Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

М.Амартунгалаг: ИЗНН гэр бүлийн нам биш. Өөрчлөлтийг хамтдаа эхлүүлэхэд бидний иргэний зориг одоо л хэрэгтэй байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 11 сарын 06

img

1

news-img

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалагтай ярилцлаа.


-Таны хувьд ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга. Дээд шүүхээс намын үндсэн дүрмийг буцаасан шийдвэр гарсан тухай олон нийт ярьж байна. Энэ талаар юу хэлэх вэ. Гол үндэслэл нь юу байсан бол?

-Улсын Дээд шүүхээс манай намын үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй гэсэн шалтгаанаар гурав дахь удаагаа буцаалаа. Энэ бол бидэнд том анхааруулга өгч байна гэж үзэж байгаа. Дүрэм маань дарангуйллын шинжтэй, хэт их эрх мэдлийг намын даргад төвлөрүүлсэн заалтуудтай болсон нь үүний үндсэн шалтгаан болж байна гэж бодож байна. Тодруулбал, дүрмийн 22.1.4-т зааснаар Хяналтын зөвлөлийн даргыг зөвхөн намын дарга санал болгодог, нууц санал хураалт огт байхгүй, дүрмийн 28.1.8, 28.1.9-т Намын дарга өөрөө удирдлагын багаа томилно, Нийслэл болон дүүргийн дарга нарыг батламжилна гэж заасан.

Энэ бол гишүүдийн сонгох эрхийг үгүйсгэсэн, хязгаарласан, эрх мэдлийг нэг хүнд шууд төвлөрүүлсэн заалт юм. Эдгээр заалтыг өөрчлөх талаар удаа дараа бид саналаа бичгээр болон амаар намын их хуралд хүргүүлж байсан ч бидний саналыг огт тусгаагүй.

Энэ бол ардчилал биш, харин дарангуйллын шинжтэй явдал, хуулийн үзэл бодолтой нийцэхгүй байгаа тухай Дээд шүүхийн шийдвэр бидэнд хэлж байна. Бид дүрмээ хуульд нийцүүлэн өөрчлөхөд өөрсдөө идэвхтэй оролцох ёстой. Үгүй бол бидний ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөөх итгэл, зүтгэл зөвхөн нэг гэр бүл, хэсэг бүлгийн эрх мэдлийн наймааны хэрэгсэл болж хувирна. Бид үүнтэй хэрхэвч эвлэрч болохгүй ээ.

-Хугацаандаа амжихгүй бол асуудал хүндрэх байх, тийм үү?

-Намын дүрмийн шинэчилсэн найруулгыг Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын дагуу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлж, ирэх сонгуулиудад хууль ёсоор оролцох эрхтэй үлдэх юм. Үгүй бол улс төрийн намыг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудалтай тулгарна. Тиймээс би, ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны даргын хувьд дүрмийг хуульд нийцүүлэх ажлын хэсэг байгуулж ажиллах болно. Гишүүдээ оролцуулж, ил тод, ардчилсан байдлаар ажиллана.

-Намын санхүүгийн сахилга батын тухайд та юу хэлэх вэ. Энэ асуудал сонгуулийн санхүүжилттэй холбоотой юу?

-Намын санхүүгийн сахилга бат маш сул байгаа гэж үзэж байна. Нөөцийг үр ашиггүй, үрэлгэн зарцуулж байна гэсэн гишүүдийн шүүмжлэлд бид хариу өгөх шаардлагатай. Тухайлбал, улс төрийн намуудад сонгуулийн үр дүнгээс хамааран тодорхой санхүүжилтийг төрөөс өгдөг болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 05 дугаар тогтоолоор манай намд 456 гаруй сая төгрөг өгсөн байна. Энэ мөнгө бол ард түмний татварын орлогоос бүрддэг улсын төсвийн хөрөнгө учраас үр ашиггүй зарцуулалт, зориулалтын бусаар ашиглах нь зөвхөн намын дотоод асуудал биш, харин улс төрийн ноцтой хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

-Намд 456 сая төгрөг өгсөн гэж байна. Зарцуулалт нь мэдээж хуулиар зохицуулагдсан байх…?

-Үүний зарцуулалт нь Улс төрийн намын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Тухайлбал, намын үйл ажиллагаа, сурталчилгаа, сургалт, судалгаа, олон нийттэй харилцах зэрэгт 50 орчим хувийг намын бүтцийн нэгжид зарцуулах ёстой. Хэрвээ энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдвол улс төрийн хариуцлагаас гадна хуулийн хариуцлага тооцогдоно. Энэ нь намын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэх, торгууль ногдуулах, санхүүжилтийг буцаан төлүүлэх, тэр ч байтугай намын бүртгэлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах үндэслэл болж болно. Тиймээс энэхүү зарцуулалтыг ИЗНН-ын улс төрийн зөвлөл болон удирдлагуудад мэдэгдээгүй, тайлан гаргаж өгөөгүй, мөн намын бүтцийн нэгжүүдэд зарцуулсан мэдээлэл байхгүй байгаа учраас энэ асуудлыг ил тод болгож, хянаж үзэх хэрэгтэй.

-Яаж хянах уу?

-Дотоод аудитын баг байгуулж, санхүүгийн бүртгэл, гүйлгээ бүрийг нэг бүрчлэн шалгуулах шаардлага байна. Бид ил тод байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Үрэлгэн хандлагаасаа татгалзаж, санхүүгийн тайланг гишүүдэд нээлттэй байлгаж, хяналтыг чангатгах хэрэгтэй. Энэ бол зөвхөн хуулийн шаардлага биш, намын итгэл найдварыг хадгалах, парламентад суудалтай нам болохын хувьд ард түмний өмнө хүлээсэн ёс зүйн үүрэг юм. Хэрвээ алдаа гарсан бол бид өөрсдөө хүлээн зөвшөөрч, засаж залруулах ёстой. Нуух, далдлах, шалтаг тоочиж булзааруулах нь асуудлыг улам хүндрүүлнэ.

-УИХ-д танай намаас дөрвөн гишүүн суудалтай атал нэгдсэн бодлого алга, байр суурь хуваагдмал байна гэх шүүмжлэл газар авлаа. Батын Батбаатар, Мөнхтөрийн Нарантуяа, Сонгобайгийн Замира, Ринчиндоржийн Батболд нарт ямар үнэлгээ өгөх вэ. Засгийн газарт орсон нь “Намын бодлогоо зөрчсөн” гэх яриа ч гарч байна…?

-Өнөөдөр УИХ-д ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон дөрвөн гишүүн ажиллаж байгаа. Манай намын гишүүд бидэнд итгэж саналаа өгсөн ард түмний санаа бодлыг илэрхийлж ажиллах ёстой. Дийлэнх нь сайн, хариуцлагатай, дуу хоолойгоо илэрхийлж ажиллаж байгаа. Гэвч намын нэгдсэн бодлогыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юм уу гэж харж байна. Байр суурь тус тусдаа, эв нэгдэл алга байна гэж харж байгаа юм. Жишээ нь, саяхан УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар дөрвөн гишүүн дөрвөн өөр шийдвэр гаргасан. Энэ бол зөвхөн хуралдааны танхимын асуудал биш, ИЗНН-ын эв нэгдлийг илт цалгамдуулж, олон нийтийн өмнө “гуравдагч хүчин” гэх нэр хүндээ унагасан. Бид ардчилал, шударга ёсны төлөө тэмцэгч байх ёстой атал ийм хуваагдал, итгэл алдрал үүсгэж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

-Эв нэгдэл чухал байх. Намын эв нэгдлийг намын дарга хариуцан ажиллах ёстой байх, тийм үү. Гол асуудал нь юу байна вэ?

-Эв нэгдлийг хангах, гишүүдийн байр суурийг нэгтгэж зангидах үүрэгтэй хүн бол намын дарга. Гол асуудал нь намын удирдлага чадваргүй байна гэж үзэж байна. Сая хэлсэнчлэн намын дарга нь гишүүдийн байр суурийг нэгтгэх, намын мөрийн хөтөлбөрийг хамгаалах үүрэгтэй атал өөрийн хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, дотоод зөрчлийг шийдвэрлэхгүй байна. Үр дүнд нь намын бодлого биш, хувь хүний сонирхол тэргүүн эгнээнд гарч, Засгийн газарт орж ажилласан ч намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тэргүүнд тавьж ажиллаж чадсангүй. Энэ бол парламентад суудалтай намын даргын хувьд бүрэн бүтэлгүйтэл. Хэрэв дарга эв нэгдлийг хангаж чадахгүй бол Онц их хурлаараа удирдлагыг солих цаг болсон. Гишүүдээ нэгтгэж, намын нэр хүндийг сэргээж, ардчилсан, шударга зарчмыг бид хамгаалах ёстой.

-Танай нам Засгийн газарт орж, сайдтай болсон ч яагаад намын мөрийн хөтөлбөр, ногоон бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна вэ. Сайд болсон намын дарга өөрийн хүрээллийн хүмүүс, бусад намын төлөөллийг томилж, тэр ч байтугай орон тооны бус зөвлөхүүд, яамны үндсэн ажилтан биш хүмүүсийг төрийн зардлаар гадаад улсуудаар дагуулан явж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Намын нэр хүндэд ямар нөлөөтэй вэ?

-Бид их итгэж байсан. Засгийн газарт орсон ч харамсалтай нь намын бодлогоо “зарсан”. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбараа удирдах нь бидний мөрөөдөл байсан бөгөөд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, улс төр засаглал, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр 17 орчим хуулийн төсөл боловсруулах, тогтвортой хөгжлийн ногоон бодлогоо хэрэгжүүлнэ гэж найдаж байсан. Гэтэл юу болов? Төрийн бодлого боловсруулах туршлагагүй байдал, ёс зүйн доголдол, эрх мэдэлд донтож, амин хувийн эрх ашгийг өмнөө тавьснаас болж 100 гаруй хоногийн дараа бараг л хөөгдөхдөө тулаад байна. Намын дарга сайд болсон хэдий ч намын боловсон хүчний нөөцийг илт ашиглахгүй, зөвхөн өөрийгөө тойрон хүрээлэгч нар, бусад намын төлөөллийг ажилд томилж байна. Тэр бүү хэл, өөрийн найз нөхдөө орон тооны бус зөвлөхөөр ажиллуулж, мөн яаманд ажилладаггүй хүмүүсийг төрийн зардлаар гадаад улсуудаар дагуулан явж, төсвийн мөнгийг үрж байгаа мэдээлэл ч байна. Хэрэв энэ асуудал батлагдвал энэ бол зөвхөн ёс зүйн асуудал биш, харин төрийн хөрөнгийг хувийн зорилгод ашигласан хууль бус үйлдэл болно. Бид сайдтай болсон ч намын бодлогоо хэрэгжүүлээгүй, харин эрх баригч намын “халаасны нам” гэсэн нэртэй болж үлдэж байна. Залуучуудын дэмжлэг илт буурсан. Бид байгаль хамгаалах дуу хоолой байсан бол одоо гэр бүлийн, эсвэл “нэг хүний нам” гэх нэр зүүж байна. Тиймээс энэ Засгийн Газарт манай нам хамтарч ажиллаж байна гэхээсээ илүүтэй нэг хүнийг ажлын байраар хангажээ гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Энэ бол бидний алдаа, гэхдээ засах цаг болсон. Энэ бүхэн намын даргын даргын сул дорой байдал, УИХ-д сонгогдон ажиллаж буй гишүүдийн эв эеийг хангах, манлайлал үзүүлээгүй нэгдмэл биш байдлаас үүдэлтэй. Бидэнд нэгдмэл байр суурь, тодорхой удирдлага хэрэгтэй байна. Би энэ асуудлыг Намын онц их хурлаар хэлэлцэхийг ИЗНН-ын нийт гишүүддээ санал болгож, шаардлагатай арга хэмжээ авахыг уриалж байна. Шаардлагатай бол хариуцлага тооцох ч ёстой. Энэ бол ард түмний өмнө хүлээсэн бидний үүрэг.

-Нийслэлийн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ. Намын ирээдүй ямар байх вэ?

-Бидний хувьд одоо яг л “сэрэх цаг” ирлээ. Нийслэлийн намын үйл ажиллагааг идэвхжүүлэх төлөвлөгөө маань тодорхой үе шаттай, үр дүнтэй байх болно. Тухайлбал, “Гэрэлтэй хөтөлбөр” гэж. Долоо хоног бүр онлайнаар “Ногоон форум” уулзалт зохионо. Жирийн иргэд, залуучууд, мэргэжилтнүүд цугларч, Улаанбаатарын агаар, ус, хог, нийтийн тээврийн бодит шийдлийг хамтдаа ярилцана. Форумын шийдвэрийг тухайн дүүргийн намын хороо УИХ-ын гишүүдэд хүргүүлнэ. Ингэснээр бид орхидог” биш, “хэрэгжүүлээд тайлагнадаг” тогтолцоо бий болно. Хоёрдугаарт, “Зоригт 100” залуучуудын хөдөлгөөн. 18–35 насны 100 идэвхтэй залууг сонгон шалгаруулж, гурван сарын “Ногоон лидер” сургалтад хамруулна. Сургалт дуусахад тус бүр нэг дүүрэгт “Ногоон төсөл” боловсруулж дуусна. Ингэснээр залуучууд “бидний нам зөвхөн ярьдаггүй, хийдэг” гэдгийг өөрсдөө батална. Гуравдугаарт, “Ил тодын 72 цаг” кампанит ажил. Намаас гарч буй шийдвэр, намын бүх тайлан (санхүү, шийдвэр, гишүүдийн санал) 72 цагийн дотор олон нийтэд нээлттэй болно. QR кодтой стикер хотын автобус, дэлгүүр, сургуулийн самбарт наана. Ингээд иргэд утаснаасаа нэвтрээд харах боломжтой байхын төлөө бид зорино. Ил тод байдал бол итгэл гэдгийг батална.

-Өөр намын үйл ажиллагааг идэвхжүүлэх ямар ажлууд байгаа вэ. Жишээ нь гадаад, дотоод харилцаа ямар байхаар байна…?

-Гадаад харилцааны чиглэлээр олон улсын ногоон намуудтай хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хот төлөвлөлтийн талаар судалгааны байгууллагуудтай хамтран ажиллана. Учир нь бид өнөөдөр агаарын бохирдол, замын түгжрэлээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн маш хүнд байдалд амьдарч байна. Жишээлбэл, нэг зорчигч өдөрт ойролцоогоор 2.5 цагийг зам дээр зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нийслэлийн хувьд маш том тоо гарна. Нөгөө талаас Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг, дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болсон. Эдгээр асуудалд ногоон намын хувьд манлайлан бодлого ярьж, ажиллаж эхлэх хангалттай хугацаа өнгөрсөн боловч намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, зөв менежмент хийх чадваргүй удирдлагатай байгаа нь харамсалтай байна.

-Сүүлд нь асуухад, та бүхний зорьж байгаа зорилго, цаашдын зам яг ийм байна гээд та товчхон хэлэхгүй юу?

-ИЗНН бол нэг гэр бүлийн нам биш. Бид байгаль, эрх, шударга ёсны төлөө тэмцэгч, 100 мянга орчим гишүүдийн дуу хоолой болсон улс төрийн гуравдагч хүчин. Ардчилсан дүрэмтэй, нэгдмэл бодлоготой, идэвхтэй гишүүдтэй нам байж л ирээдүйгээ баталгаажуулна. Тиймээс гишүүдээ уриалъя. Удахгүй эхлэх “Ногоон форум”-доо оролцож, “Зоригт 100”-д нэрээ өгөөд, “Ил тодын 72 цаг”-т хяналт тавья. Хамтдаа өөрчлөлтийг эхлүүлцгээе. Бидний иргэний зориг одоо л хэрэгтэй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

 “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэгчээр Я.Содбаатар генсект МАН ямар ч хамаагүй юу

МАН даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг өдөр хоногууд үргэлжилж байна. Үүнээс болоод МАН-ын Засгийн газар огцорсон ч юм шиг, үгүй ч...

img

8 цагийн дараа

 АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан. Монго...

img

8 цагийн дараа

Улаанбаатарт үхрийн ястай мах дунджаар 20700 төгрөгийн үнэтэй байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар Улаанбаатар хот болон аймгуудад гол нэрийн барааны дундаж үн...

img

8 цагийн дараа

“Ширээт” дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт “Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тос...

img

7 цагийн дараа

Гавьяат эмч П.Батчулуун ажилдаа оржээ

Эрүүл мэндийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд