Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 04

news-img

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу Н.Учрал дарга хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг мэдээллээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг, мөн Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүний 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлснийг Монгол Улс болон Евро Азийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус хуваарилжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр хууль, тогтоолын төсөл боловсруулах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” зарим захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан болон холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292, 2025 оны 254, 289, 321 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгожээ. Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 93, 96, 174 дүгээр захирамжтай холбогдуулан Засгийн газраас хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн тул хүчингүй болсонд тооцохоор захирамжид тусгажээ.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан эхэлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг тус Байнгын хорооны 2025 оны 06 тоот тогтоолоор байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нарын гишүүд ажилласан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцжээ.

Ажлын хэсгээс даатгагч гэрээний хугацаанд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан урьдчилсан мэдээ, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан сумын малын хорогдлын дүнд үндэслэн нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болох;

Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор сум бүрээр тогтоосон 1 дүгээр босго үзүүлэлтийг 5 хувь, 2 дугаар босго үзүүлэлтийг 30 хувь байхаар тогтоож, Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг нэг хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг тав хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж тогтоож болох;

Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, Н.Наранбаатар, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, малчдын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, саналууд хэлж байлаа.  Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөлд бүгд заавал малын индексжүүлсэн даатгалд даатгуулахаар тусгасан байгааг гишүүд тодотгоод ийн зохицуулах үндэслэлийн талаар тодрууллаа. Мөн малчид даатгалаас хохирлоо барагдуулдаг эсэх, даатгалын үр ашигтай тогтолцоотой болгох талаар лавлав.

Малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгох шаардлагагүй хэмээн ажлын хэсэг үзэж, малчид руу хандсан хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээлүүд олгон дэмжиж байгаа энэ үед төслүүдийг батлах юм бол албан журмын даатгал болох гээд байгаа учраас хөнгөлөлттэй зээл, тусламж үйлчилгээ авахын тулд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой гэдэг саналыг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгээс Засгийн газарт тавьж байгаа хэмээн Ц.Идэрбат гишүүн хариулт өгсөн. Цаашид малчид сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагддаг хэвээрээ үлдэх аж. Малын индексжүүлсэн даатгал Монголд л байдаг бөгөөд даатгалын салбартаа уламжлалт мал аж ахуйн даатгал хэмээн нэрлэдэг энэ даатгалыг Монгол Улс 1968 оноос хойш хэрэгжүүлж байгаад 1990 онд зогсоосон байна. Гэхдээ эн төрлийн даатгал шаардлагатай хэмээн үзэж, Дэлхийн банкны санхүүжилтээр 2006 оноос төсөл хэрэгжүүлж байгаад 2014 онд бие даасан хуультай болсон. 2015 оноос хойш давхардсан тоогоор нийтдээ 290 мянга орчим малчин өрх хамрагдан давхардсан тоогоор 62 сая толгой малыг даатгуулжээ. Тус хугацаанд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байжээ. Тухайлбал 2023 оны өвөл, 2024 оны хавар Монгол Улсын мал аж ахуйн салбарт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирсан. Энэ үед малын индексжүүлсэн даатгалаас 22 мянган малчин өрхөд даатгалын нөхөн төлбөр болгож 16.8 тэрбум төгрөг олгосон байна.

Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур учир эдийн засагжуулах шаардлагатай байгаа гэдэг саналыг гишүүд хэлж байв. Төрөөс мал аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулах, малчныг нь эрсдэлээс хамгаалах,  эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах хүрээнд Засгийн газрын зүгээс, холбогдох яамдын сайд нар манлайлалтай, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг сануулж байв. Малын индексжүүлсэн даатгалд төр оролцох шаардлагагүй бөгөөд даатгалын нөхцөлийг ойлгомжтой, малчдад хүндрэлгүй байдлаар тохируулах, малчны хөгжлийн өөрчлөлтийг дэмжих байдлаар хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүд илэрхийлж байсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулах байсныг хойшлууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

Урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан энэ оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг илтгэлд дурдсан. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, хамтын тээгч эхээр хүүхэд тээлгэх зохиомлоор үр суулгах нь гэр бүл өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулах гэх зэрэг шинэ тутам тулгамдаж буй асуудлуудыг өдгөө хэрэгжиж буй хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа гэв. Иймээс хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан байна.

Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа аж. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах, эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна.

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ. Гэрлэлт дуусгавар болсноос тусдаа амьдрах болсон эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар тусгаж, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эх байх үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгасан гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлах тохиолдолд буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгасан байна. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэх гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулсныг С.Бямбацогт сайд танилцууллаа.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцууллаа. Хууль санаачлагч хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг баримтлан гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулийн төслүүдийг Байнгын хороо Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрийн хуралдаанаараа явуулсан байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Дав.Цогтбаатар гишүүн танилцууллаа. Түүнчлэн тус хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хоёр  хуулийн төслөөс бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт болон хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулж намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилсан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж хариулт авав. Гэр бүлийн эрх зүйн тогтолцоонд хувь хүний хөгжлийг дэмжих, хувь хүнийг хамгаалах, тухайн хүний эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбоотой удмын сангийн аюулгүй байдлын асуудалд анхаарах ёстой гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн онцлоод цус ойртолтоос сэргийлэх, монгол хүний талаарх судалгаа хийх, үүний тулд судалгааны байгууллагууд, генетикийн судалгааг хөгжүүлэх, лаборатори байгуулах, эдгээртэй холбоотой хуулиудыг хэрэгжүүлэх талаар тодруулга хийсэн.

Гэр бүл гэдэг нь хувь хүмүүст орон зайг нь олгож, төр оролцож болдоггүй орчин хэмээн Х.Тэмүүжин гишүүн хэлээд “Дэлхий нийтээрээ гэр бүлийн хуулиараа хүүхдийн эрхийн асуудал, өмчийн маргаан, хөндлөнгийн оролцоог хэрхэн хязгаарлах гэсэн гурван асуудлыг л шийдэхийг чухалчилдаг. Хөндлөнгийн оролцоо гэдэг ойлголтод төр ч багтана. Гэр бүл гэдэг сайн дурын үндсэн дээр бий болдог. Энэ иргэний нийгмийн хамгийн суурь, улс төрөөс ангид, эдийн засгийн дарамт шахалтуудаас хамаарал багатай, хамгийн эрх чөлөөтэй байх ёстой тэр орон зай” гэв. Төслийн 3.2 дахь заалт дахь гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангана гэсэн байгаа талаар, 13.8 дахь хэсэгт шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ ёс суртахууны байдлыг харж үзнэ гэсэн зохицуулалтуудын талаар байр сууриа илэрхийлж, С.Бямбацогт сайдаас хариулт авсан. Х.Тэмүүжин гишүүн жендерийн тэгш эрх гэдэг нь улс төрийн бодлого байтал гэр бүлийн эрх зүйн баримт бичигт тусгах нь зохимжгүй гээд тайлбар хийсэн. Мөн “ёс суртахуун” гэдэг үгийг энэ хуулийн төсөлд байх нь зохимжгүй гээд холбогдох тайлбарыг хэлж байв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, М.Мандхай, Л.Энхнасан, П.Сайнзориг нар Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, С.Бямбацогт сайд болон ажлын хэсгээс хариулт авснаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэ...

img

6 цагийн дараа

Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...

img

5 цагийн дараа

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...

img

5 цагийн дараа

Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...

img

5 цагийн дараа

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд