мэдээ
Эрхзүйч Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага аль хэдийнэ үүссэн

Админ
2025 оны 8 сарын 05

36

Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой зарим асуудлаар эрхзүйч Д.Гандуламтай ярилцлаа.
-Манай улсад замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, явган зорчигч болон жолоочийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж хангалттай байдаг уу?
-Манай улсад өдгөө Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Гэхдээ тус хуулиуд нь жолооч, зорчигч хоорондын харилцааг нарийн тодорхойлж, зохицуулж чадсан уу гэвэл учир дутагдалтай. Хууль дүрэм нь байгаа боловч бөөрөнхийлсөн утгатай, дүгнэсэн заалт ховор байгаа нь ажиглагддаг. Аливаа хууль, тогтоомжийг боловсруулахдаа улс орныхоо нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийг судлахаас гадна дэлхийн жишгийг сайтар судлах шаардлагатай.
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан. Уг дүрмийг ерөнхийд нь авч үзвэл манай нөхцөлд хэр тохирсон гэж Та үзэж байна вэ?
-Тохирохын хувьд тохиромжтой. Тиймдээ ч иргэн, хууль хүчний байгууллагууд өдөр тутамдаа мөрдөж, ашиглаж байна. Нэг жишээ дурдахад, том оврын хог тээврийн ачааны машин төв замаар уруудаж байтал хажуу талаас нь жижиг тэрэг замыг нь булаалдаж, том машины жолоочийг сандаргаж эхэлсэн. Үүнээс үүдэж том оврын машин жижиг тэргийг мөргөлгүй жолооны хүрдээ хажуу тийш нь эргүүлж, улмаар замаас унаж осол гарсан бодит жишээ бий. Яг энэ тохиолдолд маршрутынхаа буюу гол зам, төв замаараа том оврын машин явж байсан тул давуу талтайг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэмд журамласан. Гэтэл шүүхийн шийдвэр бага оврын машинтай иргэний талд гарсан байх жишээний. Энэ мэтчилэнгээр хууль тогтоомжийг судалж байхад зарим тохиолдолд заалт нь бүрэн бус, бүрэн үйлчлэх боломжгүй, хариуцлагыг орхигдуулсан байсны сацуу тус заалтад үндэслэж эцсийн дүгнэлт гаргаж болохуйц заалт ховор гэж ажиглагдсан. Нэг үгээр хэлбэл, бөөрөнхийлсөн заалтуудтай гэсэн үг.
-Энэхүү дүрэмд түгээмэл ямар дутагдал байна вэ. Нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа болов уу?
-Хуулийг санаачлан батлах эрх бүхий субьект бол парламент. Тэд аливаа хууль журам боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, ААН, иргэдээс судалгаа авах хэрэгтэй. Зам тээврийн ослын өчнөөн хавтаст хэрэг бий. Тэр болгоныг нарийн судалж байж гарц гаргалгаа, шийдлийг гаргаж ирвэл оновчтой байх болов уу. Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага аль хэдийнэ үүссэн.
–Жишээ татвал, Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт байдаг. Энэ заалт нь замаар явж байхад нь урд талынх нь машин гэнэт зогссон тохиолдолд ард явсан машин нь урд талын машиныг мөргөвөл хариуцлагыг арын машины жолооч хүлээнэ гэж ойлгож болох уу?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль анх мөрдөгдөж эхлэх үед 41.3-д “Огцом тормозолж ардаа яваа тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдыг хөдөлгөөнд ороход саад учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт мөрдөгдөж байсан. Гэвч энэ заалт тэр чигээрээ арван жилийн өмнө хуулиас хасагдсан. Улмаар энэ харилцааг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтаар зохицуулж ирсэн. 41.3 дахь заалт өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бол зүйтэй байжээ гэж үзэж байна. Уг заалт байхгүй болсноос хойш үүрэг хариуцлага ч байхгүй болсон. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл хоорондын зайгаа барьж явах ёстой гэсэн хуулийн заалт дэлхий дахинд үйлчилдэг. Одоо урд талын машин нь огцом тормозлосны улмаас арын машин нь мөргөсөн тохиолдолд арын машины жолооч нь зайгаа барьж яваагүй хэмээн хуулийн цоорхойгоор буруутаж, урдаа явсан машинд учирсан хохирлыг төлж байна. Энэ мэтчилэн нарийн зохицуулаагүй заалтаас болж иргэд эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодиороо хохирч байгаа нь харамсалтай.
-Яг энэ тохиолдолд дэлхийн жишиг ямар байдаг юм бол?
-Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах эсвэл зугтах үед түүнтэй мөргөлдөхгүй байхаар аюулгүйн зайг баримтлах үүрэгтэй. Ихэнх улс оронд энэ зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, урд явсан машин нь гэнэт тормозлосноос үүдэж ард явсан машин нь мөргөсөн бол арын машины жолооч буруутай гэсэн урьдчилсан таамаглал үүсдэг.
Тухайлбал, АНУ-д гэхэд л арын машины жолоочийг автоматаар буруутай гэж үздэг. Их британид урд яваа тээврийн хэрэгсэл гэнэт зогссон ч мөргөлдөхгүй байх үүргийг арын машины жолооч хүлээнэ. ОХУ-д ч жолооч нар аюулгүйн зай баримтлах үүрэгтэй байдаг. Олон улсын жишгээс харахад ихэвчлэн аюулгүйн зайгаа л барьж явах үүрэгтэйг хуульчилж, ингээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Бид олон улсын жишигт нийцэх гэж, түүнийг даган дуурайж хууль, дүрэм, журам баталж болохгүй гэж үзэж байна. Манай улс энэ асуудлыг судалгаа баримт, кейст тулгуурлан нарийвчлан хуульчлах шаардлагатай. Ямар тохиолдолд зайлшгүй гэнэт зогссон гэж үзэх, эсвэл зориуд гэнэт зогссон гэж үзэхийг ялгаж хуульчлах нь зүйтэй.
-Зуны сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэссэн. Энэ оны зургаадугаар сарын 20-ноос сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 зөрчил гарсан нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн үзүүлэлт. Ер нь энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байдаг. Ноднин Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгох, эрх хасах шийтгэлийг практикт түлхүү оногдуулж буй. Тухайлбал, жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдууна гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж, уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлнэ.
Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жилийн хорих ял онооно.
Харин согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жилээр хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жил хорих ял оногдуулна.
Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жил хорих ял оногдуулна. Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жилээр хасаж, 2-8 жил хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.
Ө.АНХЗАЯА





Долдугаар сард 43 хүн усанд осолдож амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолд...
8 цагийн дараа
Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчда...
7 цагийн дараа
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшат...
7 цагийн дараа
Улаагчийн хар нуур орчимд төвлөрсөн 35 тонн хог цэвэрлэжээ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2....
6 цагийн дараа
О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо
16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд