мэдээ
П.Сэлэнгэ: Хөрөнгийн зах зээл гэхээр маш их мөнгө хэрэгтэй, компанийн хувьд том байх ёстой гэж буруу ойлгодог

Админ
2025 оны 11 сарын 05
1

“Апекс капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал П.Сэлэнгэтэй хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх нь ямар давуу талтай байдаг талаар ярилцлаа.
-“Апекс капитал ҮЦК” ХХК-ийн талаар эхлээд ярина уу. Танай компанийн алсын хараа, гол зорилго юу вэ?
-“Апекс капитал ҮЦК”-ийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу брокер, диллер, андеррайтерийн үйл ажиллагаа явуулдаг. 2018 онд компанийн менежментийн багаа шинэчилж, одоогийн мэргэжлийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 37 мянга гаруй харилцагчтай. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн арилжааны 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа гэсэн үг. Сүүлийн таван жилийн хугацаанд андеррайтер буюу санхүүжилт татан төвлөрүүлэх үйл ажиллагаа маань нэлээд идэвхтэй явж байна. Тухайлбал, сүүлийн таван жилд хөрөнгө татан төвлөрүүлж байгаа үнийн дүн жил тутам 79 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт дээр ажилласан гэсэн үг.
-Ер нь манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил ямархуу түвшинд байгаа вэ?
-Хөрөнгийн зэх зээлийг олон улсын түвшинтэй харьцуулаад ярья. Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудын хувьд хөрөнгийн зах зээлийн санхүүгийн зах зээлдээ эзлэх хувь нь нэлээд өндөр буюу 70-80 хувьтай байдаг. Харин манай улсын хувьд өнгөрсөн жилд санхүүгийн зах зээлдээ хөрөнгийн зах зээл нь 14 хувийг эзэлж байсан. Үүнийг олон улстай харьцуулахад урвуу үзүүлэлттэй мэт боловч 2019 онд хөрөнгийн зах зээл нь санхүүгийн зах зээлдээ эзлэх хувь нь 6.6 хувь байсан. Тэгэхээр жил ирэх тусам өсөж байна гэсэн үг. 2019 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.7 их наяд байсан. Өнөөдрийн байдлаар 12.2 их наяд болж, 2020 оноос хойш хөрөнгийн зах зээлийн өсөлт өндөр болсон. Мөн биржийн бус зах зээл буюу OTC зах зээл манай улсад дүрэм журам нь бий болоод, анхны үнэт цаасыг 2021 оны есдүгээр сард бүртгэж эхэлсэн. 2021 оноос хойш нийтдээ 4.8 их наядын үнэт цаас бүртгэгдээд, 3.9 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилт татсан байна.
-Хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө татан төвлөрүүлэх нь компаниудад ямар шинэ боломжуудыг нээж өгдөг вэ. Бас ямар давуу талтай байдаг вэ?
-Мэдээж хөрөнгийн зах зээлд компаниуд шаардлагатай санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж байгаа. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байгаа үнэт цаасаасаа хамаараад уян хатан байдлаар шийдэх боломжийг олгодог. Нөгөө талдаа хөрөнгийн зах зээл зөвхөн “Апекс капитал ҮЦК”-аас мөнгө татаж байгаа хэрэг биш. Манай компаниар дамжуулаад маш олон хөрөнгө оруулагчаас хөрөнгө татаад байгаа. Энэ утгаараа тухайн компаниуд дээр олон зүйлийг сайжруулах шаардлагатай байдаг. Үүний дагуу компани хөрөнгөө татаад, хөрөнгө оруулагчдын зүгээс стратегийн түвшний хөрөнгө оруулагчтай болох боломжтой. Энэ нь эргээд компанийн борлуулалтад нөлөөлнө гэх мэт олон давуу талыг олгодог.
-Танай компанийн оролцсон IPO эсвэл бонд гаргалтын жишээ байвал хуваалцаж болох уу?
-Бидний хувьд 2018 оноос хойш андеррайтерийн тусгай зөвшөөрлөө аваад, 100 гаруй үнэт цаас дээр ажилласан байна. Мөн 60 гаруй компанитай хамтарч ажилласан. Үүнээс дурдвал, “Misheel city” буюу хот доторх хот гэдэг консепцтой том төслийг хэрэгжүүлсэн. Тухайн төсөл дээр “Апекс капитал ҮЦК”-ийн зүгээс “Misheel lifestyle”, “Misheel residence” гэсэн гурван оффисын барилга, 256 айлын орон сууц, “Little Venice” худалдааны төвийн барилгын санхүүжилт дээр ажилласан. Энэ санхүүжилтийн тухайд төсөл нь дуусаад, хөрөнгө оруулагчид маань оруулсан хөрөнгөө өгөөжтэйгөө авсан. Бидний хувьд дараагийн төсөл болох автомашины “showroom” барилгын санхүүжилтэд хамтран ажиллаж байна. Дараагийнх нь “Тэсо” группийн хэрэгжүүлсэн чулуун хөвөнгийн үйлдвэр болох “Евро базальт” барилгын дулаалгын материалын үйлдвэрийг барих ажлын санхүүжилтэд хамтран ажилласан. Энэхүү үйлдвэр аль хэдийнэ ашиглалтад орсон. Мөн “Green industry” ХХК-ийн “Лапша” гоймон бол дотоодын гоймонгийн үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дангаараа эзэлдэг. Энэ компанийн үйлдвэрлэлийг 100 хувь автомат болгох бондын санхүүжилтээр хамтран ажилласан байна.
Санхүүгийн байгууллагаас гэвэл “Omni capital” банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж жишиг тогтоож байлаа. Өдгөө тус компанитай хамтраад гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэ цаасыг гаргачихсан байна.
-Бүх төрлийн компаниуд хөрөнгө татан төвлөрүүлэх боломжтой байдаг уу?
-Үнэт цаасны хувьд нээлттэй болон хаалттай хэлбэрээр гарах боломжтой. Нээлттэй үнэт цаас нь шалгуур, шаардлагын хувьд арай өндөр байдаг. Харин хаалттай хэлбэрээр буюу биржийн бус зах зээлээр дамжуулан санхүүжилт татах тохиолдолд шалгуур шаардлага нь харьцангуй багасдаг. Тодруулбал, хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх, нэг жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа явуулсан, нэг жилийн хугацаанд санхүүгийн тайлан аудитлагдсан байх гэсэн ерөнхий шалгууртай байдаг.
Мэдээж хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдээс санхүүжилт татах учир андеррайтерийн зүгээс судалгаа шинжилгээ хийж, тухайн компанийн эрсдэлийн түвшинг тооцож үнэт цаас гаргах боломжтой эсэхийг давхар тогтоодог. Гэхдээ хаалттай буюу биржийн бус зах зээл нь ямар давуу талыг үнэт цаас гаргагч нарт бий болгодог вэ гэвэл бүртгүүлэхэд цаг хугацааны хувьд хурдан, зардал мөнгө хэмнэлттэй, мөн компаниудад тавьж байгаа шаардлага бага байдаг.
-Танай компани онлайн арилжааг хөгжүүлэх чиглэлд ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж байна вэ?
-Бид “Apex.mn” сайтыг энэ сарын 10-аас эхлээд мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгч төвтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд цоо шинээр нэвтрүүлэх гэж байна. Тэгэхээр энэ вебсайт нээгдсэнээр харилцагч нар маань үнэт цаасны компани, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээллийг хялбар авах боломжтой. Дараагийн зүйл нь “Apex Trader” гээд манай онлайн арилжааны платформ байдаг. Үүнийг шинэчлээд үйл ажиллагаа маань орчихсон явж байна. Мөн “Bond.apex.mn” вебсайтыг шинээр хөгжүүлж байгаа. Үүгээр иргэн, хуулийн этгээд манай компани дээр данстай бол нэвтрэх боломжтой. Нэвтэрч ороод манай компани дээр зарагдаж байгаа бондуудыг худалдаж авах, буцаагаад эзэмшиж байгаа бондоо зарах, захиалга өгөх юм. Илүү өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн сонирхож байвал энэ вебсайтыг хэрэглэхийг зөвлөж байна.
-Тэгвэл хөрөнгө оруулж байгаа байгууллагуудад ямар давуу талтай вэ?
-Жишээлбэл, сул зогсолт хийдэг компаниуд байдаг шүү дээ. Тэр компаниуд сул зогсолтынхоо үед мөнгөн хөрөнгөө хөрөнгийн зах зээл дээр байршуулаад, хэрэгцээ шаардлага гарсан үедээ буцаагаад хүүтэй нь эргүүлээд авах боломжийг олгож байгаа юм. Хөрөнгийн зах зээл дээрх бондын хүү банкны хүүнээс 7-9 хувиар өндөр байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлээр дамжуулаад нэг хоногийн хугацаатай ч байршуулаад буцаагаад авах боломжтой гэсэн үг.
-Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө татан төвлөрүүлж байгаа компаниудын түгээмэл гаргадаг алдаа, ташаа ойлголт юу байна вэ?
-Хөрөнгийн зах зээл гэхээр хөрөнгө оруулагч ч бай, үнэт цаас гаргагч тал ч тэр маш их мөнгө хэрэгтэй, компанийн хувьд том байх ёстой гэж буруу ойлгодог. Гэтэл андеррайтерийн компаниараа дамжуулаад өөрт тохирсон санхүүжилтээ авах боломжтой. Нөгөө талаас хөрөнгөө ч тогтмол өсгөөд явах боломжтой байдаг. Гэвч их мөнгө байхгүй юм чинь хөрөнгийн зах зээл дээр орж болохгүй юм байна гэдэг сэтгэлгээтэй байдаг. Жишээ нь, одоо зах зээл дээр нээлттэй борлуулагдаж байгаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны нэгжийн үнэ нь 100 мянган төгрөг байна. Тэгэхээр та 100 мянган төгрөгтэй байсан ч хөрөнгө оруулалт хийгээд явах боломжтой гэсэн үг.
-Танай компани харилцагч нартаа ямар үнэ цэнэ, давуу талыг бий болгодог талаар ярихгүй юу?
-Бид үнэт цаас гаргагч компанид ямар үнэ цэнийг өгдөг вэ гэвэл нэгдүгээрт, хөрөнгийн зах зээлд бүтээгдэхүүн гаргаж байна гэдэг нь нэг удаагийн санхүүжилт шийдэх асуудал биш юм. Тэр компанийг дараагийн түвшинд яаж ажиллах вэ гэдэг стратеги нь тодорхойлогддог. Харин үнэт цаас гаргагчийн хувьд тухай бүрд нь зөвлөмжөө өгөөд, мэдээллээр ойр байхыг хичээж ажилладаг. Энэ утгаараа бид нэг компанитай гэрээ байгуулсан тохиолдолд удаан хугацаанд дараагийн төслүүдээ хэрэгжүүлээд явдаг. Мөн хөрөнгө оруулагчийн өмнөөс сайн судалгааг цаг алдалгүй тогтмол хийдэг.
Г.БАЛГАРМАА
П.Сэлэнгэ: Хөрөнгийн зах зээл гэхээр маш их мөнгө хэрэгтэй, компанийн хувьд том байх ёстой гэж буруу ойлгодог
“Апекс капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал П.Сэлэнгэтэй хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан тө...
6 цагийн дараа
Украинд “Storm Shadow” пуужин нийлүүлэв
“Bloomberg” агентлаг баттай эх сурвалжаас эш татан, энэ сарын 3-нд “Их Британийн эрх баригчид саяхан ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өг...
1 цагийн дараа
Монголын тамирчид таван хүрэл медаль хүртлээ
Франц улсын Парис хотноо энэ сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэм...
1 цагийн дараа
Ч.Нарантуяа: Эмч нар хугацаагүй ажил хаяна
Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох эмч нарын цалингаа нэмэгдүүлэх хүсэлт жагсаал цуглаан, суултаар хэрхэн үргэлжилсэн хийгээд т...
26 минутын дараа
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолг...
26 минутын дараа
Сэтгэгдлүүд



