Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

З.Уянга: Балетчин болох гээд Дуурийн театрт шалгалт өгч явлаа DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 19

img

50

news-img

СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн График дизайны тэнхимийн зөвлөх профессор, МУЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Зураасан зураг нийгэмлэгийн тэргүүн З.Уянгатай ярилцлаа.


-Эрхэм уран бүтээлч, багшдаа энэ өдрийн мэнд хүргэе. Таны аав, ээжийг дурсахгүйгээр бидний яриа эхэлж боломгүй санагдана.

-Би урлагийн гэр бүлд төрж, өссөн. Миний аав театрын зураач хүн байсан. Ээж маань балетчин хүн. Би анхны бөгөөд ганц охин нь юм. Тухайн үед олон хүүхэд гаргахыг хорьдог байлаа. Миний ээж театрын гол бүжигчин нь байсан учраас намайг гэдсэндээ таван сар хүртэл нь нууж явсан гэсэн. Ямар азаар ганц хүүхэд гаргав аа гэж аав, ээж минь их хайрладаг байлаа. Тиймдээ ч би хайранд өлгийдүүлж өссөн. Аав минь бүр амьнаасаа ч илүү намайг хайрладаг байсан даа.

-Таны хүүхэд нас тэр чигээрээ урлагийн орчинд өнгөрчээ. Энэ бүхэн таныг эргээд театртай холбох байсан болов уу гэж бодогдлоо.

-Мэдээж бүх охидууд л балетчин болохыг хүсдэг байх. Би Орос гуравдугаар сургуульд гурав юмуу дөрөвдүгээр ангид сурч байсан үе л дээ. Манай ангид долоо, найман монгол охид сурч байлаа. Балетчин болох гээд тэднийгээ дагуулаад Дуурийн театрт очиж шалгалт өгч явсан минь миний сэтгэлээс гардаггүй. Гэхдээ бүгд тэнцээгүй л дээ. Ээж ч дэмжээгүй. Түүнээс биш хүүхэд байхдаа гэрээ цэвэрлэхдээ хүртэл ээжийнхээ балетын гутлыг өмсөөд явдаг байсан. Айлын ганц охинд хэрэггүй гээд больсон л доо.

Хүн өөрөө маш их тэвчээртэй, хөдөлмөрч, тэмцэгч, эрмэлзэлтэй байж гэмээнэ урлагийн хүн болдог гэдгийг театр надад харуулсан. Хэчнээн би бага хүүхэд байсан ч шинэ балет тавих гээд л Төрийн шагналт, Ардын жүжигчин, Б.Жамьяндагва гуайг их цаг зарцуулж, хатуу удирдлага дор бэлтгэл хийлгэдэг байсныг санадаг. Социализмын ид бүтээн байгуулалтын үе ч байсан. Нэг бүжиг тавихын тулд уран бүтээлчид нь ямар их хүч хөлсөө урсгаж, бэлтгэл хийдгийг дэргэдээс нь харж өссөн. Бүр шөнө дунд хүртэл нэг л хүн алдахад бүгд тэр чигээрээ дахин давтан хийх жишээний. Театр гэдэг хувь хүнээс маш их хариуцлага, хамтын ажиллагааг шаарддаг юм билээ. Тийм ч учраас тэр үед Монголын балет өндөр түвшинд хүрсэн байх гэж боддог.

-Тэгэхээр таныг зураач болохыг аав, ээж тань дэмждэг байж дээ. Та багаасаа л зурдаг хүүхэд байв уу?

-Би ой гарантай байхдаа л сараачиж байсан үеэ санадаг. Тэр үеийн зураг минь ч байдаг юм. Намайг зураач болохыг тухайн үед аав, ээж хоёулаа дэмжиж байсан. Манайхаар тэр үеийн сор болсон мундаг зураач нар их ирнэ. Тэдэнд аав миний зургийг үзүүлэхэд намайг их магтана. Би тухайн үедээ итгээгүй, зүгээр л надад урам өгч байна даа гэж боддог байлаа.

-Та тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуулийн зураасан зургийн ангийг төгсчээ?

-Би зураач болохдоо хэзээ ч эргэлзэж байгаагүй. Би театрын зураач л болох байх гэж боддог байсан. Аавтайгаа хамт сургуульдаа шалгалт өгөх гэж явтал аав “Чи ямар төрлөөр шалгалт өгөх гэж байна” гэхээр нь “Театрын зураач” гэтэл Аав “Юу яриад байна. Чи зураасан зурагт ор” гэсэн. Тэгэхэд би өнгөнд дуртай байлаа. Юун хар, цагаан зураг гээд жаахан эсэргүүцэж байсан ч аавынхаа зөвлөснөөр зураасан зургийн ангидаа шалгалт өгөөд тэнцсэн. Аав минь тухайн үед “Хамгийн эхлээд хүн зурж сурах ёстой. Зураасан зураг хүнийг зурж сурахад сургадаг” гэж зөвлөж байсан.

Дүрслэх урлагийн дунд сургуульд голч оноогоороо хамгийн дээд талын оноо авсан нэг хүүхдийг тухайн үед И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид сургахаар явуулдаг байсан. Миний нэр нэгт байсан ч өөр хүүхэд явсан. Би тухайн үед нэг их юм бодоогүй. Дараа нь аавынхаа зөвлөснөөр ОХУ-ын И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академидаа бар зургийн мэргэжил эзэмшихээр суралцсан. И.Е.Репиний нэрэмжит академи бол Дүрслэх урлагийн сүм юм. Тэр сургууль руу ороод гарсан хүн бүр гайхалтай зураач болж чаддаг гэж аав минь хэлж байсан нь санаанаас ер гардаггүй юм.

-Тухайн үед танд зураач болох эрдэм ухааныг заасан эрхэм багш нараа дурсвал?

-Анх Дүрслэх урлагийн дунд сургуульдаа ороод Ардын зураач До.Болдын эхнэр Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дэд профессор Я.Оюунчимэг багшийнхаа шавь болж байлаа. Энэ хоёр сайхан хүний гэрт нь хүртэл очдог байсан. Зөвхөн зураг зурахыг заахаас гадна багажаа яаж хадгалах, урлагийн түүхээс эхлээд урлагийн хүн ямар байх ёстой гээд бүхнийг бидэнд багш минь зааж өгсөн. Мөн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид ч мөн алтан үеийн гайхалтай алдартай профессорууд хичээл ордог байлаа. Бас л азтай гэж өөрийгөө боддог. Анх нэгдүгээр курст очиход хар зургийн багш минь солонгос хүн байлаа.Надад их сайн байсан. Солонгос багш маань манай Я.Оюунчимэг багштай хамт И.Е.Репиний академид хамт сурч байсан ангийнх нь хүүхэд болж таараад, нэг ангийн хоёр багшийн шавь нь болсон түүх надад бий. Манай Я.Оюунчимэг багш намайг төгсөх курст байхад мөн академид мэргэжил дээшлүүлэх гээд ирсэн нь их сайхан. Дипломын ажил хийхэд зориулан зургадугаар курсын оюутнууддаа академиас нэг, нэг урлан өгдөг л дөө. Багштайгаа хамт тэр урландаа бүтээлээ хийж байсан минь бахархалтай сайхан санагддаг. Я.Оюунчимэг багш минь хэтэрхий даруу монгол зантай, хүлээцтэй, дотогшоо хүн байсан.

Мөн тус академиа онц төгсөөд диплом гардаж авах үеэр “Монголчууд анх ирэхдээ тааруу, дунд үедээ оросуудтай ижилхэн, төгсгөлдөө оросуудаасаа илүү болж төгсдөг” гэж хэлж байсан профессор багшийн үг санаанаас гардаггүй.Тус академид 1943 оноос эхлээд төгссөн төгсөөгүй 70-аад монгол хүн сурсан байдаг. Яг зураасан зургийн мэргэжил эзэмшсэн 10-аад хүн бий.

-Зураасан зургийг энгийнээр тайлбарлавал?

-Зураасан зураг гэдэг нь хэвлэлийн технологи. Бар зураг нь торгон, модон, чулуун, төмөр гэсэн төрлүүдтэй. Уран зургийг бодвол зураасан зургаар суралцаж буй оюутнуудын

хувьд дөрвөн бар, зохиомж, номын зураг гээд судлах зүйл, даалгавар нь хаана ч сурсан их л дээ. Манайд одоогоор чулуун барын машин техник байдаггүй.

-Театрын хүн болоогүй ч насаараа театртай холбоотой ирснийг таны уран бүтээлийн үзэсгэлэнгүүдээс харж болохоор юм.

-Анх би ээжийнхээ 60 насны ойд зориулж ямар бэлэг барих вэ гэж удаан бодсон л доо. Эцэст нь ээждээ зориулж балетын урлагаар үзэсгэлэн гаргахаар шийдсэн. Ганц ээжийгээ бус тэр цагийн алтан үеийнхнийг тайзнаа байгаагаар бүтээлдээ дүрсэлсэн л дээ. Миний ээж балетын бүжигчнээрээ ажиллах хугацаандаа жинхэнэ од байсан. Дандаа л гол дүрд тоглоно. Тэтгэвэрт гарснаас нь хойш бага багаар мартаж, бүр 60 нас хүрсэн чинь ээжийг минь Ю.Цэрмаа гэж тийм хүн байдаг гэдгийг ч дурсахгүй байгаад нь надад гомдолтой санагддаг байлаа. Ганцхан ээжид минь ч төдийгүй бусдад нь ч гомдол төрдөг л байсан байх. Ээж минь олон хүүхэдтэй, би дүүтэй ч байж болох байсан гээд л бодохоор ээжийгээ өрөвдөж байгаа юм. Тухайн

үед ээжийгээ баярлуулах ганц зүйл дурсамжаар нь аялуулах л байлаа.Тиймдээ ч үзэсгэлэнгээ гаргаж, ээжийгээ баярлуулсан даа.

-Та бүр багынхаа дурсамжийг сэдрээж бүтээлээ туурвисан нь мэдээж ээжид тань гайхалтай бэлэг болсон байх.

-Жилийн өмнө үзэсгэлэнгээ гаргана гээд захиалгаа өгөөд зургаан сар өнгөрсөн ч бүтээлийн санаанууд маань орж ирдэггүй. Тэгээд би өвлөөр зуслангийнхаа байшинд сар гаруй ганцаараа байхад л театрын бүжигчид нь хөдөлгөөн,             хувцас, хөгжимтэйгөө тэр чигээрээ орж ирсэн. Нүдэнд харагдаж эхэлсэн. Нэлээд олон бүтээл хийсний дараа ээж минь ирээд “Чи яаж миний энэ даашинзыг санаж байгаа юм, энэ бүжгийг бүжиглэж байх үед чи гурав, дөрөвхөн настай байсан шүү дээ” гэж байсан. Дараа нь би бодохдоо хүн төвлөрч чадвал хүний тархи маш мундаг санах ойтой юм байна гэдгийг ойлгосон.

-Та нийт 28 удаагийн үзэсгэлэн гаргажээ. Тэгвэл нийт хэдэн зураг зурснаа тоолж байв уу?

-И.Е.Репиний академийнхан дүрслэх урлагт хэр нөлөө үзүүлсэн бэ гэдэг дээр миний тухай нэг ном

гаргасан.Түүнд зориулж өөрийн бүтээлээ тоолоход хоёр мянга орчим бүтээлийн жагсаалт гарсан.

-Та ээждээ зориулсан анхны үзэсгэлэнгийн бүтээлүүддээ илүү хайртай юу?

-Мэдээж би ээждээ зориулсан бүтээлүүддээ илүү хайртай. Гэхдээ бүхий л бүтээлүүддээ зүрх сэтгэлээ зориулдаг болохоор бүгдэд нь хайртай.

-Та зургаараа ихэвчлэн юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Түүхэн сэдэвтэй, монгол эмэгтэйчүүдэд зориулсан

бүтээл нэлээд их байдаг. Эх хүн дээр гэр бүлийн хүмүүжил гээд бүх зүйл тогтож байдаг учир эх хүн ямар байх ёстой, эмэгтэй хүн улс орны орны хөгжилд ямар нөлөө үзүүлж болох вэ гэдэг талаас нь бүтээлээ туурвихыг хүсдэг. Би эх оронч хүн гэж өөрийгөө боддог. Мөн монгол ондоошлыг бүтээлээрээ дамжуулан хадгалж үлдэхийг хүсдэг.

-СУИС-даа та хэд дэх жилдээ багшилж байна вэ?

-СУИС-даа би 11 дэх жилдээ багшилж байна. Нийтдээ 18 жил багшилж байна. 11 жилийг сурахад зарцуулсны дараа гэртээ ажилгүй байх үе надад байсан. Тухайн үед МУБИС намайг багшаар авсанд одоо хүртэл баярлаж явдаг. Мөн өөрийн гарын шавь нарыг бэлдэх нь миний мөрөөдөл байсан. Багшлах явцдаа гар зураг болон номын зураг гэдэг хөтөлбөрийг санаачилсан. Шавь нартаа зураг зурахыг заахаас гадна эх орондоо хайртай, дэлхийн хүн байх тухай ярьж зөвлөдөг. Би одоогоор 100-гаад шавьтай болоод байна

Л.Минжмаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.06.16 / НЯМ ГАРИГ ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР Үс засуулвал: Эрч хүч ихэснэ. Наран ургах, шингэх:...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 06 сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэ...

img

7 цагийн дараа

Монгол Улс Азийн бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиада...

img

8 цагийн өмнө

ЭМЯ: Хүүхдийнхээ биед хачиг байгаа эсэхийг 2-3 цаг тутамд тогтмол шалгаарай DNN.mn

Цэцэрлэг, сургуулийн сурагчдын зуны амралт эхэлснээр гэр бүл, найз нөхдийн хүрээнд агаар салхинд гарах нь нэмэгдэж буй энэ үед хачиг...

img

9 цагийн өмнө

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх лхагва гарагт буюу 2024 оны зургаадугаар сарын 19-ний 13.00 цагт болно. Сугалааны тохирлы...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд