редакцийн-нийтлэл
Ч.Өнөрбаяр: Шоронжсон хуулийг халж, цаазаар авах ялаас бүрэн татгалзаж байгаа

Лхагвасүрэнгийн Мөнхтөр
2013 оны 11 сарын 11

1
Ерөнхийлөгчийн
хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяраас дараахь тодруулгыг авлаа.
-Ерөнхийлөгчийн
зүгээс “Шударга ёсыг хамгаалах тогтолцоо”-ны тухай ярьж эхэллээ. “Шударга ёсыг хамгаалах
тогтолцоо” гэж яг юуг хэлж яаж хамгаалах гэж байгаа юм бол?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх эрх
мэдлийн салбарын шинэтгэлийг өргөжүүлэх томоохон бодлого зорилтыг тавин ажиллаж
байна. Энэ хүрээнд хуулийн засаглалтай
улс болно гэж Шүүхийн тухай багц хуулийг боловсруулан батлуулсан. Харин одоо
арай өөр хэлбэрээр энэ шинэтгэлийг үргэлжлүүлж байгаа юм. Шууд хэлбэл эрүүгийн
эрх зүй гэж бидний ярьдаг гэмт хэрэгтэй холбоотой, гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй
холбоотой хуулиуд, хууль сахиулах байгууллага, цагдаагийн байгууллагын хуулийг
өөрчилж томоохон шинэтгэл хийхээр Ерөнхийлөгчийн зүгээс бодлого гарган ажиллаж
байна. Яагаад энэ салбарыг шинэчлэх гээд байна вэ гэвэл даргын албан тушаал мөнхийн
биш сонгуулийн хугацаанд юм уу томилогдсон жилээсээ шалтгаалдаг шүү дээ. Тэгэхээр
хүнд найдаж суудаг биш сайн хуулиар дамжуулж шударга ёсыг хамгаалдаг тогтолцоог
бий болгочихвол урт удаан амьдрах бололцоотой юм. Цаашид хуулийн дагуу шударга
ёсны болоод төрийн албан хаагч, хууль хяналтынхан иргэдийн харилцааг шийдээд явчихдаг
болох шаардлага байгаа юм. Түүнээс биш сайн хүн гарч ирэхээр шударга ёс тогтдог,
муу дарга томилогдохоор унаад байдаг байж болохгүй гэж үзэж Шүүхийн багц хуулийг
дагалдсан хуулийн салбарын үйл ажиллагааны хуулийн шинэтгэлийг хийж байгаа.
Үүн дотор Гэмт хэргийн тухай хууль хүмүүст хамгийн
чухал байгаа юм. Иргэн бүрт хамааралтай гэсэн үг. Бид 2002 онд Эрүүгийн хуулийг
найруулсан байдаг. Үүнийг шоронжсон хууль боллоо гэх мэтээр олон талаас нь шүүмжилдгийг
хүмүүс мэднэ. Үүнийг л зөв талд нь шийдэхээр ажиллаж эхэлсэн.
-Яг ямар өөрчлөлтүүдийг хийхээр
болж байгаа вэ?
-Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулснаас
хойш найман мянга орчим хоригдлыг өршөөлийн хуулиар сулласан байдаг. Гэтэл нэг
хоёр жил өнгөрөхөд дахиад л шорон дүүрч байх жишээтэй. Энэ нь Гэмт хэргийн тухай
хууль, ялын тогтолцоо нь үнэхээр буруу байж гэдгийг харуулахын сацуу шоронжсон
хууль гэдгийг давхар баталж байсан. Сэтгүүлчид хүртэл нэг үгнээсээ болж шоронд
орох, хоёр удаа гар утас хулгайлсан эмэгтэй 10 жилийн ял авчихсан явж байдаг.
Тиймээс Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль болгон нэршүүлж олон зүйл заалтын
өөрчлөлт оруулж ялын бодлогоо цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Хорих ялыг нэлээд
багасгаж шинэ төрлийн ялыг оруулж ирж байгаа. Гэрийн хорионд байлгах ч гэдэг юм
уу шийдлүүдийг хайж байна. Мөн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд
хууль тогтоомжийг сайжруулах заалтууд орсон. Гэр бүлийн нөхцөл ажлын байрны бэлгийн
дарамт гэх мэт асуудлуудыг хуульчилж байгаа. Дээрээс нь зохион байгууллалттай
гэмт хэрэг буюу ялангуяа авлигын гэмт хэргийн талаар түлхүү оруулж өгч байгаа.
-Ерөнхийлөгч цаазаар авах ялын
эсрэг байдаг хүн. Хуулинд энэ асуудлыг яаж тусгасан бэ?
-НҮБ-ын цаазаар авахын эсрэг конвенцид
нэгдээд орчихсон учраас бид үүргээ биелүүлэх учиртай. Тиймээс цаазаар авах асуудлыг
бүр мөсөн халж Гэмт хэргийн тухай хуулийг боловсруулсан. Харин цаазаар авах ялын
оронд хүний гэмт хэргийн үйлдэл бүрийнх нь ялыг нэмдэг тогтолцоог бий болгож байгаа
юм. Хуучин хүний амийг хөнөөгөөд дээрээс нь хулгай, хүчингийн хэрэг үйлдсэн этгээдэд
нэг ял төлөвлөөд л өгчихдөг байсан бол одоо тус бүрт нь ял өгч байхаар болж байгаа
юм. Ингээд олон үйлдэлтэй этгээдэд ялыг нь нэмсээр100 жилийн тогтоол унших тохиолдол
ч гарч болно. Өөрөөр хэлбэл төр хатуу байх зүйлдээ хатуу байж энэрэнгүй байх зүйлээ
өршөөж чаддаг байх хэрэгтэй.
-Хэрэгтнийг заавал хорихгүй байх
тухай ярьдаг болсон. Гэмт хэргийн тухай хуулийг ч ийм хэлбэрээр боловсруулсан
байх. Яг ямар хэлбэрээр асуудлыг шийдсэн бол?
-Заавал шоронгийн ханын цаана аваачиж
нийгмээс тусгаарлалгүйгээр гэмт үйлдэлд холбогдсон иргэнийг ажил хийлгэх замаар,
гэрийн хорионд байлгах хэлбэрээр ял эдлүүлдэг байх нь хамгийн зөв шийдэл болчихоод
байна. Энэ нь давхар хохирогчийн эрхийг хамгаалж байгаа хэлбэр юм. Хуучин гэмт этгээд
хэн нэгэнд хохирол учруулчихаад түүнээ барагдуулалгүй ялаа эдэлье гэдэг байсан
бол шинэ хуулиар заавал хохирлыг нь барагдуулдаг болгож байгаа. Хэдий хэмжээнд хохирлоо
барагдуулна тэр чинээгээр ялыг нь хөнгөлдөг байх гэх мэтээр асуудалд хандаж байна.
Нэгийг нь хохиролтой үлдээж нөгөөг нь шоронд суулгадаг төрийн бодлого байж болохгүй.
Өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган хүнээ Монгол Улс шоронд хийж нийгмийн идэвхтэй
хүрээнээс гаргачихсан. Мөн 16-гаас доош насны хүүхдэд тодорхой хэмжээний ялын
бодлого барихаар болж байгаа. Учир нь насанд хүрээгүй хүүхдүүдийг чи ял эдлэхгүй
юм чинь гээд гэмт хэрэгт уруу татдаг. Үүнийг болиулах үүднээс бага зэрэг өөрчлөлт
оруулсан.
-Энэ хуулийг дагаж өршөөлийн хууль
гаргах уу. Хуулийн хүрээнд яг хэдэн хүн суллагдах бол?
-Өршөөлийн хууль гаргах боломжгүй.
Өршөөлийн хууль гаргана гэдэг шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилгоор үгүйсгэж
байна гэсэн үг. Харин Гэмт хэргийн тухай хуулийн хүрээнд 10 жилийн ялтай шоронд
орсон этгээдийн үйлдэл найман жил гэж зүйлчлэгдсэн байвал тэр хүн найман жилээ
л гүйцээнэ гэсэн үг. Хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлээд ял эдэлж байгаа хүмүүсийн
ялын хэмжээ өөрчлөгдөнө. Ойролцоогоор гурван мянга орчим хүн суллагдах судалгаа
бий.
-Хэрэгтнүүдийг гэрийн нөхцөлд хорино гэж байгаа. Бас ажил хийлгэнэ.
Яг яаж цагдах вэ?
-Америк кинон дээр электрон бугуйвч
зүүлгэчихээд хянадаг. Үүнийг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Улаанбаатарт
битгий хэл орон нутагт ч үүнийг хийх боломж байна. Гэрийн нөхцөлд хорино гэдэг нийгмийн
идэвхтэй хүрээнээс гаргана гэсэн үг биш. Урьд нь бид гэмт хэрэгт холбогдсон этгээдэд
торгуулийн арга хэмжээ авсан ч ажлыг нь цалгардуулж хөдөлмөр эрхлэх боломжгүй
болгож нэр хүндийг нь унагадаг байсан. Тэгээд хөдөлмөр эрхлэх боломжгүй, цалин
авах боломжгүй болгочихоод торгуулийн мөнгө нэхээд байдаг. Энэ үйлдэл бол уг дутагдлыг
арилгах эхний алхам.
-Зах зээлийн шударга өрсөлдөөнийг
бас хуульчилж байгаа гэл үү?
-Энэ асуудлыг мөн л хуульчилж өгч
байгаа. Үнийг хуурамчаар хөөрөгдөг, үгсэн тохиролцож үнэ нэмдэг гэх мэт асуудлыг
Гэмт хэргийн тухай хуульд гэмт хэрэг болгон оруулж байна. Ингэж байж л чөлөөтэй
өрсөлдөх чөлөөт зах зээлийг хамгаалахгүй бол хэдэн монополь хүн нийгэмд дарамт
үзүүлдэг, өөрсдийн эрх дураар зах зээлийг эзэгнэдэг байдал зогсохгүй. Тиймээс Гэмт
хэргийн тухай хуулиар хуульчилж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Үүнд аж
ахуйн нэгжүүдийг ч татан оролцуулна. Ингэж Гэмт хэргийн тухай хуулиар хуульчилж
өгөлгүй захиргааны хэргийн тухай хуулийн заалтаар цөөн хэдэн төгрөгөөр торгоод
яваад байвал тэд хэзээ ч шударгаар өрсөлдөхгүй. Шударга өрсөлдөөний зах зээлд
Гэмт хэргийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчвөл аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг
хураахаас эхлээд хариуцлага тооцох олон заалт орж байгаа. Ер нь Ерөнхийлөгчийн
хэлж байгаа Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн хүрээнд гарч байгаа
хуулиудад болохгүй бүтэхгүй, болж бүтэх зүйлийн харилцан хамаарлыг уялдуулж
тусган заалт оруулсан.
Л.МӨНХТӨР





“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-д гадаад бөхчүүд барилдана
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2025” наадмаар гадаад бөхчүүд барилдах болсныг Монголын Үндэсний бө...
8 цагийн дараа
УОК: 13 түймрийн тавыг цурманд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж байна
Ой, хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө. УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү &...
7 цагийн дараа
Даншиг наадмын өдрүүдэд Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хү...
6 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сүүлийн найман сар судалгаа хийж 90 байршилд их багтаамжийн...
6 цагийн дараа
Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ
Сэлэнгэ аймгийн засаг дарга өчигдөр А/333 тоот захирамж гаргаж, 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн аймгийнхаа хэмжээнд гамшгаас хамга...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд