мэдээ
БЭХА М.ЭНХТӨР: АТГ-т баярлалаа!

Админ
2025 оны 12 сарын 23

Авлигатай тэмцэх газраас Олон овоот гоулд (ООГ) ХХК, түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-ийн удирдлагаас Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын удирдлагад 2,7 тэрбум төгрөгийн авлига өгч, уул уурхайн тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай тус газраас саяхан олон нийтэд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ООГ ХХК-иас авах Төрийн байгууллагуудын 123 тэрбум төгрөг, нийт 140 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар ажиллаж буй Хадгаламж банк ХХК болон Зоосбанк ХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА) М.Энхтөртэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу, Та Олон овоот гоулд ХХК-иас төлбөр авах гурван банкны тухай, авлагын хэмжээний тухай мэдээлэл өгнө үү?
-Сайн, сайн байна уу? За, энэ нь олон нийтэд “гурван банк дампууруулсан” гэх нэрээр хэдийн танигдсан Олон овоот гоулд ХХК-иас авах авлагатай холбоотой. ООГ ХХК нь Анод банк, Зоос банк, Хадгаламж банкаас 20 гаруй жилийн өмнө 140 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан боловч, өнөөг хүртэл эргүүлж төлөөгүй авлагын тухай юм. 2012 оноос хойш 2016 он хүртэл нийтдээ 18 шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байсан боловч, үүнээс хойш ч мөн адил нэг ч төгрөгийн төлбөр барагдуулж чадаагүй байдаг.
Олон овоот гоулд ХХК-иас авах 140 тэрбум төгрөгийн авлагад Монголбанк, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпораци гэсэн төрийн гурван байгууллагын 123 тэрбум төгрөгийн авлага хамаардаг. Үүнийг тодруулбал, бид эдгээр гурван төрийн байгууллагад энэ 123 тэрбум төгрөгийн авлагыг цуглуулж өгөх ёстой. Одоо бид өөрсдөө энэ авлагыг барагдуулахаар ажиллаж байна.
-Өөрсдөө авлагаа барагдуулахаар болсон талаараа дэлгэрүүлж ярьж болох уу?
-20 гаруй жилийн хугацаанд зээлээр авсан мөнгөө эргүүлж төлөөгүй тухай асуудлыг сая дурдлаа. Энэ бол эхний шалтгаан. Үүнээс бусад шалтгааныг энд товч тайлбарлая.
Барьцаа хөрөнгийн чанар ихээхэн муудсан. Тухайлбал, банк дундын барьцааны гэрээний дагуу Олон овоот гоулд ХХК-ийн нийт 44 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, мөн уурхайн талбай дээрх барилга байгууламж, уурхайн тоног төхөөрөмж, авто техник хэрэгслийг барьцаалсан байдаг. Гэтэл, өнөөдрийн байдлаар уурхайн 44 ширхэг тусгай зөвшөөрлөөс 82 хувь буюу 36 ширхэг нь хүчингүй болж, одоо ердөө найман ширхэг нь хүчинтэй хэвээр үлдсэн байна. Мөн 2013 оноос уурхайн олборлолт зогссоноос, уурхайн талбай дээрх хөрөнгө элэгдэж, муудаж, хулгайд алдагдах зэргээр устаж, үнэлэх боломжгүй байв.
Нөөцийн үлдэгдлийг нь тодорхойлох боломжгүй байсан. Яагаад гэвэл, энэ найман ширхэг тусгай зөвшөөрлийг эх хувиар нь Монголбанкинд хадгалж байдаг боловч, ТЭЗҮ нь төлбөр авагч нарт байгаагүй. Бас нөөцийн үлдэгдлийг тодорхойлоход шаардлагатай баримт бичиг нь архивт байхгүй, “хулгайд алдагдсан” гэх хариутай байсан.
Дээрх бүгдээс гадна, төлбөр төлөгч ООГ ХХК-ийн удирдлага нь хууль зүйн боломжийг ашиглан цаг үргэлж манай ажилд саад учруулж ирсэн. Жишээлбэл, барьцаанд байсан нэг тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий (Г.Алтан нь өөрийн хүү Э.Сүрэнгийн компани руу) Зөв зүг ХХК-нд гурван төлбөр авагчийн зөвшөөрөлгүйгээр 2015 онд шилжүүлэн авч, төлбөр төлөхөөс зайлсхийж ирсэн байдаг. Үүнд нь тухайн үеийн Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (ШШГБ) болон АМГТГ-аас оролцсон баримт үлдсэн бий. Энэ тухай би өмнөх ярилцлагад дурдсан.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрүүд гарч, тэдгээр шийдвэрийг гүйцэтгүүлэхээр ШШГБ-д шүүхийн гүйцэтгэх хуудсуудыг 2012 оноос хүргүүлсэн боловч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхгүй байсаар барьцааны зүйлийн чанар нь эрс муудаж, (i)уурхайн талбай дээрх барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь хүртэл тоногдсон, устсан, (ii)нөөцийн үлдэгдлийн мэдээлэл нь байхгүй, (iii)барьцааны 44 тусгай зөвшөөрлөөс 36-нь хүчингүй болсон (одоо аль хэдийн өөр бусдынх болсон байх!) (iv)барьцааны нэг тусгай зөвшөөрлийг нь өөр (Зөв зүг ХХК) бусдад хэдийн алдчихсан, цаашид ч алдах эрсдэлтэй маш хүнд нөхцөлд байсан. Цаашид ШШГБ-аас төлбөр барагдуулахыг хүлээж суух нь барьцаа хөрөнгийн чанар улам бүр муудаж, үүнээс болж дээрх төрийн байгууллагуудын авлагыг барагдуулах боломжгүйд хүрэх эрсдэлтэй болсон байсан.
Иймд гурван төлбөр авагчийн зүгээс ШШГБ-ыг цаашид хүлээхгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгө буюу хүчинтэй үлдсэн найман ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлэн авч, өөрсдөө авлага барагдуулах шийдвэрт хүрсэн юм.
-Өөрсдөө авлагаа барагдуулахаар шийдсэн гэлээ. Яаж тэр вэ? Үр дүн нь гарч эхэлсэн үү?
-Бид нар гурван төлбөр авагч банкны тулгамдсан асуудлыг судалж үзээд, тэдгээрийг давхар шийдвэрлэж чадахуйц, илүү үр ашигтай байх төсөл хэрэгжүүлэх загвараас сонгож хэрэгжүүлэхээр зорьж байна. Эдгээр тулгамдсан асуудлаас жишээлэн дурдвал, 1-рт Монголбанк нь төрийн захиргааны байгууллага, нөгөө хоёр (Зоос банк, Хадгаламж банк) нь татан буугдаж байгаа учраас өөрсдийн нэр дээр уурхайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч чадахгүй байсан, 2-рт энэ гурван төлбөр авагч нар нь бүгдээрээ уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө-зардал гаргаж чадахгүй байсан, 3-рт мөн бүгд уул уурхайн мэрэгжлийн бус учраас өөрсдөө дангаараа төслийг бэлтгэх, эхлүүлэхэд шаардлагатай мэргэжил, туршлага байхгүй зэргийг дурдаж болно.
Сонгосон загварын дагуу бид төслөө хэрэгжүүлэхдээ, Хадгаламж банк ХХК дахь БЭХА-ийн албанаас 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн, олон улсад түгээмэл байдаг чанаргүй активийг үр ашигтай шийдвэрлэх санхүүгийн дэд бүтцийг бий болгох зорилгоор хөгжүүлж ирсэн, Хадгаламж банк ХХК-ийн охин компани болох Монголын актив удирдлагын корпораци (МАУК/MAMCO) ХХК-ийн бүтцийг ашигласан. Энэ төслийг хэрэгжүүлэх зорилгоор МАУК ХХК-иас Минерал эксплорэйшн фандинг (МЭФ) ХХК-ийг үүсгэн байгуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу түүнд барьцаа хөрөнгө буюу уул уурхайн тусгай зөвшөөрлийг 2024 оны 8 ба 9 дүгээр сард шилжүүлэн авсан. Үүний хамт уул уурхайн туршлагатай хөрөнгө оруулагчаа олж, төслийг эхлүүлэх бэлтгэл ажил хангах, уурхайн талбайн цэвэрлэгээ, зам тавих, камп, дэд бүтцийг байгуулах, аюулгүйн ажиллагааг хангах, шаардлагатай бараа материал, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчны үнэлгээ хийлгэх, нөөц тогтоох, түүнтэй холбоотой баримт бичгийг цуглуулах, судалгаа хийх, эрх бүхий байгууллагаас шаардлагатай зөвшөөрөл авах гэх зэрэг баримт бичгийн ажлаа эхлүүлсэн. Хөрөнгө оруулагчаар Спирит майнинг ХХК ажиллаж байна. Харин бид авлага барагдуулах мөнгөн урсгал дээр хяналт тавин ажиллаж байна.
Үр дүн гарч эхэлсэн байв. Хорь гаруй жилийн хугацаанд төлбөр төлөгдөж байгаагүй энэ авлагын хувьд, 2025 оны эхний таван сард 5.3 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж эхлэн, үүнээс 4 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр Сангийн яамны Улсын төсвийн дансанд төвлөрүүлсэн (авлага барагдуулсан) үр дүнтэй байлаа.
-Төрийн байгууллагын 123 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах ажилд тулгарч буй асуудал нь юу байв?
-Энэ төслийг хэрэгжүүлж эхлээд бид олон саад бэрхшээл, ялангуяа хууль бус зүйлтэй олон учирч, тэр хирээр энэ салбартаа багагүй туршлага хуримтлуулж чадсандаа баяртай байна. ООГ ХХК-ийн хамаарал бүхий этгээдээс хууль зүйн боломжийг ашиглан цаг үргэлж манай ажилд саад учруулж ирсэн, тухайлбал барьцаанд байсан нэг тусгай зөвшөөрлийг ООГ ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага Г.Алтан нь өөрийн хүү Э.Сүрэнгийн компани болох Зөв зүг ХХК-нд шилжүүлэн авсан тухай дээр дурдсан.
Мөн ШШГБ-ын өмнөх зарим удирдлагаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй байх, шүүхийн шийдвэр болон хуулийг дураараа тайлбарлах, байгууллагынхаа өмнөх шийдвэрийн эсрэг шийдвэр гаргах, Шүүхийн гүйцэтгэх хуудсаа буцаан авах манай хүсэлтэд хариу өгөхгүй байх, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан “барьцаалагч” гэдгийг банк биш, зээлдэгч гэх зэргээр олон нийтэд илтэд буруу ташаа тайлбарлах зэргээр бидний ажилд багагүй хугацаанд саад учруулж байлаа.
Сүүлд, АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр А/78 тоот хууль бус тушаалыг гэнэт гаргаж, МЭФ ХХК-д байсан найман ширхэг тусгай зөвшөөрлийг ООГ ХХК, түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-д Захиргааны ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж шилжүүлсэн асуудал үүссэн. Энэ хууль бус тушаалын улмаас бид Улсын төсөвт нэмж мөнгөн хөрөнгө шилжүүлж чадаагүй, уул уурхайн төслийг үргэлжлүүлэх боломжгүй болсон нь бидний хувьд хамгийн том асуудал болсон.
Гэхдээ, АМГТГ-ын энэ шийдвэр нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0849 дүгээр шийдвэрээр тогтоосон. Энэ бол гурван төлбөр авагч нараас барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн дагуу шилжүүлэн авсан нь хуульд нийцсэн болохыг тогтоосон хоёр дахь шүүхийн шийдвэр болж байна. Өмнө нь энэ асуудлыг хуульд нийцсэн болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2024/02980 шийдвэрээр тогтоосон байсан. Танай сониноор дамжуулан шударга шийдвэрийн төлөө дээрх хоёр шүүхэд талархал илэрхийлье.
Үүнээс гадна, Авлигатай тэмцэх газраас ажиллагаа явуулж дээрх хууль бус тушаалыг гаргасан АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Олон овоот гоулд ХХК, түүний хамаарал бүхий этгээдээс их хэмжээний хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн тухай саяхан АТГ-аас олон нийтэд мэдээлэл хийснийг бид бүгд мэднэ.
Иймээс энд онцолж хэлэхэд, хууль бус үйлдлийг түргэн шуурхай илрүүлж, таслан зогсоож, мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан, төрийн байгууллага болон бусдад учирсан 140 тэрбум төгрөгийн хохирол-эрсдлийг арилгаж өгсөн АТГ-ын удирдлага, мөрдөгч нар, хамт олонд өөрийн байгууллагын хамт олны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье! Та бүхэнд баярлалаа!
-Одоо тусгай зөвшөөрлүүд Олон овоот гоулд ХХК болон түүний хамаарал бүхий Зөв зүг ХХК-д шилжсэн хэвээрээ байгаа юу?
-Үгүй. Хууль бус болохыг тогтоосон дээрх шүүхийн шийдвэр болон АТГ-аас хэрэг үүсгэсэн баримт, мэдээлэл зэргээс үүдэн, АМГТГ-аас өөрсдийн хууль бус тушаалаа хүлээн зөвшөөрч, найман ширхэг тусгай зөвшөөрлийг МЭФ ХХК-д 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буцаан бүртгэж шийдвэрлэсэн.
Уул уурхайн төслийг зогсооход хүргэсэн саяын хууль бус асуудал одоо арилж, төслийг дахин үргэлжлүүлэх боломж бүрдсэн тухай бид танай сониноор дамжуулан энэ төсөлд оролцогчид, хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нар болон олон нийтэд хүргэхэд таатай байна.
-Та уул уурхайн төслийг дахин эхлүүлэх боломж бүрдсэн талаар дурдлаа. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын ач холбогдол юу вэ?
-Уул уурхайн төслийг бүрэн хэрэгжүүлж дууссанаар төрийн байгууллагуудын 123 тэрбум төгрөгийн авлага, нийтдээ 140 тэрбум төгрөгийн авлагыг бүрэн барагдуулах бодит нөхцөл бүрдэнэ. Үүгээр зогсохгүй дараах ач холбогдолтой.
Нэгдүгээрт, олон жил гацсан авлагын асуудлыг нэг мөр шийдэж, 13 жилийн турш зогссон төслийг дахин эхлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, орон нутгийн зэрэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, шинэ ажлын байр бий болгох, Улсын төсвийн орлого нэмэгдэх, гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн тэлэлт зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ.
Хоёрдугаарт, эх орондоо хөрөнгө оруулалт татах таатай орчны тухай гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулахдаа, банк санхүү ба уул уурхайн салбараас гадна, шинээр бий болж буй чанаргүй активын зах зээлд олон улсад хэдийн Олон овоот нэрээр танил болсон уул уурхайн төслийг дахин хэрэгжүүлэхээр болсон, түүнээс 140 тэрбум төгрөгийн авлага барагдуулж чадсан гэх арга туршлагаа бодит “сайн жишээ/showcase” болгон танилцуулах боломж бүрдэнэ. Саар жишээгээр олон өнөөгийн манай нийгэмд, ялангуяа бизнесийн орчинд энэ нь ус, агаар шиг хэрэгтэй байна гэж хэлж болно.
За энэ удаад ингээд дуусгая. Энэ талаар дараа дахин уулзаж, ярилцлага авъя. Цаг гаргаж, ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Баярлалаа.
Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн...
8 цагийн дараа
Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 25-ны өдрийн 00:00 цагт хаагдана
Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад ...
7 цагийн дараа
Олон эх үүсвэрээс шатахуунаа авдаг болъё
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт хүссэн байна лээ. Хоёр хоног хэцүүхэн байдалтай...
7 цагийн дараа
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлал...
7 цагийн дараа
АҮЭБЯ: Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



