мэдээ
С.Одонтуяа: Татвар төлөгчдийн хөрөнгө дээр ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс ЭМД-ын санг дампууруулах ажлыг хийсэн

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 12 сарын 03

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудлын талаар ярилцлаа.
-Та ЭМД-ын тогтолцоог өөрчлөхтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төслийг санаачлан Засгийн газарт хүргүүлсэн. Уг тогтоолын онцлог, ач холбогдол нь юу байна вэ?
-Хамгийн гол зорилго бол Эрүүл мэндийн даатгалын санг эртхэн аваръя л гэж байгаа юм.Өнөөдөр МАН маш олон санг дампууруулсан гэдгийг монголчууд мэдэж байгаа. Тухайлбал, Тариалан дэмжих сан, ЖДҮ-ийг дэмжих сан гэх мэт. Яг эдгээр сангуудтай адилхан эрүүл мэндийн даатгалын сан дампуурахад ойрхон болсон байна. 2024 оны төгсгөлд уг сан 316 тэрбум төгрөгийн өртэй байсныг улсын төсвөөс шийдсэн. Тэгэхээр бид энэхүү Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэндийн яамны харьяаллаас нэн яаралтай гаргах шаардлагатай байгаа юм. 2012-2016 онд миний бие ЭМД-ын хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллахдаа Засгийн газар, олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банк, мөн намуудын төлөөллийг оролцуулаад Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хууль дээр маш удаан ажилласан. Ингээд УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Эрүүл мэндийн даатгалыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн.
Тодруулбал, энэ хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.1-д “Эрүүл мэндийн даатгал” гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг, 3.1.3-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага” гэж эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагууд ард иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээгээ Эрүүл мэндийн даатгалын байгууллагад худалдаж, даатгалын байгууллага чанарын шаардлага хангасан тусламж үйлчилгээг даатгалын сангийн хөрөнгөөр худалдан авахаар болсон гэсэн үг. Энэ бол маш сайн эрх зүйн өөрчлөлт болсон. Гэтэл 2016 онд МАН олонх болж гарч ирээд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээр өнөөдрийн бүх завхрал үүссэн байдаг.
-Эрүүл мэндийн даатгалын сан дампуурахад эрүүл мэндийн байгууллага, эмч нар л буруутай юм шиг ярьдаг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-2022 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналтын хэлтсийг татан буулгаж, нөгөө авлига, хээл хахууль, хулгай гээд бүх зүйл цэцэглэсэн байдаг. Даатгалын дампууралд эрүүл мэндийн байгууллага, эмч нарын буруу гэж огт байхгүй. МАН өөрсдийн бурууг эмч нарт үүрүүлэхийн тулд тэднийг л идэж уусан мэтээр гүтгэж байна. Эмч нар мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа. Харин хүмүүсийн өвчин зовлон дээр мөнгө хийдэг, татвар төлөгчдийн мөнгөн дээр ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс л уг санг дампууруулах ажлыг хийсэн гэж бодож байна. Тиймээс бид цаашдаа ийм асуудал гаргуулахгүйн тулд яаралтай Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг Эрүүл мэндийн яамны харьяаллаас гаргаж, бие даалгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын байгууллага Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж, Эрүүл мэндийн сайд даатгалын бүх эрх зүйн баримт бичгийг баталж мөрдүүлэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг даргалан хуралдуулж, Үндэсний зөвлөлийн тогтоолуудад гарын үсэг зурж байна. Энэ нь Эрүүл мэндийн сайд өөрийн баталсан дүрэм, журам, заавруудыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргаж байгаа нь эрх зүйн хувьд зөрчил үүсгэж байна. Нөгөө талаар манай орны хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд хувийн хэвшлийн байгууллагууд 40 шахам хувийг эзэлж, дийлэнх хувь нь төрийн мэдэлд харьяалагдаж байгаа тохиолдолд эрүүл мэндийн сайд даатгалыг бүхэлд нь хариуцаж байгаа нь сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хувьд ямар гол чиг үүрэгтэй юм бэ?
-Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар хоёр чухал үүрэгтэй байдаг. Нэгдүгээрт, тусламж үйлчилгээний өртгийг зөв тодорхойлох үүрэгтэй. Хоёрдугаарт үйлчилгээний гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл хяналтын үүрэг гүйцэтгэх ямар ч нэгжгүй болгочихсон. Тэгэхээр даатгал төлөгчдийн мөнгө, хөрөнгө ямарч хяналтгүй зарцуулагдаж байна гэсэн үг. Тиймээс МАН-ынхан улс төрийн хэд хэдэн сонгуульд уг санг ашигласан. Яаж вэ гэхлээр сонгуулийн үеэр янз бүрийн аян зохион байгуулсан. Уг нь ЭМД-ын тухай хуульд уг сангийн хөрөнгийг юунд зарцуулах, юунд зарцуулж болохгүй вэ гэдгийг хатуу зааж өгсөн байдаг.
-Та энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар өөрчлөлт хийж, Засгийн газарт оруулсан бэ?
-Бид Эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын газрыг ЭМЯ-ны эрхлэх асуудлын хүрээ, харьяаллаас гаргаж, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж, Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн нэгдэх заалтыг үндэслэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог төрийн нэгдсэн бодлого, хяналтын түвшинд нэгтгэх, сангийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын бодлогыг нийгмийн хамгаалал, хөдөлмөр, санхүүгийн бодлоготой уялдуулах, даатгалын сангийн хяналт, аудит, дотоод засаглалыг сайжруулах, иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, сайн дурын болон нэмэлт даатгалын тогтолцоог өргөжүүлж, төсвийн болон хяналтын тогтолцоог оновчтой болгох зорилгыг хангана гэж үзсэн юм.
-Ер нь гадаад орнуудын хувьд үүнийг яаж зохицуулсан байдаг вэ?
-Судалгаанаас үзэхэд БНСУ, Япон, Герман, Франц, Канад, Скандинавын орнуудын Эрүүл мэндийн даатгалын байгууллагууд Нийгмийн хамгааллын яамны харьяалалд байж, бие даасан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр орнуудын адил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлж болох ч өмнө нь тийм байсан учир Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, ард иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан Эрүүл мэндийн даатгалын байгууллага Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээ, харьяалалд байж, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдууд бүрэлдэхүүнд нь багтдаг даатгалын Үндэсний зөвлөлийг Шадар сайд удирдаж тогтоол шийдвэр гаргах нь зохимжтой юм. Энэ өөрчлөлтийг хийснээр Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд даван туулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглал, хяналтыг илүү хараат бус, хариуцлагатай, ил тод болгох стратегийн чухал ач холбогдолтой алхам болно гэж үзэж байна.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 14,700 хүүхэд байна
Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдри...
8 цагийн дараа
Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгуулла...
8 цагийн дараа
С.Будрагчаа: Эрдэнэт үйлдвэр хууль бусаар 83 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон
Сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа. -Та Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендертэй холбоотой асуудлыг хөндсөн. Иргэдийн хувьд одоо ч хаанаас ям...
7 цагийн дараа
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуул...
7 цагийн дараа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мот...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд


