мэдээ
Хориг, Цэц хоёр дээр бүдэрчихгүй бол “босоод” дэвэх нь дээ, Засгийн газар

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 10 сарын 21

63

Улс төрийн тавцанд эрх баригч намын галтай тулаан үргэлжилж байна. Парламентад олонхын суудал авсан МАН-ынхан хоёр талд гарч байгаад нэг нэгнийхээ булайг дэлгээд, орондоо ч орох завгүй бужигнацгааж байх шив. МАН доторх энэ хөл толгойгүй байдал Төрийн гурван өндөрлөгийн хоёрыг нь хусаад хаячихлаа. Монгол төрийн хоёрын хоёр том даргыг нэг өдрийн дотор зэрэг огцруулахыг үздэг л юм байна. Үүнд Ардчилсан намын үүрэг ройл ч их байлаа. Тэд сүүлийн саруудад эрх баригчдын алдаа, дотоод хуваагдлыг ил гаргаж, асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулах тал дээр сөрөг хүчний дуу хоолойгоо сүрхий дуугаргаж ирсэн.
Тогооноосоо хальсан МАН-ын улс төр ийнхүү төрийн хямрал руу хөтөллөө. Ардын нам доторх зодоон эцэс, төгсгөлгүй даамжрах нь гарцаагүй болов. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын 95 дугаар тогтоол энэ бүхнийг бэлээхэн хэлээд өгнө лээ. Засгийн газрыг огцруулсан уг тогтоол “Эрх баригчдыг эвлэрч нэгдэхээргүй ангал руу унасны дохио. Улс төр улам ярвигтай зам руугаа орчихлоо” гэж учир мэдэх хүмүүс хөөрөлдөж суусан. Ажиглагчдын харж байсанчлан шинэ долоон хоногийн улс төр шинэ сценариар эхлэв. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан асуудалд Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Энэ Засгийн газар унах босохын зааг дээр амь эрэн дэнжигнэж байна. Бид өмнө Г.Занданшатарын Засгийн газрыг өөрийн амиас гадна илүү нэг амьтай гэж бичиж байсан. Улс төрд хоёр амьтай байна гэдэг урт зам туулна гэсэн үг. Тэгвэл өнөөдрийн улс төрийн өрнөлөөс харахад Г.Занданшатарын танхим гурван амьтай гэдэг нь тодорхой байна. Мэдээж өөрийн амиас гадна нэг нь Үндсэн хуулийн Цэц, нөгөө нь Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр хамгаалалт юм. Хэт яарснаасаа болж Засгийн газар сая нэг бүдэрч, өөрийн амиа үгүй хийчихлээ. Харин одоо илүү хоёр амиа аятайхан аваад гарчихвал Засгийн газар цаашаа дэвээд явчих бололтой байна.
МАН-ын дотор хүчээ алдаад байсан Г.Занданшатарт өчигдөр Ерөнхийлөгчийн хориг “амь” өглөө. Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын баасан гарагийн 95 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ тогтоол нь Үндсэн хууль болоод Дэгийн тухай хууль зөрчсөн гэж үзжээ. Нэгэнт Ерөнхийлөгч хориг тавьсан учраас УИХ заавал хэлэлцэх хуультай. Дэгийн тухай хуулиар хоригийг 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм билээ. Гэхдээ хоригийг хүлээж авах эсэх нь парламентын эрх. Нэгдсэн хуралдаанд хоригийг хэлэлцэхэд гишүүдийн гуравны нэгээс дээш буюу 43 нь зөвшөөрвөл хүлээн авна. Ерөнхийлөгчийн хориг ийм санал авч чадвал Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол хүчингүй болж бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүнийг дагаад түүний танхимын эрх нь ч сэргэх юм. Гэхдээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж гишүүдийн гуравны хоёр нь шийдвэл Засгийн газар дахиад л бүдрэх болох нь. Харамсалтай нь парламент сая Ерөнхий сайдыг огцруулчихсан юм чинь хоёр дахь амь нь тасрах эрсдэлтэй. Гэвч улс төр яаж ч эргэж болно. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэх нь зөвхөн хуулийн биш, улс төрийн шийдвэр юм.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой янз бүрийн тайлбар, таамгууд улс төрд өрнөж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд хориг тавьж болж байгаа юм чинь УИХ-ын даргыг огцруулсан тогтоолд ч хориг тавих ёстой гэлцэж байв. Мөн “Үндсэн хуулийг сахиулах ёстой Цэц хуулиа зөрчиж байна”, “Шууд их суудлын хуралдаан зарлалаа” гэх улстөрчдийн мэдэгдлүүд ч зонхилж байна. Учир нь Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Цэц дээр маргаан үүссэн. Уг асуудлаар өнөөдөр 09:30 цагт Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан товлогдсон байгаа юм. Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг их суудлын хуралдаанаар шуурхай хэлэлцдэг болохыг Цэц тайлбартаа дурдсан харагдана лээ. Харин Ерөнхий сайдыг огцруулсан хэсэг “УИХ-ын 95 дугаар тогтоол нь Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудыг зөрчөөгүй. Энэ асуудлаар Цэцэд маргаан үүсгэх ямар ч шаардлагагүй” гэж мэдэгдсэн.
Одоо Засгийн газарт “Цэц”-ийн хамгаалалт гэсэн ганцхан амь л үлдэж байгаа. Харин наагуур нь Цэц дээр үүссэн маргаан хууль зөрчсөн асуудал мөн эсэх тал дээр бөөн хэрүүл болж байна. Нэг тал нь “хууль зөрчсөн” гэж дүгнэж, нөгөө нь “хууль зөрчөөгүй” гэж хамгаалж байх жишээтэй. Үнэн хэрэгтээ Цэц бол Үндсэн хуулийн манаач. Гэвч сүүлийн жилүүдэд Цэцийн шийдвэрүүд улс төрийн өнгө аястай гарч байгаа тухай шүүмжлэл элбэг. Тиймээс энэ удаагийн маргаан цэвэр хууль зүйн хүрээнд үлдэх үү, эсвэл улс төрийн шийдвэр болох уу гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна. Хэрвээ Цэц “Засгийн газрыг огцруулсан асуудал хууль зөрчсөн байна” гэж үзвэл Засгийн газар ажилдаа орно. Тэгвэл огцруулах бичгээ дахин өргөн барьж ч магадгүй. Яагаад гэвэл саяны Засгийг огцруулах үйлдэл явагдаагүй болж таарна. Харин “Хуулийн дагуу шийдвэр гаргажээ” гэвэл Засгийн газрын байр суурь ганхаж, эрх баригчдын дотоод зөрчил дахин сэдэрнэ. Ийм л хоёр зам байгаа. Өнөөдөр төсөв, эдийн засгаа сайжруулах, олон нийтийн итгэлийг сэргээх гээд олон сорилт хүлээж байна. Яг үнэндээ намын зодоонд хэн хожих, хожихгүй нь ард түмэнд тийм ч сонин биш. Харин цалин, тэтгэвэр, үнийн өсөлт, шатахууны хомсдол, утаа, түгжрэл гээд өдөр тутмын амьдралын түмэн асуудлыг шийдэх нь амин чухал асуудал юм.
Одоо Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн шийдвэр улс төрийг хааш нь хөтөлж, юу болохыг харах л үлдлээ. Улстөрчдийн мэдэгдлээ хараад хэвтээд л байж дээ.





Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив
Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмж...
2 цагийн дараа
Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа
Монголын босоо тулааны аварга, холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Катана” хэмээх Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбоон...
2 цагийн дараа
Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ
2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын...
1 цагийн дараа
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цаг...
1 цагийн дараа
З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа
Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...
17 минутын дараа
Сэтгэгдлүүд