Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Ломбардууд ч эргэлтийн хөрөнгөгүй болж эхэлжээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 23

news-img

Шинэ он гарахад 10 хүрэхгүй хоног үлджээ. Цалингийн нэмэгдэл, эдийн засгийн өсөлт нь цаасан дээр л жирийж, дэд сайдуудаар сандал суудлаа тэлсэн өнөөгийн Монголд жирийн иргэдийнх нь хэтэвч хоосон, сэтгэл гундуухан 2025 оноо үдэж байна. Тэглээ гээд өвлийн өвгөнийг битүүхэн хүлээж, бэлэг горьддог үрсийнхээ хүүхэд насыг нь хулгайлалтай биш, ширээ засах жаахан юм цуглуулах, хүүхдийн нүд хуурах бэлэг сэлт, айлын хүүхдийн гацууран дээр тавих мөнгөө базаахаар иргэд ээлж дараалан ломбардыг зорьж буй өдрүүд үргэлжилсээр. Удахгүй энэ цуваа арванхоёрдугаар сарын 30,31-ний өдрүүдэд могой шиг мурилзсан урт дараалал болно. Үнэндээ ийм жишиг тогтоод удаж буй.

Цагаан сар, наадам, шинэ жилээр ломбарданд иймэрхүү урт дараалал үүсдэг аж. Цалингаа яасан юм бэ гэж үү. Байр, машин, хэрэглээний лизингээ төлнө гэдэг хариулт нь бэв бэлэн байна, иргэдэд. Өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амь зогоож байгаа энэхүү бодит дүр зургийг харахад “Эхнэр, охидынхоо ээмэг бөгжийг барьцаанд тавиад аргагүй л ядарч дээ, миний Монгол” гэх бодол өөрийн эрхгүй төрөх. Ийм болгосон хүмүүс нь дахиад шатахууны хомсдол гэдэг асуудлыг эх орондоо тарьж байгаа.

Энэ зуурт ломбардаар үйлчлүүлж буй иргэдтэй цөөн хэдэн үг солив. БЗД-ийн 35 дугаар хорооны иргэн Б.Төөгий “Би ломбарданд ээмэг, бөгжөө тавиад бараг хоёр жил болж байна. Байж байгаад л гэрээгээ шинэчилдэг юм. Сая гэрээгээ шинэчиллээ” гэсэн бол БЗД-ийн 10 дугаар хорооны иргэн Г.Хандсүрэн “Эмээ нь ач зээ нартаа бэлэг бэлдэнэ. Найз хөгшчүүдээ гэртээ урьж, цай уулгана. Хүн урьчихаад гоё юм бэлдэхгүй бол болохгүй шүү дээ. Тэтгэврийн хэд маань хаана нь ч хүрэхгүй болохоор сүүжин/алт/ ээмгээ тавих гэж байна. Грамм өндөртэй юм, овоо хэдэн төгрөг болно байгаа гэж горьдоод л байна” гэв. Иргэдийн зарим нь мөнгөн аягаа угсраагаар нь, нөгөө хэсэг нь хөөрөг гээд юу байгаагаа барьцаалж зээл авч байна.

Тэдний дундаас БЗД-ийн 23 дугаар хорооны иргэн З.Мягмарсүрэнгийн яриа сонирхол татав. Тэрбээр “Энд юмаа тавьж, өөр ломбардаас чөлөөлж авна. Ломбарднаас байн байн та юмаа авчихаач гэж утасдаад, ажил хийлгэхгүй төвөгтэй байна” гэв. Учир нь тэр ломбард нь татан буугдаж байгаа гэнэ. Товчхондоо бол “дампуурч” байгаа аж. Иргэд юмаа тавьчихаад зөвхөн хүүг нь төлөөд 2-3 жил яваад байхаар тухайн ломбардын эргэлтийн хөрөнгийг нь царцаачихдаг гэнэ. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа аж. Ихэвчлэн жижиг ломбардууд сүүлийн үед иймэрхүү байдалд ороод буй юм байна. Тэр ч байтугай олны сайн мэдэх томоохон ломбард саяхан л 33 салбартай байсан бол татан буулгасаар зургаа, долоохон салбартай үлджээ. Үүнийгээ дагаад орон тооны цомхотгол хийж, ажилчиддаа өгдөг нийгмийн халамжийн үйлчилгээ зэргээ зогсоосон байна.

Банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа буюу ломбардуудыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж зохицуулан ерөнхийдөө иргэдийн талд шийдвэрийг гаргадаг ч иргэд хуулиа мэдэхгүйгээс хохирох нь элбэг. Тухайлбал, иргэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ аваад, хүүгээ төлсөөр яваад нийт зээлийн дүнгийнхээ 50 хувьд хүрсэн бол дахиад хүү төлөхгүй гэдгийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааж өгчээ. Гэтэл ломбардууд хуулийн энэхүү зүйл заалтыг хэрэгжүүлдэггүй, бүр иргэдийн мэдлэггүй байдлыг далимдуулан Зээлийн гэрээгээ шинэчлэн хийдэг байна. Тэр ч байтугай иргэд барьцаанд тавьсан эд зүйлээ авч чадахаа байлаа гэхэд зохих ёсоор нь үнэлэн зээл, зээлийн хүүд ийм хэмжээний мөнгө суутгалаа, зөрүү нь энэ гээд өгөх ёстой байтал үүнийг биелүүлдэггүй. Барьцаанд тавьсан тухайн эд зүйлийг чимээгүйхэн ломбардны орлого болгон үлдээдэг. Харин энэ талаар хэл ам гаргасан иргэнийг насан туршдаа тухайн ломбардны бүх салбараар үйлчлүүлэх эрхгүй болгодог байна. Иргэдийн амьдралын чанар, боломж алаг цоогтой учир зарим нь барьцаанд тавьсан эд зүйлээ эргүүлэн авч чадалгүй алддагаас энэ мэтийн маргаан мэтгэлцээн үе үе үүсдэг аж.

Харин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид “Бид овоож оцойтлоо ашиг олоод байгаа зүйл байхгүй. Иргэд ломбарданд юмаа тавьчихаад хамгийн багадаа 1-2 жил болж байна. Тэгэхээр бидний эргэлтийн хөрөнгийг царцаачихаж байгаа юм. Зээлээ сунгуулаад, хүүгээ төлөөд явж байгаа хэдий ч энэ нь бага мөнгө. Урт хугацаанд их мөнгө түгжихээр бидэнд ашиг муутай. Тиймээс өөр бизнес эрхэлсэн нь дээр болчихоод байна. Бид ч бас оффис түрээсэлж, хүмүүс цалинжуулдаг юм шүү дээ” гэв.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны эхний 11 сарын хугацаанд нийт 5457 хүн...

img

7 цагийн дараа

Төрийн сангийн гүйлгээ энэ сарын 25-ны өдрийн 00:00 цагт хаагдана

Төрийн сангийн нэгдсэн данс нь Нэгдсэн төсвийн ерөнхий данс болон Монгол банканд байрших Монгол Улсын нэгдсэн төсөвт хамаарах бусад ...

img

7 цагийн дараа

Олон эх үүсвэрээс шатахуунаа авдаг болъё

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт хүссэн байна лээ. Хоёр хоног хэцүүхэн байдалтай...

img

7 цагийн дараа

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлал...

img

6 цагийн дараа

АҮЭБЯ: Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл, &#...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд