мэдээ
С.Будрагчаа: Эрдэнэт үйлдвэр хууль бусаар 83 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон

Админ
2025 оны 12 сарын 03

Сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа.
-Та Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендертэй холбоотой асуудлыг хөндсөн. Иргэдийн хувьд одоо ч хаанаас ямар асуудал гараад ирэв. Юун шүүгч, компани, их хэмжээний мөнгө вэ гэх асуулттай байна. Энэхүү асуудлын эргэн тойронд юу болсон талаар ярихгүй юу?
-2025 оны есдүгээр сард Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд ажиллаж байсан нэр бүхий нэг хүн надтай уулзсан юм. Тухайн хүн уулзалтын үеэр Монгол Улсын түүхэнд маш өндөр дүнтэй зарлагдсан 166 тэрбум 91 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тендерийг Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндон, ерөнхий инженер н.Батмөнх нар тендерийн үнэлгээний хорооныхонтойгоо хуйвалдах замаар будиалаантуулсан ноцтой асуудал гарлаа. Энэхүү тендер хууль бус гэдгийг гурван шатны шүүх тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрынхан ч тогтоож, нотолсон
Тухайн тендерийг зохион байгуулсан үнэлгээний хорооныхон нь тендерийн шалгуурыг бүрэн хангасан компанийг хангаагүй хэмээн хуурамчаар хассан нь хүртэл Сангийн яамны дүгнэлт болон гурван шатны шүүхээр нотлогдсон. Сангийн яамны шийдвэрийн дагуу тухайн тендерийг цуцлаад, хуульд нийцүүлж, дахин зохион байгуулах ёстой байсан. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийнхэн хүч түрэмгийлэн хууль бусаар шалгаруулсан компанитайгаа гэрээ байгуулаад, ойролцоогоор 83 тэрбум төгрөгийг урьдчилан шилжүүлсэн гэж хэлсэн.
Тэгээд Улсын дээд шүүхийн шийдвэр гарангуут Эрдэнэт үйлдвэрийнхэн хууль бусаар шалгаруулсан компанитайгаа хууль бус гэрээ байгуулаад, Монголын ард түмний мэдэлд буюу төрийн өмчит үйлдвэрийн 83 тэрбум төгрөгийг хууль бусаар шилжүүлсэн гэдэг нь эцсийн байдлаар тогтоогдчихсон байгаа. Тиймээс намайг энэ асуудлыг олон нийтэд мэдээлж өгөөч гэж хандсан. Ийм увайгүй асуудлыг нухчин дарж, таслан зогсоохгүй бол Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг олон мянган тендер бүгд хууль бусаар явагдах бодит эрсдэл үүсээд байна. Энэ асуудалд шүгэл үлээж, дур зоргоороо аашилдаг явдлыг таслан зогсоохын тулд эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн.
-Энэхүү тендер нь эхнээсээ зохион байгуулалттай мөнгө угаах үйл ажиллагаа байсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Эхнээсээ мөнгө угаах зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Аливаа тендер шударга явагдах ёстой. Тиймдээ ч Tender.gov.mn сайтад тухайн тендерийн мэдээлэл албан ёсоор нийтлэгдсэнээр дэлхийн олон компани хараад, шаардлагатай материалаа бүрдүүлж эхэлдэг. Гэтэл энэ асуудал дээр юу болсон бэ гэхээр 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр энэхүү сайтад урилга нь албан ёсоор нийтлэгдсэн байгаа юм. Гэтэл энэ тендерт хууль бусаар шалгарсан компани нь тендерийн зар нийтлэгдэхээс олон хоногийн өмнө материалаа бүрдүүлээд явж байсан. Энэ нь Сангийн яам болон шүүхэд цугласан нотлох баримтаар нотлогдсон. Энэ компани далдыг хардаг далай лам биш шүү дээ. Хэзээ “Эрдэнэт үйлдвэр” тендер зарлах вэ, бүрдүүлэх материал юу байна гэдгийг мэдэх ёсгүй байтал мэдчихсэн байсан.
-Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч П.Ууганцэцэг энэхүү асуудалтай яагаад холбогдох болов. Тус шүүгчийг мэргэжлийн ур чадваргүй гэдэг сахилгын шийдвэр гарсан гэдэг нь энэ үү?
-Үнэн. Шүүгчийн мэргэжлийн ур чадваргүй гэх Сахилгын хорооны шийдвэр гарсан. Сангийн яамны төрийн нарийн бичиг Ж.Ганбат нь Эрдэнэт үйлдвэрийнхэд хууль бус тендерийнхээ үр дүнг цуцлаад, дахин хуульд нийцүүлэн зохион байгуул гэх үүрэг өгсөн байгаа юм. Гэтэл Сангийн яамны өгсөн үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэрийнхэн ноцтойгоор зөрчөөд үргэлжлүүлэн хууль бусаар тендерт шалгарсан компанитайгаа гэрээ байгуулсан. Энэ тохиолдолд асуудал зөвхөн шүүх дээр очдог юм байна. “Эрдэнэт үйлдвэр” тендерийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэж “Мэйха Чантө Индастриал майнинг машинре” ХХК-ийнхан шүүхэд хандсан. Гэтэл уг шүүхийн маргааныг хүлээж авсан Захиргааны хэргийн анхан шатны шүүгч П.Ууганцэцэг Эрдэнэт үйлдвэр хууль зөрчөөгүй гэх илтэд хууль бус шийдвэр гаргасан. П.Ууганцэцэг шүүгчийн гаргасан уг шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй худал болох нь тогтоогдсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч энэхүү тендер, гэрээ нь илтэд хууль бус болсон байна. Эрдэнэт үйлдвэрийнхэн гэрээгээ цуцлаад, дахин тендер зохион байгуул гэх эцсийн шийдвэр гаргасан. Хамгийн ноцтой нь юу вэ гэхээр Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан байгаа шүү дээ. Уг шийдвэрийг биелүүлэх захирамжийг анхан шатны шүүгч нь гаргах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч П.Ууганцэцэг “Улсын дээд шүүхээс хууль бус тендер гэж үзсэн учраас цуцлаад дахин зохион байгуул” гэх захирамж гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл энэ шүүгч эс үйлдэхүйгээрээ тухайн захирамжийг гаргахгүй зугтсан. Нэг үгээр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиалгаар хуулийг маш ноцтой зөрчиж, бүдүүлэг үйлдэл гаргасан.
-Өнөөдрийн байдлаар асуудал ямар шатандаа явж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байгаа. Улсын ерөнхий прокурор дээр асуудал маш хурцаар шалгагдаж байна. Яагаад гэвэл илтэд хууль бусаар улсын тендерийг зохион байгуулсан. Хоёрдугаарт, тухайн компанитайгаа илтэд хуль бус гэрээ байгуулсан. Гуравдугаарт, энэ бүх хууль бус үйлдлээ мэдсээр байж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 83 тэрбум төгрөгийг хоёр удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас ял шийтгэл авах нь зүй ёсны асуудал юм. Хөдөлшгүй нотлох баримтыг гаргаж, мэдээлсээр байхад Эрдэнэт үйлдвэрийнхэн намайг шүүх, цагдаад өгч байгаагаа албан ёсоор зарласан. Тэдний хийж чадах зүйл энэ. Гэхдээ хөдөлшгүй нотлох баримтын өөдөөс ямар үндэслэлээр гомдол гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Намайг дарамтлах гэж янз бүрээр оролдож байгаа. Гэхдээ энэ хоёр газар аль аль нь АТГ-т шалгагдах ёстой. Хууль бусаар шилжүүлсэн 83 тэрбум төгрөгөө нэн даруй буцаан татаж авах ёстой. Авч чадаагүй бол авч чадах хүртлээ ял шийтгээлээ эдлэх ёстой.
А.Даваадулам
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 14,700 хүүхэд байна
Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдри...
8 цагийн дараа
Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгуулла...
8 цагийн дараа
С.Будрагчаа: Эрдэнэт үйлдвэр хууль бусаар 83 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон
Сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа. -Та Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендертэй холбоотой асуудлыг хөндсөн. Иргэдийн хувьд одоо ч хаанаас ям...
7 цагийн дараа
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуул...
7 цагийн дараа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мот...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



