мэдээ
Х.Баатархүү: Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээл ирэх таван жилд тогтвортой байх төлөвтэй байна

Админ
2025 оны 11 сарын 25

Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй хойд, урд хөршид өрнөж буй нийгэм, эдийн засаг, цаг үеийн үйл явдал, манай улсад үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа.
-БНХАУ 15 жилийн төлөвлөгөөгөө бараг л гаргажээ. Энэ төлөвлөгөөнд юу тусгагдсан бол. Та хятад судлаач хүний хувьд энэ удаагийн төлөвлөлтөөс ирэх таван жилд өмнөд хөрш аль салбарт илүү анхаарал хандуулж байгааг сонирхож үзэв үү?
-БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөө нь 1953 оноос эхлэлтэй. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөө тав, таван жилээр хэрэгжүүлээд явдаг. Одоо 15 дахь удаагийн таван жилийн төлөвлөгөө нь 2026 онд батлагдаад 2030 оныг дуустал хэрэгжинэ. Улс орны эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, хөгжил дэвшлийг чиглүүлэх том хэмжээний цогц төлөвлөгөө бөгөөд 2026 оны гуравдугаар сарын эхээр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын нэгдсэн хуралдаанаар батлагдах юм. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд 2023 оны сүүлчээр 19 дэд ажлын хэсэг томилогдож, бүхий л салбарын 6000 гаруй эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын ажилтнууд оролцоод ажиллаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд олон нийтээс санал авах үйл ажиллагаа явагдахад гурван сая орчим санал иржээ.
Эдгээр саналыг багцлаад энэ оны аравдугаар сарын 20-доор Бээжин хотноо зохион байгуулагдсан ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны IV бүгд хурлаар хэлэлцсэн. Бүгд хурлаас 60 орчим санал бүхий зөвлөмжийг ажлын хэсэгт хүргүүлсэн байна. Эцсийн байдлаар Төрийн зөвлөл дээрээ ирэх оны эхээр хэлэлцээд Ардын Төлөөлөгчдийн Их хуралдаа оруулах байх.
Таван жилээр улс ардын аж ахуйг хөгжүүлэх энэ төлөвлөгөө нь БНХАУ төдийгүй хөрш зэргэлдээ оршдог улс орнуудад, тус улстай худалдаа, нийгэм, эдийн засгийн маш өргөн харилцаатай улс орнуудын нийгэм, эдийн засагт маш чухал нөлөө үзүүлэх төлөвлөгөө юм.
Ялангуяа, нийт экспортын 90 гаруй хувь, импортын 40 гаруй хувь нь шууд болон шууд бус байдлаар хамааралтай байдаг Монгол Улсын хувьд уг төлөвлөгөөг урьдчилан харж, улс орныхоо нийгэм, эдийн засаг, ялангуяа дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудаа уялдуулан төлөвлөхөд онцгой анхаарах цаг үе ойртож байна. Энэхүү төлөвлөгөө нь парламентаараа орж батлагддаг учраас хууль болон хэрэгждэг.
-Хятад улс тав, таван жилээр төлөвлөгөө гаргаад, түүнийгээ хэрэгжүүлэн явсаар үсрэнгүй хөгжилд хүрчихлээ. Гэтэл манай улс яаж байна вэ. Баахан цаас үйлдвэрлээд л, том том төсөл яриад л, нөгөө мега төслүүд нь цаасан дээр л хэрэгжээд яваад байдаг хэмээх нэг шүүмжлэлтэй өнцөг харагдана. Нөгөөтэйгүүр, энэ төлөвлөгөөтэй уялдуулаад асуухад манайхаас нийлүүлдэг нүүрс, алт, зэс гэх зэрэг нь хэвээрээ байх уу?
-Энэхүү 15 жилийн төлөвлөгөө нь хэдийгээр батлагдаагүй ч олон улсын судлаачид, салбарын эрдэмтдийн таамаглал зэрэг дээр анализ хийгээд үзэхээр Хятад улс ирээдүйн таван жилд аль салбарууд дээрээ анхаарал хандуулж байна вэ гэдэг нь маш чухал. Миний үзэж байгаагаар, БНХАУ ирэх таван жилд нэгдүгээрт: шинжлэх ухаан, технологийн салбартаа онцгой анхаарал хандуулж, ач холбогдол өгөх нь. Хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдлын нэлээд чухал хэсэг болох технологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал гэсэн энэ гурван хэсэгт нэлээд фокуслана. Гуравдугаарт, орчин үеийн шилдэг армийг цогцлоох буюу батлан хамгаалах салбартаа хийж буй шинэчлэлээ гүнзгийрүүлэх юм байна гэсэн төлөв харагдаж байна. Мэдээж, нийгмийн модернизиаци, боловсролын реформыг гүнзгийрүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг улам сайжруулах, дэд бүтэц, барилга гэх мэтээр бусад бүх салбартаа тодорхой хэмжээний өөрчлөлт хөгжил дэвшлийн төлөө зүтгэх тодорхой. Гэхдээ миний дурдсан гурван салбарт нэлээд ач холбогдол өгч, түүний хоёрдугаарт дурдагдаж байгаа эрчим хүч, технологи, хүнсний аюулгүй байдал дээрээ БНХАУ-ын төр засаг, төсвөөс хөрөнгө оруулалт хийж, эдгээр салбартаа анхаарал хандуулж байгаа нь хил залгаа байгаа Монгол Улсын эрчим хүчний экспортын гол бараа бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдэр, түүхий нефть, зэс, алт гэх мэтийн ирээдүйн худалдан авалтад шууд нөлөөлөх учраас би энэхүү хоёрдугаар хэсэг дээр нэлээд ач холбогдол өгөн ажиглаж байна. Ер нь ирээдүйн таван жилд БНХАУ Монгол Улсаас тасралтгүй нүүрс худалдан авах нь тодорхой байна. Манай улсын нүүрс тус улсын зах зээл дээр өрсөлдөх чадвар боломжийн хэмжээнд байгаа. Гэхдээ бид өөрийн улс орныхоо нийгэм, эдийн засгийн амьдралыг төлөвлөхдөө илүү бодитой хандмаар байгаа юм. Нэгдүгээрт, Эхний 10 сарын байдлаар бид 69.8 сая тонн нүүрсийг дунджаар 75 ам.доллар үнэтэйгээр БНХАУ-д экспортлоод байна. Оны эцэст гэхэд энэ тоо 82 сая тоннд хүрэх байх. 2026 онд нүүрсний экспортын үнэ их хэмжээгээр өсөн нэмэгдэхгүй буюу ойролцоогоор 150-200 юаниар өсөх хандлагатай байна. Хэмжээний хувьд мөн 85 сая орчим тонн байх төлөвтэй байна. Нүүрсний экспортын бодит хэмжээ огцом буурахгүй бас нэмэгдэхгүй. Ирэх оны төсөөлөл ингэж л харагдаж байна. Ирээдүйн таван жилд нүүрсний хэрэглээ, тэр тусмаа коксжих нүүрсний хэрэглээ Хятад улсад их хэмжээгээр буурахгүй. Тийм учраас бид жилд 90-100 сая тонн нүүрсийг ирэх таван жилд Хятад улс руу экспортолсоор байх боломжтой. Гэхдээ нүүрсний экспортын хэмжээ 100 сая тонноос их хол давах магадлал харьцангуй бага. Мөн БНХАУ импортоор авдаг 450 орчим сая тонн нүүрснийхээ 1/3 хувийг ганцхан манай улсаас авахгүй байх. Хоёрдугаарт, Хятад улс жил болгон гадаадаас импортоор авдаг төмрийн хүдрийн хэмжээ нь 2024 онд 1.2 тэрбум тн болсон. Ирэх 5 жилд тогтвортой хэмжээндээ импортлоод байвал бидний хувьд Хятад руу одоогийн экспортолж байгаа найман сая тонн төмрийн хүдрээ магадгүй 10 сая тонн түүнээс дээш нэмэгдүүлэх боломж гарна. Энэ бол ирэх 5 жилийн төсөөлөл юм. Улс орноо хөгжүүлэхэд бид ганц, хоёрхон төрлийн бараа бүтээгдэхүүн дээр анхаарал хандуулах биш, эдийн засгаа солонгоруулан бусад салбартаа ч анхаарал хандуулах хэрэгтэй.
-Тухайлбал, ямар салбартаа анхаарал хандуулбал эдийн засгаа солонгоруулах боломж бидэнд байна вэ?
-Түрүүнд дурдсанчлан, хүнсний аюулгүй байдал бол Хятад улсын ирээдүйн таван жилд онцгой чухал ач холбогдол өгч байгаа салбар нь учраас хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт өснө. Монгол Улсын хувьд ойр хөрш оршдог байгаа, хилийн боомтууд харьцангуй сайн холбогдсон зэрэг давуу талуудаа ашиглаад энэ чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт татахад анхаармаар байгаа юм. Бид хэдийгээр далайд гарцгүй ч гэсэн энэ том хүн-далайд гарцтай байх боломж байна. Орчин үеийн мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуй, механикжсан газар тариалангийн салбараа хөгжүүлж, хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Түүнчлэн, өмнөд хөрш ирээдүйн таван жилд технологийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллаж байгаа энэ үед бид зөвхөн нүүрс, төмрийн хүдэр биш core технологийн түүхий эд болох чухал металл, өнгөт болон газрын ховор элементүүдийнхээ эрэл хайгуулыг одоогоос эхэлж хийхгүй, энэ циклийг алдах вий гэж санаа зовж байна. Тиймээс одоогоос уул уурхайн салбартаа энэ чиглэлийн хайгуул судалгааг хийж эхлэх нь зөв байх. Шинжлэх ухаан, технологи, RD салбартаа Хятад улс 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээрээ хувийн хэвшил болон төрийн байгууллагуудад нийт хөрөнгө оруулалт нь 500 тэрбум ам.долларт дөхөж байна. Ирээдүйн таван жилийн амбиц бол ДНБ-ийнхээ 3 хувиас дээш гаргана гэж байгаа маш том хөрөнгө оруулалт юм. Энэ чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой.
-Монгол Улс эдийн засгаа солонгоруулъя гэж яриад багагүй хугацаа өнгөрсөн ч бахь байдгаараа л байна даа. Энэ нь юутай холбоотой байдаг юм бол. Та юу гэж бодож байна вэ?
-Эдийн засгаа солонгоруулах нь бидний өөрсдийн анхаарах бодлого, хэрэгжүүлэх асуудал билээ. Тиймээс эдийн засгийн бүтцээ л өөрчлөх хэрэгтэй. Бид уул уурхайн бус эдийн засгаа хөгжүүлье гэж зорих хэрэгтэй. Тухайлбал, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж болно шүү дээ. 2024 онд БНХАУ-ын 120 сая орчим иргэн гадаад улсад аялал жуулчлалаар зорчсон байна. Тэд цөөн өдөр аялдаг ч гэсэн худалдан авах чадвар өндөртэй, чинээлэг жуулчид байдаг. Бид тэр урсгалаас нэг саяыг нь авч чадахгүй л байна. Энэ нь юутай холбоотой вэ. Визний асуудал, хил, гаалийн нэвтрэх хүчин чадал, гадаад сурталчилгаа гэх мэт зөөлөн дэд бүтэц буюу мөнгө үл хамаарах зүйл дээр бид зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна. Өнөөгийн байдлаар Монгол, Хятадын хооронд зургаан хот руу шууд нислэг үйлдэж байна. Агаарын харилцаа, Төмөр зам, авто замын боомтууд жигд сайн ажиллаж байна. Аялал жуулчлал манай хоёр улсын эдийн харилцааг өргөжүүлэх чухал салбар билээ.
-Сая, Орост Москва хотод ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт болсон. Та энэ зүгт хараа бэлчээв үү. Энэ уулзалт манай улсад ямар ач холбогдолтой вэ?
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн (Ерөнхий сайд нарын) зөвлөлийн 24 дэх удаагийн хуралдаан энэ сарын 17-18-нд Москва хотноо боллоо. ШХАБ-ын хамтын ажиллагаа нь Монгол Улсын хувьд хамтын ажиллагааны шинэ төслүүд, худалдаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцэх, урагшлуулах ажил хэрэгч талбар болдог. Манай улсын хувьд худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцичлалд оролцох сонирхлоо энэхүү уулзалтын үеэр илэрхийлж, ажил хэргийн тодорхой уулзалт, яриа хэлэлцээрүүд хийсээр ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өргөтгөсөн хуралдаанд оролцож хэлсэн “Транзит Монгол Улс” болох зорилго, томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урьсан. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны тухай цөөнгүй шийдэл хүлээсэн асуудлуудын талаар санал солилцож, ажил хэрэгч болгосон. Тухайлбал, ОХУ-ын талтай хөгжлийн төслүүд, экспорт, нефтийн бүтээгдэхүүний найдвартай хангамж, Ази-Европыг холбосон шууд нислэг үйлдэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах зэрэг яриа олон асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн.
-Хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа ямар асуудлаар яриа өрнүүлж амжсан бол?
-БНХАУ-ын талтай Монгол Улсаас жилийн хугацаанд экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн тогтолцоог хялбаршуулах замаар худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх гэх мэт маш тодорхой саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар дэвшүүлэв. Энэ үед болсон уулзалтуудаар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрш хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлсэн нь мөн чухал.
Г.ГАНЧИМЭГ
ХХНББХ: Тамхины татвараар ебс-ийн хоолны шим тэжээлийг сайжруулна
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.11.25/-ийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
8 цагийн дараа
Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшинд хоёр улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол шинжилгээ хийлгэж, иргэдийн хэрэгцээнд ний...
7 цагийн дараа
Төв аймагт тээврийн хэрэгсэл жалга руу унаж, жолооч амиа алджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.11.24/ 22:00 цагийн орчимд “Төв аймгийн нутагт автомашин жалга руу унаж, жолооч амь хохирлоо” ...
7 цагийн дараа
Х.Баатархүү: Манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээл ирэх таван жилд тогтвортой байх төлөвтэй байна
Хятад судлаач, доктор Х.Баатархүүтэй хойд, урд хөршид өрнөж буй нийгэм, эдийн засаг, цаг үеийн үйл явдал, манай улсад үзүүлэх нөлөөл...
6 цагийн дараа
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний нийт ба...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



