Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Ж.Галбадрах: Баярлуулж байгаа хүмүүсийнхээ мэдрэмжээр “хооллож” явсаар орой гэртээ ирдэг

trend

Админ

img

2025 оны 12 сарын 03

news-img

Ажлынхаа хажуугаар сайн дураараа хүмүүст тусалдаг Ж.Галбадрахтай ярилцлаа. Тэрбээр 2016 оноос хойш хөгшид, хүүхдүүдийг өөрийн унаагаар гэрт нь дөхүүлж өгөхөөс гадна хүмүүст янз бүрийн байдлаар тусалдаг. Одоогоор аав ээжээсээ өнчирч үлдсэн таван хүүхдэд туслахаар олон нийтээс хандив цуглуулж буй юм.


-Таны хувьд олон нийтийн сүлжээнд хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлж буй талаараа нийтэлдэг шүү дээ. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Увс аймгийн Тэс сумын харьяат хүн. Фэйсбүүкт “Галбадрах Жамсран” гэсэн хаяг хөтөлдөг. Үнэн байя гээд хүмүүст тусалсан ганц нэг зураг, бичлэгээ оруулж явсаар байтал 130-аад мянган дагагчтай болсон. 2016 оноос хойш өөрийнхөө хэмжээнд настай хүн, хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрх толгойлсон аав, ээж нарт тусалж явсаар есөн жил болсон байна.

Өвөл болохоор өвлийн өвгөний хувцас өмсөөд хэдэн бэлэг цуглуулаад гардаг юм. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвөөр яваад хүүхдүүдийг баярлуулдаг. Бас ажлынхаа хажуугаар зам дагуу яваа таяг тулсан настан, хүүхдүүд, эсвэл жирэмсэн хүмүүсийг гэрт нь дөхүүлээд өгөх юмсан гэж боддог. Миний хувьд улсад 20-иод жил ажиллаж байна. Одоогоор Хан-Уул дүүргийн харьяа Усан спорт сургалтын төвд фитнессийн багшаар ажилладаг.

-Сүүлийн өдрүүдэд та аав ээжээсээ өнчирч үлдсэн хүүхдүүдэд хандивын аян өрнүүлж байгаа харагдсан. Хүмүүс ч нэлээд оролцож байгаа юм билээ. Энэ хандивын талаар ярихгүй юу?

-Одоогоос хоёр долоо хоногийн өмнө таньдаг залуу маань над руу “Эхнэр нь дөрвөн сард өөд болоод, нөхөр нь долоон сарын дараа өөд болсон. Хүүхдүүд нь өнчрөөд үлдсэн. Бид хоёр ажил явдалд нь явж байна. Найз нөхөд нь хандивын аян зарлаад хүмүүст сайн хүрэхгүй байна, чи олон дагагчтай юм чинь хандив зарлаад өгөөч” гээд ярьсан юм. Маргааш нь яваад очтол 2-12 насны таван хүүхэд бүтэн өнчрөөд үлдсэн байсан. Хөөрхий, аав ээж хоёр нь залуугаараа өөд болсон. Тэгээд би тэр дор нь хандив цуглуулъя гээд, бичлэг хийгээд эхэлсэн. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй жаахан хүүхдүүд байгаа шүү дээ. Эмээтэйгээ, айлын хашаанд дөрвөн ханатай гэрт амьдардаг юм билээ. 14 хоногийн хугацаанд 105 сая төгрөг өнөөдрийн байдлаар олон түмнээс цугларсан байна. Маш сайхан санагдаж байна л даа. Энэ мөнгөөр хоёр өрөө байр авъя гэхээр 115 саяас эхэлдэг юм байна. Таван хүүхэд, эмээтэйгээ, бас асран хамгаалагчтайгаа гээд 7-8-уулаа амьдарна. Тэгэхээр хоёрын хооронд жижиг юм аваад өгчихмөөргүй санагдаад, 10-20 сая төгрөг нэмчихвэл 48 М.кв-тай арай сэлүүхэн байр авч өгье гэж бодоод байж байна. Хашаа байшинд хангалттай мөнгө нь хүрэлцчихнэ. Гэхдээ хашаа байшин аваад өгчихье гэхээр ноднин жил манай найз, эхнэр хүүхэдтэйгээ угаартаад, ухаан алдаж унасан. Ийм асуудлууд маш их гардаг. Дараа нь “Чи байр авч өгөөгүйгээс болж энэ хүүхдүүдийн амь эрсэдлээ” гэсэн яриа гарах вий гэж бодоод, хоёр өрөө байр авч өгье гэж бодоод одоогоор хандиваа үргэлжлүүлж байгаа.

-Есөн жилийн хугацаанд хэдэн хүнд тус болж байв. Тоолж байв уу?

-Давхардсан тоогоор 10 мянга гаруй хүүхдэд тусалсан гэж боддог. Ер нь тоолдоггүй л дээ. Настай хүмүүсийг гэрт нь хүргэж өгдөг. Гадаа архи уугаад унасан хүнийг хүмүүс бараг дээгүүр нь алхаад гарах дайны явдаг. Тэр болгон дээр очоод туслахыг боддог.

-Тусалж байсан хүмүүс эргээд танд маш сайхан хандлага гаргадаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхдүүдийн гэрэлтэж байгаа нүд, доороо үсрээд баярлаж байгаа болгоныг хараад маш сайхан эрч хүч авдаг. Ер нь өдөржингөө явсаар идэж уух юмаа хүртэл мартчихдаг юм. Тэгсэн ч туслаад, баярлуулж байгаа хүмүүсийнхээ мэдрэмжээр “хооллож” явсаар орой гэртээ ирдэг дээ.

-Сайны хажуугаар саар гэгчээр хар бараан хандлагатай хүмүүстэй хэр таардаг вэ?

-Өдөр болгон шүү дээ. 2016 онд хамгийн анх хүүхдүүдэд ингэж тусаллаа гээд цахим дээр постлоход хүмүүс “Чи 2016 оны сонгуулиар нэр дэвших гэж байна. Шавар байшинд ээжийнхээ хажууд амьдардаг байсан. Юугаараа хүнд тусалдаг юм” гээд л хэлж эхэлдэг байсан. Ер нь тэр болгоныг давж гарч чадахгүй бол фэйсбүүк ашиглаад хэрэггүй юм билээ. “Худлаа попроод, фэйсбүүк дээр хандалтаа нэмэх гэж байна” гэсэн хүмүүс өдөр болгон бичиж орж ирнэ. Уг нь би чинь урдахаа мөрөөрөө хийгээд, хүндээ туслаад л явж байгаа шүү дээ. Ер нь тэгээд сошиалаар эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй янз бүрийн хүмүүс орж ирнэ дээ. Сайны хажуугаар саар юм их бий, бий. Анх бол хүмүүсийн 80 хувь дэмжээд, 20 хувь нь муулдаг байсан. Одоо бол 95 хувь нь дэмжиж байгаа. Сүүлийн үед хандив зарласнаас хойш маш их дайралтууд ирж байна л даа. Харин сайхан сэтгэлт монголчууд маань боломжоороо 500, 1000 төгрөг хүртэл хийж байна. “Далайд дусал нэмэр” гэдэг чинь иймэрхүү зүйл дээр л харагддаг юм байна.

-Олон нийтэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүн хүнээ гэсэн сэтгэлтэй байвал хүн төрөлхтөн оршин тогтноно. Тиймээс монголчууд бие биеэ гэсэн сэтгэлтэй байх ёстой. Тэгэхгүй бол нэг нэгнээ барьж идэх шахуу нийгэм бий болсон байна.

Эх орон, үүх түүхээ мэддэг хүүхдүүд нэгнээ хайрлана шүү дээ. Одооны хүүхдүүд ажил хийж чадахгүй, эх орноо хайрлах сэтгэл байхгүй, аав ээжийгээ хүртэл хүндлэх сэтгэл алга. Сүүлийн үед маш аймшигтай гэмт хэргүүд их гарч байна. Бүр өсвөр үеийн залуус нэгнийгээ гэмтээж, амийг нь егүүтгэж тоглож байна. Энэ бүхэнд л иргэн хүнийхээ хувьд эмзэглэж явдаг даа. Харин миний хувьд нийгэмдээ бага ч болов гэрэл түгээхээр хүмүүст тусалж явдаг болохоор ажил үйлс минь бүтэмжтэй сайхан байдаг даа.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгуулла...

img

8 цагийн дараа

С.Будрагчаа: Эрдэнэт үйлдвэр хууль бусаар 83 тэрбум төгрөг шилжүүлсэн гэдэг нь тогтоогдсон

Сэтгүүлч С.Будрагчаатай ярилцлаа. -Та Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендертэй холбоотой асуудлыг хөндсөн. Иргэдийн хувьд одоо ч хаанаас ям...

img

7 цагийн дараа

Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух нь битүүмжээ алдаж, угаартах эрсдэл өндөр болсон зорилтот бүлгийн айлуудад шинэ зуух суурилуул...

img

7 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мот...

img

7 цагийн дараа

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг илрүүлж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрч...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд