрийн бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байх явдал юм. Компанийн хувьцаа эзэмшигч нарын хүсэл зоригийг асуухгүйгээр төр компанийн дотоод үйл ажиллагаанд оролцож хувьцааг нь үнэгүй авна гэдэг бол аль ч улсын хөрөнгө оруулагчдын хувьд хуульчлагдсан “боловсон дээрэм” хийж байгаатай ижил утгаар ойлгогдоно. Энэ хууль олон улсад Монгол Улсын нэр хүндийг хэрхэн унагаж байгаа талаар Эдийн засгийн форум дээр хангалттай яригдсан. Үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг шууд боомилж, эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн.
Олон улсад уул уурхайн салбар нь хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт шаарддаг төдийгүй хөрөнгө оруулагчийн эрсдэлд аливаа нөхөн олговор олгох зохицуулалт үйлчилдэггүй учраас эрсдэлээ өөрөө хүлээж, үр өгөөжийг хүртэхийн тулд хөрөнгө оруулагч нь хувьцааны давуу эрхийг хэрэгжүүлж, менежментээ бие даан хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсдэг. Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн ямар ч компани тухайн улсын төр буюу зохицуулагч этгээдтэй хамтран бизнес хийхийг хүсдэггүй.
-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын төр 34 хувийн хувьцааг эзэмшсэн хэдий ч төслийн зардал өсч Монгол Улсын Засгийн газар зээл, хүүгийн дарамтанд орсон. Үүнээс сургамж авч 16 жилийн дараа Францын Оронатай хийсэн ураны гэрээг байгуулахдаа АМНАТ-өөр орлуулахаар тохиролцсон. Энэ нь хэр зөв шийдэл болсон бэ?
-Хувьцааг төрд үнэгүй хураан авах тухай хуулийн заалт хүчинтэй байгаа нөхцөлд хөрөнгө оруулагч нар болгоомжилж байна. Төрөөс хувьцааг үнэгүй авах, эсхүл тусгай татвараар орлуулах аль ч хувилбарыг өөрийн үзэмжээр хэрэгжүүлэх боломжтой. Энэ хууль батлагдсанаас хойш шинээр хөрөнгө оруулалт орж ирээгүй, тэр бүү хэл одоо байгаа компаниуд шинээр санхүүжилт авах боломжгүй нөхцөл үүсч байна. Иймийн учир бүтцийн өөрчлөлт хийж, төрийн өмчит компани болох эрсдэлтэй гэж санхүүгийн байгууллагууд үзэж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь алдагдалтай ажиллаж, татаасаар буюу татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа нөхдөг, түүнчлэн авлига, албан тушаал, ашиглангийн гэмт хэрэг их үйлдэгдэж байгаа нь нийтэд илэрхий болсон үйл баримт юм.
Ер нь ашигт малтмалын ордыг нөөцөөр нь ялгаварлаж дарамталдаг хуультай байж болохгүй. Олон улсын сайн туршлагаар бол томоохон ордуудыг нээж илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг хөхиүлэн дэмжиж байхад манай улс эсрэгээрээ үргээх хууль баталсаар байна.





Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив
Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмж...
4 цагийн дараа
Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа
Монголын босоо тулааны аварга, холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Катана” хэмээх Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбоон...
4 цагийн дараа
Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ
2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын...
3 цагийн дараа
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цаг...
3 цагийн дараа
З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа
Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд