мэдээ
Иргэд өдрийнхөө идэх талхыг зээлээр авч байна гэв

Админ
2025 оны 8 сарын 05

25

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эрс нэмэгдсэн нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүнд цохилт өгч байна. Ялангуяа иргэдийн худалдан авах чадвар эрс муудсанаас үүдэн гэр хороололд байрлах найман нэрийн барааны дэлгүүрүүдийн орлого буурчээ.
Зарим дэлгүүрт өдрийн турш хүн орохгүй байгаа гэдгийг худалдагчид хэлж байна. Тиймээс энэ асуудлыг хөндөж бид Сонгинохайрхан дүүргийн Толгойт болон Их наранд найман нэрийн барааны дэлгүүрүүдийг зорилоо.
С.Мөнхцэцэг: Иргэд талхаа хүртэл зээлээр бичүүлж авч байхад УИХ-ын гишүүд, сайд, дарга нар нэг аймгийн зуун жилд хэдэн тэрбумаар нь зарцуул санд бухимдалтай байна
Бид явсаар “Толгойт нэг” гэсэн автобусны буудал дээр буугаад доошоо жаахан уруудахад л гэр хорооллын гудамжны үзүүр бүрд найман нэрийн барааны дэлгүүрүүд харагдав. Дэлгүүрүүд хоорондоо ойрхон зайтай. Дөнгөж үд болж байгаа болохоор ч тэр үү орж гарч байгаа хүн харагдсангүй. Ингээд дороосоо гурав дахь дэлгүүр рүү ороход нэг ч үйлчлүүлэгч байсангүй. Энэ дэлгүүрийн эзнийг С.Мөнхцэцэг гэдэг. Тэрбээр найман нэрийн барааны дэлгүүрийг 10 дахь жилдээ ажиллуулж байгаа аж.
Тэрбээр “Энэ жил анх удаа өдөрт 10-хан хүн орж ирж худалдан авалт хийж байгаа. Өмнөх онуудад бол өдөрт 50 орчим хүн худалдан авалт хийдэг байсан” гэв. Одоо иргэд талх, гурил, ундаа гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг хамгийн их авч байгаа аж.
Энэ дэлгүүрийн хувьд өдөртөө Атар талх 10, зүсмэл талх тав, бүхэл үрийн талхнаас таван ширхгийг тус тус авч зардаг. Дэлгүүрийн эзэн эмэгтэй гэр хорооллын дэлгүүрт орж ирэх хүний тоо багассан нь үнэн ч үүнээс үүдэлтэй нэг том асуудал бий гэлээ.
Өдөрт орж ирдэг нийт 10 хүн тутмын 5-7 нь талх, гурил, будаагаа зээлээр авч байгаа гэнэ. Иргэд цалин буухаар эсвэл долоо хоногийн дараа мөнгөө өгье гээд л дэлгүүрийн худалдагч нараас гуйдаг байна. Бэлэн мөнгөөр тооцоо хийх хүн ховор болсон гэдгийг ч онцоллоо. Энэ дэлгүүрийн хувьд тамхи ширхэглэж зардаггүй. Гэтэл өдөр бүр тамхи ширхгээр авах хүсэлтэй хүмүүс тасардаггүй гэнэ. Худалдагч эмэгтэй “Юмны үнэ өдрөөс өдөрт өсөөд байдаг. Өмнө нь 1700 төгрөгийн үнэтэй байсан ундаа одоо 2200 төгрөг болсон байх жишээтэй” гэлээ. Хөргөгч рүү нь өнгийгөөд харахад л 1500 төгрөгөөс дээш үнэтэй зайрмаг алга. Голдуу хамгийн хямдхан бабула гэх аарцтай зайрмаг дүүрэн байв. Иргэд бэлэн мөнгөгүй байгаагаас болж ийнхүү дэлгүүрүүдийн орлого тасрах болжээ.
Гэр хороололд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг иргэдийн хувьд бараагаа борлуулахын тулд зээл олгохоос өөр аргагүй болсон аж. Зээлээр бараагаа зарахгүй бол угаасаа мөнгөгүй иргэд юугаараа авах билээ. Гэтэл нөгөө талд гуйсан хүн бүрд зээл олгохоор дэлгүүрүүд хаалгаа барих дээрээ тулах гээд байгаа гэнэ. Дэлгүүрийн эзэн С.Мөнхцэцэгийн хувьд иргэд хоёр зүсэм талхаа хүртэл зээлээр бичүүлж авч байхад УИХ-ын гишүүд, сайд, дарга нар нь нэг аймгийн зуун жилд 300, 600 сая, тэрбумаар нь зарцуулсанд их бухимдалтай байгаагаа хэлсэн. Бид ярилцсаар хэсэг хугацаа өнгөрөхөд гаднаас нил ягаан палажтай тав орчим насны жаахан охин орж ирэв.
Тэрээр тасалдаг ууттай ширхэгийн шампуниас дөрвийг, үлдсэн мөнгөндөө хятадын 100-гийн чихрээс бас хэдийг авав. Дэлгүүрийн худалдагч эмэгтэй энэ охиныг өнөөдөр орж ирсэн дөрөв дэх хүн гэв. Гэр хорооллын дэлгүүрүүдэд орох хүн үнэхээр байхгүй байна. Яагаад гэвэл иргэд мөнгөгүй. Мөнгөгүй хүн яах гэж дэлгүүр орох юм. Ёстой анхдагч хэрэгцээ болсон гурил, талхаа авах гэж дэлгүүр орно. Тэгээд зээлээр бичүүлээд аваад гардаг аж. “Бид дэлгүүр ажиллуулдаг нэр зүүсэн болоод л явж байна” хэмээн дэлгүүрийн эзэн санаа алдав. Энэ дэлгүүрийг ажиглаад харвал ихэнх лангуунууд нь бараг хоосон. Байгаа хэдэн бараагаа эгнүүлээд өржээ. Үүнийг дэлгүүрийн эзнээс асуухад гэр хорооллын дэлгүүрүүдийн хувьд чихэр шоколад бараг татахаа больсон гэв. Талхаа зээлээр авч байгаа хүмүүс яаж шоколад худалдан авч идэх вэ дээ гэлээ. Тиймээс энэ дэлгүүрийн амттан өрдөг ихэнх лангуунууд хоосон байв.
Мөн иргэдэд тог цахилгааны үнийг нэмсэн нь хамгийн том дарамт болж байгаа аж. Төр нь иргэдээ дээрэлхэж, дарамталж байгаагийн тод жишээ энэ гэлээ. Өнөөдөр хоёр зүсэм талхаа зээлээр авч байгаа иргэд юугаараа тог цахилгааны нэмэгдсэн өртгийг төлөх вэ. Үүнийг огт бодолцож үзээгүйд иргэд хамгийн их гомдолтой байгаа гэнэ. Иргэд тогныхоо мөнгийг төлөхгүй нэг хоноход л цахилгааныг нь шууд тасалдаг гэлээ. Жишээ нь энэ дэлгүүрийн эзэн С.Мөнхцэцэгийн цахилгааны мөнгө 80000 төгрөг гарсан. Гэтэл дэлгүүрт нь орлого гэх зүйл байхгүй. Бүх бараагаа зээлээр олгодог. Байгаа хэдэн төгрөгөөрөө дахиад жаахан бараа татна. Тиймээс зарим сард цахилгааныхаа төлбөрийг хийхэд үнэхээр хүндрэлтэй байдаг аж. Тэгээд нэг удаа цахилгааныхаа төлбөрийг гарахад эхлээд 30000 төгрөг хийжээ. Энэ нь би цахилгааны төлбөрөө хийж байгаа шүү. Мөнгө маань арай хүрэхгүй байна аа гэх үүднээс 30000 төгрөг хийсэн гэнэ. Арай ч шууд тасалчихгүй байх гэж найдаж байсан гэв. Гэтэл тэдний тогийг шууд тасалсан аж. Танайх төлбөрөө бүтэн төлөөгүй байна. Төлбөрөө бүтэн төлсний дараа тогийг чинь өгнө гэдэг гэнэ.
СХД-ийн IV хороонд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг энэ бүсгүй “Хэдий хүртэл иргэдээ дарамтлах гэсэн юм бэ. Ганц удаа иргэдээсээ амьдрал хүнд, хэцүү байна уу гэж асуугаагүй. Найман нэрийн жижиг дэлгүүр ажиллуулж амьдралаа залгуулдаг намайг НӨАТ дутуу уншуулсан гэж торгоно. Ерөөсөө авах, шалгах, торгох ажлаа л сайн хийдэг. Уг нь бол аль ч төрийн түшээ хүн иргэдийнхээ аж амьдралтай танилцах үүрэгтэй биз дээ. Энэ л тэдний гол хийх ажил биш юм уу” гэв.
СХД-ийн IV хорооны иргэн С.Бямбасүрэнгээс өдөрт хэдэн удаа дэлгүүр орж худалдан авалт хийдэг талаар тодруулсан юм. Тэрбээр “Өдөрт нэг удаа ордог нормтой болсон” гэв. Өмнөх жилүүдэд өдөрт дор хаяж гурван удаа дэлгүүр ордог байсан гэнэ. Харин одоо дэлгүүрээс гурван төмс, нэг лууван, талх, будаа л авах гэж зүглэдэг аж. Иргэд дэлгүүр орохгүй байгаа нь юмны үнийн өсөлттэй холбоотой гэдгийг ч хэллээ.
Д.Билэгдэмбэрэл: Иргэд зээлээ төлсний маргааш оройноосоо буцаад л зээлээр талх, будаагаа авдаг
Бид Толгойтоос цааш Их наран руу хөдөллөө. Их нарангийн найман нэрийн барааны дэлгүүрүүд харьцангуй хоорондоо хол зайтай юм. Энэ удаа хамгийн том дэлгүүр рүү нь оров. Д.Билэгдэмбэрэл гэх энэ залуу Их нарангийн гэр хороололдоо хамгийн удаан найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байгаа иргэдийн нэг. Мөн энэ хавьдаа хамгийн том дэлгүүртэй. Өмнөх онуудтай харьцуулахад түүний дэлгүүрийн нэг өдрийн орлого үнэхээр муу байгаа аж.
Мэдээж гэр хорооллын дэлгүүрүүдийн орлого, үйлчлүүлэгчийн тоо харилцан адилгүй. Д.Билэгдэмбэрэлийн дэлгүүрийн хувьд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Өмнөх жилүүдэд эднийд өдөрт 100 орчим хүн орж ирж худалдан авалт хийдэг байсан бол одоо энэ тоо хоёр дахин буурчээ. Ер нь дэлгүүрт нь орж ирсэн хүмүүсийн дунд гурваас дээш бүтээгдэхүүн авах нь ховор гэв. Мөн тэрээр “Одоо 20 мянган төгрөгт 3-4 ширхэг бараа л авна. Мөнгө бол зүгээр л цаас болсон гэлээ. Нэг тор дүүрэн бараа авахад багадаа 100 мянган төгрөг болдог. Гэр хорооллын хэчнээн айл өрхөд энэ зэргийн чадамж байгаа вэ гэдэг нь өөрөө асуудалтай. Одоо энэ хавийн ихэнх найман нэрийн барааны дэлгүүрүүдийн лангуу хоосон байгаа гэнэ. Яагаад гэвэл олон нэр төрлийн бараа татахаар худалдан авах чадвартай хүн бараг байхгүй учраас. Иймд тэд зарагдахгүй амттаны төрлийн бүтээгдэхүүн татахаа бараг больжээ. Иргэд өдөр бүр хэрэглэдэг талх, гурил, гоймон, ундаа, элсэн чихэр, нойлын цаасаа л татдаг гэнэ.
“Одоо манай энэ хавьд бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг хүн их ховор болсон. Дандаа л зээлээр авъя гэсэн хүмүүс байдаг. Цалин буухаар өгнө, бичүүлчихье гэдэг. Зээлийн хар дэвтэр зузаарсаар байна.
Иргэдийн гар дээр бэлэн мөнгө юу ч байхгүй. Гэр хорооллын айл өрхүүд бол өнөө маргаашаа л аргацааж амьдарч байна даа. Бидний хувьд иргэдэд зээл өгөхгүй байх хэцүү. Тэгээд дүүрсэн хэрэг гэж бодоод зээл өгөхөөр зарим нь тэр чигээрээ алга болно. Эсвэл удаж, удаж зээлээ төлнө. Хамгийн харамсалтай нь иргэд зээлээ төлсний маргааш оройноосоо эргээд л зээлээр талх, будаагаа авдаг. Чанарын хувьд ямар ч ялгаа байхгүй” гэж дэлгүүрийн эзэн Д.Б бидэнд хуучиллаа.
А.Даваадулам





Долдугаар сард 43 хүн усанд осолдож амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
Сүүлийн үед нийслэл болон орон нутгийн нуур, цөөрөм, гол мөрний эрэг орчимд бага насны хүүхэд усанд осолдож, амь насаа алдах тохиолд...
8 цагийн дараа
Түймрийн голомтод ажиллаж байгаа 472 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүллээ
Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Ерөө суманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажилтан, алба хаагчда...
7 цагийн дараа
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөллөө Ерөнхий сайд Г.Занданшат...
7 цагийн дараа
Улаагчийн хар нуур орчимд төвлөрсөн 35 тонн хог цэвэрлэжээ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчийн хар нуурыг өнөөдрийн байдлаар 8,000 хүн үзээд байгаа нь өнгөрсөн жилээс 2....
6 цагийн дараа
О.Хасбилэг: Дугуйгаа бодсоноороо сайжруулж амжвал дараа жил Алтай Таванбогд орно доо
16 настай О.Хасбилэг хүү өөрийн зохион бүтээсэн нарны эрчим хүчээр ажилладаг дугуйгаар хөдөө нутгаар аялж буй бичлэг цахим орчинд нэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд