мэдээ
Зохиолч Ц.Дэлгэрмаа: “Шагундалагийн ертөнц” романы өрнөл, зөрчил нь дүрүүдийн сэтгэл зүйн гүнд бий

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 5 сарын 17

25

“Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур”, “Нүд чинь миний тэнгэр” зэрэг яруу найргийн түүврүүд, “Баавгай нэртэй шувуу” хүүхдийн туужаараа уншигчдын танил болсон зохиолч Цагаанчулуугийн Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” хэмээх романаа хэвлүүлээд удаагүй байна. Хэвлэлийн хуудасны үнэр нь арилж амжаагүй шинэхэн романы зохиолчтой уншигчдаа уулзуулахад таатай байна.
-“Шагундалагийн ертөнц” романаа хэвлүүлсэнд нь юуны өмнө баяр хүргэе. Галидасын алдартай жүжгийн нэр дорныг санагдуулсан?
-Анх Галидасын “Үүлэн зардас”-аар романыхаа бүлэг бүрийг сүлжиж бичнэ гэж бодсон юм. Энэ бодлоос улбаалаад нэг дүрийн маань нэр Шагундала гээд л ороод ирсэн. Шагундала гэдэг дүрийн ертөнцөд дорнын мөн чанарыг шингээсэн маань хэр амжилттай болсныг уншигчид дүгнэх байх.
-Шүлэг нэг л мэдэхэд бичигдчихдэг шиг роман өөрөө зохиолчийг хөтөлдөг үү. Яруу найрагч хүн роман бичсэн учраас яг энэ тухай асууя гэж бодлоо.
-Шүлэг хаа нэгтээ бичигдээд, яруу найрагч түүнийг хэлэнд буулгадаг гэдэг шиг сайн бодож боловсруулсан роман ч бас ямар нэг том байгууламж шиг хаа нэгтээ бүтцээ хадгалан оршиж байгааг зохиолч өөрийн мэдрэмж, чадамж хоёрын хэрээр хэл рүүгээ зөөж бүтээн босгодог юм байна гэж би ойлгосон. Том зохиол гэдэг өөрийнхөө амьд хэм хэмнэлээр зохиолчоо хөтөлдөг зүй тогтлыг ч номоо бичих явцдаа анзаарсан. Яруу найрагчийн бүтээл гэдэг нь романы хэл найруулгаас тодорхой хэмжээгээр харагдах байх.
-Романаа бичихэд хэр их хугацаа зарцуулав?
-Анх “Баавгай нэртэй шувуу” туужийн араас залгуулаад хайрын сэдэвтэй тууж бичих санаа төрсөн. Тэгээд өрнүүлэх хэд хэдэн хувилбар бодож байлаа. Анхны хувилбар нь Хөвсгөл далайн хөвөөнд өрнөх зохиомжтойгоор ч гарч байсан. Санаа төрснөөс дүрүүд дотор минь боловсортол жил гаруй, түүнээс хойш өнгөрсөн оны эхээс хавар хүртэл, өнөө жилийн хоёрдугаар сараас мөн хавар хүртэл хагас жил гаруй хугацааг бичвэртэйгээ ноцолдож өнгөрүүлсэн байна. Одоо санахад энэ хугацаанд бараг шүлэг бичсэнгүй, бүх бодол, эргэцүүллээ ухамсаргүйгээр роман руугаа чиглүүлсэн бололтой юм. Ямар нэг яруу бодол, эргэцүүлэлт өнцөг төрөхөд аан, энэ Болдынх, энэ Цогтынх, энэ Шагундалагийнх байна гээд л бодолтойгоо хүнийсэн харьцдаг, гаднаас нь харахад Дэлгэрмаа гэдэг нэг хүн яваад байгаа мөртлөө дотроо энэ дүрүүддээ зориулж амьдарч, өмнөөс нь бодож сэтгээд байх шиг сонирхолтой, урамтай цаг хугацаа.
-Таны романд Улаанбаатар хот, бидний амьдарч буй цаг үеийн тухай өгүүлжээ. Урлагийн хүрээлэл ч тод туссан байна…
-Энэ романы нэг гол өгүүлэмжийн шугам нь уран бүтээлч хүмүүсийн дотоод ертөнц. Миний арай илүү илэрхийлж, дүрийнх нь сэтгэл зүйг тод гаргаж чадах хүмүүс гэвэл уран бүтээлчид байж болмоор санагдаад ингэж шийдсэн. Роман маань реалист хүүрнэлтэй, эгэл жирийн залуусын тухай мэт боловч бүх өрнөл, зөрчил нь дүрүүдийн сэтгэл зүйн гүнд бий.
-Таны үеийнхэн эхнээсээ роман бичээд эхэллээ. Таны хувьд хүүрнэл бичихдээ өөртөө ямар шалгуур тавив?
-Авьяас, мэдрэмжтэй хүмүүс хүүрнэл зохиол руу орох нь цаг хугацааны л асуудал. Манай үеийнхэн сайн уншиж байна, унших хэрээрээ бичиж байна, бичих хэрээрээ ялгарч байна.
Ер нь зохиол бичнэ гэдэг өөрийнхөө гоо зүйн шалгуурт юун түрүүн тэнцэхийн нэр. Номыг минь хэн нэгэн аваад уншиж байгаа бол тэр хүн ямар нэг өөр шинэ зүйл мэдрээсэй гэж би хүсч байна. Яг л Габог анх унших, Памук, Кортасар өөр хэн байдаг юм дэлхийн шилдэг сайн гэсэн зохиолчдыг уншаад авдаг шиг мэдрэмжийн өчүүхэн ч атугай элтэс хэлтэрхийг уншигч маань хүртэж байвал тэр миний зохиол бичсэний хэрэг. Нөгөө талаар, тасралтгүй бичнэ гэдэг нь өөрт заяасан авьяас өгөгдлөө хайрлаж байгаа хэрэг. Өөртөө байгаа юмыг ашиглахгүй, надад бичих боломж, надад бичих сэдэл алга, надад бичих урам зориг алга, надад бичих орон зай алга гэж хэлбэл тэр хүн угаасаа бичихгүй л гэсэн үг. Надад бичих авьяас заяасан ямар нэг хүчний өмнө, магадгүй өөрийнхөө өмнө өртэй. Тийм болохоор би бичдэг.
-Таны “Баавгай нэртэй шувуу” туужид ч, “Шагундалагийн ертөнц” романд ч аавын дүр яруу тод зурагджээ. Бодит ертөнцөд “аав” тань таны ертөнцийн хамгийн тод дүр шиг мэдрэгдэж байна?
-”Баавгай нэртэй шувуу” туужийн маань Соёмбо өвөө бол шууд миний аавын дүр л дээ. Би чухам аавынхаа охин болж төрснөөрөө бахархдаг. Яг л аав минь надаар бахархдаг байсан шиг. Намайг дөнгөж шүлэг бичиж эхэлсэн жаахан охин байхад л ирээдүйг нь алган дээрээ тавьчихсан юм шиг харж, хэзээ язааны зохиолч юм шиг харьцдаг байсан. Цагаанчулуу гэдэг хүний хувьд би ерөөсөө жир охин байгаагүй, бараг л бурханд үгийн авьяастай охинтой болъё гэж захиалаад төрчихсөн юм шиг байдаг байсан. Аавын тэр итгэл, өөдрөг хандлага байсан учраас л би үгийн ертөнцөд өөртөө итгэлтэй байдаг. Энэ зохиолд ч аав хүний дүр тод туссан. Гэхдээ ганцхан тэнгэрт байгаа аавынхаа тухай биш, аав хүний ертөнцийн тухай бичихийг хүссэн.
-Таныг уншигч, уран зохиолын хүрээнд яруу найрагч гэдгээр мэднэ. Хүүхдийн зохиол руу яагаад орох болов оо?
-Уран зохиолын төрөл зүйлүүдэд эрэмбэ дараа гэж байдаггүй. Манайд хүүхдийн зохиолыг хоёрдугаарт авч үздэг хандлага байдаг нь эндүүрэл. Л.Н Толстой, Оскар Уайлд, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв гээд агуу суутнууд хүртэл хүүхдийн зохиолыг хүүхдийнх гэж хоёрт тавилгүй бичсэн байдаг.
Миний хувьд, надаас ямар нэг бүтээлч эрчим ундарч л байвал, би түүнийг ямар нэг юм болгоод авах л сайхан. Хүүхдийн ном бичээд ингэж харагдах вий, тэгж харагдах вий гэсэн айдас ч юм уу ихэрхэл хэрэггүй. “Азийн сан”-гаас явуулсан “Хүүхдийн ном бүтээх феллоушип хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын “Enchanted Lion Books” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Клаудиа Бедрик ирсэн юм. Тэр надад “Би өдөрт хэдэн арваар тоологдох шинэ бүтээлийн танилцуулга, санал и-мэйлээр хүлээн авдаг ч Монголд ирээд уншсан шиг онцгой, шинэ мэдрэмж өгөх бүтээлтэй ховор тааралддаг” гэж хэлсэн нь маш их итгэл төрүүлсэн. Энэ хэвлэлийн газраас ирэх онд нэг зурагт номын зохиол маань хэвлэгдэхээр сонгогдсон байгаа.
-Редакторын хөдөлмөр зохиолчийн замналд тань хэр нөлөөлсөн бэ?
-Редакторын ажил намайг сайн, муу бүх тохиолдолд юмыг ойлгохыг, даван туулахыг, дасан зохицохыг, бас үргэлж сайжрахад сургасан гэж боддог. Ямар ч муу текст байсан редактор өөрийнхөө төлөө биш уншигчдын төлөө ажиллаж дуусгадаг. Тэгэхээр энэ бол тасралтгүй өгөх үйл. Олон төрлийн олон номыг туулаад гарахад редакторын хувиар ямар ч төрлийн хэл найруулгад хөрвөж орох чадамжтай болсон байх. Зохиолчийн хувьд ч тэр, хүүрнэх дөр суулгасан нь зохиол бичихэд мэдээж нөлөөлөлгүй яахав.
-”Шагундалагийн ертөнц” романыг ”Долоон од” гэдэг хэвлэлийн газар гэдэг шинэ нэр анхаарал татлаа?
– Монгол зохиолчид өөртөө хэвлэн нийтлэгч байх шаардлагатай болдог. Би ч бас тэр л замаар өөрийн нэрлэсэн бүтээлээ овоглох хэвлэлийн газартай болъё гэж шийдсэн. “Долоон од” хэвлэлийн газартаа өнөөдрийг хүртэл зохиолчийн хувьд болон редакторын хувьд хуримтлуулсан туршлагаа зориулъя гэж төлөвлөж байгаа.
Ярилцсан Т.Дарханхөвсгөл





Тайландад газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчиллаа
Тайландын шүүх өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр нурсан барилгын чанартай холбогдуулан 17 хүнийг баривчлах захи...
7 цагийн дараа
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй 37 дахь удаагийн “Номын баяр”-ын нээлт жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, шилдгүүдээ то...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 боллоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
6 цагийн дараа
Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна
Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг “Гачууртын овоо” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрий...
5 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулж байна
Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 44 байршилд зохион байгуулна. Уг өргөтгөсөн худалдаагаар хонины...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд