мэдээ
С.Одонтуяа: Манай улс хар тамхи хэмээх айхтар тахлыг онцгой анхаарах цаг болсон

Админ
2025 оны 12 сарын 23

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай хуулийн хүрээнд тодрууллаа.
-Та чуулганы танхимд Элчин сайд нарт хандан хар тамхитай холбоотой асуудал, санал хэлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу. Мөн эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлагатай гэж байсан шүү дээ…?
-Элчин сайд нарт болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан санал дэвшүүлсэн юм. Элчин сайд нар очсон, суугаа газраасаа Гадаад харилцааны яамаар дамжуулаад тодорхой асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэн. Ирэх хаврын чуулганаар УИХ-д Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хуулийн төсөл өргөн баригдах гэж байгаа юм
Тэгэхээр энэ чигийн мэдээллийг манай Элчин сайд нар бидэнд дэлгэрэнгүй ирүүлэхийг хүссэн.
-Яг ямар мэдээллийг та авахыг хүссэн юм бэ?
-Гадаад орнуудад хар тамхи, мансууруулах бодистой тэмцдэг эрх зүйн орчин нь яг ямар байдаг вэ. Тэдний эрх зүйн орчны алдаа, оноо юу байв. Хуулийн хэрэгжилт, нийгмийн амьдрал дээр бодитой ямар сургамж гарсан юм. Хамгийн чухал нь сайн туршлага нь юу байсан талаарх тал талын туршлага, судалгааны мэдээллийг бидэнд гаргаж өгөхийг хүссэн. Яг үнэндээ УИХ-аас ажлын хэсэг гараад, түүнд нь хэдэн гишүүн орж ажиллаад явна. Ингэхэд бидэнд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх эрх зүйн зохицуулалт, мэдлэг, мэдээлэл хомс байгаа юм. Тиймээс бидэнд гадаад орнуудын мэргэжилтэй боловсон хүчнээ яаж бэлддэг, сэтгэл зүйчтэй хэрхэн хамтардаг, алийг нь гэмт хэрэг, алийг нь яг донтолт гэж үзээд эмчилдэг вэ, өсвөр насны залуусаа үүнээс хэрхэн хамгаалдаг, урьдчилан сэргийлдэг вэ, зөв мэдлэг, мэдээллийг нийгэмд яаж түгээдэг, төр, засаг нь энэ асуудалдаа яаж анхаардаг талаарх энэ бүх мэдээлэл маш их хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн мэдээлэл ирүүлэхээс гадна тухайн орны энэ чиглэлээрх холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах асуудалд бид онцгой анхаарах хэрэгтэй байна. Тэр дундаа Турк, ОХУ-д Элчин сайдаар сууж байгаа хүмүүсийг уг асуудалд онцгой анхаараад, бидэнд шаардлагатай мэдээллийг явуулаад өгөөрэй гэж хэлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн бодисууд орж ирдэг. Гэхдээ заримыг нь хар тамхи, мансууруулах бодис гэж хэлэхэд хэцүү зүйл байдаг. Хар тамхи, мансууруулах бодисын жагсаалтад ороогүй бодисууд орж ирдэг. Гэтэл сүүлийн үед өөр нэршилтэй донтуулах бодисууд ихээр орж ирдэг болсон учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль дээр шууд хил нэвтрүүлчихдэг. Тэгэхээр үүнд бусад орнууд хэрхэн яаж авч үзэж, тодорхойлдог гэдгийг мэдмээр байна.
-Ямартаа ч Элчин сайд нарт та мэдээлэл явуулж өгөхийг хүссэн байна гэж ойлголоо. Нөгөөтэйгүүр манай улсад яг одоогийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой том аюул юу байна вэ?
-Нийгмийн маш тулгамдсан асуудлын нэг нь хар тамхи болоод байна. Монгол Улс олон улсын конвенцод нэгдэж, олон улсын өмнө хүлээх үүрэг, хариуцлага нь тодорхой болсон байдаг. 2002 онд Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай хууль батлагдсан. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, эрсдэлийг тооцож, хуулинд өөрчлөлт хийхгүй бол цаг үеэсээ хоцрогдчихсон хууль юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид хуулийн шинэ төсөл дээр нэлээд ажилласан, одоо өргөн барихад бэлэн болсон байгаа. Гол асуудал бол Тагнуул, цагдаагийн байгууллагаас авсан мэдээлэл бол нууцлалын зэрэглэлтэй байдаг. НҮБ-ын холбогдох газрын гаргасан судалгаагаар 2030 он гэхэд энэ хэрэглээ 44 хувиар өснөө гэсэн ийм тоо байдаг. Энэ бол маш аюултай тоо. Манайх шиг 3.6 сая хүнтэй, залуучууд олонтой орны хувьд энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. Солонгос улсын хувьд хуулиараа 423 төрлийн бодисыг хориглосон байна. Энэ нь өөрчлөгдөж байдаг. Дор дор нь хил рүү мэдээлж байдаг. Эрх зүйн орчны шинэчлэлийг хийж, төрийн бодлогоо зөв болгохыг цаг үе биднээс шаардаж байна.
-Аюулын харанга дэгдээд буй энэ асуудалд мэргэжлийн боловсон хүчин юу юунаас чухал. Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ ямар байгааг судалсан уу?
-Мэргэжлийн боловсон хүчин байхгүй байгаа нь бас нэг шийдэх асуудал болоод байна. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх төрийн бодлого зөв байх ёстой. Цаг үедээ нийцсэн байх ёстой. Эцэг эх, гэр бүлийн хүмүүсийн үүрэг хариуцлага чухал. Мөн мэдээж хувь хүний үүрэг, хариуцлагын асуудал ч яригдана. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, эмч нар гээд олон хүнтэй уулзаж, ярилцаж, мэдээлэл солилцсон. Манай улс хар тамхи хэмээх айхтар тахлыг онцгой анхаарах цаг болсон. Мансуурах донтолтыг эмчлэх төвийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байна.
-Сүүлд нь асуухад өсвөр үеийн хүүхэд, залуучуудаа үүнээс хамгаалах, энэ талын мэдлэг мэдээлэл олгох нь хамгийн чухал болоод байх шиг.
-Тагнуул, цагдаагийн газар гадаадаас орж ирж байгаа том том урсгалыг хаах, олж илрүүлэх ажлыг хийдэг. Гэвч орж ирж байгаа урсгалын 10 хувийг л мэргэжлийн байгууллагууд илрүүлж чадаж байна. Нэг хэрэглэсэн хүн өөртөө, гэр бүл, цаашлаад нийгэмдээ асар их хор хөнөөл учруулж байдаг. Нэгэнт донтсон бол эдгэрэхэд хэцүү өвчин. Эмчлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Мансууруулах бодис ашиглаж байгаа залуучуудын хувьд ихэндээ бодит байдлаас зугтах олон эрсдэлт сонголт хийдэг гэж сэтгэл зүйчид хэлдэг. Мансууруулах бодис хэрэглэдэг дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг гэсэн судалгааг сонсоод эмзэглэсэн. Үүнийг хэрэглэдэг хүний сэтгэл зүй нь өөрөө гэмтэлтэй байдаг. Архи, тамхинаас бол гарч, ангижирч болдог. Харин хар тамхи нэгэнт л цусанд орсон бол энэ бодисоос ангижрах боломжгүй, заавал эмчилгээ шаардлагатай байдаг. Гэвч мансууруулах бодис амиа хорлоход хүргээд байгаа биш, эсрэгээрээ сэтгэл зүйн асуудлаа даван туулж чадахгүй, зөв дэмжлэг авч чадахгүйгээсээ болж бусдаас, найзуудаасаа сонсоод хэрэглэж үздэг юм билээ.
Хорих байдлаар эмчилдэггүй. Айдсаар энэ хүмүүсийг эмчилдэггүйг олон судлаач онцолдог. Монгол Улс энэ тахалтай тэмцэх, эмчлэх, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх тал дээр хоцорч яваа юм байна аа гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Э.МӨНХТҮВШИН
С.Одонтуяа: Манай улс хар тамхи хэмээх айхтар тахлыг онцгой анхаарах цаг болсон
УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай хуулийн хүрээнд тодрууллаа. -Та чуулганы танхимд Элчин са...
5 цагийн дараа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.23/ нэгдсэн хуралдаанаар 14.27 цагт 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хэрэг хянан ...
4 цагийн дараа
ТБХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлц...
4 цагийн дараа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг нутаг буцаав
Эх орондоо гэмт хэрэг үйлдэн, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг ...
4 цагийн дараа
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар өсөв
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд


